| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04921/И |
| Дугаар | 192/ШШ2026/02218 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/02218
2026 02 27 192/ШШ2026/02218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 44,913,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Хариуцагч******* нь 2024 оны 08 сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр “shenying” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гарган Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, нэхэмжлэгч *******гийн биед хүнд хохирол учруулсан ба өнөөдөр хүртэл биеийн эрүүл мэндэд учирсан хор уршиг арилаагүй байнгын эмчийн хяналтад эмчилгээ сувилгаа хийлгэсээр байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх*******д холбогдох эрүүгийн 2403006620888 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЦТ\341 дугаартай “Шийтгэх тогтоол", Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 04 сарын 30-ны 2025\ДШМ\493 дугаар Магадлал гарч түүнийг гэм буруутайд тооцож ял хариуцлага оногдуулан эрүүгийн 2403006620888 дугаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч*******ий үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Алтанлантуугийн биед “дагзны заадаснаас зулай чамархайн заадас дайрч чамархай яс хөхлөг сэртэн чихний суваг хамарсан нийлмэл хугарал, тархины хоёр чамархайн дэлбэн, духны дэлбэнд тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, тархины хаван, зүүн 5,6,7 дугаар хавирга зөрүүтэй хугарал, баруун шагайн ясны ил хугарал, мултрал зэрэг амь насанд аюултай хүнд хохирол учирсан нь 2024 оны 09 сарын 06-ны өдрийн 21310 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн эмчилгээний явцад ослын улмаас нэхэмжлэгч Алтанлантуугийн хамрын яс хугарсан гэмтэл тогтоогдсон ба амь насанд аюултай хүнд хохирлыг бүрэн эмчлүүлэхэд шаардлагатай зардал төлбөрийг хариуцагч гаргаж өгөхгүй байгаагаас эмчилгээ бүрэн хийгдэхгүй биеийн байдал сайжрахгүй байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 сарын 23-ны өдөр ажил руугаа явж байхдаа явган гарц дээр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хүнд гэмтэл авч эрүүл мэнд амь насанд аюултай хүнд хохирол учирч сэтгэл санаа, эд материалаараа давхар хохирсон, хүнд хор уршиг, үр дагавар бүрэн арилгаагүй, нөхөн төлж барагдуулах талаар хариуцагч өнөөдөр хүртэл ямар арга хэмжээ аваагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Үүнд: 1. 2024 оны 08 сарын 23-ны өдөр өмсөж явсан бүх хувцас урагдаж дахин хэрэглэх боломжгүй цусаар бохирдсон тул өмд, куртик, гутлын үнэ 1 600 000 төгрөг, өөрийн хэрэглэж байсан “Самсунг галакси”-А53 гар утас эвдэрч хэрэглэх боломжгүй болсон тул гар утасны үнэ 650 000 төгрөг, анхан шатны шүүхийн тогтоол гарснаас хойш *******гийн эм тариа эмчилгээний зардал 310 300 төгрөгийг нийт 2 560 300 төгрөгийн эд хөрөнгөөрөө хохирсон тул нэхэмжилж байна.
2. ******* нь ажил төрлийн онцлог, мэргэжлээрээ 2024 оны 06 сараас “Синержи ойл” ХХК-д ачигч буулгагчаар үндсэн цалин 1 700 000 төгрөг, хоол унааны нэмэгдэл 190 000 төгрөгийн цалин \сарын 1 890 000 төг\ тайгаар, 2024 оны 06 сарын 17-оос “Эн Ди Петролиум”ХХК-ийн ачигч буулгагчаар сарын 600 000 төгрөгийн цалинтайгаар 2 компанид ажиллаж сард нийт 2 490 000 төгрөгөөр цалинжиж өрх гэрээ тэжээн тэтгэж байсан.
Осолд орсон 2024 оны 8 сарын 23-ны өдрөөс хойш эмнэлэг, сувилал болон гэртээ хэвтрийн дэглэм сахиж ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 7 500 000 төгрөг, мөн осолд орсноос хойш хүний тусламж асаргаанд орж, эмнэлэгт үзүүлэх шинжилгээ хийлгэх давтан үзлэгт оруулах, эмнэлэгт болон гэртээ хэвтрийн дэглэм сахихад асарч сувилах, хоол ундны хийж өгөх, зөөх, хувцаслах сувилалд явахад байнга асарч сувилсан эхнэр нь хувийн бизнесээ орхин орлогогүй болж давхар хохирсон тул 3 сарын хугацааны асаргаа сувилгааны зардал, хөлс 4 500 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийн хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилж байна.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлууд тогтоогдсон.
а\ Шинжээчийн 21310 дугаар дүгнэлт гарч дүгнэлтийн 4-д: “Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт
б\ Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримт
в/ хариуцагч Билгүүн түүний өмгөөлөгч хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримттай маргахгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тайлбар” зэргээр нотлогдож тогтоогдсон нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан. Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 31-ний 341 тоот Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7-д: ... хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа ... нэхэмжлэх эрхтэй гэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны 2025\ДШМ\493 Магадлалд “... анхан шатны шүүх хохирогч *******г гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шинжилгээний байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр гэм буруутай этгээдээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэж тус тус шийдвэрлэсэн. 2 шатны шүүхийн шийдвэр магадлалд зааснаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “...хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл журам” Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, зэргийг үндэслэн *******д учирсан гэм хорыг тогтооход зайлшгүй сэтгэцэд нь хэрхэн гэм хор учирсан, хэрхэн яаж хохирсон талаарх дүгнэлтийг гаргуулах шаардлагатай” гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6, 3.8-д тус тус зааснаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 000 төгрөгийг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 30 353 400 төгрөгөөр тооцож нөхөн төлүүлэхээр хариуцагчаас нэхэмжилж байсан боловч хүнд гэмтлийн улмаас *******гийн биед учирсан хор уршиг бүрэн арилаагүй, сэтгэл санааны тогтворгүй хямралтай байдал бүрэн эдгэрч урьдын байдалдаа орж чадахгүй байгаа тул сэтгэцийн хор уршгийн үнэлэх мөнгөн хэлбэрээр арилгуулахаар нэхэмжлэл гаргахад мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хамтатган гаргаж байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан эм тариа эмчилгээ, асаргаа, нэмэгдэл зардал хохиролд 14 560 300 төгрөг, сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 30 353 400 төгрөг нийт 44 913 700 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Билгүүн миний бие 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн. 2024 оны 08 дугаар сард цахилгаан bike унаж явж байгаад *******г бэртээж гэмтээсэн. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүх хурал болж нэхэмжилсэн мөнгийг тооцохгүй болсон. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 09-нд давах шатны шүүх хурал болж мөн адил нэхэмжилсэн мөнгийг тооцохгүй болсон. Иймд *******гийн нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй. 2023 онд охин дүү хагалгаанд орж өөрийн бүх хөрөнгөө зарж төлбөрийг хийж одоогоор түрээсийн байранд байдаг. Иймд *******гийн нэхэмжилсэн мөнгийг өгөх чадваргүй тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ\341 дугаартай Шийтгэх тогтоолийн хуулбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны 2025\ДШМ\493 дугаар Магадлал, “Синержи ойл” ХХК-тай байгуулсан 2024 оны 06 сарын 13-ны 02 тоот Хөдөлмөрийн гэрээ, “Эн пи петролиум” ХХК-тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЭПП-ХГ-24-87 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууц хадгалах гэрээ, “Эн Пи Петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 17-ны өдрийн “Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” Б24\24-62 тоот тушаал, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дүгнэлт, эмчийн үзлэгийн хуудас, төлбөрийн баримтууд, Эмнэлгийн магадлагаа, Хан-Уул дүүргийн 4 хорооны “ЦЭЦ-ДО” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 23 хорооны 267 тоот тодорхойлолт, *******гийн эмчилгээ эм тарианы 310 300 төгрөгийн баримт, учирсан гэмтэл, эмнэлэгт очих, хэвтэрт байх үеийг харуулсан фото зураг, эмчийн үзлэгийн хуудас, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот, төлбөрийн баримт, 0260 дугаартай итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагчаас төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 1161 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 31492 дугаартай захирамжийн дагуу Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0825/2750 дугаартай шинжээчийн дүгнэлтийг, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04031 дугаартай захирамжийн дагуу *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Т.Урантүлхүүрийн төлсөн албан татварын мэдээлэл, Синержи ойл ХХК-ийн 01/08 дугаартай албан бичиг, 24/03 дугаартай тушаалын хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг гаргуулсан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 44,913,709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, эм тариа эмчилгээний зардал 310 300 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 15,180,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, гутал хувцасны үнэ 1,600,000 төгрөг, гар утасны үнэ 650,000 төгрөгийг төлсөн учир хүлээн зөвшөөрөхгүй, авах ёстой цалин, орох ёстой байсан орлого 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь Синержи ойл ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, ачигч, буулгагчийн ажлын байранд сарын цалин 1,700,000 төгрөг, 190,000 төгрөгийн нэмэгдэл цалинтайгаар ажиллаж байсан. (хавтаст хэргийн 20 - 31 дэх тал)
3.2. Нэхэмжлэгч ******* нь Эн пи петролиум ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЭПП-ХГ-24-87 дугаартай Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулан, ачигч, буулгагчийн ажлын байранд сарын 600,000 төгрөгийн цалинтайгаар туршилтын 2 сарын хугацаатай ажиллаж байсан. (хавтаст хэргийн 32 - 36 дэх тал)
3.3. Хариуцагч******* нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.(хавтаст хэргийн 12 - 19 дэх тал)
3.4. Синержи ойл ХХК-аас нэхэмжлэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 08 дугаар сарын цалин 1,890,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын цалин 1,890,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын цалин 1,890,000 төгрөгөөс тооцон, Эн пи петролиум ХХК-аас нэхэмжлэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 08 дугаар сарын цалин 695,117 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын цалин 78,384 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын цалин 121,802 төгрөгөөс тооцон тус тус төлсөн.(хавтаст хэргийн 152 дахь тал)
3.5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0825/2750 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “Цэнд-Аюушийн Алтанлантуугийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний органик эмгэгийн хам шинж илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт гарсан.(хавтаст хэргийн 93 – 95 дахь тал)
3.6. Зам тээврийн осол болсон эсэх, хариуцагч гэм буруутай эсэх, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхэд зохигчид маргаангүй.
Харин зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээний тухайд маргаантай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хариуцагч Б.Билгүүн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргаж, *******гийн биед хүнд хохирол учруулсан гэм буруутай болохыг нь шүүхээс тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/483 дугаартай магадлалд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд 4,256,632 төгрөг нэхэмжилснийг мөрдөн шалган ажиллагааны явцад хариуцагч тал 6,500,000 төгрөг төлсөн талаар дурдагдсан байх ба илүү төлсөн 2,243,368 төгрөг нь гар утас, өмд, куртик, гутлын хохиролд тооцож хариуцагч тал төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь “Самсунг галакси”-А53 гар утас, өмсөж явсан хувцас, гутал нь хэдэн төгрөгийн үнэтэй болох, эвдэрч гэмтсэн, урагдаж бохирлогдсон, дахин ашиглах боломжгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого....зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
5.1. Эн пи петролиум ХХК нь нэхэмжлэгч *******гийн 2024 оны 08 дугаар сарын цалин 695,117 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын цалин 78,384 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын цалин 121,802 төгрөгөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдож байх ба 2024 оны 09 дүгээр сард 521,616 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 478,198 төгрөг буюу нийт 999,814 төгрөгийг цалин хөлс дутуу авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул дутуу авсан цалин болон 999,814 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
5.2. Синержи ойл ХХК нь нэхэмжлэгч *******гийн цалин 1,890,000 төгрөгөөс тооцон 2024 оны 8, 9, 10 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Синержи ойл ХХК-аас Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгосон байх ба нэхэмжлэгч нь Синержи ойл ХХК-аас 3 сарын цалингаа авч чадаагүй хохирсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
5.3. 2024 оны 8 сарын 23-ны өдөр осолд орсноос хойш нэхэмжлэгч ******* нь хүний асаргаанд орж, асарч сувилах зорилгоор эхнэр Т.Урантүлхүүр нь хувийн бизнесээ орхин, 3 сарын хугацаанд 4 500 000 төгрөгийн орлогоо алдсан гэж тайлбарлаж байх боловч эхнэр Т.Урантүлхүүр нь цалин орлогоо алдсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь эм тариа эмчилгээний зардал 310 300 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байх ба уг 310 300 төгрөг, нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлс 999,814 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
6. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ, 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт “ сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан, нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн хуралдааны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” тогтоолд 4 дүгээр зэрэглэлд хамаарах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна.
Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг болгосон байх тул нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээ болох 30,353,400 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
Учир нь хариуцагч нь насанд хүрээгүй үедээ жолоодох эрхгүйгээр, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчид гэм хор учруулсан, нэхэмжлэгчид учирсан гэмтэл, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, насны байдал, тус ослоос шалтгаалан сэтгэлзүйн байдал тогтворгүй, мэдрэлийн болон сэтгэцийн эмчийн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай зэргийг харгалзан тул шүүх бүрэлдэхүүн нөхөн олговрын хамгийн дээд хэмжээг баримтлах нь зохистой гэж үзсэн болно.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******ээс 31,663,514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 13,205,186 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хавтаст хэргийн 5 – 11 дэх талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, хавтаст хэргийн 106 дахь талд авагдсан баримт нь хэрэгт хамааралгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
8. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 316,267 төгрөгийг гаргуулан улсын орлогод төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******ээс 31,663,514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 13,205,186 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******ээс 316,267 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР
ШҮҮГЧИД Г.НАСАНЖАРГАЛ
Д.УРАНЗУЛ