| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2510 00000 0513 |
| Дугаар | 2025/ДШМ/1294 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/1294
2025 11 13 2025/ДШМ/1294
С.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Баянжаргал,
хохирогч М.А, А.А,
хохирогч Ц.Г-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Г,
хохирогч Б.А-ийн өмгөөлөгч Ц.Батмэнд,
хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр,
яллагдагч С.Д-ийн өмгөөлөгч Г.Тунгалаг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/5378 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Баянжаргалын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцэл, хохирогч Б.А-ийн өмгөөлөгч Ц.Батмэнд, яллагдагч С.Д-гийн өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн С.Д-д холбогдох 2510 00000 0513 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн С.Д.........................., /РД:................................./;
С.Д нь хохирогч М.А-ыг таньдаг байдлаа ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “3 хувийн хүүтэй мөнгө зээлье, 14 цагаас өмнө буцаагаад өгнө” гэж амлалт өгч хууран 65.000.000 төгрөгийг, мөн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10 гаруй малчны хоршооллын зээл олгогдоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч 4.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банк дахь ......... тоот дансаар шилжүүлэн авч 5.000.000 төгрөгийг эргүүлэн өгч төөрөгдөлд оруулан 64.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч А.А-т “зээл хаагаад буцаагаад мөнгийг чинь өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 40.000.000 төгрөгийг Хаан банкны ............. тоот дансаар шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар 29.000.000 төгрөгийг эргүүлэн өгч төөрөгдөлд оруулж 11.000.000 төгрөгийг залилан авч 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Э.Э-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, фейсбүүк чатаар харилцаж “Хятадын цагаан сар болоод барааны мөнгө гялс хий гээд байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон “яаралтай нөгөөдөр 6 цагаас өмнө хүүтэй нь эргүүлээд өгнө” гэж хуурч 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 20.000.000 төгрөгийг, мөн “урдах түнш рүүгээ яаралтай мөнгө хийх хэрэгтэй боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21.500.000 төгрөг, нийт 41.500.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ............. тоот дансаар авч бодит байдлыг нуух замаар 10.700.000 төгрөгийг эргүүлэн өгч төөрөгдөлд оруулж 30.800.000 төгрөгийг залилан авч 30.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Ц.Г-тай урьд хамт ажиллаж байсан буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “шинэ салон нээж байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, “20.000.000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай, хүүтэй эргүүлэн өгнө” гэж хуурч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ............. тоот дансаар шилжүүлэн авч залилан 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Б.А-т урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “15.000.000 төгрөгийг зээлж маргааш гэхэд 5 хувийн хүүтэй эргүүлэн өгнө” гэж итгүүлэн хуурч, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг тауэр” 124 дүгээр байрны 160 тоотод байхдаа шилжүүлсэн 15.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ............. тоот дансаар авч залилан 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч Д.С-д 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд “11.000.000 төгрөгийг зээлж 13.000.000 төгрөг болгож өгнө” гэж итгүүлэн, “мөн Хятадаас мөнгө орж ирнэ, хүнээс мөнгө авах гэж байна, манай эдийн засагчид 500.000.000 төгрөг ороод ирсэн, гадаадад амьдардаг эгч маань байгаа тэр хүнээс 360.000.000 төгрөг орж ирнэ эдийн засагч дундаас мөнгө аваад өгөхгүй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 77.250.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банк дахь ............. тоот дансаар шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар 500.000 төгрөгийг эргүүлэн өгч 76.750.000 авч залилан нийт 76.750.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
хохирогч С.Э-т “зээл хаагаад буцаагаад мөнгийг чинь маргааш өгье” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Наадам центр төвийн орчимд байхад нь 10.000.000 төгрөгийг Хаан банкны ............. тоот дансаар шилжүүлэн авч залилан 10.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нэр бүхий 7 иргэнд нийт 232.550.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ...яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулга хэсэгт “яллагдагч С.Д-г нэр бүхий 7 хохирогчоос нийт 232.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн бол тогтоох хэсэгт 227.550.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж зөрүүтэй дүгнэлт хийжээ. Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахаас өмнө буюу гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр үйлддэг онцлогтой. Яллагдагч С.Д нь хохирогч нараас “зээл хаагаад хүүтэй буцаагаад төлнө” гэх мэтчилэн мөнгө авч тодорхой хэмжээний мөнгийг эргүүлэн төлсөн байна. Иймд хохирлын тооцоог хохирогч тус бүрээр нарийвчлан гаргаж, яллах дүгнэлтэд хохирлын тооцоог зөвтгөх нь зүйтэй. Хохирогч Д.Сид нийт 76.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.С нь Ё-ийн хамт ирж “С.Д-г дарамталж мөнгө нэхэх үед танилцсан” гэх бөгөөд хохирогч Д.С нь яллагдагч С.Д-г Ё-т мөнгөний өглөгтэй гэдгийг мэдсээр байж мөнгө зээлүүлэх болсон шалтгаан, С.Д нь хохирогч Д.Сийг хэрхэн хуурч, төөрөгдөлд оруулан залилсан болох нь тодорхойгүй байна. Тодруулбал, Д.С нь залилах гэмт хэргийн хохирогч мөн эсэхийг тогтооход Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа Ё-т холбогдох хэргээс Д.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргах нь ач холбогдолтой гэж үзлээ. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул С.Дд холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Хохирогч Б.А-ийн өмгөөлөгч Ц.Батмэнд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хоёр үндэслэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай дүгнэсэн. Яллах дүгнэлтийн товч агуулга хэсэгт нэр бүхий 7 хохирогчоос нийт 232.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн бол тогтоох хэсэгт 227.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж дүгнэж, хохирлын тооцоог хохирогч тус бүрээр нарийвчлан гаргаж хохирлын тооцоог зөвтгөх нь зүйтэй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгахаар”, мөн зүйлийн 4-т “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гээд 4.1-т “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”, 4.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал”, 4.3-т “яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр тус тус тусгахаар” хуульчилсан байна. Яллах дүгнэлтийн товч агуулга хэсэгт хохирлын тооцоог 232.500.000 төгрөг гэж зөв бичсэн байх бөгөөд тогтоох хэсэгт 227.500.000 төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд энэ хэсэгт заавал хохирлын тооцоог тусгах шаардлагагүй байна. Мөн хэрэгт авагдсан холбогдогч болон хохирогч нарын дансны хуулгыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах замаар хохирлын тооцоог гаргах боломжтой байтал энэхүү ажиллагааг зайлшгүй нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Хохирогч Д.С-тай холбоотой асуудлаар түүний Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа Ё-т холбогдох хэргээс Д.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргах нь ач холбогдолтой гэж үзэж энэхүү ажиллагааг мөн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор шийдвэрлэжээ. Хэрэгт С.Д нь Д.Ё-т холбогдуулан цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гаргасан эсэх, түүнийг хүлээн авч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа эсэх, тэрхүү хэрэгт хохирогч Д.С нь гэрчээр мэдүүлэг өгсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс Д.С-ийн мэдүүлгийг хуулбарлаж авах шаардлагатай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, С.Д нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг гарган өгөх боломжтой, шүүх хуралдаанаар хохирогч Д.С-аас асууж тодруулах замаар дээрх нөхцөл байдлыг тодруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. С.Д-д залилан мэхлүүлсэн үйлдэлтэй холбоотой нотлох баримтууд энэ хэрэгт хангалттай авагдсан түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нотлох баримт хүрэлцээтэй байхад дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж байгаа нь хохирогчийн цаг болон санхүүгийн маш их алдагдалд оруулж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа бол тэрхүү үйлдэлтэй холбоотой хэргийг тусгаарлах замаар мөрдөн байцаалтад буцааж, хохирогч Б.А-ийн гаргасан гомдолтой хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан боловч үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг бүхэлд нь прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Ж.Баянжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус захирамжийн 1-д “2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 302 дугаартай яллах дүгнэлтийн товч агуулга хэсэгт “яллагдагч С.Д-г нэр бүхий 7 хохирогчоос нийт 232.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн бол Тогтоох хэсэгт 227.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй дүгнэлт хийжээ. Залилах гэмт хэрэг нь гэмт этгээдэд бусдын эд хөрөнгийг авахаас өмнө буюу гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр үйлдэгдсэн онцлогтой. С.Д нь хохирогч нараас “зээл хаагаад хүүтэй буцаагаад төлнө” гэх мэтчилэн мөнгө авч тодорхой хэмжээний мөнгийг эргүүлсэн төлсөн байна. Иймд хохирлын тооцоог хохирогч тус бүрээр нарийвчлан гаргаж яллах дүгнэлтийг хохирлын тооцоог зөвтгөх нь зүйтэй” гэж, 2-т “хохирогч Д.Сид нийт 76.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.С нь Ё-ийн хамт ирж “С.Д-г дарамталж мөнгө нэхэх үед танилцсан” гэх бөгөөд хохирогч Д.С нь яллагдагч С.Д-г Ёт мөнгөний өглөгтэй гэдгийг мэдсээр байж мөнгө зээлүүлэх болсон шалтгаан, С.Д нь хохирогч Д.Сийг хэрхэн хуурч, төөрөгдөлд оруулан залилсан болох нь тодорхойгүй байна. Тодруулбал, Д.С нь залилах гэмт хэргийн хохирогч мөн эсэхийг тогтооход Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа Ёт холбогдох хэргээс Д.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргах нь ач холбогдолтой гэж үзлээ” гэж хэргийг прокурорт буцаасан. Гэвч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан 2 заалт бүхий ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж прокуророос үзлээ. Хэдийгээр прокурорын яллах дүгнэлтэд тоо, тооцооллын алдаа гарсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байх тул дээрх прокурорын яллах дүгнэлтэд гаргасан тоо, тооцооллын алдааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримуудтай харьцуулан хохирлыг зөвтгөн тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах гэмт хэрэг нь гэмт буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд бусдын эд хөрөнгийг, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго агуулсан байх ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар тухайн гэмт хэрэг нь төгссөнд тооцох юм. Хэрэгт авагдсан хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон, тэдгээрийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн прокуророос дүгнэн хохирогч нарт учирсан хохирлыг тогтоосон бөгөөд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол дээр хэргийн аль нэг оролцогч нараас маргадаггүй. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ тэмдэглэх хэсэгт нэр бүхий 7 хохирогчоос нийт 232.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн бол тогтоох хэсэгт 227.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй бичиг техникийн алдаатай боловч прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын “тогтоох хэсэг, яллах дүгнэлтийн “тогтоох” хэсэг нь ямар нэгэн байдлаар зөрүүгүй. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн хэсгийн 6.4-т прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг залруулах хүсэлт, 6.10-т шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлтийг шүүх өөрийн санаачилгаар болон оролцогч нарын хүсэлтээр хянан хэлэлцэж шийдвэрлэхээр заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд яллах дүгнэлтэд бичигдсэн техникийн шинжтэй алдааг залруулах, мөн яллагдагч С.Д нь хохирогч нарт мөнгө төлсөн талаарх дансны хуулгыг хэрэгт хавсаргуулсан гэх боловч тус гэмт хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй бөгөөд тухайн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтаар тооцуулж шинжлэн судлуулах бүрэн боломжтой байна. Яллагдагч С.Д-гийн Баянгол дүүргийн цагдаагийн газарт хохирогчоор тогтоогдсон гэх нөхцөл байдал нь тус хэрэгт хамааралгүй бөгөөд тус хэргээс холбогдох мэдүүлгийг хуулбарлан авах нь хэрэгт ач холбогдолгүй байна.
Хэрэв шүүх эргэлзээтэй гэж үзвэл хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хохирогч Д.Сийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хохирогчийн хүлээх үүргийг тайлбарлан өгч мэдүүлэг авах бүрэн боломжтой зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй, шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана’ гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагч С.Д-гийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтдээ дурдсан асуудлуудаас “хохирогчоор тогтоогдоогүй боловч 20.000.000 төгрөгөө С.Д-д зээлдүүлэн өгөөд авч чадаагүй байгаа иргэн, хамт ажиллаж байсан, одоо Австралид амьдарч байгаа Ц.Г-г хуулийн шаардлага ханган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулах ёстой, эгч Ц.Г-г нь иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж болох боловч хохирогчоор тогтоогдоогүй байгаа хүнийг иргэний нэхэмжлэгчээр мөн тогтоогоогүй байгаа учраас түүний төлөөлөгчөөр мөн оролцуулах нь буруу” гэдэг хүсэлтийг маань шүүх шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Энэ асуудлаар прокурор, мөрдөгч нар хууль ноцтой зөрчсөн гэж харж байгаа. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасанчлан гэмт хэргийн улмаас хор уршиг хэнд учирсан бэ гэдгийг мөрдөгч, прокурор зөв тогтоосонгүй, мөн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасан байхад Ц.Гг хохирогчоор тогтоогоогүй, мөн 8.1 дүгээр зүйлийн 3-т “хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан байгаа боловч энэ нь мөн уг хуулийн 9.5 дугаар зүйлд заасантай уялдаж хэрэгжих ёстой бөгөөд 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан субьектүүдийн хувьд л хохирогчийг хууль ёсны төлөөлөгчөөр төлөөлүүлж болохоор байгаа. Ц.Г нь 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан субьектийн аль нь ч биш учир “хууль ёсны төлөөлөгчөөр” төлөөлүүлэх эрхгүй, өөрийн биеэр процессын ажиллагаанд оролцох ёстой гэж үзэж байна. Энэ асуудлаар хууль хэрэглээг зөвтгөж ажиллахыг нэмж прокурор, мөрдөгчид даалгаж захирамжийн “захирамжлах нь” хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. ” гэв.
Хохирогч Д.С-ийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс уг хэрэгт 2025 оны 04 дүгээр сараас эхэлж өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны товыг манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгч надад мэдэгдээгүй. Анхан шатны шүүхээс хохирогч, хохирогчийн өмгөөлөгчид урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дахь заалтад заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Прокурор, оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэх хуулийн зүйл заалт болон хохирогчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, процессын алдаа гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа болон захирамжийн агуулгатай холбоотой прокурорын эсэргүүцэл болон хохирогч Б.Аийн өмгөөлөгчийн гомдолтой санал нэг байна. Тодруулбал, хохирлын тооцоотой холбоотой алдааг техникийн шинжтэй алдаа учир шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж харж байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс гомдлынхоо үндэслэлийг тайлбарлахдаа манай үйлчлүүлэгч Д.Сийн талаар хэд хэдэн зүйлийг дурдаж байгаа тул үүнтэй холбоотой тайлбар хэлье. 2 дугаар хавтаст хэргийн 39-40 дахь талд Д.С-ийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлэг авагдсан байдаг. Манай үйлчлүүлэгч нь тухайн мэдүүлэгтээ яллагдагч С.Д-тэй хэрхэн танилцсан талаараа маш тодорхой мэдүүлсэн, мөн яллагдагч С.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд анх өгсөн мэдүүлэгтээ манай үйлчлүүлэгч Д.Саас өөрөө эхэлж мөнгө асуусан талаараа мэдүүлсэн. Гэвч С.Д нь сүүлд өгсөн мэдүүлэгтээ анх өгсөн мэдүүлгээсээ илтэд зөрүүтэй зүйл мэдүүлсэн байдаг. Мөн яллагдагчийн өмгөөлөгч нь ямар ч баримтгүйгээр манай үйлчлүүлэгчийг Баянгол дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа хэрэгт хамтран оролцсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгааг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв манай үйлчлүүлэгч Д.Сид тухайн хэрэгт хамтран оролцсон ямар нэгэн оролцоо байсан бол өнөөдөр түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэгдсэн байх ёстой байсан. Гэвч миний үйлчлүүлэгчид холбогдуулж ямар ч прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгын нэг нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Миний үйлчлүүлэгч хохирогчоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Гэтэл яллагдагч С.Дгийн өмгөөлөгчөөс “Д.С нь бусадтай хамтран буу, зэвсэг ашиглаж С.Дг дарамталсан. Энэ нь гэмт хэргийн хамтран оролцож байгаа хэлбэр” гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй, ёс зүйн хувьд зохимжгүй үйлдэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс харлаа. Г.Тунгалаг өмгөөлөгчөөс тайлбартаа “хохирогч Д.С-д учруулсан гэх хохирол нь 77.250.000 байхад прокурор яллах дүгнэлтийнхээ хавсралтад зөрүүтэй байдлаар буюу 500.000 төгрөгийг дураараа хассан байна” гэх тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь процессын алдаатай гарсан мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгчийн туслахаас ямар учиртай шүүх хуралдааны тов мэдэгдээгүй болохыг нь тодруулахад урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй учир товыг мэдэгдээгүй гэх үндэслэлгүй тайлбарыг өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцсан талаар ямар нэгэн мэдээлэлгүй байж байгаад прокурорын газраас хэрэг буцсан талаар мэдсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь процессын алдаатай, захирамжийн 2 дахь заалтад заасан миний үйлчлүүлэгчид холбогдуулж Баянгол дүүргийн прокурорын газраас хэрэг үүсгэсэн байгаа эсэхийг шалгах ажиллагаа явуул гэж тусгагдсан байсан. Гэвч миний үйлчлүүлэгчид холбогдуулж Баянгол дүүргийн прокурорт шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Мөн яллагдагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг үйл баримт уг хэргийн хүрээнд үүсээгүй болохыг хэлэх нь зүйтэй байна” гэв.
Хохирогч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргүүдийг нэгдэхэд хохирогч нар хаан байсан. Яллагдагч хаана байсан талаар гаргасан өргөдөл тус бүр дээр бичигдсэн байгаа. Ихэнх хохирогчийн хувьд ажлын байрнаасаа мөнгийг шилжүүлсэн байдаг” гэв.
Хохирогч Ц.Г-н хууль ёсны төлөөлөгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай дүү Ц.Г-г Монгол улсад Хаан банкинд ажиллаж байхдаа мөнгө зээлсэн. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлийн ажиллагаа эхлэхэд Монгол улсад байсан мэтээр тайлбарлаж байна. Гэвч дүү маань Автрали улсад ажиллаж байхдаа С.Д гэх хүнд мөнгө зээлсэн байдаг” гэв.
Хохирогч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө байр суурь нэг байна” гэв.
Хохирогч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хэлэх зүйлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлож чадаагүй асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг урьдчилсан байдлаар хэлэлцэж прокурорт буцаах хууль зүйн зохицуулалтай.
Яллагдагч С.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, сэдэлт, зорилго, учруулсан хохирлын хэр хэмжээг шалгаагүй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулга болон тогтоох хэсгийн хохирлын талаарх дүгнэлт зөрүүтэй тул хохирлын тооцоог нэг мөр гаргаж, хохирогч тус бүрээр нарийвчлан тооцох, мөн хохирогч Д.Сийг залилах гэмт хэргийн хохирогч мөн эсэхийг тогтоох асуудлаар яллагдагч С.Д-гийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан хуулийн шаардлагад нийцэж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан. Эд хөрөнгийн хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгодог.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, яллах дүгнэлтэд С.Д-г Ц.Г-тай урьд хамт ажиллаж байсан буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “шинэ салон нээж байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, 20.000.000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай, хүүтэй эргүүлэн өгнө гэж хуурч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банк дахь ............. тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх ба дээрх үйл явдлын улмаас хохирол хүлээх этгээд нь Ц.Г байхад прокурор, мөрдөгч нар нь Ц.Г-г хохирогчоор тогтоож, мэдүүлэг авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2510000000514 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолд “...Иргэн Ц.Г нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Австрали улсад байхдаа Хаан банкинд хамт ажилладаг байсан эмэгтэйд итгэж 1 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэсний дагуу 20.000.000 төгрөг шилжүүлсэн боловч мөнгөө авалгүй залилуулсан гэх...”, “...хохирогч Ц.Г-ийн...мэдүүлэг”, “...Ц.Г-н Хаан банк дахь...тоот дансны хуулга...”, “...Ц.Г-с мөнгө авсан 20.000.000 төгрөгийг 1 хоногийн дотор эргүүлэн өгөх боломжгүй байгаа байдлыг мэдсээр байж...”, “...хохирогч Ц.Г-д 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх зэргээр зөрүүтэй байдлаар дүгнэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.” гэж,
мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:” гээд тус хэсгийн 1.2-т “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;” гэж тус тус заасны дагуу хэдийгээр Ц.Г нь төрсөн дүү болох Ц.Г-г төлөөлөх эрхтэй субьект мөн хийгээд хохирогчоор тогтоох бүрэн эрхийг шүүхэд хуулиар олгосон боловч гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй байхад Ц.Г нь итгэмжлэл /1хх 200/-ийн үндсэн дээр хохирогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6, 1.8 дахь заалтуудад болон хуульд заасан бусад эрхийг эдлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн яллагдагч С.Д-гийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, прокурор Ж.Баянжаргалын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцэл, хохирогч Б.А-ийн өмгөөлөгч Ц.Батмэндийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/5378 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Яллагдагч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ