Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/004270

 

                                                Рилайнс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч    Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01394 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 364 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Рилайнс ББСБ ХХК

Хариуцагч : Г.Туул

Нэхэмжлэлийн шаардлага :  24.585.559 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Туул, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь өөрийн нөхрийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо 4 дүгээр хороолол Л.Энэбишийн өргөн чөлөө 28/1 байр 70 тоот 39,3 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьж, зээл авах хүсэлт гаргасан.Хүсэлтийг нь 2014.9.19-ний өдөр зээлийн хорооны хурлаар хэлэлцээд 18 сая төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч, 2014.9.19-ний өдөр 45/14 тоот зээл, барьцааны гэрээ байгуулсан. Гэрээг нэг жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй 18 сая төгрөг зээлүүлэхээр хийсэн. Г.Туул нь 2014.9.22-ны өдөр 18 сая төгрөгийг хамтран зээлдэгч дүү Г.Тунгалагийн Ган тус ХХК-ийн дансанд шилжүүлэн авсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй. Иймд үндсэн зээл 16.696.000 төгрөг, зээлийн хүү 6.878.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997.308 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг нийт 24.585.559 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 280.810 төгрөгийн хамт бүгд 24.866.359 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2014.9.22-ны өдөр 18 сая төгрөгийн зээл аваагүй. Өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Г.Тунгалаг Гантус ХХК-ийн дансанд шилжүүлэн авсан гэж маргаж байсан бөгөөд энэ удаа надад зээлүүлсэн мэт нэхэж байгааг ойлгохгүй байна. Энэ байгууллагаас ямар нэгэн зээл, мөнгө авсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний бие Гантус ХХК-ийн ажлыг мэдэхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 181/ШШ2016/01394 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Туулаас 24.585.559 төгрөг гаргуулж, Рилайнс ББСБ ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид Рилайнс ББСБ ХХК-иас төлсөн 280.810 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Г.Туулаас 280.810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 364 дүгээр магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2014.9.19-ний өдер 18 сая төгрөгийн зээл авсан гэж төлөх үүрэгтэй гэж дүгнэсэд гомдолтой байна. Энэ мөнгийг Рилайнс ББСБ ХХК-иас өөр аж ахуйн нэгжид шилжүүлэн өгсөн байхад надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Рилайнс ББСБ ХХК нь Г.Туулд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 45/14 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 16.696.000 төгрөг, хүү 6.878.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997.308 төгрөг 24.572.059 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг нийт 24.585.559 төгрөг шаардсан /хх 1/ байна. Г.Туул нь "...18 сая төгрөгийг аваагүй..." гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 32/ байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэн нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч нь Г.Туулаас зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан байна. Зээлийн гэрээгээр мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцох ба үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Рилайнс ББСБ ХХК нь 18 сая төгрөгийг Г.Туулын бус, харин Г.Тунгалагийн хүсэлтээр /хх 13/ мөнгийг Гантус ХХК-ийн дансанд /хх 25/ шилжүүлсэн байх ба зээлийн 18 сая төгрөгийг Г.Туул нь Гантус ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн баримт хэрэгт байхгүй байхад шүүх хариуцагчаас төлбөр гаргуулсан нь Иргэний хуулийн 211, 282 дугаар зүйлд нийцээгүй байна.

Түүнчлэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж болох ч энэ нь тухайн этгээд үүрэг гүйцэтгэгч болох нь тогтоогдсон тохиолдолд хамаарна.

 Нэхэмжлэгч нь нотариатын зардалд хариуцагчаас 13.500 төгрөг гаргуулахыг хүссэн боловч ийнхүү шаардсан үндэслэлээ заагаагүйгээс гадна "Монголын нотариатчдын танхим Мөнгөний тасалбар № 602 " гэсэн баримтад /хх 23/ Рилайнс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой мэдээлэл байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.

 Г.Туул нь гуравдагч этгээдээр Гантус ХХК, Т.Батмагнай, Б.Цолмон нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг /хх 34/ шүүх хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 181/Ш32016/06697 дугаартай захирамж гаргасан боловч /хх 35/ захирамжийн Гантус ХХК-д холбогдох заалт биелэгдсэн эсэх нь тодорхойгүй /хх 42-43, 48-49/ учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг хангаагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01394 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 364 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 280.800 төгрөгийг захирамжаар Г.Туулд буцаан олгосугай.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ