| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2026/00479/И |
| Дугаар | 192/ШШ2026/01757 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/01757
2026 02 09 192/ШШ2026/01757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие Батбаатартай 1998 онд танилцаж, 2000 оноос хамтран амьдарсан. Бид 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 5 дугаартай гэрчилгээ авсан. Бид одоо байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Гол шалтгаан нь нөхрийн огцом уур, түүний уур хүрэх л юм бол юу ч хамаагүй болдог. Нөхөр уурлахаараа харааж, элдвээр доромжилж өсвөр насны хүүгээ цохих, хана цохих, аяга шидэх, хоол цацах, салаавч гаргах, утас гишгэж хагалах юмыг чинь эвдэнэ гэж сүрдүүлэх мэтээр аашилдаг. 8 настай хүүгээ мөн цохиж авч байсан. Нөхөрт минь сайн давуу тал олон байгаа. Би түүний гүндүүгүү даруу төлөв занд нь татагдаж дурлаж байсан. Бид хоёрт ойлголцдог олон сайхан чанар түүнд байдаг. Гэвч түүний энэ огцом уур, гэнэтийн таашгүй огцом уур намайг туйлдуулж, айдаст оруулж байна. Уржигдар гэхэд тэр ямар ч уурлахааргүй зүйл дээр уурлаж хүүгээ цохиж, намайг түлхсэн. Би айж байна. Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эвлэрүүлэн зуучлах албанд хандаж 1 жил эвлэрэх боломжийг эрэлхийллээ. Гэвч цаашид амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, 2 хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Бид хоёр гэр бүл болоод 25, 26 жил цугтаа амьдарч байна. Намайг их ууртай, өсвөр насны хүүхдээ цохисон, уураа хүрэхэд хэцүү байдаг гэх мэт янз бүрийн авир гаргадаг гэсэн байна. Миний хувьд архи тамхи огт хэрэглэдэггүй, агсан согтуу тавьдаггүй хүний хувьд гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхан эцэг болж, аав байх сайн үлгэрлэж үзүүлэх юмсан гэж өнөөг хүртэл зүтгэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Хойд аавтай болох тохиолдолд хүүхдүүдээ өөр дээрээ авах нэхэмжлэл гаргана гэж бодож байгаа. Тэтгэлэг төлнө” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, 20 дугаар сургуулийн тодорхойлолт, Австралиан смарт скүүл оф улаанбаатар сургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 00216 дугаартай тэмдэглэлийг ирүүлсэн.
Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбарыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамж үлдээх, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар гэр бүл болсныг 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 4 дэх тал)
3.2. Гэрлэгчдийн дундаас 2001 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Б.Нандинсарнай, 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Оргил, 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Дөлгөөн, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Хангай, нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 4-8 дахь тал)
3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 13 дахь тал)
3.4. Зохигчид тусдаа амьдарч, насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Дөлгөөн, Б.Хангай нар эх *******ын хамт байгаа болон гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар талууд маргаангүй. Охин Б.Дөлгөөн, хүү Б.Хангай нарыг эх *******ын асрамжид үлдээхээр тохиролцсон. Охин Б.Нандинсарнай, хүү Б.Оргил нар нь 18 насанд хүрсэн.
4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар зан хоорондын харилцааны таарамжгүй байдал, тайван бус байдлын улмаас гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* болон******* нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
6. Зохигчид охин Б.Дөлгөөн, хүү Б.Хангай нарыг эх *******ын асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Хангайг 11 нас хүртэл амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 - 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Дөлгөөнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг******* нь Охин Б.Дөлгөөн, хүү Б.Хангай нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******д даалгав.
9. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Илжгэн ургийн овогтой Маамхүүгийн Отгонтуул болон Зүүн Хариад ургийн овогтой Сумьяабазарын Батбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Дөлгөөн, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Хангай нарыг эх *******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Хангайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Дөлгөөнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг******* нь охин Б.Дөлгөөн, хүү Б.Хангай нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******д даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР