Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 459

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Д.Нямсүрэн, Б.Уранчимэг,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

Хохирогч М.Алимаа, түүний өмгөөлөгч Г.Цагаан,

Хохирогч С.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Б.Н-д холбогдох эрүүгийн 1711003470126 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овгийн Б.Н, 1972 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Батглостер” ХХК-нд гүйцэтгэх захирлын ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 39 дүгээр байрны 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 534 дүгээр байрны 120 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Б.Н нь манай Болор капитал ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-тай хамтран ажилладаг хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг нийлүүлэх тендерт ялсан, хамтран ажиллаж ашиг хуваая гэж иргэн М.Алимааг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан 35.110.000 төгрөгийг залилсан,

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр дээрх аргаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан иргэн С.Наранцэцэгийн 16.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 51.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн...” гэв. 

   Хохирогч М.Алимаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Надаас нийт 35.100.000 төгрөг авсан. Үүн дээр үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татвар, нотариатын зардал болох 690.000 төгрөг нэмээд 35.690.000 төгрөг болж байсан. Тэрний дараа “Гялс төгрөг”-т ээжийнхээ байрыг 20.000.000 төгрөгөөр тавьчхаад ээж маань өндөр настай хүн болохоор мэдэгдээгүй байсан. Эрүүл мэндийн байдал нь нилээн муудаад ирэхээр нь 2018 оны 5 дугаар сарын 4-нд 20.000.000 төгрөгийг цувуулж төлсөн хүүтэй нь 10.248.000 төгрөг төлсөн. Тэгэхээр Б.Н дээр хохирсон мөнгө нь 35.690.000 төгрөг дээр 30.248.000 төгрөг болж байгаа. Дээр нь нэмээд өмгөөлөгчийн хөлс болох 3.585.000 төгрөг нэмээд нийт 69.669.432 төгрөг болж байгаа. Үүнээс Б.Н нь 7 дугаар сард 3.000.000 төгрөг, “Гялс төгрөг”-т 900.000 төгрөг төлсөн баримт гаргаж байна. 400.000 төгрөг, 500.000 төгрөг өгсөн гээд байгааг би сайн санахгүй байна, мартсан байхыг үгүйсгэхгүй. Баримтыг нь гаргаад ирвэл би хохирлоосоо хасна. Энэ хүн намайг тендерт ялсан, хурдан ажлаа гүйцэтгэхгүй бол болохгүй байна гээд 2013 онд хийж байсан гэрээгээ скайнердаад орж ирсэн юм байна лээ. Би тухайн үед анзаараагүй, хэлсэн хугацаанд нь мөнгө орж ирэхгүй байсан болохоор 7 дугаар сарын 16-нд тендер.мн сайт руу орж харахад энэ компани огт байхгүй байсан. Өмнө нь ийм, тийм авлагатай гэдгээ өнөөдрийн өгөөд байгаа бичиг баримтаа үзүүлж байсан. Иймэрхүү гэрээ материал хаана ч байдаг юм, яг чамд данс тооцооны авлага байна уу гэхэд яг түрүүнийх шиг тодорхой хариу өгч чадахгүй байсан...” гэв. 

   Хохирогч С.Наранцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Надад анх М.Алимаад хэлсэн зүйлээ ярьж, гэрээ контрактаа үзүүлэхээр нь Эрдэнэс таван толгой компани нь том компани болохоор шууд итгэсэн. Тендер тодорхой хугацаатай байдаг, 5-нд дуусна, чи 5-наас өмнө надад ямар нэгэн аргаар байгаа бүх мөнгөө өг гэхээр нь би өөрт байсан 21.000.000 төгрөгнөөс 16.000.000 төгрөгийг өгөхөөр болоод нотариат ороход би чамд нэгэнт л 21.000.000 төгрөг өгөх юм чинь чи 21.000.000 төгрөг гээд бичүүлчих” гээд бичүүлсэн. Тэгээд манай нөхрөөр өөрийнхөө данс руу хийлгээд авсан. Би маш их гомдолтой байна. Зовж олсон мөнгөө Б.Нд итгээд нөхрийгөө шөнөжин ятгаж байж өгөхөөр болсон. Намайг итгэтэл ярьсан. Нэг бичиг баримтаар Алимаа бид хоёрыг яг ижилхэн хуурсан байсан. Мөнгөө нэхээд залгахад сүүлдээ утсаа авахаа больсон. Анх танилцахад хамт явсан үсчингийн хүмүүсээс Б.Ныг барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байгааг сонсоод тэнд очиход дүү нь сууж байсан. Би өөрөө мөнгөө нэхэж араас нь нилээн явсан тулдаа 8.000.000 төгрөгөө олж авсан. Би Б.Нд биш Эрдэнэс Таван Толгойн бичиг баримт, тамга тэмдэгт итгэсэн. Адилхан насны эмэгтэй хүмүүс нэгнийхээ зовж олсон мөнгийг ингэж луйвардсанд миний хувьд маш их гомдолтой байна. Би 4 хүүхдийнхээ ирээдүйд зориулж маш их хөдөлмөрлөж олсон мөнгө. 7 дугаар сараас хойш утсаа огт авахаа байхаар нь лавлах утас руу залгаж Б.Наранцэцэг өмгөөлөгчийг авсан. Би өмгөөлөгчдөө 500.000 төгрөг төлсөн. Нийт 8.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Алимаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Нэрэнжаргал гэдэг хүнтэй 2013 оноос хойш үсчинд үйлчлүүлж байхдаа ойр ойрхон тааралдаж бие биеэ мэддэг болсон. 2017 оны 4 дүгээр сараас Нэрэнжаргал миний утсыг олоод над руу байн байн утсаар ярьж хамтран ажиллах санал тавих болсон. Нэрэнжаргал өөрийгөө “Болор капитал” ХХК ны захирал, “Эрдэнэс таван толгой” ХХК-тай хамтран ажилладаг, 2013 оноос хойш хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг нийлүүлж тогтвортой ажиллаж байгаа, мөн замын зураг төслийн компанитай, Улаанбаатар хотын болон орон нутгийн замын төслүүдийн ажлыг хийж байсан. Хувь хүнээс болон улсаас олон тэрбумын авлагтай гэж ярьж өөртөө итгүүлсэн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Эрдэнэс таван толгой” ХХК ны ханган нийлүүлэлтийн газрын захирал Г.Мөнхсайхан гэсэн гарын үсэгтэй 07/421 тоот гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн утга бүхий албан бичиг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Эрдэнэс таван толгой” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Ариунболдтой байгуулсан “гар хамгаалах хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээ, “Болор капитал групп” ХХК-иас 7 төрлийн барааг хүлээн авсан тул Хаан банкны 500979735 тоот нэхэмжлэлийн дагуу 91.835.700 төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлэв” гэсэн бараа хүлээлцсэн акт зэргийг надад үзүүлсэн. Ингээд би Нэрэнжаргал нь тогтвортой бизнес хийдэг, томоохон компанитай хамтарч ажилладаг юм байна гэж итгэн хамтран ажиллахаар болсон. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Нэрэнжаргал надтай уулзахдаа “манай компани тендерт ялчихсан” гээд дээрх бичгүүдийг үзүүлээд эхний ээлжинд бээлийнүүдээ 7 хоногийн дотор нийлүүлэх ёстой, бээлийний урьдчилгаа мөнгийг түншүүддээ шилжүүлэх хэрэгтэй байна гээд надаас 50 сая төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би түүнд “би итгэхгүй байна” гэхэд Нэрэнжаргал “хэрвээ чи надад итгэхгүй байвал компанийнхаа дүрэмд өөрчлөлт оруулж 2 хувьцаа эзэмшигчтэй болгож, орлого зарлага хийхэд 2 хүний гарын үсгээр гардаг болгоё, тендерийн ажил дууссаны дараа ашгаа хуваая, чи манай компаниас нэрээ татаад авчхаарай” гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд Нэрэнжаргалын шаардлагатай гэсэн урьдчилгаа мөнгө 9.100.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нэрэнжаргалын Хаан банкны 5019063033 тоот дансанд, 5.000.000 төгрөгийг тухайн өдрөө Бямбажаргал гэх хүний дансанд, 1.000.000 төгрөгийг Ичинхорлоо гэх хүний дансанд тус тус шилжүүлсэн. Яагаад өөр өөр хүний дансанд шилжүүлсэн бэ гэвэл бээлий нь хэд хэдэн төрлийнх байсан учир хамтран ажиллаж байгаа хүмүүс рүүгээ тус тусад нь урьдчилгаа мөнгийг шилжүүлж байна гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа үлдэгдэл мөнгөө захиалагч нар руугаа шилжүүлэхгүй бол тендерийн хугацаа хүчингүй болчих гээд байна, хурдлаа ч ээ гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир Хан Уул дүүрэгт байрлах миний нэр дээр гэрчилгээтэй ээжийнхээ 1 өрөө байрыг  “Гялс төгрөг” ББСБ-д захирал Наранбаатарынх нь нэр дээр шилжүүлж 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд уг 20 сая төгрөгийг Нэрэнжаргал бэлнээр нь авчихъя гээд байхаар нь “би заавал дансаар өгнө, баримттай” гээд урд нь урьдчилгаа мөнгө шилжүүлж байсан бээлий шилжүүлэгч нар болох Бямбажаргалын дансанд 4.000.000 төгрөг, Ичинхорлоогийн дансанд 9.310.000 төгрөгийг, Майцэцэгийн дансанд 9.100.000 төгрөг, Жамбалмаагийн дансанд 2.700.000 төгрөгийг гэрчилгээ солих, нотариатын зардал, татварын 2 хувийн зардал болох 690.000 төгрөгийг тухайн өдрөө шилжүүлсэн. Нийт үндсэн зээлдүүлсэн мөнгө бол 35.110.000 төгрөг болж байгаа. Мөн нотариатын ажлын хөлс, өмгөөлөгчийн хөлс 3 сая төгрөг, ББСБ-д төлсөн хүү, 2017 оны 3 дугаар сарын байдлаар 9.100.000 төгрөг болсон зэрэг зардлууд ороод нийт 12.790.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс гадна Нэрэнжаргалаас нэхэмжилж байна...” гэжээ /хх 97-101/.

Хохирогч С.Наранцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Нэрэнжаргал гэх эмэгтэйг 2015 оноос зүс мэдэх болсон. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах ажлын байрандаа байж байхад Нэрэнжаргал ирж уулзаад “Эрдэнэс таван толгой” компанид бээлий нийлүүлэх тендерт ялчихсан, уг нь надад “Аглаг бүтээлийн хийд”-ийн 3 км замыг барих эхний ээлжийн 3 тэрбум төгрөг орж ирэх ёстой, энэ мөнгийг бээлий нийлүүлэх тендертээ хэрэглэнэ гэж бодож байсан чинь сонгууль болтол хойшлогдчихлоо, одоо бараа материалаа авах мөнгөгүй болчхоод байна чи надад 16 сая төгрөг зээлүүлээч, сарын дараа 21 сая төгрөг болгоод эргүүлээд өгнө гээд Эрдэнэс таван толгой компанид бээлий нийлүүлэх тендерт ялсан гэх бичиг болон урьд нь бээлий нийлүүлж байсан бичиг, дансанд нь орж байсан мөнгөний хуулгыг үзүүлсэн. Тэр бичгүүд нь итгэл төрүүлэхээр байсан тул түүнд итгэж мөнгө зээлдүүлэхээр болсон. Тэгээд ч тендерээс унасан ашгаасаа надад 5 сая төгрөгийг нэмж өгнө гэсэн юм. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах нотариат орж мөнгө зээлдүүлсэн зээлийн гэрээ үйлдсэн. Нэрэнжаргал надад өгөх 5 сая төгрөгөө 16 сая төгрөг дээр нэмээд шууд 21 сая төгрөг зээлсэн гээд биччих гэж хэлээд нотариатаар бичүүлж баталгаажуулсан. Тэгээд Тэнгис кино театрын урд байрлах Хаан банкнаас Нэрэнжаргалын Хаан банкны 5019063033 дугаарын дансанд 16.000.000 төгрөгийг хийсэн. Нэрэнжаргалд мөнгөө залилуулснаас хойш нэг ч удаа уулзаж чадаагүй, байнга зугтаагаад олддоггүй, залгахаар утсаа авахгүй, дандаа мөнгийг чинь өгнө л гээд бичээд байдаг байсан. Би зээлүүлсэн мөнгөнөөс 8 сая төгрөгийг авсан үлдэгдэл мөнгө 8.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...”  /хх-104-105/.

Гэрч Г.Мөнхсайхан мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 07/421 дугаартай “Гэрээ байгуулах, эрх олгох тухай” албан бичгийг үзлээ. Энэ албан бичигт байгаа ЭТТ-2013/02-12НТШ гэсэн дугаар нь 2013 онд зарласан тендер байх магадлалтай. Гэтэл албан бичигт 2017 он гэж зөрж байна. Мөн тендерийн нэршил нь гар хамгаалах хэрэгсэл гэж бичдэггүй, бээлийний үнэ 91 сая төгрөг байх боломжгүй. Бас албан бичигт албан тушаал, гарын үсэг буруу бичигдсэн байна. Албан бичгийн 07/421 гэсэн нь манай компанид 07 гэсэн дугаар байдаггүй. Цагдаагаас ярьсны дараа бичиг хэргийн ажилтнаас тодруулга авахад 421 гэсэн дугаараар шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 20 ны өдөр нэг албан бичиг гаргасан нь Өмнөговь аймгийн гаалийн газарт хандсан бичиг байсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр явсан бүх албан бичгүүдийг нягталж үзэхэд ажилчдын банкинд гаргасан тодорхойлолтууд байсан. Манай компани хэзээ ч элгэн бээлий, ханцуйвч, нэг удаагийн гялгар уут, резинэн бээлий зэргийг авч байгаагүй. “Гар хамгаалах хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г харлаа манай компанийн гүйцэтгэх захирал Ариунболд гээд гарын үсэг зурсан байна. Манай захирлын овог нь буруу, бас гарын үсэг нь биш байна. Захирлын овог нь “Д” байтал энэ гэрээнд  “Г” гэж бичсэн байна. Гэрээний арын хуудсанд захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал хэзээ ч гарын үсэг зурдаггүй, захиалга хариуцсан газар нэгжийн албан тушаалтан гарын үсгээ зурдаг. Тэгэхээр бичгийг хуурамчаар хийсэн байна...” гэжээ /хх-112/.

Гэрч Ц.Майцэцэг мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сард санаж байна Нэрэнжаргал утсаар яриад чиний данс руу хүнээр мөнгө хийлгэнэ, тэр мөнгийг дараа нь надад аваад өгчхөөрэй гэж хэлсэн. Би Нэрэнжаргалыг чи өөрөө дансаараа яагаад авахгүй байгаа юм бэ гэхэд  “манай компани санхүүгийн асуудалтай байгаа учраас болохгүй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дансаар 10 сая төгрөг шилжин орж ирэхээр нь Нэрэнжаргалд хэлэхэд  “над руу мобайлаар шилжүүлчих” гэхээр нь мобайлаар 10 сая гарахгүй гэж хэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр над руу 10 сая төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд тэр оройноо Нэрэнжаргал яриад өөрийнхөө дансыг өгсөн, тэр данс руу нь Нэрэнжаргалаас авах байсан авлага 192.000 төгрөгийг үлдээгээд бусад мөнгийг шилжүүлсэн...” гэжээ /хх-115/.

Гэрч Я.Бямбажаргал мэдүүлэхдээ: “...2017 оны сүүлээр Нэрэнжаргал над руу яриад дансаа өгөөч мөнгө шилжүүлээд авах гэсэн юм гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд дансаа өгөхөд нэг танихгүй данснаас 2 удаа мөнгө орж ирсэн. Одоо бодоход 3 сая төгрөгийг 2 хуваагаад шилжүүлсэн байсан. Би энэ мөнгийг нь буцаагаад нэгийг нь дансаар шилжүүлж, үлдсэнийг нь бэлнээр Нэрэнжаргалд өгсөн...” гэжээ /хх-117/.

Гэрч Ч.Жамбалмаа мэдүүлэхдээ: “...Нэрэнжаргал нь манай нөхрийн бүл дүү юм. 2017 оны 6 дугаар сард Нэрэнжаргал өөрийнхөө 99605595 дугаарын утаснаас миний дугаар руу залгаж таны Хаан банкны данс руу бээлийний мөнгө 2.500.000 төгрөг хийгээд удаахгүй авчихъя гэж хэлсэн. Нэрэнжаргал  надад 300.000 орчим төгрөгийн өртэй байсан болохоор тэр шилжүүлсэн мөнгөнөөсөө 50 мянгыг ч болтугай авч байгаарай гэхээр нь би тэр мөнгөнөөс нь 50.000 төгрөгийг нь дансандаа үлдээгээд 2.450.000 төгрөгийг нь 20-оос 30 минут болоод буцаагаад Нэрэнжаргалын гэх Хаан банкны дансанд шилжүүлсэн...” гэжээ /хх-126-127/.

Гэрч Ж.Ичинхорлоо мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 16-нд Нэрэнжаргал эгч над руу яриад дансны дугаар авсан. Тэгээд одоо данс руу чинь 5 сая төгрөг хийнэ, чи эргүүлээд миний дансанд  “ажлын хөлс” гээд шилжүүлчхээрэй гэж хэлсэн. 5 сая төгрөг орж ирэхээр нь өөрийнх нь хэлснээр “ажлын хөлс” гээд шилжүүлсэн. Дараа нь хэд хоногийн дараа дахин яриад данс руу чинь 4 сая төгрөг орно гэж хэлсэн. Дансаа шалгаж үзэхэд 4.310.000 төгрөгийн орлого орсон байсан. Би энэ мөнгийг Нэрэнжаргал эгчид цувуулаад өгсөн. Цувуулсан учир нь Нэрэнжаргал эгч өөрөө тэгж хий гэж хэлсэн. Бас 1 сая төгрөгийг АТМ-с аваад Нэрэнжаргал эгчийн Хас банкны дансанд хийсэн. Үүнээс гадна 500.000 төгрөгийг ломбарднаас зээл гаргахад хэрэглэсэн. Үлдсэн мөнгийг ломбарданд хэрэглээд дуусгасан. Нэрэнжаргал эгчийн миний данс руу хийлгэсэн мөнгөнөөс би хувьдаа огт хэрэглээгүй. Миний дансанд орсон мөнгө хаанаас хэнээс шилжиж ирж байгаа талаар би мэдээгүй. Нэрэнжаргал эгч надад ямар нэг зүйл ярьж байгаагүй. Ломбард эргэлтийн мөнгөгүй, түрээс өндөртэй байдаг байсан...” гэжээ /хх-131/.

Хохирогч М.Алимаагаас Ч.Жамбалмаагийн Хаан банкны 5315509753 дугаартай дансанд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.700.000 төгрөг.

Ж.Ичинхорлоогийн Хаан банкны 5028332291 дугаартай дансанд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4.310.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг.

Ц.Майцэцэгийн Хаан банкны 5031270500 дугаартай дансанд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг.

Я.Бямбажаргалын Хаан банкны 5622085187 дугаартай дансанд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг.

Б.Н-ын 5019063033 дугаартай дансанд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 9.100.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтууд /хх-57-60/.

Эрдэнэс таван толгой ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн 03/164 албан тоот /хх-172-179/.

Б.Нын Хаан банкны 5019063033 тоот дансны хуулга /хх-198-230/.

Ц.Майцэцэгийн Хаан банкны 5031270500 дугаартай дансны хуулга /хх-116/.

Я.Бямбажаргалын Хаан банкны 5622085187 дугаартай дансны хуулга /хх-/.

Ч.Жамбалмаагийн Хаан банкны 5315509753 дугаартай дансны хуулга /хх-128/.

Ж.Ичинхорлоогийн Хаан банкны 5028332291 дугаартай дансны хуулга /хх-182/.

М.Алимаа, Б.Наранбаатар нарын хооронд хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ /хх-45-50/.

Б.Нд, М.Алимаа нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ /хх-51-52/.

Хохирогч С.Наранцэцэг, Б.Н нарын хооронд байгуулсан 21.000.000 төгрөгний зээлийн гэрээ /хх-65/. 

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 16.000.000 төгрөгийг Б.Нын дансанд шилжүүлсэн хохирогч С.Наранцэцэгийн Хаан банкны 5014308809 дугаартай дансны хуулга /хх-66/.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-149-150/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-160/, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н нь манай “Болор капитал” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран ажилладаг хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг нийлүүлэх тендерт ялсан, хамтран ажиллаж ашиг хуваая гэж иргэн М.Алимааг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан 35.110.000 төгрөгийг залилсан,

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр дээрх аргаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан иргэн С.Наранцэцэгийн 16.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 51.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нь Б.Н 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдэж их хэмжээний хохирол учруулсан ба прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч С.Наранцэцэг нь 16.000.000 төгрөгийн хохирлоос 8.000.000 төгрөг авсан бөгөөд үлдэх 8 сая төгрөгийг нэхэмжилжээ. Харин хохирогч М.Алимаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг буюу Б.Нд өөрийн өмчлөлийн орон сууцыг “Гялс төгрөг” ББСБ-д барьцаанд тавьж  20 сая төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд, Бямбажаргалын дансанд 4.000.000 төгрөг, Ичинхорлоогийн дансанд 9.310.000 төгрөг, Майцэцэгийн дансанд 9.100.000 төгрөг, Жамбалмаагийн дансанд 2.700.000 төгрөгийг гэрчилгээ солих, нотариатын зардал, татварын 2 хувийн зардал болох 690.000 төгрөг буюу нийт үндсэн зээлдүүлсэн 35.110.000 төгрөг дээр уг зээлийг чөлөөлсөн 30.248.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүн дээр нэмээд хохирогч нар нь өмгөөллийн зардал тус бүр нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Н-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч хохирол төлөгдөөгүй байх тул түүнээс  баримтаар тогтоогдсон нийт 70.038.000 төгрөг гаргуулан хохирогч М.Алимаад 62.038.000 төгрөгийг, хохирогч С.Наранцэцэгт 8.000.000 төгрөгийг олгох,

мөн эрх зүйн туслалцаа авахад зарцуулсан хохирогч М.Алимаагийн 3.585.000 төгрөгийг, С.Наранцэцэгийн 500.000 төгрөгийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тооцсон болно.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй байна.

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Тэнгэрийн тойрог төсөл”-ийн танилцуулга нэг хавтас баримт гаргаж өгснийг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Б.Н Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж М.Алимаад 35.110.000 төгрөгийн, С.Наранцэцэгт 16.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Нд 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 70.038.000 төгрөг гаргуулан хохирогч М.Алимаад 62.038.000 төгрөгийг, хохирогч С.Наранцэцэгт 8.000.000 төгрөгийг олгосугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 4.085.000 төгрөг гаргуулан хохирогч М.Алимаад 3.585.000 төгрөгийг, хохирогч С.Наранцэцэгт 500.000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

        7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

        8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХАЛИУН