Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01610

 

  

 

2020 оны 07 сарын 22 өдөр

 

Дугаар 210/МА2020/01610

 

 

 

 

ФИББСБ ХХК-ийн

 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01486 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ФИББСБ ХХК-ийн хариуцагч Д.Ж, Т.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207 222 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч ...ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад: Д.Ж, Т.Бнар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18/32-1 дугаартай зээлийн гэрээ манай байгууллагатай байгуулж, 154 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний үүргийг хангуулахаар 18/32-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Т.Бямбачулууны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205010886 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 15 дугаар байрны 1-А тоот хаягт байрлалтай 27 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц, 18/32-2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Д.Жаргалсайханы өмчлөлийн улсын бүртгэлийн ...4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 18/32-1 дугаартай зээлийн гэрээг 2 сар 21 хоногоор сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Уг гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч хариуцагч Д.Ж, Т.Бнар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл 150 000 000 төгрөг, хүү 44 352 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 870 400 төгрөг, нийт 207 222 400 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 207 222 400 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Талууд эвлэрхээр бол нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү 8 870 400 төгрөгөөс татгалзаж болно гэжээ.

 

 

 

      Хариуцагч нарын хариу тайлбарт: Д.Ж, Т.Бнар ФИББСБ ХХК-аас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Г.Онон, Т.Бямбачулуун нарын нэрээр анх 30 000 000 төгрөг зээлж байсан. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэмж 35 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 32 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 50 000 000 төгрөгийг тус тус авч нийт 154 000 000 төгрөг болсон тул 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээг Т.Бямбачулуун, Д.Жаргалсайхан нарын нэрээр шинэчлэн байгуулсан. Түүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 45 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг мөн нэмж нийт 209 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ нь үргэлжилсэн зээл, бодитоор 154 000 000 төгрөг аваагүй боловч үндсэн зээлийн 154 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Энэ хугацаанд анх зээл авсан цагаас хойш үндсэн зээлд 55 000 000 төгрөг, хүүд 68 088 000 төгрөг төлсөн. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч бидний зээлийн түүхийг дурдахгүй эрсдэлтэй хэсгийг дурдаж, нэхэмжлэл гаргасанд гомдолтой. Бид үндсэн зээлийг төлөхгүй гэж хэлээгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүг бууруулж, зээл төлөх хугацааг сунгаж өгнө үү гэжээ.

 

 

 

  Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ж, Т.Бнараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 207.222.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд Т.Б өмчлөлийн Улсын бүртгэлийн .... 27 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Жөмчлөлийн Улсын бүртгэлийн ...... 4 өрөө орон сууцныг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 262 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1 210 262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нар 2018 оны 2 сарын 22-ны өдрөөс хойш зээлж авсан 154 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 17-нд нэмж авсан 45 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-нд нэмж авсан 10 000 000 төгрөгийн зээлд нийт 209 000 000 төгрөгийн зээлээс өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 55 000 000 төгрөг, зээлийн хүүнд 62 152 000 төгрөгийг төлж ирсэн. Өөрөөр хэлбэл авсан зээлийн 50 хувиас ч хэтэрсэн хэмжээний хүү төлөх болж байна. Өнөөдөр Дэлхий дахинд онц аюултай COVID-19 вирусын цар тархалт онцгой байдлын түвшинд хүрсэн байхад Монгол Улсын Засгийн газраас санал болгосны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл, зээлийн хүү, түүний эргэн төлөх хугацааг тодорхой зааж хойшлуулах, улмаар зээлийн эрсдэл тооцож активыг ангилах хугацааг 3 сараар хойшлуулах, иргэн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засаг хүндрэлтэй байгаа нөхцөл байдалд уян хатан хандах чиглэл шийдвэрийг гаргасан. Гэтэл нэхэмжлэгч тал бидний эдийн засгийн хүндрэлтэй байдлыг мэдсээр байж зээлийн түүхийг хүндрүүлж өндөр эрсдэлтэй байдлаар ангилж улмаар шүүх эрх мэдлээр далайлган дарамталж байгаад туйлын гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хянаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон аргачлалыг нягталж, төлөх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бууруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

 

 

Нэхэмжлэгч ФИББСБ ХХК нь хариуцагч Д.Ж, Т.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207 222 400 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн байна.

 

 

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч бодитоор 154 000 000 төгрөг аваагүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөд хүндрэлтэй байна гэсэн тайлбар гаргажээ.

 

 

 

Шүүх нэхэмжлэгчийн шаардсан дүнгээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлон шийдвэрлэсэн нь зохигчдын нэхэмжлэлийн шаардлага, үгүйсгэсэн тайлбараа нотлохоор ирүүлсэн баримтуудад шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх тухай Иргэний хээрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэнгүй.

 

Хэргийн 10-24 дүгээр талд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18/32 дугаартай 154 000 000 төгрөг 12 сарын хугацаатай, сард 3 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээ, үүргийн гүйцэтгэлд Т.Бямбачулууны өмчлөлийн ............ бүртгэлтэй, ............ 27 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Жаргалсайханы өмчлөлийн Улсын бүртгэлийн ................... 51 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц барьцаалсан барьцааны гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дээрх зээлийн, барьцааны гэрээний хугацааг мөн өдрөөс 2 сар 21 хоногийн хугацаатай сунгасан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус авагдсан байна.

 

 

 

Өмнө хэд хэдэн удаагийн зээл авсныг нэгтгэн 154 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэж хариуцагч тайлбарласан нь үндэслэлтэй байна. Торуулбал, ФИББСБ ХХК-аас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ............... нарын нэрээр 30 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 35 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 32 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 50 000 000 төгрөгийг тус тус авч байсан баримт байна.

 

 

 

Зохигчдын хэн аль нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, өмнөх зээлийн дүнд дараагийн зээлийн дүнг нэмж эцэстээ зээлийн дүн 154 000 000 төгрөг болсон нь хэргийн 147 дугаар тал дахь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн 154 000 000 төгрөгийг зээлдэгч нарт бэлнээр өгсөн гэх тайлбар, мөн нэхэмжлэгчээс хариуцагчид 154 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх баримтыг бодит үнэнд нийцсэн баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувьд гэрээг зохих ёсоор байгуулсан, үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

 

Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер гэх баримтууд, бэлэн мөнгө хүлээн авсан баримтаар зээлдэгч нь анх 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 68 088 000 төгрөг зээлдүүлэгчид төлсөн нь нотлогдсон. Харин нэхэмжлэгчийн шаардсан 154 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт хүү 44 352 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 870 400 төгрөг, нийт 207 222 400 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч үндсэн зээлийн 154 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

 

Шүүх талуудын зарчимд үндэслэн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагч дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Талууд дээрхээс гадна 2018 оны 7 дугааар сарын 04-ний өдөр 38 000 000 төгрөг зээлдэн авч 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 45 000 000 төгрөгийн зээл авч 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээл авч 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тус тус байх бөгөөд эдгээрийн хувьд маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 207 222 400 төгрөг гэснийг 154 000 000 төгрөг гэж, 53 222 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, 3 дах заалтын 1 210 262 төгрөг гэснийг 927 950 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 062 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

А.МӨНХЗУЛ