Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 155

 

2018 оны 08 сарын 09                                    2018/ШЦТ/155                                     Баруун-Урт 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,                                                                                                                       

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 1830001800128 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, “ ММК “ ХХК-нд худалдааны менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 36 дугаар байрны 54 тоотод амьдардаг, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Худалдааны гудамж 4 дүгээр байр 6 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЛЮ88102471/ Бүгжин овогт М.М.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 06 цагийн орчимд 78-62 УБП улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  1.5-д  зааснаар  “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 2.7 а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 2.3.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 2-8 тоот хашаанд байх Б.Ганхуягийн байшинг мөргөж эд хөрөнгөнд нь 6.8 сая төгрөгийн хохирол учруулсан, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Амартайван, Х.Баярмагнай нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

  Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Авто осол хийсэн үйлдэлдээ би дүгнэлт хийж байгаа. Би Х.Баярмагнайд эмчилгээний зардал гэж 2.000.000 орчим төгрөг өгсөн. Б.Ганхуягт нэхэмжилсэн мөнгийг нь бүгдийг нь өгсөн. Э.Амартайван өөрөө мөнгө нэхэмжлэхгүй гэсэн. Гэхдээ би эмнэлгийн төлбөрөөс төлөлцсөн...гэв. 

 - Хохирогч Х.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед гэрээсээ гарч найз Мөнхбадрал, Амартайван, Осгонбат нартай уулзаж Осгонбатын гэрт нь очиж шорлог хийж 2 ширхэг 0,75 литрийн экс нэртэй архи, 1 ширхэг 0,75 литрийн дарс 1 ширхэг, хятад 0.5 литрийн архи ууцгааж байсан. Нэг санахад Мөнхбадрал машин барьчихсан, би Мөнхбадралын хажууд сууж явж байх шиг байснаа санаж байна. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна, ер нь бүгдээрээ согтуу байсан. Миний толгойн духны яс цуурч, хамрын яс бяцралттай, нүдний ухархайн ясанд гэмтэл учирсан. Одоо эмчилгээ хийлгээд явж байна. Надад гаргах гомдол санал байхгүй. Адилхан ууж идэцгээж яваад осолд орсон болохоор найз Мөнхбадралд гаргах гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 - Хохирогч Э.Амартайваны хууль  ёсны төлөөлөгч  Б.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед миний хүү Амартайванг найз нар нь болох Баярмагнай, Мөнхбадрал нар нь ирээд аваад явсан. Тэгээд маргааш нь буюу 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 цагийн үед Мөнхбадрал нь над руу утсаар залгаж зам тээврийн осол болоод бид хэд эмнэлэг дээр байна гэхээр нь би эмнэлэг дээр очиход хүү маань эмнэлгийн хүлээн авах дээр байсан. Намайг тухайн үед хүүгээ харахад ухаангүй, нүүр ам нь цус болчихсон байдалтай байсан. Миний хүү ухаангүй байсан ч архи үнэртэж байсан. Жолооч Мөнхбадралаас мөн архи үнэртэж байсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүү Амартайван, Мөнхбадрал хоёр нь хар багаасаа найзалж нөхөрлөсөн найзууд болохоор гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/ 

- Иргэний нэхэмжлэгч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай байшинг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө саарал өнгийн приус-20 маркийн 78-62 УНП улсын дугаартай машин мөргөж хохирол учруулсан юм. Тэгээд би 06 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иар байшингийнхаа эвдрэл гэмтлийг үнэлүүлэхэд 6.516.500 мянган төгрөгийн хохирол учирсан байна гэж үнэлгээ гарсан. “Ашид билгүүн” ХХК-иар үнэлүүлэхэд үнэлгээний хөлс болох 285,000 мянган төгрөг тушааж үнэлүүлсэн болохоор уг зам тээврийн осол гаргасан жолоочоос нийт 6,801,500 төгрөгийг нэхэмжилж байна, байшингийн хохирол болох 6.8 сая төгрөгийг хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 320 дүгээр дүгнэлтэд: 1.Х.Баярмагнайгийн биед хавсарсан гэмтэл ерөнхий биеийн доргилт, тархины эдийн няцралт, дарагдалт, духны ясны цөмөрсөн хугарал, тархины дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, 2 талын нүдний ухархайн дээд хажуу, зүүн доод хана, хамар, чамархай суурь ясны хугарал, нүүрний хэсгийн олон тооны зөөлөн эдийн няцралт, зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна”  /хх-ийн 26-27/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 321 дүгээр дүгнэлтэд: 1.Э.Амартайваны тархины хүнд зэргийн няцралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух орчмын зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун далны далд хугарал, зүүн талын түнхний үеийн хагас мултрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь  эдгэрэлтээс хамаарна” гэх  /хх-ийн 29- 30/,

- Шүүхийн шинжилгээний албаны Шүүх химийн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 73 тоот актын дүгнэлтэд:1. М.Маас авсан гэх цусанд 1.0 промилли спиртийн агуулга илэрлээ.2. М.Маас авсан гэх цусанд 1.0 промилли спиртийн агуулга илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна/ хх- 33/

- Техникийн шинжээчийн 56 дугаартай: 1.Приус маркийн 78-82 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж үзлээ. 2.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3 б “ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7 а “ Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Жолооч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, замын нөхцөл байдалд хурд тохируулж яваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. 4.Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-7/

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх- 9/

- Ашид билгүүн ХХК-ны Үнэлгээний тайлан. Дугаар ДХҮ-118/108, гэрэл зураг/хх- 41- 47/

- Ашид билгүүн ХХК-ны Бэлэн мөнгөний орлогын баримтууд № 0013271, № 0013273/хх- 39- 40/

- М.Мын 754052 дугаартай Жолоочийн үнэмлэхийн хуулбар/ хх- 56/

- Автомашин техникийн үнэлгээ, гэрэл зураг  /хх-ийн 39-47/

- Хохирогч Э.Амартайваны Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 69/    

- Хохирогч Х.Баярмагнайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 71/   

- Шүүгдэгч М.Мын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 72/    

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-73/

-  Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай Прокурорын санал /хх-74/ 

- Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7/338 дугаар тодорхойлолт /хх-ийн 57/  

                                                                                                                          

- М.Мын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/

- “ ММК “ ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18/120 дугаартай тодорхойлолт зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч М.М нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны шөнийн 05.40 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 78-62 УБП улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул  хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7 а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.3.б “ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ” гэсэн заалтуудыг тус тус зөрчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 20-8 тоот хашаанд байх Б.Ганхуягийн байшинг мөргөж осол гарган түүний эд хөрөнгөнд 6.8 сая төгрөгийн хохирол, мөн уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Амартайван, Х.Баярмагнай нарын  эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Х.Баярмагнай, хохирогч Э.Амартайваны хууль ёсны төлөөлөгч Б.Адъяасүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Ганхуяг нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 320, 321 дугаартай дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 56 дугаартай дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч М.Мын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин согтуурсан үедээ машин жолоодож, замын нөхцөл байдалд хурд тохируулж яваагүйтэй холбоотой хийгээд гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тодруулбал, тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд хурд хэтрүүлснээс айлын байшин мөргөж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд тус тус хохирол учирчээ.

Шүүгдэгч М.Мын согтуурсан үедээ машин жолоодож зам тээврийн осол гаргаж, бусын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг шинжүүдийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Баярмагнай, Э.Амартайван нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэдгээр нь хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл, гомдол гаргаагүй ба иргэний нэхэмжлэгч Б.Ганхуягийн байшинд учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна. Уг байшинд учирсан эвдрэл, хохирлыг хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий “ Ашид билгүүн “ ХХК 6.516.500 төгрөгөөр тогтоож, 293.000 төгрөгийн үйлчилгээний хөлс, төлбөр авчээ.

М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ. 

  Тухайлбал, дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч М.Мын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Баярмагнай, Э.Амартайван, иргэний нэхэмжлэгч Б.Ганхуяг нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар тогтоолоо.

М.М нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн үндсэн харьяат боловч Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 36 дугаар байрны 54 тоотод оршин сууж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам- 51 тоотод байрлан, үйл ажиллагаа явуулах “ ММК “ ХХК-нд ажилладаг байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 “ Ялтан энэ хуулийн 182.1-д зааснаас урт хугацаагаар өөр орон нутагт оршин суух тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг ялтны оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэх бөгөөд ял эдлүүлэх ажиллагааг ялтны шилжин суурьшсан харьяаллын дагуу үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэж заасны дагуу дээрх тэнсэх болон албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажиллагааг түүний оршин суугаа газрын харьяа нутаг дэвсгэрийн цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

    Шүүгдэгч М.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Бүгжин овогт М.Мыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд хорих ял оногдуулахгүйгээр  01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, М.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн   754052 дугаартай В,С ангиллын үнэмлэхийг, гүйцэтгэх хуудасны хамтаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Мд  мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч М.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Баярмагнай, хохирогч Э.Амартайваны хууль ёсны төлөөлөгч Б.Адъяасүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Ганхуяг нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

7. Шүүгдэгч М.Мд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН