| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07789/И |
| Дугаар | 192/ШШ2026/01400 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/01400
2026 01 30 192/ШШ2026/01400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь хариуцагч*******д холбогдуулан гэм хорын хохиролд 26,177,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Хариуцагч нь “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар*******г ажлаас халах тухай тушаал гарган, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон. Дээрх хугацаанд*******гийн нэхэмжлэлтэй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэрэг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 181/ШШ2020/01243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1398 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 001/ХТ2021/00520 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26,177,952 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр олгосон тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч болох******* нь “Зорчигч Тээвэр Гурав” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд ажиллаж байхдаа 2020 оны 01 сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар ажилтан*******г тус газрын техник технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженерийн албан тушаалаас халсан байдаг.******* нь 2019 оны 10 сарын 14-ний өдөр 101 ч 28 шугамд явсан цахилгаан автобус мөргөж хохирол учруулсан иргэн Ц.Бат-Эрдэнээс байгууллагад машины цагийн зардал, гаралт тасарсан торгууль, жолоочийн цалин, шалгагчийн цалин зэрэг нийт 2,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 сая төгрөгийг өөртөө авсан" гэмт хэргийн шинжтэй ноцтой зөрчил гаргасантай холбоотой ажлаасаа халагдсан. Гэтэл******* нь энэхүү асуудлыг шалгагдаж байх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 26,177,952 төгрөгийг 'Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аас төлөхийг зөвшөөрсөн, эвлэрлийн захирамжийг 2021 оны 11 сарын 29-ний өдөр гаргуулсан байна. Харин уг шүүхийн маргаан шийдвэрлэх хугацаанд******* нь уг маргаанд оролцоогүй, тайлбар өгч байгаагүй бөгөөд 2020 оны 10 сарын 30-ны өдрийн шийдвэрээр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байсан. Харин “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь*******тай шүүхийн шатанд сайн дураараа эвлэрэн хэлэлцэж, үндэслэлгүй төлбөр 26,177,952 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрсөн энэхүү үйлдэлдээ өөрөө хариуцлага хүлээх ёстой. Мөн******* нь дээрх гаргасан зөрчил, гэм буруутай үйлдэлдээ 2022 оны 03 сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, ял авсан болно. Иймд “Зорчигч Тээвэр Гурав” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй*******д холбогдох, гэм хорын хохиролд 26,177,952 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Голомт банкны дансны хуулга, Голомт банкны цахим гүйлгээний баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаартай шийдвэрийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00520 дугаартай тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 184/ШШ2021/03164 дугаартай захирамжийн хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/438 дугаартай итгэмжлэл, Нийслэлийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 дугаартай захирамжийн хуулбарыг ирүүлсэн.
Хариуцагчаас 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 0710 дугаартай итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 2022/ШЦТ/252 дугаартай тогтоолын хуулбарыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь хариуцагч*******д холбогдуулан, гэм хорын хохиролд 26,177,952 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1398 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00520 дугаартай тогтоолоор*******г “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,867,472 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 8 – 19 дэх тал)
3.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 184/ШШ2021/03164 дугаартай захирамжаар нэхэмжлэгч*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 26,177,952 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. (хавтаст хэргийн 20 - 22 дахь тал)
3.3. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь Голомт банк дахь өөрийн эзэмшлийн 1705163570 дугаартай данснаас “СХД-н ИХАШШШүүгчийн №184/ШШ2021/03164” гэсэн гүйлгээний утгатайгаар 16,177,952 төгрөгийн зарлага гарсан. (хавтаст хэргийн 6 дахь тал)
3.4. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь Голомт банк дахь өөрийн эзэмшлийн 1705137313 дугаартай данснаас Бяасгалан Рэнцэндоржийн эзэмшлийн 1709214566 тоот дансанд “Шүүхийн 03164 тоот захирамжаар” гэсэн гүйлгээний утгатайгаар 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 7 дахь тал)
4. Зохигчид хариуцагч*******г “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан эсэх, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргын ажлаас чөлөөлөгдсөн эсэх, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргаар******* ажиллаж байхдаа*******г ажлаас чөлөөлсөн Б/09 тоот тушаалыг гаргасан эсэх, 26,177,952 төгрөгийг*******д олгосон эсэхэд маргаангүй.
Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 184/ШШ2021/03164 дугаартай захирамжийн дагуу*******д олгосон 26,177,952 төгрөгийг хариуцагч төлөх эсэхэд маргаантай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.1. “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.5. “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг бөгөөд энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл болон учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга хариуцагч*******гийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/09 тоот тушаалаар*******г ажлаас буруу халсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1398 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00520 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.
Гэвч хариуцагч*******гийн уг алдаатай шийдвэрийн улмаас нэхэмжлэгч байгууллагад 26,177,952 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Тодруулбал,******* нь “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,177,952 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь хүлээн зөвшөөрч, шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 184/ШШ2021/03164 дугаартай захирамж гарч, хүчин төгөлдөр болжээ.
Уг захирамжийг хариуцагчийн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр гэж үзэхэд учир дутагдалтай, энэ маргаан, зохигчийн мэтгэлцээний үр дүнд хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн 26,177,952 төгрөгийн шаардлагыг хариуцагч үл маргах журмаар зөвшөөрснөөр тухайн маргааны хүрээ зөвхөн хэргийн оролцогчид болох “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ болон******* нарт хамаарах тул хариуцагч*******гийн гэм буруугаас нэхэмжлэгчид 26,177,952 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч*******гоос байгууллагад учирсан гэм хорын хохиролд 26,177,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6. Хавтаст хэрэгт авагдсан, Нийслэлийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 дугаартай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн ... - ... дахь тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 2022/ШЦТ/252 дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн ... - ... дахь тал/ баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааны үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжүүлсэн болно.
8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч*******гоос байгууллагад учирсан гэм хорын хохиролд 26,177,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
О.ЧУЛУУНЧИМЭГ