| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2511008170356 |
| Дугаар | 2025/ДШМ/1293 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/1293
2025 11 13 2025/ДШМ/1293
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дашням,
хохирогч Т.Г-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг,
цагаатгагдсан этгээд Б.Д,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1710 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Нямтайваны бичсэн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар эсэргүүцэл болон хохирогч Т.Гын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2511008170356 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Б.Д, ................, /РД:........../;
Б.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛП”-д хохирогч Т.Г-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг цохиж, түлхсэний улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд туяа цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ц.Нямтайван тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт авагдсан гэрч М.Б-ын мэдүүлэг /хх 26-27/, гэрч У.У-ын мэдүүлэг /хх 30-31/-ээр хохирогч Т.Г нь Б.Д-ыг хэл амаар доромжилж түүн рүү дайрч байсан болох нь тогтоогддог бөгөөд Б.Д-ын шүүх хуралдааны шатанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр Т.Г-ыг өөр рүүгээ дайраад байсан гэж мэдүүлдэг боловч өөрийг нь цохихоор идэвхтэй үйлдэл хийсэн талаар мэдүүлдэггүй. Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар хохирогч Т.Г нь Б.Д руу хэрүүл маргаан хийж ойртсон болохыг тогтоосноос Б.Д-ын амь бие, эрүүл мэндэд аюултай идэвхтэй довтолгоон хийсэн үйлдлийг тогтоогоогүй ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч нь Б.Д руу ойртож тулж очсон боловч түүнийг цохих, зодохоор ямар нэгэн үйлдэл хийснийг тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж аргагүй хамгаалалтын хууль зүйн шинжийг тодорхойлсон. Үүний дагуу аргагүй хамгаалалт нь тухайн хүн рүү хийсэн довтолгооны эсрэг чиглэсэн үйлдлийг ойлгох бөгөөд энэхүү довтолгоон эхлээгүй байхад хийсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтад тооцогдох учиргүй билээ. Учир нь, аргагүй хамгаалалтыг гагцхүү хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийх бөгөөд халдлага довтолгоон бий болоогүй байхад түүнийг буруугаар төсөөлж, андууран гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн 2511008170356 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Т.Г нь Б.Д-ын амь нас, эрүүл мэндийн эсрэг халдлага довтолгоон хийгээгүй, түүн рүү ойртож очих, тулж очсон байхад нь түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй юм. Учир нь, Т.Г нь Б.Д-ыг цохихоор гар далайх болон бусад халдах, довтлох үйлдлийг хийгээгүй байхад Б.Д-ын хохирогчийг түлхэж унагаж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн шүүгдэгчийг цагаатгасан нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хийсэн үйлдэл юм. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.
Хохирогч Т.Гын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Д-ыг аргагүй хамгаалалт гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ0725/3183 дугаар дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2-т “...нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.” гэж, Үзлэг, шинжилгээ хэсгийн “...амбулаторийн картад зүүн чихний суваг өргөн, улайж хавдсан, хэнгэрэг хальс тодорхойлох боломжгүй...” гэж дүгнэжээ /хх 50-51/. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд “...Улсын яллагч “Та хаана нь түлхээд хамраас нь цус гарсан юм бэ” гэж асуухад шүүгдэгч Б.Д “...Би цээж рүү нь түлхсэн” гэв. Улсын яллагч “Тэр хүн газарт унасан зүйл байхгүй юм уу” гэхэд шүүгдэгч “Гурав дахь дээрээ бөгсөөрөө газар унасан. Эхний хоёр удаад хоёр найз нь тосож авсан” гэжээ. /хх 122, шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь тал/ 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Т.Гын хохирогчоор өгсөн мэдүүлэгт “..миний санаж байгаагаар нүүр хэсэг рүү тас хийгээд явсан ба би бүр мэдээгүй болсон. Миний хамраас цус гарсан...” /хх 10-11/, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт “...намайг өргөдлөө өгөхөөс өмнө тухайн 3 залуутай уулзахад энэ залуу нь намайг цохисноо хэлж байсан ба нөгөө үйлчилж байсан гэх хүүхэд рүү хандаж манай энэ таныг гэмтээсэн байсан гэж хэлж байсан...” /хх 14-15/ гэж тус тус мэдүүлсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.Д-ын цохиогүй зөвхөн цээж рүү нь түлхсэн гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Б.Д-ыг түлхэхэд хохирогч Т.Г нь газарт унасан, юм мөргөсөн зүйл огт байхгүй байх бөгөөд түүнд учирсан гэмтэл нь олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой талаар шинжээч дүгнэлтээ гаргажээ. Хүнийг цээж рүү түлхэхэд, газар бөгсөөрөө унахад хүний хамар хугарах хэмжээний гэмтэл учрах боломжгүй юм. Мөн Б.Д-ын тухайн мэдүүлгээс Т.Г-ын биед гэмтэл учруулах үед гурвуулаа хохирогчийг тойрон зогсож байсан нь тодорхой харагдаж байна. Үүнээс гадна шүүгдэгч Б.Д анхан шатны шүүх хуралдаанд “...Гэмтлийн эмнэлэгт очиход эмч нь өмнөх юм нь жоохон сэдэрсэн байна. Гайгүй л гэж хэлсэн. Тэр хүн эрүүлжүүлэхэд орсон. Эрүүлжүүлэхэд ороход тэр хүн өөр хүнтэй муудалцсан эсэхийг мэдэхгүй байна”, ...улсын яллагч “...та Г-ыг нэг бол өөрийнхөө хамрыг өөрөө хугалсан, нэг бол эрүүлжүүлэхэд байхдаа өөр хүнд зодуулсан гэж бодож байгаа юм уу...” гэхэд шүүгдэгч “...тийм гэв...”, шүүгдэгч “...унтаж байхдаа зодуулсныг ч мэдэхгүй, Гэмтлийн эмнэлэгт очиход өмнөх өвчин нь сэдэрсэн байна гэж хэлсэн...” гэж тус тус мэдүүлжээ. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Т.Г үзлэг хийсэн эмчээс авсан мэдүүлэг авагдаагүй, тухайн эмнэлгээс ямар тусламж үйлчилгээ авсан, ямар байдалтай очсон талаарх өвчтөний түүх, тусламжийн хуудас хэрэгт авагдаагүй, тухайн өдөр Т.Гыг эрүүлжүүлсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, тухайн өдөр эрүүлжүүлэхэд ямар нэгэн зөрчил маргаан болсон эсэх талаар баримт байхгүй, эрүүлжүүлэхийн тухайн шөнө гарсан ажилтнуудаас энэ талаар авсан мэдүүлэг байхгүй байхад шүүгдэгчийн өөрийгөө өмөөрсөн, баримт нотолгоогүй, таамаглалд үнэлэлт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. Хэрэв шүүгдэгч энэ талаар маргаантай байгаа бол “Гэмтэл согог судлалын үндэсний төв” болон эрүүлжүүлэх байгууллагаас холбогдох баримтуудыг авч, тухайн үед үзлэг хийсэн эмч, эрүүлжүүлэхийн цагдаа нараас мэдүүлэг авч энэ асуудлыг эцэслэн тогтоох боломжтой. Хохирогч Т.Г Б.Д нь өөр хүнтэй бүлэглэн зодсон талаар удаа дараа мэдүүлдэг. Гэтэл хэрэгт хамаарал бүхий байх магадлалтай ижил ашиг сонирхолтой гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийн цагаатгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Гэрч В.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн пабд очиход бүрэн камержуулалттай байсан, тухайн хэсэг рүү харсан камер байсан, холбогч байхгүй маргааш араас чинь явуулъя гэж хуурч камерын бичлэгийг зориуд үзүүлээгүй талаар тодорхой мэдүүлсэн байдаг. /хх 22-23/ Гэтэл мөрдөгчийн зүгээс тухайн пабд камерын үзэгдэх өнцөг хэрэг учрал болсон гэх газар тусаж байгаа эсэх, бичлэг байгаа эсэхийг тухайн пабд очин үзлэг хийж шалгаж тогтоогоогүй байна. Шүүгдэгч болон мөн хэрэг учрал болсон газрын эзэн гэх хүмүүс гэмт хэргийг нуун далдлах зорилгоор камерын бичлэгийг зориуд устгасан байж болзошгүй байна. Хохирогч Т.Г 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөлдөө “...цагдаа дуудахын оронд намайг гурвуулаа нийлж, бүлэглэн зодож, биед маань халдаж, эрүүл мэндийн хүнд хохирол учруулсанд гомдолтой байна. Яг тэр үед нэг ресейпшн охин утсаараа бичлэг хийж байсан.” гэж бичжээ /хх 6-7/. Гэтэл ресейпшн утсаараа бичлэг хийж байсан талаар тодорхой өргөдөлдөө дурдсаар байтал энэ талаар ажиллагаа хийгээгүй, уг охиноос бичлэгийн талаар мэдүүлэг аваагүй, утсанд нь үзлэг хийгээгүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Т.Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн талаар Т.Г өөрөө болон гэрч нар бүгд мэдүүлдэг. Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ямар тусламж үйлчилгээ тухайн өдөр авсан, ямар эмчилгээ хийгдсэн талаар өвчний түүх, тусламжийн хуудсыг авч хэрэгт хавсаргаагүй байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ0725/3183 дугаар дүгнэлтийн Үзлэг, шинжилгээ хэсгийн “...амбулаторийн картад.зүүн чихний суваг өргөн, улайж хавдсан, хэнгэрэг хальс тодорхойлох боломжгүй...” гэж дүгнэсэн байхад цохилтын улмаас чихний суваг өргөн, улайж гэмтэх боломжтой эсэх, хамрын гэмтлээс үүдэн чихэнд гэмтэл үүссэн эсэх талаар асууж тодруулаагүй байна. Чих, хамар, залгиур хоолой нь өөр хоорондоо холбоотой байдаг бөгөөд чих нэг бол цохилт гэмтлээс эсхүл хамрын гэмтэл, битүүрлээс үүдэлтэйгээр үрэвсдэг. Гэтэл энэ талаар шинжээч эмчээс тодруулах ажиллагааг хийлгүй орхигдуулсан байна. Хохирогч Т.Г нь хэрэг болох үед өөрийн найз Гэрэлт-Од болон Сүхээ нартай хамт байсан талаар тодорхой мэдүүлдэг. Гэтэл хэрэгт зөвхөн шүүгдэгч Б.Дын ашиг сонирхол нэгтэй хамтран ажиллагч нарыг гэрчээр асуугаад тухайн үед хохирогчтой хамт байсан найз Гэрэлт-Од болон Сүхээ нараас гэрчээр мэдүүлэг аваагүй, хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж, 3 дахь хэсэгт “...Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ...” гэж тус тус заасан байдаг. Их хэмжээний согтолттой, биеэ авч явах чадваргүй байгаа хүнийг гурван нас бие гүйцсэн эрэгтэй хүн тойрон зогсож нэг нь түлхэхэд нөгөө хоёр нь тосож авахад хохирогчийн хамар хугарч, чих улайж хавдсан гэх байж боломгүй тайлбараар аргагүй хамгаалалт гэж үзэн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Халдлага бодитой хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон тохиолдолд төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдэл байх ёстой. Хэрэв халдлага бодитой хийгдээгүй, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад аргагүй хамгаалалт хийж, бусдад гэм хор учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд заасан ердийн журмаар шийдвэрлэх ёстой. Хэрэгт цугларсан баримтаас харахад хохирогч Т.Г нь агсамнасан талаар гэрчүүд мэдүүлдэг бөгөөд олон нийтийн газар агсам согтуу тавих нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх асуудал болохоос энэ нь шүүгдэгч рүү довтолсон гэдгийг нотлохгүй. Агсам тавьсан үйлдэлд нь Т.Г-ыг Зөрчлийн тухай хуулиар торгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хохирогч Т.Г нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад түүнийг цохиж хамрыг нь хугалсан байхад түүнийг нь аргагүй хамгаалалт гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн хохирогчтой хамт байсан найз Г болон С нараас гэрчээр мэдүүлэг аваагүй байхад зөвхөн шүүгдэгч Б.Д-ын ашиг сонирхол нэгтэй хамтран ажиллагч нарыг гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн цагаатган шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1710 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний өгсөн мэдүүлгийг өөрчилж яриад байна. Би анхнаас нь мэдүүлгээ маш тодорхой, тогтвортой өгсөн. Намайг хохирогч нэг цохисон, над руу агсарч дайрсан. Хэрүүл маргаан болох шалтгаан нь мөрөөрөө сууж байгаа хүн рүү босож ирээд агсарч, дайрснаас болсон. Энэ талаар би мэдүүлэгтээ маш тодорхой мэдүүлсэн” гэв.
Прокурор Б.Дашням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Эсэргүүцлийн үндэслэл нь гэрч Б, У нарын мэдүүлгээр хохирогч Т.Г нь Б.Д-ыг хэл амаар доромжилж, түүн рүү дайрч байсан болох нь тогтоогддог. Б.Д шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Г-ыг өөр рүүгээ дайраад байсан гэж мэдүүлдэг боловч өөрийг нь цохихоор идэвхтэй үйлдэл хийсэн талаар мэдүүлдэггүй. Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл болсон эдгээр нотлох баримтуудаар хохирогч Т.Г нь Б.Д руу хэрүүл маргаан хийж ойртсон болохыг тогтоосон. Түүнээс Б.Д-ын амь бие, эрүүл мэндэд аюултай, идэвхтэй довтолгоо хийсэн үйлдэл тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Б.Д руу ойртон тулж очсон боловч түүнийг цохиж, зодохоор ямар нэгэн үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт аргагүй хамгаалалт, түүний хууль зүйн үндэслэл, шинжийг тодорхойлж заасан. Үүний дагуу аргагүй хамгаалалт гэж тухайн хүн рүү хийсэн довтолгооны эсрэг чиглэсэн үйлдлийг ойлгох бөгөөд довтолгоо эхлээгүй байхад хийсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтад тооцох боломжгүй. Учир нь, аргагүй хамгаалалтыг гагцхүү хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийх бөгөөд халдлага, довтолгоо нь бий болоогүй байхад түүнийг буруугаар төсөөлж, андууран гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Т.Г нь Б.Д-ын амь нас, эрүүл мэндийн эсрэг халдлага, довтолгоо хийгээгүй. Түүн рүү ойртож очих, тулж очиход Б.Д нь түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй байна. Учир нь, хохирогч Т.Г нь Б.Д-ыг цохихоор гар далайх болон бусад халдах, довтлох үйлдлийг хийгээгүй байхад Б.Дын хохирогчийг түлхэж унагаж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн шүүгдэгчийг цагаатгасан нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1710 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж үзэх дараах үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд гэрч М.Б-ын “...Д очоод хэлсэн нөгөө хамар нь гэмтдэг ах босож ирээд орилж чарлаад юм хэлүүлэхгүй байсан ба манай найз руу дайраад байхаар нь манай найз болох Д түлхсэн байх, ...би нөгөө талын өрөөнд сууж байсан ба гэнэт орилоод хамраас цус гарчихлаа гэхэд нь яасан юм бол гээд кассны охин бид хоёр очсон юм. Очоод харахад хамраас нь цус гарсан байсан. ...” /хх 26-27/, гэрч С.Б-ы “...очиход нэг согтуу ахын хамарнаас нь цус гарсан байдалтай хажууд нь хоёр эрэгтэй найз, эхнэр нь гэх бас нэг эмэгтэй хүмүүс байж байсан...” /хх 18-19/, Б.Д-ын шүүх хуралдаанд өгсөн “..тэр ах над руу дайрч эхэлсэн. Дайраад тулаад ирсэн байсан болохоор би түлхсэн. Босож ирэнгүүт нь чи намайг түлхлээ гэж намайг цохих гээд дахиад дайрсан. Хамраас нь гарсан цусаа харангуут тэр хүн зодчихлоо ... гээд нэлээд юм болсон, ...босож ирэнгүүтээ заналхийлж, намайг цохиж, зодох гээд, шууд биеэрээ тулж ирсэн. ...” гэсэн мэдүүлгүүд авагджээ.
Дээрх нотлох баримтуудаар хохирогч Т.Г нь Б.Д руу хэрүүл маргаан хийж ойртсон болохыг тогтоосноос Б.Д-ын амь бие, эрүүл мэндэд аюултай идэвхтэй довтолгоон хийсэн үйлдлийг тогтоогоогүй ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч нь Б.Д руу ойртож, тулж очсон боловч түүнийг цохих, зодохоор ямар нэгэн үйлдэл хийснийг тогтоогоогүй байна.
Тодруулбал хэргийн хувьд харьцуулалт хийх боломжтой хохирогчийн хоёр найз хэрэг үйлдэгдэх үед хамт байсан талаар гэрчүүд мэдүүлсэн атал огт мэдүүлэг аваагүй. Улмаар хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэдгээр нь цагаатгагдсан этгээдийн найз нөхдийн холбоотой буюу хэрэгт хувийн сонирхолтой байж болзошгүй нөхцөл байдлыг сайтар тооцож, гэрчийн найдвартай байдлыг бататгах зорилгоор нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах, туршилт, үзлэг, шинжилгээ хийх зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулсны эцэст гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдолд дүгнэлт өгч тэдгээр мэдүүлгүүдийг хэрхэн үнэлж буй үндэслэлийг шүүхийн шийдвэртээ тусгах нь зүйтэй.
Хохирогч Т.Г-тай хамт явсан гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийлгүйгээр анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Б.Д-ыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлж чадаагүй, яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүйн улмаас тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мөрдөгч нь бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авах эрх нь гагцхүү мөрдөгчид олгогдсон байх тул хохирогч Т.Г-тай хамт явж байсан хоёр хүнийг гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж буй оролцогчдоос мэдүүлэг авч хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогүй байхад анхан шатны шүүхийн “Б.Д-ын үйлдэл нь өөр рүү нь халдсан халдлага, довтолгоог зогсоохоор хийсэн үйлдэл байх ба хохирогч Т.Гын үйлдэл, довтолгоо дууссаны дараа хийсэн гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй харин эсрэгээрээ хохирогч Т.Г-ын үйлдэл, довтолгоо хийгдэх агшинд хариу хийгдсэн үйлдэл гэдэг нь тогтоогдсон байх тул түүний үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул дээд шатны прокурор Ц.Нямтайваны 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар эсэргүүцэл, хохирогч Т.Г-ын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдах гомдлын “...хохирогч Т.Г Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, Б.Д түүнийг цохиж хамрыг нь хугалсан байхад түүнийг нь аргагүй хамгаалалт гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ... тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1710 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1710 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ