| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04132/И/Т |
| Дугаар | 192/ШШ2026/01484 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/01484
2026 02 03 192/ШШ2026/01484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Таван богд Билдинг Саплай” ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Таван Богд Билдинг Саплай” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Надад тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр танилцуулсан болно. “Таван Богд Билдинг Саплай” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 44Б/88 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1 дэх заалт, Цалин хөлсний журмын 5.3 дах заалтыг тус тус үндэслэн тушаах нь” гэжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заажээ. Мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцээгүй гэх дүгнэлт гарч байгаагүй, энэ талаарх комисс байгуулагдаагүй, мөн миний хувьд ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан болно. Мөн надад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэл өгөөгүй болно. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагч “Таван богд Билдинг Саплай” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ажил эгүүлэн тогтоолгох. ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нөхөн баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ажил олгогчийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Гүйцэтгэх захирлын 446/88 тоот тушаалыг хүчингүй болгож *******г 2024 оны 06 дугаар сарын 17-ний өдрөөс ажлын байранд нь эгүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан. Энэ талаар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 446/24 тоот албан бичгээр болон утсаар мэдэгдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ...” гэж заасан байдаг. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нэгэнт сэргэсэн байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байх хэдий ч удаа дараа ажлын цагийг хийдүүлэх, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэх болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй гэх зэрэг зөрчлүүдийг гаргаж компанийн соёл болон үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан нь нэхэмжлэгчид Ажил олгогчийн зүгээс ногдуулсан “Зөрчлийн хуудас” зэргээр нотлогддог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Таван богд Билдинг Саплай” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Таван Богд Билдинг Саплай” ХХК нь ажилтан *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 445/88 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалыг 2024 оны 04-р сарын сарын 30-ны өдөр гаргасан билээ. Энэхүү тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу “Таван Богд Билдинг Саплай” ХХК нь ажилтан *******д ажилласан хугацаанаас нь хамааран 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг олгосон болно. “Таван Богд Билдинг Саплай” ХХК-ийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 445/88 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэлийг эргэн харж, энэхүү тушаалаа хүчингүй болгосон Гүйцэтгэх захирлын 446/143 тоот тушаалыг 2024 оны 06-р сарын 04-ний өдөр гаргаж, ажилтан *******д мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл ажилтан *******д 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон эрх зүйн үндэслэл буюу тушаал хүчингүй болсон. Иймд ажилтан *******д олгосон 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн тэтгэмжийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч “Таван богд Билдинг Саплай” ХХК нь хэлбэр төдий тушаал гаргасан. Нэхэмжлэгч *******г ажилд эргүүлэн аваагүй байгаа учир 2,500,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 24/29 дугаартай хуралдааны тэмдэглэл,******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 44Б/88 дугаартай тушаал, 2023-44/93 тоот хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0335 дугаартай итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 0258 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.
Хариуцагчаас 44А/153 дугаартай итгэмжлэл, туршилтын хугацаа сунгах тухай 44Б/195 дугаартай тушаалын хуулбар, сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 44Б/52 дугаартай тушаалын хуулбар, зөрчил бүртгэх хуудасны хуулбар, мэдэгдэл хүргүүлэх тухай 44Б/24 тоот албан бичгийн хуулбар, тушаал хүчингүй болгох тухай 44Б/143 дугаартай тушаалын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******гийн 2024 оны 04-р сарын цалин тооцоолол, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт, 44А/138 дугаартай итгэмжлэл, 44А/205 дугаартай итгэмжлэл, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт, *******гийн 2024 оны 04-06-р сарын цалин тооцоолол, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 440 тоот албан бичгийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар хариуцагч******* ХХК-ийн ажилтан*******ын [email protected] мэйл хаягаас нэхэмжлэгч *******гийн мэйл хаяг руу 2024 оны 6-р сарын 13, 18-ны өдөр тус тус хүргүүлсэн мэйлүүд, *******гийн [email protected] мэйл хаягаас*******ын мэйл хаяг руу хариу болгон хүргүүлсэн мэйл, түүний хавсралт,*******той Viber-аар харилцсан 2024 оны 04 дүгээр сарын 24-ноос 25-ны өдрийн хооронд харилцан чатад үзлэг хийж,*******эс гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь урьд эрхэлж байсан “Таван богд билдинг Саплай” ХХК-ийн LG дэлгүүр хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн зөвшөөрч, ажил олгогч нь ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон, ажилгүй байсан хугацааны цалинд 5,761,344.50 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн тул эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нийгмийн даатгалын байгуулагад хүсэлт гаргасан боловч нөхөн бичилт хийлгэж чадаагүй байгаа тул уг шаардлагыг зөвшөөрнө гэжээ.
3. Хариуцагч******* ХХК нь ажлаас чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгосон тул үндэслэлгүйгээр шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн аваагүй байгаа учир 2,500,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй” гэж татгалзжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хариуцагч******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаартай тушаалаар Борлуулалтын албаны LG нэгжид LG дэлгүүр хариуцсан менежер ажилтай *******г 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болсон хөдөлмөрийн гэрээг цуцласан.(хавтаст хэргийн 7 дахь тал)
4.2. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болж, 24/29 дугаартай тэмдэглэл гарсан.(хавтаст хэргийн 4 – 6, 98 дахь тал)
4.3. Хариуцагч******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 44Б/143 дугаартай тушаалаар гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******г 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Борлуулалтын албаны LG нэгжид LG дэлгүүр хариуцсан менежерийн ажлын байранд эгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 27 дахь тал)
4.4. *******г 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Таван богд билдинг саплай ХХК-ийн борлуулалтын албаны LG нэгжид LG дэлгүүр хариуцсан менежерийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээний байгуулан ажиллаж байсан эсэх, хариуцагч******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаартай тушаалын дагуу 1,991,250 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 44Б/143 дугаартай тушаалын дагуу 5,761,344.50 төгрөгийг нэхэмжлэгч *******д шилжүүлэн өгсөн эсэхэд зохигчид маргаангүй.
Харин нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан “Таван богд билдинг Саплай” ХХК-ийн LG дэлгүүр хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн 44Б/88 дугаартай тушаалын дагуу шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухайд маргаантай.
5.******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаартай тушаалаар тус компанийн борлуулалтын албаны LG нэгжид LG дэлгүүр хариуцсан менежер *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 44Б/143 дугаартай тушаалаар хүчингүй болгож, *******г 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн борлуулалтын албаны LG нэгжид LG дэлгүүр хариуцсан менежер ажлын байранд эгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч******* ХХК нь урьд гаргасан шийдвэрээ буюу *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажлын байранд эргүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Таван богд билдинг Саплай” ХХК-ийн LG дэлгүүр хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч “Таван богд билдинг Саплай” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч *******гийн [email protected] мэйл хаягт 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 446/24 дугаартай албан бичиг, 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 44Б/143 дугаартай тушаалыг хүргүүлсэн болох нь хариуцагч талын [email protected] мэйл хаяг болон нэхэмжлэгч талын [email protected] мэйл хаяг хооронд илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж эхлээгүй байгаа явдалд хариуцагч талыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 44Б/143 дугаартай тушаалаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн эргүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, ажилгүй байсан 2024 оны 06 дугаар сарын 17-ны хүртэл хугацааны цалинд 5,761,344,50 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул “хэлбэр төдий тушаал” гэх нэхэмжлэгч *******гийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч *******г 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байсан гэж үзлээ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.5-д зааснаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”-ыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцон олгохоор заасан бөгөөд хариуцагч нь уг журмын дагуу тооцогдох олговроос багагүй хэмжээний буюу 5,761,344,50 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байх тул нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7 дахь хэсэгт “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу нэхэмжлэгч *******г ажилгүй байсан 2024 оны 06 дугаар сарын 17-ны хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын нөхөн төлж, холбогдох баталгаажуулалт хийхийг хариуцагч Таван богд билдинг саплай ХХК-д даалгаж шийдвэрлэв.
8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
Таван богд билдинг саплай ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаартай тушаалаар М.Мөнхжинд ажилласан хугацаанаас хамааран 1 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу 1,991,250 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгосон боловч хариуцагч******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 44Б/143 дугаартай тушаалаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч *******д 1,991,250 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг эрхзүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг эргүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байсан нь баримтаар тогтоогдож байх тул “хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн аваагүй байгаа учир 2,500,000 төгрөгийг буцаан төлөхгүй” гэх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлйин 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гөөс 1,991,250 төгрөгийг гаргуулан хариуцагч******* ХХК-д олгож, үлдэх 508,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан 4, 5, 6 дугаар сарын хугацааны цалинг хөлсний нийлбэр дүн болох 7,206,368 төгрөгөөс тооцон зохин журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч******* ХХК-д даалгаж, үлдэх хэсэг болох урьд эрхэлж байсан “Таван богд билдинг Саплай” ХХК-ийн LG дэлгүүр хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гөөс 1,991,250 төгрөгийг гаргуулан хариуцагч******* ХХК-д олгож, үлдэх 508,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 100200100941 тоот дансанд оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч *******гөөс 46,810.00 төгрөгийг гаргуулан хариуцагч******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР