| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2508006211603 |
| Дугаар | 2025/ДШМ/1342 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1342
2025 11 28 2025/ДШМ/1342
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч С.Номиндалай,
яллагдагч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/6014 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 55 дугаар эсэргүүцэл, яллагдагч Б.Д-ийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдолд тус тус үндэслэн Б.Д-т холбогдох эрүүгийн 2508006211603 дугаартай хэргийг 2025 оны 11 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б.Д, .................., /РД: .................................../;
Б.Д нь 2024 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” зочид буудалд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас үүдэн хохирогч Э.Б-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь “уруулд язрал, цус хуралт, дух, цээж, бүсэлхий, хоёр дал, бугалга, баруун шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Б, яллагдагч Б.Д, гэрч Ш.Б, Б.Б нар нь нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн байх ба Б.Д нь хохирогч Э.Б-ийнг согтсоны улмаас үйл явдлыг ойлгох чадваргүй үед “С” гэх зочид буудалд дагуулж орж, улмаар өмсөж явсан хувцсыг нь урж тайлан, нүцгэлсэн үед хохирогч сэргэж Б.Д-т “Та ингэж болохгүй шүү дээ” гэж эсэргүүцэхэд Б.Д нь хохирогчийг зодож биед нь олон тооны гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар хохирогч Э.Б тогтвортой мэдүүлжээ. Түүнчлэн хохирогчийн мэдүүлэг нь хүний биед үзлэг хийсэн 1148 дугаар шинжээчийн дүгнэлт, хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Э.Б-ийн өмсөж явсан хувцсанд хийсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 379 дүгээр дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан эсэх, мөн хохирогчийг боох, элэгдэх, өшиглөх зэргээр зодож биед нь олон тооны гэмтэл учруулсан нь онц харгис хэрцгий аргаар үйлдсэн эсэх асуудлыг нэг мөр шалгаагүй орхигдуулсан байна.
Прокуророос яллагдагч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлтийг зөв хийж чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэрийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасан. Гэтэл яллагдагч Б.Д-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй байхад дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд хяналтын прокурорын хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Б.Д-т холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж заасан. Үүнээс үзэхэд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан эсэх, мөн хохирогчийг боох, элэгдэх өшиглөх зэргээр зодож биед нь олон тооны гэмтэл учруулсан нь онц харгис хэрцгий аргаар үйлдсэн эсэхийг нэг мөр шалгаагүй орхигдуулсан байна...” гэжээ. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Э.Б мэдүүлэхдээ “...би Б.Д гэх хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй, учир нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тасраад гэнэт сэрсэн чинь буудлын өрөөнд сэрсэн, ...би тусламж хүсэхээр орилох гэхэд Б.Д миний хоолойг боож, элэгдэж дэвссэн, миний хөл, гар хэсэг рүү өшиглөсөн. Цээж хэсэг рүү гараараа цохисон. Намайг ухаан орж эхэлснээс хойш цохиж зодсон, өөрөөр бэлгийн шинжтэй үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг өгсөн байна.
Дээрх мэдүүлгээр Э.Б харилцан зөрүүтэй тогтворгүй мэдүүлсэн байхад хохирогчийн мэдүүлгийн аль хэсгийг үнэн бодитой гэж тооцсон эсэх нь эргэлзээтэй харилцан адилгүй бие биенээ үгүйсгэсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа байдал нь хуульд нийцээгүй болно. Түүнчлэн, шүүхээс хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг үнэлэхдээ Э.Б-ийн бусдад хүчиндүүлээгүй, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийгээгүй, тухайн үед ухаан ороод сэрсэн өмнө болсон үйл явдлыг тодорхой санахгүй талаар дахин мэдүүлэхдээ дурдсан байхад уг мэдүүлгээс тодорхой хэсгийг дурдаж, түүнийг үндэслэн яллагдагчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нөгөөтээгүүр, хохирогчийн нүцгэн байсан, түүний хувцас тайлагдсан зэрэг нь хэрхэн, ямар шалтгаанаар үүссэнийг хохирогч нэрлэн зааж чадахгүй, санахгүй байгаа гэж мэдүүлсэн байхад хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх хангалттай нотолгоо биш болно. Тодруулбал, шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй, бүрэн биш ажиллагаанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж байж, нотлох баримт шинээр цуглуулах гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа өөр газарт буюу явуулах шаардлагатай байхыг ойлгоно. Иймд дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байх тул шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, бодитой талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхээр байна.
Шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцэх боломжийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой.
Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдалд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх “онц харгис хэрцгийгээр” зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжид хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх байдлыг хэрэглэсэн, өлсгөж, цангаасан, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг багтаасан хууль хэрэглээний жишиг ойлголт тул яллагдагчийн хийсэн үйлдлийг дээрх онц харгис хэрцгий аргаар гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүй байна.
Учир нь, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36 дугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол хууль зөрчсөн үндэслэлд хамаарна.
Тодруулбал, шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэхийг уншиж сонсгохдоо дурдаагүй атлаа бичгийн хэлбэрт оруулахдаа дээрх агуулгыг нэмэгдүүлжээ.
Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм.
Ийнхүү үнэлж дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүй байна.
Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлтийг эрх зүйн оновчтой хийх учиртай.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.
Түүнчлэн, шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд яллагдагч Б.Д-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэв.
Яллагдагч Б.Д-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Буудлын өрөөнд ороод үлдэгдэл вискигээ уусан. Э.Б нойл ороод гарч ирэхдээ уруулаа юунд цохисон бүү мэд уруулаас нь цус гарсан байсан, ...би Э.Б-д уур хүрээд сүүлдээ 2-3 удаа цохиж авсан. Би цээж хэсэг рүү нь гараараа цохисон, ...би орон дээр Э.Бийг тавихаар шал руу унаад байсан болохоор өмднөөс нь татаад босгосон, тэр үед өмд, тэлээ нь урагдсан...” гэж, гэрч Б.Б “...Э.Б, Б.Д нар тэнд үлдсэн юм, тэрнээс цааш юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр өдрийн маргааш нь би хүмүүсээс Э.Б-ийг буудалд зодсон талаар мэдсэн юм, тухайн үед манай ажлынхан тэгж л яриад байсан юм. Маргааш нь билүү нөгөөдөр нь би Э.Б-тэй таарсан чинь нүд ам нь хөхөрчихсөн, царай нь онцгүй болчихсон явж байсан юм. Тэр үед Э.Б Б.Д ах намайг цохисон гэж хэлсэн...” гэж тус тус мэдүүлсэн. Мөн “...Э.Б-ийг согтуу байсан учир “С” зочид буудалд оруулаад хувцсыг нь тайлаад оронд оруулаад унтуулах гэсэн. Учир нь өвөл байсан учир согтуудаа босож яваад осгож, хөлдөж магадгүй гэсэн юм. Мөн Э.Б согтуу байсан учир уначих гээд байх үед нь өмд болон хувцаснаас татсаны улмаас хувцас нь урагдсан. Сүүлд буудалд ороод тал шил архиа уугаад согтоод буудлын орны араар, урдуур мөн сандал дээрээс унаж тусаад байсан. Нийтдээ 4-5 удаа унасан. Унах үедээ дээрх гэмтлүүдийг авсан. Сүүлдээ согтоод байхаар нь “Унтаж амраач” гэхэд агсам тавиад байхаар нь цээж рүү цохиод алгадсан. Бүр дийлэхээ болиод унтахгүй болохоор нь хамтдаа гараад таксинд суулгаж өгсөн...” гэж Б.Д нь гэрч болон яллагдагчаар, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг.
Б.Д-ийн хувьд Э.Б-ийг хүчиндэх ямар нэгэн санаа зорилгогүй байсан бөгөөд хүчиндэхийг завдсан үйлдэл хийгээгүй ба шинжээчийн дүгнэлт, Б.Д-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хохирогч Э.Б-д хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байгаа.
Хохирогч Э.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ талаар дахин хуулийн байгууллагад хандахгүй” гэсэн байдаг. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Э.Б-ийн өмгөөлөгч С.Номиндалай нь “Миний үйлчлүүлэгч гомдол саналгүй, тухайн болсон үйл явдлыг буруу ойлгосны улмаас буруу, зөрүү мэдүүлэг өгсөн байна лээ, иймд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байдаг. Мөрдөгч, прокурор нь Б.Д-т холбогдох хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоож шүүх рүү шилжүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Яллагдагч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б-ийн хувцсыг тайлсан асуудлын тухайд, хохирогч агсам согтуу тавиад гарч явах гээд байсан, тухайн үед гадаа хүйтэн байсан учраас би хөнжилд нь оруулаад унтуулчихсан. Би хохирогчийг буудал оруулж унтуулчхаад явах гэсэн боловч хохирогч “ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхдээ уруулаа сэтэлчхээд гарч ирсэн. Би уруулыг нь арчиж өгчихөд хохирогчийг ганцаарыг нь орхиж болохгүй юм байна гэж ойлгоод буудалд хамт байсан. Тухайн үед ууж байгаад үлдсэн архийг уусан. Надад хохирогчийг хүчиндэх санаа сэдэл байгаагүй. Энэ талаар мэдээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдсэн” гэв.
Хохирогч Э.Б-ийн өмгөөлөгч С.Номиндалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Э.Б тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлсэн хэрэглэсэн байсан. Хохирогч Э.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн зан харилцаа таагүй болж, агсам согтуу тавих хэмжээнд хүрдэг. Хохирогч Э.Б “тухайн үед миний биед олон тооны шарах, сорви, зовуурьтай байсан учраас сэтгэл зүй таагүй байдлаас хамаарч дээрх мэдүүлгийг” өгсөн. Сүүлд бодоход “Б.Д-ийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэдгээ мэдсэн учраас дахин мэдүүлэг” өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогч Э.Бээс та анхан шатны шүүх хуралд яагаад оролцоогүй вэ гэж” асуухад хохирогч Э.Бээс “тухайн үеийн асуудлыг тунгааж бодсон шударга үнэнээр мэдүүлэг өгсөн гэдэгтээ эргэлзээттэй байгаа учраас шүүх хуралдаанд оролцмооргүй байна. Надад санал, гомдол байхгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй Б.Д-тэй ажил хэргийн харилцаатай, ах дүүгийн холбоотой” байсан. Дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тус тус заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Б.Д-ийг 2024 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” зочид буудалд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас үүдэн хохирогч Э.Б-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь уруулд язрал, цус хуралт, дух, цээж, бүсэлхий, хоёр дал, бугалга, баруун шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “хяналтын прокурорын хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” хэмээн үзэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Хохирогч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжтэй үйл баримтын талаар яллагдагчийн өгсөн мэдүүлгээс харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт бэхжүүлэгджээ. Анхан шатны шүүхээс “...Үүнээс үзэхэд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан эсэх, мөн хохирогчийг боох, элэгдэх, өшиглөх зэргээр зодож биед нь олон тооны гэмтэл учруулсан нь онц харгис хэрцгий аргаар үйлдсэн эсэх асуудлыг нэг мөр шалгаагүй орхигдуулсан байна...” гэж дүгнэснээс бус яллагдагчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж шууд дүгнэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/6014 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулан үзвэл шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн захирамжлах хэсэг нь гардуулсан шийдвэрийн захирамжлах хэсгээс зөрүүгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэснийг ноцтой зөрчөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасны дагуу шүүхээс гаргасан шийдвэрийнхээ агуулгыг хэрхэн тодорхойлох, тайлбарлах нь шүүгчийн эрх хэмжээнд хамаарах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасан бөгөөд энэ нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгчид хамаарах зохицуулалт юм. Түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэрэгт холбогдуулан хүндрүүлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй тохиолдолд яллагдагч болон хохирогч нарын хувьд шинээр нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангах, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах үүднээс хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж прокурорт буцааж нэг мөр шалгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
Иймд прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 55 дугаар эсэргүүцэл, яллагдагч Б.Д-ийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад, хохирогч Э.Б нь анх 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байх ба өргөдөлдөө “...2024 оны 12 сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “С” зочид буудалд Б.Дт зодуулж, түүнчлэн бэлгийн шинжтэй үйлдэл үзүүлж бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн...” /хх 11/ гэж дурдсан. Уг өргөдлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогчийг хууль сануулан асууж “...Болсон асуудлын талаар ярина уу...” гэхэд “...Би сэрээд харсан чинь хувцасгүй шалдан, миний өмдний товч тасарсан, тэлээ урагдаж зулгарсан, дотуур хувцас урагдсан байсан. Би Б.Д-ийг “ингэж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд “Чи дуртайдаа ирсэн байж яагаад хийлгэхгүй гээд байгаа юм” гэж хэлээд намайг боосон, элэгдсэн, дэвссэн, миний хөл, гар хэсэг рүү өшиглөсөн, цээж хэсэг рүү гараараа цохисон...” /хх 14-15/ гэсэн мэдүүлгийг өгчээ.
Энэхүү мэдүүлэгтэй холбогдуулан хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх ба уг мэдүүлэгт тулгуурлан, хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудтай харьцуулж мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байна
Шүүгчийн захирамжид заасан “...хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан эсэх, мөн хохирогчийг боох, элэгдэх, өшиглөх зэргээр зодож биед нь олон тооны гэмтэл учруулсан нь онц харгис хэрцгий аргаар үйлдсэн эсэх асуудлыг нэг мөр шалгах…” гэх ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/6014 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/6014 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 55 дугаар эсэргүүцэл, яллагдагч Б.Д-ийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ