Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 275

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат /№1216/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгат овогт Б-ын Б-лд холбогдох 1811001300175 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мянгат овогт Б-ын Б-, РД: -

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч Г.Минжмаагийн халааснаас “Ай поне-6 эс плас” загварын гар утсыг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,   

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох газруудаар явж байгаад би ганцаараа “Ган” худалдааны төвийн үүдэнд зогсож байтал 25 орчим насны эмэгтэй ганцаараа лангууны дэргэд очоод үйлчлүүлж байхад нь түүний өмссөн хар куртикний зүүн талын халааснаас нь “Ай поне” загварын ягаан өнгөтэй шинэвтэр гар утсыг баруун гараараа суйлж аваад шууд гараад явсан. ...Хулгай хийж олсон мөнгөөрөө архи уугаад буудалд хоноод дууссан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

хохирогч Г.Минжмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... ....би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн ард “Ган” худалдааны төв дээр очиж ундаа, архи, ус авч үйлчлүүлж байтал өмсөж явсан хар өнгийн шубан куртикний зүү талын халаасанд байсан “Ай поне 6 эс плас” загварын ягаан өнгөтэй нэг сарын өмнө шинээр нь Мобикомоос худалдаж авсан гар утас алга болчихсон байсан…" гэх мэдүүлэг /хх-ийн 12-16х/,

Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 36х/, Эд мөрийн баримтаар хураагдсан “Ган” худалдааны төвийн хяналтын камерийн бичлэг, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 47-48х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор худалдааны төвд үйлчлүүлж байсан хохирогч Г.Минжмаагийн халааснаас эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан  гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, Б.Бийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Минжмаагийн хулгайд алдсан “Ай поне-6 эс плас” загварын гар утсыг эд зүйлийн үнэлгээний комисс 500.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 36х/ байх ба уг хохиролыг шүүгдэгч Б.Б нь төлж барагдуулаагүй байна. Иймээс Б.Бээс нийт 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Минжмаад олгуулахаар шйидвэрлэж, уг хохиролыг Б.Бийн орлого олох боломж, өөрийнх нь санал зэргийг харгалзан үзэж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь уг хэрэг гарах үед үйл явдалыг бичиж авсан камерийн бичлэг байх ба хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.