2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/01759

 

 

 

 

 

 

 

 

   2026             02              09                                            192/ШШ2026/01759

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие нь*******тэй 2003 онд танилцаж, улмаар бидний том хүү Э.Анар-Эрдэнэ 2004 онд мэндэлснээс хойш нэг гэрт орж амьдарсан юм. Гэвч нэг гэрт орсон өдөрөөс хойш удалгүй ар гэрийнхэн болон*******тэй муудалцаж, хэрүүл тэмцэл тасрахаа больсон. Ингэж явсаар 2012 онд бидний дунд хүү Э.Очир-Эрдэнэ мэндэлж ам бүл 4-үүлээ болсон ч гэр бүлийн таарамжгүй уур амьсгал ерөөсөө алга болоогүй юм. Тэгсэн ч нэгэнт ам бүл 4-үүлээ болсон юм чинь цаашдаа эвлээд, тэсээд амьдрахаар би шийдсэн ба 2014 онд бид гэрлэлтээ батлуулсан ч гэр бүлийн доторхи хэрүүл маргаан, ерөөсөө намждаггүй, хамт амьдрахад маш хэцүү зовлонтой, тийм л он жилүүд хөврөх болсон юм. Би хүүхдүүддээ л сатаарч, зарим үед энэ байдлаа хүчээр мартдаг байсан. Д.Од-Эрдэний хувьд ямар ч хайр халамж гэж юм байхгүй, хүйтэн хөндий, ямар ч сэтгэл байхгүй хүн гэдгийг нь тухайн үед мэдэрч байсан ч тэвчдэг байсан. Тэгсээр 2020 онд бага охин Э.Нандин-Эрдэнэ маань мэндэлсэн ба бидний хэрүүл уруул зогсоогүй ба үнэхээр тэвчихэд хүнд болсон. 2021 онд******* хүүхдүүдээ авч Улаанбаатар хот руу эцэг эх,  дүүгийндээ очиж амьдарсан ийнхүү бид тусдаа амьдраад 4 жил болж байгаа ба ерөнхийдөө бол салсан юм. Мөн бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймээс миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид*******тэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрсэн том хүү болон насанд хүрээгүй дунд хүү ба бага охин хоёроо төрсөн эх нь болох Д.Од-Эрдэнийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг болгон миний хүүхдүүдийг насанд хүртэл цалингаас өөр орлогогүй надаас миний сар бүрийн цалингаас 50 хүртэлх хувиар суутган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: “*******ын гаргасан гэрлэлт цуцлуулах, нэхэмжлэлийг би зөвшөөрч байна. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 01230 дугаартай тэмдэглэл, сургуулийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, ам бүлийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолтийг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд баримт ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар гэр бүл болсныг  2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 6 дэх тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Э.Анар-Эрдэнэ, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Э.Очир-Эрдэнэ, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.Нандин-Эрдэнэ нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 7, 8, 10 дахь тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 3 дахь тал) 

 

3.4. Зохигчид тусдаа амьдарч, хүү Э.Очир-Эрдэнэ, охин Э.Нандин-Эрдэнэ нар эх*******тэй хамт байгаа болон гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийг талаар маргаангүй. Хүү Э.Очир-Эрдэнэ, охин Э.Нандин-Эрдэнэ нарыг эх Д.Од-Эрдэнийн асрамжид үлдээхээр тохиролцсон. Том хүү Э.Анар-Эрдэнэ нь 18 насанд хүрсэн.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй, 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* болон******* нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

6. Зохигчид хүү Э.Очир-Эрдэнэ, охин Э.Нандин-Эрдэнэ нарыг эх Д.Од-Эрдэнийн асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.2. “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно”, 38.3.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа “Олгохоор тооцсон цалин гээд үйлдвэрээс цалин ажилчдын карт руу ордог, тэр мөнгөнийхөө 50 хувийг нь л өгье л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тогтсон тоогоор биш. Учир нь цалин цааш цаашдаа 5, 10 хувиар нэмэгддэг. Тэр мөнгөнийхнөө 50 хувийг л өгье гэж байгаа юм” гэх тайлбарыг гаргаж, хариуцагч******* нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулна” гэж тайлбарласнаас үзэхэд хүү Э.Очир-Эрдэнэ, охин Э.Нандин-Эрдэнэ нарт олгох тэтгэлгийг мөнгөн дүнгийн хэмжээг зохигчид харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй, энэ талаар гэрээ байгуулаагүй байх тул шүүх тэтгэлгийг хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Нандин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Э.Очир-Эрдэнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг ******* нь хүү Э.Очир-Эрдэнэ, охин Э.Нандин-Эрдэнэ нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх*******д даалгав.

 

9. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ямбыхан ургийн овогтой Төмөр-Очирын Элдэв-Очир болон Хартовруутан ургийн овогтой Дүгэржавын Од-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Э.Очир-Эрдэнэ, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Нандин-Эрдэнэ нарыг эх Д.Од-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Нандин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Э.Очир-Эрдэнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.


            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг ******* нь хүү Э.Очир-Эрдэнэ, охин Э.Нандин-Эрдэнэ нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх*******д даалгасугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******эс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР