Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00972

 

 

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00972

 

 

                                       С.Энэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00558 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Эхариуцагч О.Эд холбогдуулан 44 819 446 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: С.Э О.Э нар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ...402 тоот 5 өрөө орон сууцыг 1 400 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний төлбөрийг 2018 оны 08 дугаар сард бүтнээр нь өгөхөөр тохиролцсон. Харин 04-08 дугаар сар хүртэл орон сууцыг сар тутамд 5 000 000 төгрөгөөр түрээслэх, хөлслөх хугацаандаа орон сууцны ашиглалтын зардлыг О.Э төлөхөөр тохиролцож, байрыг 4 сард хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч нь 04-08 дугаар сар хүртэл амьдрах хугацаандаа сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй, 08 дугаар сарын 15-ны өдөр болоход орон сууцны үнэ болох 1 400 000 000 төгрөгийг ч төлөөгүй. Ингээд талууд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээгээ цуцлахаар тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгөх ёстой байсан боловч хариуцагч чөлөөлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гарсан. Гэвч хариуцагч байрыг чөлөөлөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албадан чөлөөлүүлсэн. Нэхэмжлэгчийн орон сууцны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал гаргуулах шаардлагатай хэрэг одоо Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа. Харин энэ нэхэмжлэлийн үндэслэл бол 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг албадан чөлөөлүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэрээ цуцалснаас хойш гэрээний үүрэг хожимдуулсны дагуу түрээсийн төлбөрийг сарын 5 000 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Мөн үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд орон сууцны ашиглалтын зардал төлөх ёстой байсан боловч хариуцагч нь анх орон сууцанд орсон үеэс эхлэн албадан чөлөөлүүлэх хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс очиход хариуцагч хаалгаа онгойлгохгүй байсан учир хаалгыг тусгай хүнээр 80 000 төгрөгөөр эвдүүлж онгойлгон 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байрыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Хариуцагч байрыг өөрөө чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч Панда гэх компанитай гэрээ байгуулан машин 2 000 000 төгрөгөөр түрээсэлж нийт 5 удаа хариуцагчийн эд хөрөнгийг нүүлгэж өгсөн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Иймд байрны түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 2 739 476 төгрөг, гэм хорын хохирл 2 080 000  төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч байранд анх 04 дүгээр сарын 18-ны өдөр нүүж орсон. Талууд гэрээ цуцалсан талаар маргадаггүй. Харин хариуцагч энэ асуудлыг гэрээтэй холбоотой маргаан юм шиг тайлбарлаад байдаг. Гэхдээ өмнөх 2 удаагийн шүүхэд нэхэмжлэл гаргахад гэрээний талаар маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Тиймээс гэрээ цуцлагдсан талаар өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Хариуцагч нь байр доголдолтой байсан гэдэг боловч өмнөх хүчин төгөлдөр шийдвэрүүдэд байрны доголдлын талаар дурдаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Хариуцагч О.Э нь маргааны зүйл болох ...хотхон 302 дугаар байр, 402 тоот хаягт байрлах 281.2 м.кв талбай бүхий орон сууцанд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Дээрх орон сууцанд орсноос хойш нэг сарын дараагаас бүх өрөөний шал, шалны хүрээ хоёрын завсар 2 см хиртэй завсар гарсан байсныг нуун далдалж силкон шахсан, шал нь бүхэлдээ доош суун хонхолздог, цонхнууд бүрэн хаагддаггүй, обой нь эхнээсээ хууларсан, ариун цэврийн өрөөнүүдийн ханнууд цуурч суулт өгсөн гэх мэт хүн амьдрах боломжгүй доголдол зөрчлүүд гарсаар байсан тул С.Эд доголдлыг харуулж цаашид уг асуудлыг шийдэх талаар хэлсэн боловч нөхрөөсөө асууна гэчихээд хариу хэлэхгүй хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч тал дээрх орон сууцны доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж орон сууцыг худалдсанаас үүдэн хариуцагч С.Этодорхой хэмжээний хохирол үүссэн байдаг. Мөн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үйл ажиллагааны хүрээнд С.Э өмчлөлийн тавилга зэргийг эвдэж хэмхлэн хохирол учруулсан байдаг тул дээрх хохирлыг нэхэмжлэгч С.Э төлүүлж барагдуулсны дараа дээрх иргэний хэргийг хянан шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00405 дугаар шийдвэртэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа Улсын дээд шүүхэд явагдаж байгаа. Энэхүү иргэний хэргийн үндэслэл нь дээрх үндэслэлгүй хөрөнгөжсөн болон бусад ашиглалтын зардал нийт 44 819 446 төгрөг гаргуулах иргэний хэрэгтэй адил байгаа нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ201/00405 дугаар шийдвэрийн үндэслэлээс тодорхой харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар дээрх иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл 44 819 446 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ. 

Шүүх:  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 295 дугаар зүйлийн 295.4, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Эаас 39 819 133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 357 045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00405 дугаар шийдвэртэй С.Энэхэмжлэлтэй О.Эд холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэг болох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 33 523 436 төгрөг гаргуулах иргэний хэргийг Улсын дээд шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00558 тоот шийдвэртэй хэрэг нь дээрх хэрэгтэй цаг хугацааны хувьд өөр байна гэж дүгнэсэн хэдий ч маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нэг гэдгийг үгүйсгэхгүй байна. Хариуцагч нь маргааны зүйл болох ... 302 дугаар байр, 402 тоот хаягт байрлах 281.2 м.кв талбай бүхий орон сууцанд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг орон сууцанд орсноос хойш 1 сарын дараа бүх өрөөний шал, шалны хүрээны засвар 2 см хиртэй завсар гарсан байсныг нуун далдаж силкон шахсан, шал нь бүхэлдээ доош суун хонхолздог, цонхнууд бүрэн хаагддаггүй, ханын цаас нь эхнээсээ хууларсан, ариун цэврийн өрөөнүүдийн ханууд цуурч суулт өгсөн хүн амьдрах боломжгүй доголдол гарсаар байсан тул Энхтуяад энэ доголдлыг харуулж цаашид яах асуудлыг шийдэх талаар тодорхой шийдэлд хүрэх гэсэн боловч, нөхрөөсөө асууна гэж хэлээд хариу өгөхгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч орон сууцны доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж худалдсанаас хариуцагчид тодорхой хэмжээний хохирол учирсан байдаг. Мөн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үйл ажиллагааны хүрээнд хариуцагчийн өмчлөлийн тавилга зэргийг эвдэж хэмхлэн хохирол учруулсан тул уг хохирлыг нэхэмжлэгчээр төлүүлсний дараа дээрх иргэний хэргийг хянан шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч С.Э хариуцагч О.Эд холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөн хохирол, орон сууцны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, гэм хорын хохиролд нийт 44 819 446 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь ...402 тоотын 281.2 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 1 480 000 000 төгрөгөөр худалдан авч, үнийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх, орон сууцыг хүлээн авсан өдрөөс төлбөр төлж дуусах хүртэлх хугацаанд сарын 5 000 000 төгрөгөөр түрээслэх, ашиглалтын зардлыг төлөх, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. Шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар хийсэн дүгнэлт нь зөв болжээ. /хх49/

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж, зохигчид орон сууц хүлээлцэх акт үйлдсэн боловч Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. /хх23-27/

Талуудын хооронд хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх, түрээсийн төлбөрийн үлдэгдэл, хохирол гаргуулах маргаан үүссэнийг шүүх дараахь байдлаар шийдвэрлэжээ.

Орон сууцны хууль бус эзэмшилтэй холбоотой маргааны хувьд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 196 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Энэхэмжлэлээр хариуцагч О.Эын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 531 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 871 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна. Тэрээр дээрх шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэж орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгчээ.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр, орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан чөлөөлөх хүртэл хугацаанд орон сууцанд хөлс төлөхгүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөн, ашиглалтын зардал болон хохиролд 33 523 436 төгрөг шаардсаныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 405 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. /хх70-78/

Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг албадан чөлөөлсөн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл орон сууцанд хөлс төлөхгүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул энэ хугацааны хөлсийг талуудын  тохиролцсон түрээсийн хэмжээгээр тооцоолох үндэслэлтэй, шүүх Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4, 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэрээний 3.6-д зааснаар хариуцагч нь орон сууц ашиглалтын зардал болох цахилгааны төлбөрт 513 283 төгрөг, цэвэр, бохир ус, дулааны төлбөрт 705 850 төгрөг, СӨХ-ны төлбөрт 1 520 000 төгрөгийг төлнө. Мөн нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг албадан чөлүүлэхээр “Панда Мүвинг” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагчийн эд зүйлийг нүүлгэн шилжүүлж, хаалганы цоож онгойлгоход 2 080 000 төгрөг зарцуулсныг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх13-22/

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 405 дугаар шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцыг үнэ төлбөргүйгээр ашигласан төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн бол энэ хэргийн хувьд хариуцагч нь дээрх хугацаанаас хойших буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг албадан чөлөөлсөн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг үргэлжлүүлэн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсантай холбоотой хохирол нэхэмжилсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууцны доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан, улмаар албадан чөлөөлүүлэх ажиллагааны явцад хариуцагчийн эд зүйлсэд хохирол учруулсан гэх баримтгүй, нэхэмжлэгчид холбогдуулан тухайн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 045 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

                                     ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                

                                                                                            А.МӨНХЗУЛ