| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2306056051737 |
| Дугаар | 2025/ДШМ/1302 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/1302
2025 11 19 2025/ДШМ/1302
О.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Чингүүн,
шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Одбаяр,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306056051737 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л овгийн О.М....................., .........................., /РД:............................./,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 725 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1034 дүгээр магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 6 сарын хорих ял болгон өөрчлөн шийдвэрлэж, уг ялыг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эдэлж дуусгавар болсон,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаас эдлээгүй 11 сар 22 хоногийн үлдэгдэлтэй байсан;
Шүүгдэгч О.М нь фейсбүүк цахим сүлжээнд “Зээлийн хар жагсаалтаас гаргана” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан тус зарын дагуу холбогдсон хохирогч Ө.М-г Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, .... байрны .... тоотод байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... тоот дансаар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус 200,000 төгрөг буюу нийт 400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн фейсбүүк цахим сүлжээнд “Зээлийн хар жагсаалтаас гаргана” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан тус зарын дагуу холбогдсон хохирогч П.Б-ийг Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, .... тоотод байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... тоот дансаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу бусдад нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялын төрөл, хэмжээг 2 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр залилах гэмт хэргээр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч одоогийн ял эдлэхээс өмнө буюу 2023 оны 9, 10 дугаар сард үйлдсэн үйлдлээрээ дахин шүүхээр орж 2 жилийн хугацаагаар хорих ял авч шийтгүүлээд байгаа билээ. 2025 оны 02 дугаар сард шүүхээр орохдоо бүх үйлдлээ нэмж нэгтгэх гэж бүх цагдаагийн хэсэгт өөрийн хэргээ шалгуулаад нэгтгэсэн боловч тухайн хоёр гомдол гарч ирээгүй. 2025 онд зорчих эрхийг хязгаарлах ял авснаасаа хойш нэмж гэмт хэрэг үйлдээгүй. Шүүгч болон улсын яллагчийнхаа надад итгэсэн итгэлийг дааж засал хүмүүжлээ олж нийгэмшин дахин ийм муухай гэмт хэрэгт холбогдолгүй эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан. Одоогийн хэрэг дээр бол 2023 онд үйлдсэн хэрэг бөгөөд улсын яллагч надад 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосон боловч шүүгч намайг засал хүмүүжлээ олоогүй гэж үзэн 2 жил 11 сар 22 хоног хорих ялаар тогтоосон. Би зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд нэг ч удаа зөрчил гаргаагүй, гэм буруугаа ухаарч хийсэн хэрэгтээ гэмшин нийгэмшин амьдарсан боловч засал хүмүүжлээ олоогүй гэж үзэн 2 жил 11 сар 22 хоног хорих ялаар шийтгүүлсэнд эрх зүйн байдлыг минь дордуулсан, засал хүмүүжлээ олсон эсэхийг минь харгалзан үзээгүй шийдвэр гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авна уу.” гэв.
Шүүгдэгч О.М-ийн өмгөөлөгч М.Одбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед энэ гэмт хэрэг гарч ирээгүй байсан. Он цаг хугацааны хувьд 2023 оны үйлдэл буюу 2025 оны шийтгэх тогтоолоос хойш энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй юм гэдгийг шүүхээс харгалзан үзэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд прокурорын зүгээс зорчих эрх хязгаарлах ялын саналыг гаргаж байсан. Тиймээс уг прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч О.М хэдий өмнө нь 4 удаа шийтгүүлж байсан хэдий ч энэ хугацаанаас хойш эхнэр хүүхэдтэй болж, тогтвор суурьшилтай ажил эрхэлж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзаж үзнэ үү хэмээн хүсэж байна” гэв.
Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ялын санал гаргасан. Мөн үлдсэн ялыг нэмж нэгтгэх саналыг гаргаж байсан. Харин анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Миний хувьд хэдий улсын яллагч мөн ч шүүгдэгч О.М-д оногдуулсан шийтгэл хүндэдсэн байна хэмээн үзсэн. Учир нь миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж хэлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзээд саналаа тавьсан. Үүнд хоёр хохирогчийн хохирлыг төлсөн, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлээс огт гараагүй, уг гэмт хэрэг 2023 онд үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлууд хамаарна. 2025 оны 02 дугаар сард шийтгэх тогтоол гарах үед нэгэнт үйлдэгдээд дууссан гэмт хэрэг байсан. Шүүгдэгчийн хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой байсан зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхэд ялын саналаа гаргасан. Тиймээс прокурорын зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ хүндэдсэн байна хэмээн үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч О.М нь фейсбүүк цахим сүлжээнд “Зээлийн хар жагсаалтаас гаргана” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан тус зарын дагуу холбогдсон хохирогч Ө.М-г Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, .... байрны ... тоотод байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... тоот дансаар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус 200.000 төгрөг буюу нийт 400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн фейсбүүк цахим сүлжээнд “Зээлийн хар жагсаалтаас гаргана” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан тус зарын дагуу холбогдсон хохирогч П.Б-ийг Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... тоотод байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... тоот дансаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу бусдад нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ө.М-гийн “...Одоогоос таван жилийн өмнө таньдаг хүнтэй Хаан банкинд хамтран зээлдэгчээр зээл авч байсан. Тухайн зээлийг миний таньдаг хүн хийх ёстой байсан ч зээлээ төлөлгүй алга болсон. Улмаар Монголбанкинд миний мэдээлэл зээлийн хар түүхтэй болсон тул яаж гаргах талаар хайж сураглаж байгаад фейсбүүк цахим орчинд “Зээлийн хар жагсаалтаас гаргана” гэх зар байсан тул уг зарын дагуу холбогдсон. Тухайн хүн ...... гэх фейсбүүк хаягтай байсан ба чатаар харьцсан. Тухайн хүн надад 400.000 төгрөг болох юм байна гэхээр нь зөвшөөрөөд одоо амьдарч буй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 13/6 байрны 76 тоотод байхдаа өөрийн Голомт банкны ......... тоот данснаас О.М гэх хүний ......... тоот данс руу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 400.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүн надад хэлэхдээ 7 хоногийн дотор арилгана гэсэн боловч хэлсэн хугацаандаа хүрээгүй өдий хүрсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн хүн надтай ямар ч холбоогүй байгаа...” /хх 32/,
хохирогч П.Б-ийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк цахим хаягт Монголбанкны мэдээлэл засна гэх зарыг ......... гэх нэртэй хаягаас оруулсан байсан. Би өөрөө 4.000.000 төгрөгийн зээл хэтрүүлсэн гэж Монголбанкинд хар жагсаалтад байдаг. Ингээд би тухайн мэдээллээ засуулахаар тухайн хүнтэй чатаар харилцаж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тухайн хүнтэй тохиролцож нийт үнийн дүнгийн 10 хувь буюу 400.000 төгрөгөөр мэдээллийг засаж өгнө гэсэн Тэгээд би тухайн хүний өгсөн Хаан банкны ......... дугаарын данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны 5040019905 дугаарын данснаас шилжүүлсэн. Гэтэл тухайн хүн одоо хүртэл хариу өгөхгүй байгаа....” /хх 92-93/
шүүгдэгч О.М-ийн яллагдагчаар өгсөн “............ тоот дансыг эзэмшдэг. Би фейсбүүкээс Монголбанкны ангилал сайжруулна гэсэн зарын дагуу холбогдож өөрийн мэдээллийг сайжруулж байсан, тэгээд өөрөө зар тавиад ганц нэг хүний мэдээллийг сайжруулж өгч байсан. Сүүлд тэр ангилал сайжруулдаг хүнтэй холбогдож чадалгүй хүмүүсээс авсан мөнгөө өөртөө зарцуулаад үрсэн. Надад мөнгө өгсөн хүмүүс гомдол гаргаад 2025 оны 3 дугаар сараас зорчих эрхээ хязгаарлуулж цаг зүүсэн. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж байгаа, хохирогч нартайгаа уулзаж хохирол мөнгийг нь барагдуулах боломжтой...” /хх 57, 105-106/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Ө.М, П.Б, шүүгдэгч О.М нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх 28-29, 38-39, 88, 96-97/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг болох бусдын өмчлөх эрхэд халдаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.М-ийн фейсбүүк цахим сүлжээнд “Зээлийн хар жагсаалтаас гаргана” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан тус зарын дагуу холбогдсон хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ө.М-гээс 400.000 төгрөг, П.Б-ээс 400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч О.М “...2025 оны 02 дугаар сард залилах гэмт хэргээр ял шийтгүүлсэн бөгөөд тухайн үед энэ хэргийн хоёр гомдол гарч ирээгүй, зорчих эрхийг хязгаарлах ял авснаасаа хойш нэмж гэмт хэрэг үйлдээгүй, засрал хүмүүжлийг олж нийгэмшин ялын хугацаанд нэг ч удаа зөрчил гаргаагүй, гэм буруугаа ухаарч, хийсэн хэрэгтээ гэмшин амьдарсан, гэтэл шүүхээс 2023 оны үйлдэлд хорих ял шийтгэсэн нь эрх зүйн байдлыг минь дордуулсан...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэргээс материалд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол хавсаргагдсан байх ба уг тогтоолоос үзэхэд шүүгдэгч О.М нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд фейсбүүк цахим сүлжээнд “Зээлийн муу түүх арилгана, чатаар холбогдоорой” гэсэн зар байршуулж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж нэр бүхий 21 хохирогчоос нийт 8.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байжээ.
Хохирогч Ө.М, П.Б нарыг залилсан үйлдэл нь 2023 оны 09 дүгээр сарын 30, 2023 оны 10 дугаар сарын 10, 16-ны өдрүүдийн үйлдэл байх бөгөөд дээрх хоёр үйлдлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолоор хэлэлцэн шийдвэрлэсэн 21 үйлдэл дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой нэг төрлийн гэмт хэрэг байх хэдий ч уг хоёр үйлдэл нь гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа илэрсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 22-27/, хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор шийтгүүлэхээс өмнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг төрлийн гэмт хэргийг ижил аргаар үйлдсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарсны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчлөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.М нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байх ба уг ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт биеэр эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.
Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-дэрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.М нь 64 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас 64 хоногийг хасч тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч О.М-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.М-ийн нийт биеэр эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч О.М-г Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мнь зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М нь 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг нэн даруй сулласугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ