Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 174

 

2018 оны 08 сарын 09                                        2018/ШЦТ/156                                       Баруун-Урт 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,                                                                                                               

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсайхан,

           Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 1830002150138 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат, 2000 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 83 дугаар байрны 46 тоотод оршин суух, /РД:ЛД00241516/ Хатгин овгийн Б.Б.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 08 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр  Нумт гэх газарт Баруун-Урт сум Улаанбаатар хотыг холбосон засмал зам дээр 90-37 УБП улсын дугааргүй Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Эрдэнэтуулын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

  Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 04 сарын 15-нд 18 нас хүрсэн. Жолоодох эрхийн үнэмлэх 2018 оны 06 сард авсан. 2 сарын хугацаанд жолооны курст сурсан. 90 км/цагаас илүү хурдтай яваагүй. Би сайн санахгүй байгаа... гэв. 

  - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид маш их эмгэнэлтэй байгаа. Машин авч өгсөн нь миний буруу гэж өөрийгөө буруутгаж байна. Буянтогтох машин бариад 2 сар л болж байгаа. Холын замд явж байгаагүй, үнэмлэх аваад 2 сар хотод машин барьж байсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Болгоомжтой яваарай гэж хэлж байсан гэв. 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн хүү Б.Боор Улаанбаатар хотоос машинаар нь Цонжин болдогт хүргүүлсэн. Тухайн үед манай ангийн төгсөлтийн 30 жилийн ой болж байсан юм. Манай хүү Буянтогтох намайг хүргэж өгчихөөд буцаад Улаанбаатар хот руу очоод ээж, эгч хоёрыгоо аваад нэг тийшээ явна гэж байсан юм. Тэгээд би эхнэр Д.Эрдэнэтуул руу яриад хаашаа явах гэж байгаа юм бэ гэтэл Эрдэнэзуу хийд рүү явлаа гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 7 дугаар сарын 12-ны өглөө эрт манай ах Батдэлгэр над руу утсаар  “эхнэрийн чинь биеийн байдал муу байна, аваарт орчихлоо “ гэж хэлэхээр нь би шууд Улаанбаатар хотоос Мөнххаан сум руу гарсан. Тэгээд Мөнххаан суман дээр ирэхэд манай эхнэр нас барсан байсан. Тухайн үед зам тээврийн осол болох үед манай хүү Буянтогтох машинаа барьж явсан гэсэн. Хүү маань санамсар болгоомжгүй байдлаас болж осол болсон гэж бодож байна. Тиймээс надад болон манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, 

- Гэрч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос манай дүү Буянтогтох болон талийгаач ээж Д.Эрдэнэтуул нарын хамт дүү Буянтогтохын машинтай Мөнххаан сум руу гарсан. Тэгээд Багануур дүүрэгт ирээд ер нь жаахан унтаж амарцгаая гээд унтацгаасан. Тэгээд  07 дугаар сарын 12-ны өглөөний 04 цагийн орчим Багануураас наашаа Мөнххаан сум руу хөдөлсөн. Би наадмын өмнө маш их ажилтай байсан учраас ядарсан байсан. Тухайн өдөр Багануур дүүргээс хөдлөх үед би арын суудал дээр хэвтээд унтаад ирсэн. Харин талийгаач ээж маань урд талын буюу жолоочийн хажуу талын суудал дээр суугаад манай дүү Буянтогтох машин бариад явж байсан. Тэгээд явж байгаад нэг ухаан ороод машинаас буухад бидний машин онхолдоод манай ээж цонхоор шидэгдсэн байдалтай машины гадна талд газарт хэвтэж байсан, манай дүү Буянтогтох хажууд нь уйлаад сууж байсан. Тухайн үед талийгаач ээж маань ямар байдалтай байсан талаар сайн санахгүй байна. Тэгээд би дүүгээ яаралтай түргэн дууд гээд утсаа өгөхөд утас сүлжээгүй байна гээд айл руу явж нэг машинтай ахыг дагуулж ирээд Мөнххаан сум руу бид явцгаасан. Тэгээд Мөнххаан сумын эмнэлэгт ирэхэд ээжийг маань нас барсан байна гэсэн. Би унтаж байсан болохоор ямар хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Манай дүү өөрөө машинаа жолоодоод явж байсан ба ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Яагаад зам тээврийн осол болсон талаар би сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд: Талийгаач Д.Эрдэнэтуулын цогцост гавлын зүүн чамархайгаас дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины оройн зөөлөн бүрхүүл дорхи цус харвалт, хуйхан дорхи тархмал баруун зүүн чамархайн булчингийн цус хуралт, цээжний дотор баруун зүүн ханын, өвчүүний дотор ханын цус хуралт, 2 талын уушигны дээд дэлбэн, баруун бөөрний өөхөн ислэг, нарийн гэдэсний ар хананы сэмж чацархайд болон бага аарцагийн хөндийн хананд улаан хүрэн өнгийн цус хуралт, баруун эгэм, 1,2,3,4,5-р хавирга далны дунд шугамаар, 6,7,8-р хавирга суганы дунд шугамаар, 11,12-р хавирга суганы урд шугамаар, цээжний зүүн талд эгэм, 1,2-р хавирга далны дотор шугамаар, 8,9-р хавирга далны дунд шугамаар 10,11,12-р хавирга суганы урд шугамаар хугарал, баруун чамархай, зүүн бугалганы дотор дунд хэсэгт язарч урагдсан шарх, баруун далны дээд доод хэсэгт, зүүн даланд, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун шууны урд хэсэгт, баруун гарын алганы ар хэсэгт олон тооны цэгчилсэн, баруун хөхний дээд хэсэгт, зүүн хөхөнд, хөхний доод хэсэгт, зүүн бугалганы дотор дунд хэсэгт, бугалганы ар хэсэгт, шууны гадна дунд хэсэгт, зүүн гарын алганы ар хэсэгт, хэвлийн зүүн хэсэг, зүүн бөөр орчмыг хамарсан олон тооны жижиг жижиг, янз бүрийн хэлбэр дүрс бүхий зулгаралтууд,баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний эргэн тойронд, хамарт, эрүүнд, баруун эгэмний доод хэсэгт, баруун даланд, баруун мөрөнд, баруун бугалганы дунд хэсэгт,зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн хөхний эргэн тойронд, сарвууны ар хэсэг, баруун гуяны урд дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, гуяны урд дунд хэсэгт цус хуралтууд баруун чамархай, зулай, духны зүүн дээд хэсэг, баруун нүдний эргэн тойрон, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач Д.Эрдэнэтуулын цогцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаачаас авсан цусанд этилийн спирт илрээгүй ” гэх /хх-ийн 22-23/, 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №77 дугаартай актад: Б.Боос авсан цусанд этилийн спирт илрээгүй... гэжээ /хх-30/,  

- Техникийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаартай дүгнэлтэд: 90-37 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3 б “ хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлээгүй байх”, 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна  гэх /хх-28/.

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-8/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-21/

-   Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 42 /     

- Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/

-   А.Батсайхан, Д.Дайрийжав нарын Гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-ийн 41/ 

- Д.Эрдэнэтуулын Е 1586025 дугаартай гадаад паспортын хуулга/ хх- 45/

- Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/

- 01579515 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-46/

-  Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-51/

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-54/

-  Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх санал /хх-55/ зэргийг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 08 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр  Нумт гэх газарт Баруун-Урт сум Улаанбаатар хотыг холбосон засмал зам дээр 90-37 УБП улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул   хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1“ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Эрдэнэтуулын амь насыг хохироосон болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсайхан, гэрч Б.Буянхишиг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 35 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 63 дугаартай дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Б.Бын замын нөхцөл, байдалд машины хурдыг тохируулж яваагүйтэй холбоотой хийгээд гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тодруулбал, тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд анхаарал болгоомжгүй явснаас осол гаргаж, үүний улмаас хүний амь нас хохирсон байна. 

Шүүгдэгч Б.Бын зам тээврийн осол гаргаж, бусын амь насыг хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний амь нас хохироох/  гэмт хэргийг шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Б.Бын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсайхан хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв. 

  Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тухайн хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогч нь түүний төрсөн эх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба тэрээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй тул прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо.

  Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдъя. 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Хатгин овгийн Б.Быг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн   223337 дугаартай В ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бод  мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН