Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 263

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч П.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Ханан овогт Пү.ийн Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811005920242 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, "Борлог хайрхан" ХХК-д гагнуурчин, ам бүл 4, аав , ээж, дүүгийн хамт ., улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ханан овогт П.ийн Э. /РД: ./,

 

Шүүгдэгч П.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Энь 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дрийм" зочид буудлын үүдэнд Г.Чулуунбаатарын нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би "Шилдэг цайз" харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг. "Дрийм" зочид буудалд хамгаалагчаар 24 цагаар ажилладаг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө зочид буудал дээрээ байж байхад манай компанид хуучин ажиллаж байсан Энхсанаа согтуу, түүний дүү Баатарсүрэн нар орж ирээд Баатарсүрэн нь надруу хандаж "...чи бөгс ухдаг, ажиллаас халуулдаг том хүн, чи энэ компанийг мэддэг юм уу, ресепшн ажиллаас халсан, их олон хүн халж байгаа бууны нохой..." гэх зэргээр өдөж үгээр идээд байхаар нь чи үгээ олж хэл л гэсэн өөр юу ч яриагүй гэтэл Баатарсүрэн үүднээс сандал дээр байсан хивсэнцэр, сэтгүүл зэргийг авч шидээд, гаръя муу гөлөг минь гэхээр нь би гарахгүй байсан чинь гараад ир гээд намайг чирч гаргах гэж байхад манай ресепшн Болор-Эрдэнэ гаргахгүй гэхэд Болор-Эрдэнийг түлхэчихээд намайг Энхсанаа намайг чирээд гарсан. Гадаа гарахад Энхсанаа миний хамарлуу гараараа 1 удаа цохисон, энэ үед бид хоёр зууралдаад газар унасан тэгэхэд дүү Баатарсүрэн нь миний бөөр орчим 1 удаа өшиглөөд, Г бороохойгоор нуруу хэсэгт 2, 3 удаа цохисон, тэгээд би боссон чинь тэр 2 тийшээ зугтаагаад явсан. Баатарсүрэн машин дээрээ очихоор нь би очоод машины хамарлуу нь 1 удаа өшиглөсөн, тэгээд тэр хоёр машиндаа суугаад зугтаачихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

Гэрч П.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг ариын цэврийн өрөө орчихоод бууж ирэхэд Чулуунбаатар, Энхсанаа нар гадаа үүдэнд нэг нэгнээ цохилцоод байхаар нь би гарч салгах гэсэн боловч салахгүй байхаар нь зодооныг салгах машин дотор байсан бороохойг аваад Чулуунбаатар луу шидсэн боловч оноогүй, би Чулуунбаатарт нэг ч гар хүрээгүй, Энхсанаа гараараа 2-3 удаа Чулуунбаатарын шанаа хэсэгт цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

Яллагдагч П.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний зүүн талын шанаа руу цохисон учраас би зөрүүлээд цохисон, би түүний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Би тухайн үед халамцуудаа Чулуунбаатартай маргалдаж, түүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 23х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №2580 дугаартай шинжээгийн дүгнэлтэд: “...Г.Чулуунбаатарын дээд, баруун доод 3 дугаар шүдний сулрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал баруун нүдний зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч П.Э.г бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтов.