Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 291

 

Ш.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Чинбат, Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 248 дугаар магадлалтай, Ш.Б, Б.Б нарт холбогдох 1902008320311 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бух овогт Шгийн Б нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Бын Б нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, худалдсан, мөн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

шүүгдэгч Б.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 3 жил хорих, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Бий саатуулагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтын шүүгдэгч Ш.Бт холбогдох хэсгийг “Шүүгдэгч Бух овогт Шгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Б.Батбаяр, Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Б гаргасан гомдолдоо: “...Миний бие тухайн өвс гэх ургамлыг найзынхаа цамцны халааснаас олж өөрийн биедээ болон гэртээ хадгалж байгаад Б.Бд худалдсан нь үнэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь ял оноосонд гомдолтой байна. Миний бие анх удаа өөрийн гэнэн томоогүйгээс болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хорих ангид ирээд хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын нийгэмд учруулах хор хөнөөлийг бүрэн ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа билээ. Ялыг минь хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Б.Чинбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

1.Шүүгдэгч Ш.Бын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцахад тэрээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг анхнаасаа худалдаалах зорилгоор олж авч, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны 81 тоот байранд хадгалж байгаад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Бд худалдсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна... Ш.Б нь анхнаасаа Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоор хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж аваад хадгалсан, бусдад худалдсан болох нь бүрэн дүүрэн тогтоогджээ. Харин түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах санаа зорилгогүй олж авсан” гэмт хэргийг үйлдээгүй болох нь түүний Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоос тодорхой байна.

2.Хавтаст хэрэг авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Ш.Б нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг анхнаасаа худалдаалах санаа зорилгоор олж аваад 81 тоот байранд хадгалж байгаад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Бд худалдсан. Түүнээс 11 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны 81 тоот байранд нэгжлэг хийх үед дээрх өвсний үлдэгдлийг хураалгасан байдаг. Өөрөөр хэлбэл хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах санаа зорилгоор олж аваад 81 тоот байранд хадгалж байгаад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Бд худалдаж, үлдсэн өвсийг хадгалж байгаад мөрдөгч Нямрагчаа 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 81 тоот байранд нэгжлэг хийх үед хураасан нь нэг гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл юм.

Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 248 дугаар магадлалд дээрх нэг гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлийг тус тусад нь гэмт хэрэгт тооцон, тус тусад нь ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах санаа зорилгогүй олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжгүй үйлдэл байна. Дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцно” гэсэн хуулийн заалтыг хангаж байна. Өөрөөр хэлбэл бусдад зарж борлуулах зорилгоор гэртээ хадгалж байсан үйлдэл нь өөрөө үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Ш.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Г.Тунгалаг хэлсэн саналдаа: “Б.Чинбат өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь хууль хэрэглээний хувьд зөв болно. Иймд магадлалд өөрчлөлт оруулах замаар шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжтой. Учир нь Ш.Бын бие болон гэрээс илэрсэн бодис, Б.Бд худалдсан бодисууд нь нэг бүтэцтэй. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, түүний нас зэргийг харгалзан нийгэмд хор аюултай этгээд болохоос нь өмнө засран хүмүүжих боломж олгож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Б.Батбаяр хэлсэн саналдаа: “Б.Чинбат өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх Ш.Быг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, мөн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Гэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүгдэгч Ш.Бын худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид багтааж, нэг зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах байсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна” гэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Ш.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.0866 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалж, Б.Бд мөнгийг дараа авахаар тохиролцож 50.000 төгрөгөөр худалдсан,

мөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 15 дугаар байрны 81 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 2.1697 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шилэн болон төмөр саванд хийж бэлтгэн хадгалсан,

шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 буюу тетрагидроканнабинол”-ын агууламжтай бичгийн цаасны хамт 29 грамм жинтэй “өвс” болон 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч Ш.Бын хориглосон сэтгэцэд нөлөөт бодис гэртээ хадгалсан, уг бодисоос Б.Бд худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилж ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ш.Бын үйлдсэн нэг төрлийн гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт нь нэгтгэн зүйлчилж, түүнийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг хэвээр үлдээх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн гэм бурууд тохирно гэж үзэв.

Харин шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж ял оногдуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 Шүүх Б.Бий “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “олж авсан” гэх шинжийг шинээр нэмж хуульчилсан бөгөөд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №7-д албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “олж авсан” гэж буруутгах үндэслэлгүй болно.

Түүнээс гадна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгохоор заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Б, Б.Б нарыг гэм буруутайд тооцохдоо “мансууруулах эм” гэсэн нэр томъёог давхар хэрэглэсэн нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Бух овогт Шгийн Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан, шүүгдэгч Сартуул овогт Бын Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулсан заалтыг, мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 248 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж ял оногдуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН