Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01023

 

 

 

И И КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00917 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И И КББСБ ХХК-ийн хариуцагч Д.Ихолбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр 13 тоотод байрлах улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Д.И, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: И И КББСБ ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр н.Т, н.Б нартай зээлийн гэрээ байгуулж 58 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацааг нэг удаа 3 сараар сунгасан. Зээлийн барьцаанд ..50 дугаар байрны 13 тоотын орон сууцыг барьцаалсан. Шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад н.Б нь уг орон сууцыг төлбөрт тооцуулан шилжүүлэх санал гаргаж манай байгууллага зээлийн төлбөртөө тооцон авсан. Гэвч Д.И нь манай өмчлөлийн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч, орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байх тул Д.Иыг ..50 дугаар байрны 13 тоотод байрлах орон сууцнаас албадан нүүлгэж И И КББСБ ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Д.И нь бусдын орон сууцанд хууль бусаар удаан хугацаагаар амьдарч байна. Энэ орон сууцыг манай байгууллага бусдад түрээслүүлэх, шилжүүлэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасны дагуу орон сууцыг бусдад түрээслүүлэн олох ёстой байсан орлогод 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг хүртэл 10 сарын хугацаанд сард 500 000 төгрөгөөр тооцож, 5 000 000 төгрөгийг Д.Иоос гаргуулж өгнө үү. Д.Ибайрыг суллаж өгөхийг удаа дараа амаар мэдэгдсэн, бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй, оршин сууж байгаа хүн нь Д.И учраас хариуцагчаар татсан гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэлийг И И КББСБ ХХК нь 2018 оны 02 дугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэгсэхгүй болж байсан. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн шүүх дээр сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Одоо Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм. Н.Тт ганц ч төгрөг өгөөгүй. Уг байр нь миний болон үр хүүхэд, ач зээ нарын ариун цагаан хөдөлмөрөөр авсан цорын ганц хөрөнгө бөгөөд орон сууцыг үнэгүйдүүлж үнэлүүлсэн. Нэхэмжлэгч нь нь Д.И надад холбогдуулж 3 удаа нэхэмжлэл гаргаж байна. 2018 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Баянгол дүүргийн шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Н.Б, н.Баттулга хоёр И И КББСБ ХХК-ийн н.Батчимэг гэдэг эмэгтэйтэй нийлж бүлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн н.Өлзийсайхан гэх эмэгтэйтэй манай байрны гэрчилгээг өөрсдөө бичиж хуулбарлан авсан. Шүүхээс миний тэтгэврийн дансыг хаасанд гомдолтой байна. Би өөрийнхөө байранд амьдарч байгаа И И КББСБ ХХК-аас н.Тт нэг ч төгрөг өгөөгүй. Энэ байр 200 000 000 төгрөгийн үнэтэй байр. Би н.Ттай хамт И И КББСБ ХХК-д очиж зээлийн хувийн хэрэгтэй танилцъя гэхэд танилцуулаагүй. н.Батчимэг танай хүүхэд 58 000 000 төгрөг тоолоод гарсан манайх хэзээ ч дансаар шилжүүлдэггүй бэлэн мөнгө өгдөг гэсэн. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад н.Ттай цуг мэдүүлэг өгсөн. н.Тыг бэлэн мөнгө тоолоод авсан бичлэг байгаа гэж хэлсэн ч бичлэг байгаагүй. н.Т надад олгосон итгэмжлэлээсээ татгалзсан. н.Т И И КББСБ ХХК-аас нэг ч төгрөг аваагүй, би энэ хэрэгт хамаарахгүй энэ хэргийн оролцогч биш. Уг байрыг би төрийн албан хаагч байхдаа Голомт банк ХХК-аас 8 хувийн зээлээр авсан. Байрыг 110 000 000 төгрөгөөр үнэлсэн. Дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрөхгүй байна. н.Баттулга, н.Б хоёрыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа. Энэ бол эрүүгийн хэрэг. Хэрэгт 3 нотлох баримт байгаа н.Батчимэг н.Тыг дуудахад н.Баттулга, н.Б 2 цуг байсан. Н.Б 58 000 00 төгрөг авсан нь үнэн гэсэн өөрийнхөө гараар бичиг хийж өгсөн байдаг. 2018 оны 02 сард н.Баттулга нь н.Тын байрыг барьцаалж авсан зээлээ төлнө гэсэн бичиг байгаа. Д.И миний амьд явах эрхийг зөрчиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх:   Иргэний хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И И КББСБ ХХК-ийн хариуцагч Д.Ихолбогдуулан гаргасан .............байрлах улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, И И КББСБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Т, Я.Б нар тус ББСБ-тай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 58 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд зээлдэгч Г.Тийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 хороо, 15 дутаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотод орших 2 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлээ төлөөгүй бөгөөд, улмаар талууд шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 36812 дугаартай захирамжаар талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, 68 289 250 төгрөгийн зээлийг зээлдэгч нар 2015 оны 11 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Гэвч зээлдэгч Г.Т, Я.Б нар нь 1 100 000 төгрөг төлж, үлдэгдэл 67 189 250 төгрөгийн зээлийг хугацаанд нь төлөөгүй тул шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Г.Т нь 67 189 250 төгрөгийн зээлийн төлбөртөө тооцуулан барьцаа хөрөнгийг И И КББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр манай байгууллага төлбөртөө тооцон хүлээн авсан. Ингээд зээлдэгч Г.Т. Я.Б нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. И И КББСБ ХХК нь тухайн хөрөнгийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу зээлийн төлбөртөө тооцуулан хүлээн авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх өмчлөгчийн шаардах эрхийг үгүйсгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн цорын ганц өмчлөгч Г.Т нь 2017 оны 3 сарын 7-ны өдөр И И КББСБ ХХК-нд хандаж өөрийн гараар хүсэлт бичиж өгсөн ба тус хүсэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Уг хүсэлтийн дагуу И И КББСБ ХХК нь 2017 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл хугацаа олгосон ба заасан хугацаанд орон сууцыг чөлөөлөөгүй тул уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл манай байгууллага уг орон сууцыг чөлөөлж авахаар удаа дараа шаардлага тавьсаар ирсэн. Энэ үйл баримттай хариуцагч маргадаггүй. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байхыг шаарддаггүй байхад шүүх хариуцагч Д.Имэдэгдсэнээ нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоох зохицуулалт нь зөвхөн үүргийн эрх зүйд буюу гэрээний эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх талаар Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан. Гэтэл анхан шатны шүүх гэрээний бус харилцаанд хамаарах асуудалд орон сууцыг чөлөөлж өгөх хугацаа олгоогүй гэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Ц.Ббусадтай бүлэглэн залилж мэхэлсэн гэх хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа И И КББСБ ХХК нь бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргах талаар дурьсан нь ойлгомжгүй байна. Учир нь зээлдэгч Г.Т нь хамтран бизнес хийдэг Ц.Бгэгчид залилуулсан эсэх, тус хэргийг шалгах ажиллагаа зээл олгосон байгууллагад хамааралгүй. Манай байгууллага Ц.Баттулгатай зээлийн гэрээ байгуулаагүй Г.Т, Я.Б нартай зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон байдаг. И И КББСБ ХХК нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу, хууль ёсны өмчлөгч Г.Тын өөрийнх нь хүсэлтээр зээлийн төлбөртөө тооцуулан орон сууцыг шилжүүлж авсан. Шүүх ..., 13 тоотод байрлах улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчийг И И КББСБ ХХК гэж үзэх үндэслэлтэй, уг орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь логик зөрчилтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч И И КББСБ ХХК нь хариуцагч Д.Ихолбогдуулан улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй ............... байрлах 80.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлогод 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг шаардаж байгаа орон сууц нь Г.Тын өмчлөлөөс нэхэмжлэгч И И КББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн байх ба дараах журмаар өмчлөлд нь бүртгэгдсэн байна.

Г.Т нь Я.Бийн хамт И И КББСБ ХХК-аас 58 000 000 төгрөг 6 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд уг орон сууцыг барьцаалсан, зээлдэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 36812 дугаар захирамжаар Г.Т, Я.Б нараас 68 289 250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, маргаан бүхий орон сууц нь И И КББСБ ХХК-ийн өмчлөлд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжсэн байна. /1хх 92-93, 101, 147, 149, 208-211/

Өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Д.И маргааны зүйл болох орон сууцанд 2003 оноос хойш амьдарч байгаа бөгөөд түүнийг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг эзэмших эрхгүй, эзэмших эрхээ алдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /1хх 154, 158-160/

Маргааны үйл баримт, зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч Д.И нь өөрийн хүү Г.Тын өмчлөлд байсан орон сууцыг эзэмшсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үндсэн дээр эзэмшдэг гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2 дах хэсэгт эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд Иргэний хуулийн 297 дугаар зүйлд заасан зохицуулалт хамаарахаар заасан бөгөөд дээрх зүйл, хэсэгт зааснаар орон сууцны өмчлөгч солигдсон тохиолдолд хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг шинэ өмчлөгчид шилжихээр байна.

Иймд Г.Тын хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу хүлээх үүрэг нь орон сууцны шинэ өмчлөгч буюу нэхэмжлэгч И И КББСБ ХХК-д шилжсэн гэж үзнэ. Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг хуульд заасан журмын дагуу, эсхүл талууд тохиролцон дуусгавар болгосон гэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хариуцагчийг уг орон сууцны хууль бус эзэмшигч гэж үзнэ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Г.Т, Д.И нарын хооронд гэрээ ямар хугацаатай байгуулагдсан, уг гэрээ цуцлагдсан эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчид уг гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2, 293, 295 дугаар зүйлийн 295.3, 296 дугаар зүйлд заасан журмаар гэрээ цуцлагдсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй.

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотын 80.7 м.кв орон сууцнаас албадан чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж орон сууцыг бусдад түрээслүүлэн орлого олох боломжийг хаасан гэж хохиролд 5 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00917 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ