Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/1303

 

 

 

 

   2025          11            19                                           2025/ДШМ/1303

                                                                 

Х.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Анужин,

шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2006 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Х.Б-т холбогдох 2409025502378 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Х.Б, ........................, /РД:................../;

Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” кредит банк бус санхүүгийн байгууллагын байранд соёлын биет өвд хамаарах хадны зургийн хэсгүүд 3 ширхэг, агсарга бүсний чимэглэл 25 ширхэг, үнсэн самбар 1 ширхэг, 70 см урттай чулуужсан мод 1 ширхэг зэргийг соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлэлгүйгээр археологийн олдворыг төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшиж, өөрийн хөрөнгийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгож соёлын биет өвийг завшсан гэмт хэрэгт холБжээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Б-ыг соёлын биет өвийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 4000 /дөрвөн мянган/ нэгж буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан энэ хэрэгт хураагдсан хадны зургийн хэсгүүд 3 ширхэг, Агсарга бүсний чимэглэл 25 ширхэг, Үнсэн самбар 1 ширхэг зэргийг улсын орлого болгон, зохих байгууллага болох Соёлын өвийн үндэсний төвд, 70 см урттай Чулуужсан мод 1 ширхгийг улсын орлого болгон, Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнд тус тус шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Алтангадас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Х.Б нь өөрийн цуглуулгын уран зургийн үзэсгэлэнгээ гаргах далимдаа эртний эдлэлүүдээ олон нийтэд гаргаж үзүүлж байгаа үйлдэл нь үнэтэй, чамин, эртний эдлэлүүд байдаг гэдэг ойлголтыг бусдад төрүүлж, олны анхаарлыг татах, өөрийн өмчлөл мэт харагдуулах зэргээр ашигтай нөхцөл байдлыг өөртөө бүрдүүлэх, төрийн өмч болох соёлын биет өвийг дур зоргоороо ашиглах шунахайн сэдэлт зорилготой байсан...” гэж дүгнэсэн.

Гэтэл хавтаст хэргийн материалд хадны зургийн хэсгүүд, агсарга бүсний чимэглэл, үнсэн самбар, чулуужсан мод зэрэг эд зүйлсийг үзэсгэлэнд гаргаж олон нийтэд үзүүлж байсан, өөрийн өмчлөл мэтээр харагдуулж, анхаарал татаж, өөртөө ашигтай нөхцөл байдал үүсгэж, ашиг хонжоо олох зорилготой байсан болохыг нотолсон баримт үгүй болно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэт таамаглалд үндэслэж хэрэгт авагдаагүй, ямар ч гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй төсөөллөөр дээрх дүгнэлт хийсэн.

Үнэхээр тухайн эд зүйлсээр үзэсгэлэн гаргасан гэж үзэж буй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 14-т “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргасан, эсхүл музей байгуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийн хуулийн дагуу шийдвэрлэх юм.

Мөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2014-15 дугаартай шинжээчийн дүгнэлт, 24/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр Хадны зураг бүхий чулуу, агсарга бүсний чимэглэл, үнсэн самбар, чулуужсан мод зэрэг эд зүйлс нь соёлын өв болохыг тогтоож, харин гуулин илд, чулуун баримал, модон сав, чулуун янтай, бэхний сав зэргийг соёлын өвд хамаарахгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Х.Б нь уг дүгнэлтүүдийг яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгөх үедээ мэдсэн буюу шинжээчийн дүгнэлтүүд гарч байх хугацаанд огт мэдээгүй бөгөөд тухайн эд зүйлсийг шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө соёлын биет өв мөн эсэхийг мэдэхгүй байсан, харин тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээчид жинхэнэ, эсхүл хуурамч, хуулбар эд зүйлс гэдгийг ялган тогтоож дүгнэсний дагуу соёлын өвд хамаарах эд зүйлсийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус зааснаар соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн, одоо ч дээрх эд зүйлд бүртгэл хийгдэх боломжтой байна. Мөн анхан шатны шүүх энэхүү асуудлыг дүгнэхдээ Х.Б-ыг тухай эд зүйлсийг олж авсан үедээ сайн дураараа, өөрийн санаачилгаараа соёлын ямар төрлийн эд зүйл болохыг мэргэжлийн шинжээчээр тодорхойлуулах үүргээ биелүүлээгүй гэсэн нь түүнийг тухайн эд зүйлсийг эзэмшиж байх үедээ соёлын ямар төрлийн эд зүйлс болохыг мэдэхгүй байсан болохыг нотолж байна.

Монгол Улсын иргэн нь аливаа хуулиар хориглоогүй дурсгалын эд зүйлсийг бусдаас худалдаж, бэлгэнд хүлээн авах эрхтэй бөгөөд тухайн эд зүйлсээ заавал мэргэжлийн шинжээчээр тодорхойлуулж байна гэсэн хуулийн зохицуулалт үгүй бөгөөд ямар ч иргэн нь мэргэжлийн, тусгай мэдлэг бүхий шинжээчийн адил ямар нэгэн эд зүйлсийг соёлын өв мөн, бишийг таних аргагүй юм. Харин тухайн эд зүйлс нь соёлын биет өв мөн болох нь тогтоогдсон тохиолдолд эзэмшиж буй иргэн нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 23 дугаар зүйлийн 23.1, 30 дугаар зүйлийн 30.4-т тус тус заасны дагуу зохих төрийн байгууллагад бүртгүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Х.Б нь дээрх Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу бүртгэл хийлгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “соёлын өвийг хуульд бүртгүүлээгүй ...бол эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зохицуулалтын дагуу шийдвэрлэгдэх асуудал байсан бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын өв өмчлөгч болон эзэмшигч иргэн нь сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болохоос гадна заавал бүртгүүлбэл зохих соёлын өвийг бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.

Харин соёлын өвд хамаарах эд зүйлс гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулах, хил дамнуулах, гаргаж ашиг олох гэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэхүү үйлдэл нь ашиг хонжоо олж авах шунахайн сэдэлттэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх Х.Б-ыг дээрх эд зүйлсийг олон нийтэд үзүүлж дур зоргоороо ашиглах шунахайн сэдэлт зорилготой байсан гэж дүгнэхдээ шунахайн сэдэлтийг илтэд бодит байдлаас өөрөөр тайлбарласан. Х.Б нь эд зүйлсийг хэзээ ч олон нийтэд үзүүлж, бусдад өөрийн өмчлөлийн мэт харагдуулах үйлдэл хийгээгүй, харин ч эд зүйлсийг бусдад худалдагдах, шинж төрх алдагдахаас сэргийлж хадгалан хамгаалж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдох юм.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /шийтгэх тогтоолын 8 дугаар тал/ “...иргэдийн эзэмшил, өмчлөлд байгаа соёлын өвийг хяналтаас гадуур худалдах, бэлэглэж бусдад дамжуулахаас сэргийлэх зэрэг зорилгоор... холбогдох хуулиудыг батлан гаргасан” гэж дүгнэсэн нь иргэн соёлын биет өвийг эзэмших эрхтэй болохыг нотлон дүгнэсэн хэрнээ нэгдсэн санд бүртгүүлээгүй, төрийн өмчлөлд шилжүүлээгүй гэж буруутгасан нь ойлгомжгүй, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэхдээ “Соёлын биет өвийг завших гэмт хэргийн обьектив тал нь гэмт этгээд нь соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүй, хяналтад оруулахгүйгээр зөвхөн өөрийн эзэмшил, өмчлөл мэт олон нийтэд ойлгуулж өөрт ашигтай хэлбэрээр дур зоргоороо түгээн сурталчлах, ашиглах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно. Субьектив талын шинж нь соёлын биет өвийг төрийн өмч гэдгийг мэдсээр бай гэмт этгээдийн санаатайгаар өөрт ашигтай нөхцөлийг бүрдүүлж ашиглах гэсэн шунахай сэдэл санааг ойлгоно” хэмээн миний үйлчлүүлэгчийг “Х.Б нь эртний эдлэл цуглуулагчийн хувьд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан үүргээс зайлсхийсэн” гэж буруутгасанд гомдолтой байна.

Учир нь, миний үйлчлүүлэгчийн хувьд уран зураг цуглуулдаг цуглуулагч гэсэн болохоос соёлын өв, эртний эдлэл цуглуулагч /мэргэшсэн этгээд/ гэсэн агуулгаар мөрдөн байцаалтын үед ч, шүүхийн хэлэлцүүлгийн үед ч өөрийгөө тодорхойлоогүй бөгөөд түүнийг эртний эдлэл цуглуулагч гэж хаана ч, хэн ч тодорхойлоогүй байхад илт буруу дүгнэлт хийж, түүнийгээ үндэслэж буруутгасан нь шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шүүхийн зүгээс буруу тайлбарласан байх бөгөөд хуулийн агуулгаар харахад уг гэмт хэрэг үйлдэгдсэн байхын тулд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, гэмт хэргийн субьектийн хувьд тусгай субьект байхаар тус тус хуульчилсан. Тайлбарлавал, энэ төрлийн гэмт хэргийн хувьд соёлын өв гэдгийг урьдаас мэддэг тусгай субьектийн үйлдэлтэй холБуулан хуульчилсан бөгөөд завших буюу өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа ашиглан, шамшигдуулахыг ойлгодог. Гэтэл Х.Б нь соёлын биет өв гэдгийг мэдэх боломжгүй байсан, мөн соёлын биет өвийг хариуцах эрх бүхий албан тушаалтан огт биш юм. Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна.

Мөн гэмт хэргийн обьектив талыг тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан обьектив талаас өөрөөр тайлбарласан. Хуульд зааснаар соёлын өвийг завшсан үйлдэл нь обьектив тал бөгөөд харин соёлын өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй үйлдэл бол Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан зөрчлийн обьектив тал юм. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн хуульд заасан зөрчлийн шинжийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж болгон хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Аливаа иргэн нь үе дамжин ирсэн эд зүйлс болон бусдаас бэлгэнд хүлээн авсан эд зүйлс, соёлын өв эсэхийг мэдэлгүй худалдан авсан эд зүйлсийг соёлын өвд бүртгүүлэлгүй өөрийн эзэмшилд хадгалан хамгаалж буй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг юм бол Монгол Улсад амьдарч буй бүхий л иргэд гэмт хэрэгтэн болох нөхцөл байдал үүсгэж байна. Х.Б нь 2005, 2006 онуудад дээрх зүйлсийг эзэмшиж эхлэх үед Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд тухайн асуудалтай холбоотой зохицуулалт үгүй байсан бөгөөд соёлын өвд хамаарах эд зүйлсийг бүртгүүлэлгүй, төрийн өмчлөлд шилжүүлэлгүй эзэмшиж байсан нь гэмт хэрэг, зөрчилд тооцогддоггүй байсан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон... эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх байтал шүүх хууль буцаан хэрэглэх зарчмыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг шүүх тайлбарлахдаа Х.Б-ыг 2005, 2006 оноос хойш гэмт хэрэг үйлдэж байгаад 2024 онд тухайн гэмт хэрэг нь таслан зогсоогдсон хэмээн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тайлбарласан. Гэтэл 2005, 2006 онуудад соёлын биет өвийг төрийн байгууллагад бүртгүүлэлгүй, эзэмшиж ашиглахыг гэмт хэрэгт тооцдоггүй байсан тул түүний соёлын биет өв хамаарч болзошгүй эд зүйлсийг зохих байгууллагад бүртгүүлэлгүй эзэмшиж байсан үйлдэл нь 2017 оныг хүртэл гэмт үйлдэл, эсхүл зөрчлийн шинжтэй үйлдэл байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг уг асуудал хэрэглэгдэхгүй байтал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Шийтгэх тогтоолын 6 дугаар талд “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв” гэжээ.

Уг хэрэгт Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024-15, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 24/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд тус тус гарсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй танилцах, тус хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болох ч аль ч эрхээ эдэлж чадаагүй. Шинжээчийн дүгнэлтэд тодорхойгүй зүйлсийг тодруулахаар нэмэлт асуултуудыг шинжээчээр асуулгахаар хүсэлт өгсөн хэдий ч хариу өгөлгүй, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үед хэлж тайлбарлаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн болон өмгөөлөгчийн эрхийг хассан, хязгаарласан үйлдэл болсон талаар мэтгэлцсээр атал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зүйл тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, 1 дугаартай хад чулууг Монгол орны бүх аймгаас элбэг олддог бол үүнийг энгийн хүний нүдээр хараад шинжээчийн дүгнэлтэд дурдсан шиг Хүрлийн үеийн /HTӨ YVII-VII зуунд холбогдох гэж тодорхойлж чадах эсэх, 2 дугаартай агсарга бүсийг “дундад зууны үед холбогдох боломжтой” гэж тодорхойлсон дундад зууны үеийнх юм уу эсхүл өөр цаг хугацаанд ч бүтээгдсэн байх боломжтой эсэх, 5 дугаартай үнсэн самбар нь 19-20 дугаар зуунд хамаарах бол ямар зориулалтаар, ямар хүмүүс хэрэглэж байсныг тодорхойлсноор буруутгагдаж яллагдагчаар татагдсан нөхцөл байдал буюу мөрдөгч, прокурорын дүгнэлтүүд өөрчлөгдөх бүрэн боломжтой байсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт зорилгыг тусгасан байхаас гадна өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг тусгасан байх хуулийн шаардлагатай. Гэтэл шийтгэх тогтоолд дүгнэлтүүд тусгагдаагүйн улмаас хэргийн бодит байдалд тогтоогдох боломжгүй болсон.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/2006 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгаар давж заалдах гомдлоо гаргасан. Энэ гэмт хэргийн талаар анхан шатны шүүхээс дүгнэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан асуудал бий. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тайлбарласан бөгөөд ингэхдээ хуульд заагдаагүй, Улсын Дээд шүүх тайлбарласнаас өөрөөр таамаглаж тайлбарыг хийсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “завших гэмт хэргийн обьектив тал нь эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлээгүй” гэх үндэслэл гаргасан. Гэтэл Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив тал нь соёлын биет өвийг бүртгүүлээгүй завшсан шүү дээ. Төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүл гэх агуулга хаана байна вэ. Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “соёлын биет өвийг эрх бүхий байгууллагад тодорхой хугацааны дотор бүртгүүлэх” гэж заасан. Хэрэв бүртгүүлээгүй бол 100 нэгжээр торгох агуулга бий. Өөрөөр хэлбэл энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан обьектив шинж байна шүү дээ. Гэтэл яагаад Зөрчлийн тухай хуульд заасан обьектив шинжийг Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн шинж мэтээр тайлбарлаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож байгааг ойлгохгүй байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна хэмээн харж байна. Тухай гэмт хэргийн субьектив талыг шийтгэх тогтоолдоо дурдсан. Өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтэй, ашиг хонжоо олох зорилготой гэж дурдсан. Гэтэл шүүгдэгч Х.Б гэх этгээд соёлын биет өв гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийг ашиглаж хэрхэн ашиг олох гэж байсан юм бэ. Ямар шунахайн сэдэл, зорилготой байсан юм бэ. Хуульд заасан нотолбол зохих байдал хэрхэн хангагдсан юм бэ. Үүнийг тогтоож чадаагүй. Х.Б тухайн эд зүйлсийг бусдад худалдах гэж байсан, хилээр гаргах гэж байсан болон өөртөө ямар ашиг олсон талаарх баримт хэрэгт байхгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг тодорхойлоогүй байж субьектив тал нь тодорхойлогдож байна гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн гэмт хэргийн шинж болох субъектийг тодорхойлохдоо үндэслэлгүй тодорхойлсон буюу тодорхойлж чадаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэл байна. Мөн хуулийг хэрэглэхдээ ноцтой алдаа гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2015 онд батлагдаж, 2017 оноос дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд орсон шинэ гэмт хэрэг. Урьд буюу 2002 оны Эрүүгийн хуульд соёлын биет өвийг завших гэмт хэрэг байгаагүй. Мөн Зөрчлийн тухай хуулиар ч зохицуулаагүй байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой гэмт үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр явж байгаад 2024 онд таслан зогсоогдсон учраас уг гэмт хэргийн үйлдэгдсэн хугацааг 2024 онд буюу таслан зогсоогдсон хугацаагаар тооцно хэмээн дүгнэсэн. Гэтэл энэ гэмт хэргийг шүүх дүгнэхдээ 2005 он болон 2006 онуудад үйлдэгдэж эхэлсэн гэх байдлаар шүүх дүгнээд 2024 онд таслан зогсоогдсон гэж үзсэн. 2017 оноос өмнө энэ үйлдэл уг үйлдэл гэмт хэрэг биш байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүй буюу зохих ёсны дагуу тухайн зүйлийг эзэмшээд явж байсан. Нэгэнт гэмт хэрэг үйлдээгүй явж байсныг нь 2017 оноос эхлэн гэмт хэрэг тооцдог болсон гэж үзээд гэм буруутайд тооцож байгаа нь хуулийн ноцтой алдаа. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон бол мөн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж байгаа. 2017 оноос хойш үүнийг гэмт хэрэг хэмээн тооцсон. Өөрөөр хэлбэл өмнөх хуульд гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй хэмээх хуулийн заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүх энэ гэмт хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацааг огт дүгнээгүй. Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Яагаад хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг анхан шатны шүүх орхигдуулж дүгнээгүй байгаа нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгчийг олон нийтэд үзүүлж, үзэсгэлэн гаргасан хэмээн буруутгаж байгаа. Үзэсгэлэн гаргаж байгаа юм бол Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ёстой. Төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй хэмээн буруутгаж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасанд хамаарна. Хэрэв энэ асуудлыг энэ жишгээр шийдвэрлээд явах юм бол 1900 оны үеэс үе дамжиж ирсэн манай гэрт байх соёлын биет өвүүдтэй холбоотой би гэмт хэрэгтэн болохоор байна. Яг надтай ижил олон иргэн бий. Соёлын өвийн тухай хууль болон үүнтэй холбоотой таниулах ажиллагаа муу явагдсанаас болж бид нар шиг хүмүүс өнөөдрийг хүртэл бүртгүүлж чадаагүй байна. Бүртгүүлэх ёстой бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой юм байна гэх байдлаар анхан шатны шүүх шийдвэрлэж байна. Хэрвээ уг үйлдлийг хийгээгүй бол гэмт хэрэгтэн болох хуулийн зохицуулалт байж болохгүй. Анхан шатны шүүх иргэн хүн аливаа соёлын биет өвийг эзэмших эрхтэй гэдгийг тогтоосон шүү дээ. Шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар талд энэ талаар дурдсан. Гэвч нөгөө талаараа эзэмших эрхгүй байсан мэтээр дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эрх зүйн огт ойлголтгүй байсан. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг эзэмших болон өмчлөх ялгааг мэдэхгүй байсан. Иргэн хүн соёлын биет өвийг эзэмших эрхтэй юм уу гэхэд би тэр талаар мэдэхгүй байна хэмээн хариулсан. Иргэн хүн эзэмшиж байгаа соёлын өвийг бүртгүүлээгүй тохиолдолд гэмт хэрэг болох юм уу эсхүл зөрчил болох юм уу гэхэд би тэр талаар мэдэхгүй байна хэмээн хариулсан. Хамгийн гол соёлын харилцааг зохицуулж буй мэргэжилтнүүд нь энэ талаарх ойлголтгүй байхад иргэн энэ талаар ямар ойлголттой байх юм бэ. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор О.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаарх хууль зүйн дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад хэн нэгний эрхийг хассан, хязгаарласан, хууль бус арга хэрэгсэл ашиглаж цуглуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Соёлын өвийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д соёлын өвийг нэгдсэн мэдээллийн санд иргэн, хуулийн этгээд бүртгүүлэх талаар заасан. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдолдоо дурдаж байна. Өөрөөр хэлбэл, түүхэн тодорхой орон зай, цаг хугацааг төлөөлөх биетээр оршиж байгаа дурсгалыг эзэмшигч, өмчлөгч мөн гэдгээ нотолсон тохиолдолд бүртгэлд авч өөртөө байлгаж болохоор хуульчилсан. Нөгөө талаар иргэний өмчлөлд байх боломжтой соёлын биет өвийг бүртгэхтэй холбоотой асуудлыг Соёлын өвийн тухай хуулиар зохицуулсан. Тийм учраас шүүгдэгч Х.Б-ын хууль бус үйлдлийг үгүйсгэх нотлох баримт алга байна хэмээн үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар Х.Б-ын өмчлөл, эзэмшилд байх соёлын биет түүнийх биш байна гэдгийг нэгжлэг хийсэн ажиллагааны баримтууд, Соёл спорт, аялал жуулчлалын газраас ирсэн албан бичиг, тусгай мэдлэгийн хүрээнд салбартаа 5-20 жил ажилласан шинжээч нарын дүгнэлтүүдээр тогтоогдсон. Эдгээр нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулсан. Танилцуулсан учраас эрхийг нь хангаагүй гэх асуудлыг авч хэлэлцэх боломжгүй байна. Уг гэмт хэрэг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэгжлэг хийх ажиллагааны хүрээнд илэрсэн. Соёлын биет өв тэр дундаа төрийн өмчлөлд байх эд хөрөнгөтэй асуудлыг иргэн хүн өөрийн өмчлөлд байлгах нь хууль зөрчинө гэх талаар Эрүүгийн хуульд тусгайлан зохицуулсан. Урьд хуульд энэ талаар зохицуулаагүй нь энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй хэмээн прокурорын зүгээс үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг. Энэ гэмт хэргийн тухайд Х.Б өөрийн эзэмшиж болохгүй буюу төрийн өмчлөлд байх соёлын биет өвийг өөртөө завшиж байлгасан нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч нар өөрийн байр суурийг илэрхийлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан асуудлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байна. Үзэсгэлэнтэй холбоотой асуудлыг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой тайлбарласан. Огт шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй баримтуудыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан зүйл байхгүй. Иймд шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын хамтран гаргасан гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй гэж үзэж дараах үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн “хадны зургийн хэсгүүд, агсарга бүсний чимэглэл, үнсэн самбар, чулуужсан мод бүхий эд зүйлс нь соёлын биет өв, археологи, палеонтологийн олдворууд бөгөөд эдгээрийг Х.Б өөрийн өмчлөл, эзэмшилд байлгах эрхгүй болох талаар мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг үндэслэсэн, соёлын биет өвийг завших гэмт хэргийн обьектив тал нь юу болох, мөн төрийн өмч байх зүйлийг шунахайн сэдэлтээр үзэсгэлэнгийнхээ хэсэг болгож чимэг байдлаар буюу өөрт ашигтай нөхцөлийг бүрдүүлсэн буюу түүний үйлдэл гэмт хэргийн шинжтэй” талаар хийсэн дүгнэлтүүдийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба шийтгэх тогтоолд Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Иргэний хуулийн 118 дугаар зүйлийг үндэслэл болгож бичсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн субьектийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт хэргийн ерөнхий субьектийг тодорхойлсон ба үүний зэрэгцээ зарим төрлийн гэмт хэрэгт ерөнхий субьектэд тавигддаг насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх зэрэг шинжүүдээс гадна нэмэгдэл бусад шинжүүдийг шаардаж байдаг тусгай субьектийн асуудал яригддаг. Мөн энэ байдал нь тухайн этгээдийн ажил мэргэжил, албан тушаал, иргэний харьяалал, хүйс, зэргээс хамааралтайгаар зүйлчлэгддэг онцлогтой.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хууль тогтоогчоос томьёолохдоо тусгай субьект эсхүл соёлын өвийг хариуцан тээгч этгээд гэж тухайлан заасан зүйл байхгүй учир уг гэмт хэрэг ерөнхий субьекттэй буюу 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бүх хүн байх боломжтой юм.

Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024-15 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсийг шинжлэн, дүгнэлт гаргах боломжтой болно. Үүнд:

...Хадны зургийн хэсгүүд (3 ширхэг): 1. Байгалийн хадны нүүрэн талд урт эвэртэй зогсож буй янгирыг хортонтуулах арга барилаар тойм дүрсэлсэн. Хүрлийн үед холБоно. Соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төрөлд хамаарна. 2. Байгалийн хадны нүүр талын толигор хэсэг дээрээ хонхойлгох арга барилаар хоёр морьтныг дүрсэлсэн байна Хүрлийн үед (HTӨVIII-VII зуун) холБоно. Соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төрөлд хамаарна. 3. Хадны нүүр талын толигор хэсэг дээрээ нэг морьтон болон хоёр янгирыг хонхойлгох арга барилаар загварчлан дүрсэлсэн байна. Хүрлийн үед (HTӨVIII-VII зуун) холБоно. Соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төрөлд хамаарна.

Агсарга бүсний товруун чимэглэлүүд (25 хэсэг): Агсарга бүсний товруун чимэглэлүүдийг хүрлээр цутгаж хийсний дараа мөнгөн усны амилгам шармалаар өнгөлсөн. Алт товруу чимэглэлүүдийг бүсний таар бөс даавуун хийцлэл дээр хадаж тогтоохдоо цагаан тугалга эсвэл хар тугалганы найрлага өндөртэй зэсийн давтмал хайлшаар арлаж, тавлаж хадсан хийцлэлтэй, чимэглэл нь дээрээ угалзан болон цэцгэн хээний дүрслэлтэй 3 талт болон дөрвөлжин хэлбэртэй товруутай, гурван аралтай байна. Дээрх бүсний товруун чимэглэл, хадгалагдсан байдал, дүрслэл, ур хийц, бусад газраас олддог археологийн олдвортой адил төстэй зэрэгт үндэслэн дундад зууны үед холбогдох боломжтой хэмээн үзэж байна. Соёлын биет өв, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна.

Үнсэн самбар: 10 хуудас бүхий модоор хийгдсэн. Нурууг арьсаар бөхөлсөн, тодорхой элэгдэл хорогдол, он цаг зэргийг нь харахад түүх, соёлын дурсгалт зүйл мөн хэмээн үзэж байна. Энэхүү самбар нь ХІХ-ХХ зууны эхэн үед холБоно. Соёлын биет өв, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй болно. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай хадны зургийн хэсгүүдийг эх төрхийг алдагдуулж унаган газраас нь зориудаар ховхолж авсан байна. Асуулт 5-д дурдсан хадны зургууд нь хүрлийн үед холбогдох хадны зургийн дурсгал бөгөөд байгалийн хад нь дээрээс хурц үзүүртэй багаж ашиглан ховхолж, зөөж тээвэрлэсэн байж болох гэмтлүүд хадны ирмэг хүрээ хэсгүүдэд хагарсан, цуурсан ул мөрнөөс харагдаж байна...” /1хх 43-49/,

 Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хадны зураг бичээс нь соёлын биет өвд хамаарна. Мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар археологийн олдвор нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна хэмээн заажээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мэндсайханы “...Биет өвийг түүх соёлын үл хөдлөх дурсгал, хөдлөх дурсгал зүйл гэж ангилна. Жишээлбэл тухайн хадны зураг шууд үл хөдлөх дурсгал зүйлд хамаарахаар байна. Иргэн, хуулийн этгээд нь соёлын биет өвийг олж, тодорхой хэмжээний соёлын байгууллагад бүртгүүлж, хүлээлгэж өгсний төлөө тодорхой хэмжээнд урамшуулал олгох журам байгаа. Соёлын биет өвийг, ялангуяа олдворыг хүн өмчлөгчөөр эзэмших хуулийн зохицуулалт байхгүй. Палеонтологи, археологи олдворыг хуульд зааснаар эзэмших зөвшөөрөгдөнө, ...олдвор гэдэг нь хадны зураг, чулуужсан мод зэрэг нь палеонтологийн олдворт хамаарна. Мөн агсарга бүс нь шинжээчийн дүгнэлтээр археологийн олдвор...” /1хх 62-67, 70, 2хх 41-44/ гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд хадны зураг, чулуужсан мод,агсарга бүс зэрэг нь соёлын биет өвд хамаарах олдворууд бөгөөд Соёлын өвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Түүх, соёл, шинжлэх ухааны ач холБол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн гэж заасан тул хувь хүн дээрх олдворуудыг өмчлөх хууль зүйн үндэслэлгүй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 14-т заасан соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргасан, эсхүл музей байгуулсан гэх зөрчилд хамаарна гэж маргаж байгаа боловч аливаа этгээд нь түүхэн тодорхой орон зай, цаг хугацааг төлөөлөх биетээр оршиж байгаа дурсгалыг эзэмшигч, өмчлөгч мөн гэдгээ нотолсон тохиолдолд бүртгэлд авч өөртөө байлгах, мөн тухайн хүний өмчлөлд байх боломжтой соёлын биет өвийг бүртгэхтэй холбоотой асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулжээ.

Аливаа олдворыг Соёлын өвийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд соёлын өвийг эзэмшсэн, ашигласан, өмчилсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар соёлын биет бус өвийг өвлөн уламжлах зохицуулалттай боловч хадны зураг, чулуужсан мод, агсарга бүс, үнсэн самбар зэрэг нь биет бус соёлын өвд хамаарахгүй учир шүүгдэгч Х.Болбаатарын хувьд өвлөн уламжлах боломжгүй юм. Шүүгдэгчийн Х.Б-ын хувьд дээр дурдсан соёлын биет өвүүдийг эзэмшиж, өмчилж байсан нь гэмт хэргийн обьектив талын шинжийг хангах бөгөөд нэгэнт соёлын биет өвийг эзэмших, өмчлөх эрхгүй иргэн тухайн олдворуудыг мэдээллийн санд бүртгүүлэх үүрэг үүсэхгүй учир Зөрчлийн тухай хуульд хамаарах хууль зүйн үндэслэлгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Х.Б-ыг соёлын биет өвийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

3. Мөн шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нар “...шүүх хууль буцаан хэрэглэх зарчмыг буруу хэрэглэсэн, ...хуульд заасны дагуу бүртгэл хийлгээгүй нь зөрчлийн шинжтэй, ...Болдбаатар уран зураг цуглуулагч болохоос соёлын өв, эртний эдлэл цуглуулагч, мэргэшсэн этгээд биш, ...мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хасаж хязгаарласан, ...иймд шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй учир хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг оролцогчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд гаргах боломжтой бөгөөд хэрэгт цугларсан баримтууд, болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс дүгнэхэд оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан 2024-15, 24/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Ш.Алтангадас нарт танилцуулсан /1хх 57/ байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Ш.Алтангадасаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан талаар Улсын ерөнхий прокурор хүртэл гомдол гаргаж, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримтууд байгаа нь, анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Д.Идэрсайхан, Б.Эрдэнэсувд нарыг оролцуулж, гаргасан дүгнэлтүүдтэй нь холбоотой нэмэлт асуулт асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч болон өмгөөлөгчийн эрхийг хассан, хязгаарласан зүйл тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол .... эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна. Энэ гэмт хэргийн хувьд удааширсан үйлдэлтэй учир гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн цаг хугацаа тодорхойгүй, харин төгссөн цаг хугацаа нь нотлогдон тогтоогдсон байна. “Удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт үйлдлээ хийж дуусгасан өдрөөр эсхүл тухайн үйлдэл таслан зогсоогдсон үеэс эхлэн тоолно.” гэж заасан бөгөөд хууль тогтоогчоос гэмт хэрэг төгссөн хугацаа, ямар үед гэм буруугийн асуудал яригдах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэдэг талаар хуулийн дээрх заалтуудад тодорхойлон тогтоосон байх ба Х.Б-т холбогдох хэргийн хувьд удаан хугацаанд үргэлжилсэн буюу удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн байр “Б” кредит банк бус санхүүгийн байгууллагын байранд соёлын биет өвд хамаарах хадны зургийн хэсгүүд 3 ширхэг, агсарга бүсний чимэглэл 25 ширхэг, үнсэн самбар 1 ширхэг, 70 см урттай чулуужсан мод 1 ширхэг зэргийг соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлэлгүйгээр археологийн олдворыг төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшиж, өөрийн хөрөнгийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгож соёлын биет өвийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Х.Б ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Х.Б-ын Хүрлийн үе буюу HTӨVIII-VII зуунд хамаарах хадны зургийн хэсгүүд, дундад зууны үед холбогдох агсарга бүсний чимэглэл, ХІХ-ХХ зуунд  хамаарах үнсэн самбар, Юрийн галавын хожуу үе буюу одоогоос 160-150 орчим сая жилийн өмнө цаг хугацаанд хамаарах шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холБолтой дээж болох чулуужсан мод зэрэг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан соёлын биет өвд хамаарах археологийн олдворыг соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлэлгүйгээр төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшиж, өөрийн хөрөнгийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд түүнийг анхан шатны шүүхээс “Соёлын биет өвийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв. 

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж дүгнэж, шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2006 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холБолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

 

                                    ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ