Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1273

 

Г.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг /цахимаар/,

шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Б.Бат-Ерөөлт,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М , түүний өмгөөлөгч Ж.Дашдорж,  

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2037 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, иргэний хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат, хохирогч М.Г , түүний хууль ёсны төлөөлөгч А.М , тэдний өмгөөлөгч Ж.Дашдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ө-ад холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Ө- нь 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн урд замд Меrsedes Веnz С63 маркийн 0000 УУУулсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэх заалтыг зөрчсөний улмаас мопедыг мөргөж, тус мопедын жолооч болох М.Г , зорчигч болох 10 настай М.Б-нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

мөн осол гаргасан даруйдаа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ослын газрыг орхиж зугтаан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газрын прокуророос Г.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдпын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Г.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ад энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагч Г.Н-ээс 23,512,751 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч М.Г , насанд хүрээгүй хохирогч М.Б-нарт олгож, шүүгдэгч Г.Ө-аас 23,512,751 төгрөгийг гаргуулан иргэний хариуцагч Г.Н-т олгож, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Ө- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ө- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Г , М.Б-нарын эмчилгээний зардлыг тухай бүрт нь шилжүүлж байсан, хохирогч нарын цаашдын эрүүл мэндэд маш их санаа зовж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Ө- гэм буруугаа анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдийн засгийн байдлаасаа хохирол төлбөрийг төлж чадахгүй байсан ч бусдаас зээлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх нь гэмтсэн хүүхдүүдийн эмчилгээнд нэмэр тустай гэж үзсэн. Мөн хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шийтгэх тогтоолд шинжээчийн дүгнэлт гарсан нөхцөлд төлөх үндэслэлтэй гэдгийг дурдсан ч шинжээчийн дүгнэлт гараагүй байсан тул төлбөрийг шийдвэрлэх боломж үүсээгүй юм. Иймээс сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг зохих байгууллагаар тогтоолгосон нөхцөлд төлөх хууль зүйн үндэслэлтэй тул хохирогч талд 10,000,000 төгрөгийг төлсөн. Иймээс түүний хохирол төлбөр төлсөн  нөхцөл байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 болон 27.11 дүгээр зүйлд заасан бусад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна....” гэв. 

Хохирогч М.Г , түүний хууль ёсны төлөөлөгч А.М , тэдний өмгөөлөгч Ж.Дашдорж нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Ж.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг 2 удаа шийдвэрлэхдээ хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах хуулийн заалтыг зөрчиж, бага насны болон өсвөр насны 2 хохирогчийн эрх ашгийг зөрчсөн тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

 1. Мөрдөн байцаалтын шатанд тухайн үед мөрдөж байсан Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.3. дахь хэсгийн “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэсэн заалтыг үндэслэн мөрдөгч хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг 4 дүгээр зэрэглэлээр тогтоож, хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг хохирогч, өмөөлөгчөөс асууж бид хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрч, М.Г  26,4 сая, М.Б т 29,7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирлыг Г.Ө , Г.Н  нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499.4 дүгээр заалтыг буруу хэрэглэж, хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Н ээс гаргуулах ёстой атал хувь тэнцүүлэн гаргууллаа гэсэн гомдлыг гаргаж, тогтоол хүчингүй болсон. Хэргийг дахин хэлэлцэх шүүх хуралдааны үеэр шүүгч “хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг дахин шинжээч томилуулж тогтоолгох уу” гэж асуухад хохирогч тал “мөрдөн байцаалтын шатанд 4-р зэрэглэлээр тогтоосон тул дахин шинжээч томилох шаардлагагүй, 4-р зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналаа хэлсэн. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн тал шинжээч томилуулахаас татгалзсан гэж гуйвуулан дүгнэж сэтгэцэд учруулсан хохирлыг гаргуулахгүй орхигдуулж, хохирогч нарыг хохирсон дээр нь улам хохироосон шийдвэр гаргалаа. Шүүгч өөрийн санаачлагаар тухайн үед захирамж гаргаад шинжээчийн дүгнэлт гаргуулах бүрэн боломжгой байсан. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй гэж хохирогч нарыг буруутгалаа. Зориуд хохирогчийн талын хариултыг гуйвуулж, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талд үйлчилж, хохирогч нарыг дахин олон сар, жилээр чирэгдүүлэх шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Энэ хэргийн тухайд шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахгүйгээр мөрдөн байцаалтын шатанд тогтоосон зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжтой гэж үзэж байна. Иймд сэтгэцэд учирсан хохирлыг нэг мөр шийдвэрлэж өгнө үү.

2. Хохирогч нарын биед учруулсан гэмтэл тэдний эрүүл мэндэд маш ихээр сөргөөр нөлөөлж, одоо хүртэл хэвийн байдалдаа орж, эрүүл мэнд нь нөхөн сэргээгдээгүй хохирсоор байна. БНХАУ-д 3 удаа явж эмчилгээ хийлгэсэн дахиад явах шаардлагатай, бага насны хохирогч М.Б ийн өсөлтийн үе нь гэмтэж, нэг хөлний өсөлт зогсож, нөгөөгөөсөө 2.5 см-ээр богино болсон, М.Г  гэмтлээсээ шалтгаалан удаан хугацаагаар суух боломжгүй болж арга буюу ажлаасаа гарсан, эцэг эх нь 2024 оны 8 сараас эхлэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, өр зээл тавьж хоёр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна. Нөхцөл байдал ийм байхад зарим нэхэмжилсэн зардлыг шүүх гаргаж өгөхгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал хоёр хүүхэд нь хүнд хагалгаанд болон хэвтрийн дэглэмд орж, аргагүйн эрхэнд мэргэжлийн сувилагч авчирч шархыг нь цэвэрлүүлж боолт хийлгэсний хөлсөнд 900,000 төгрөг бэлнээр өгснийг нь хүртэл хассан. Түүнчлэн М.Б , М.Г  нарын эрүүл мэндийг сэргээх, эмчилгээ, мэс заслын үр дүнг сайжруулах, эдгэрэлтийг түргэсгэхийн тулд нөхөн сэргээх эмчилгээг зайлшгүй авах шаардлагатай байгаа учраас Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4. “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэсэн заалтыг үндэслэн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд шаардагдах 12,0 сая төгрөг нэхэмжилснийг бас л хэрэгсэхгүй болголоо.

 Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн эрхийг хамгаалж, хуулийг зөв хэрэглэж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.   

 Иргэний хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцана гэж тодорхой заасан байхад Г.Н-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь буруу байсан. Мөрдөгчийн энэ алдааг прокурорын шатанд засаж залруулаагүй, шүүх ч үүнийг нягталж хянаагүйгээс болж шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад Г.Н-ээс 23,512,751 гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Энэ хавтаст хэрэгт Г.Н- нь Меrsedes Веnz С63 маркийн 0000 УУУулсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Ө-ад унах зөвшөөрлийг талаар ямар ч баримт байхгүй. Хэрэг учрал болдог өдөр Г.Ө- машиныг унаж яваа гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Прокурор гэм буруугийн дүгнэлтдээ 100 хувь иргэний хариуцагч төлдөг, шүүхийн шийдвэрүүд ч ингэж гардаг гэж мэтгэлцэж байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан дүгнэлт нь хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад Г.Н-ээр төлбөр төлүүлэх шийтгэх тогтоол гаргасан. Иймд шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол гэдэг нь хоёр өөр хууль зүйн үр дагавартай ойлголт, шүүхийн шийтгэх тогтоолд “хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөрийг нэхэмжилсэн болохыг дурдаж, иргэний хариуцагчаар гаргуулахаар” шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Г.Ө- гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, өнөөдрийн шүүх хуралдаанд 10,000,000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг гаргаж өгч байна. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн учраас Г.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Гэвч хүний эрүүл мэнд хохироосондоо гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин сэтгэцэд учирсан хор уршгийг талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Г.Ө- мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэргийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Ө-ад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв. 

Прокурор Ц.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Тухайн тээврийн хэрэгсэл Г.Н-ийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Ө-ад шилжүүлснээр зам тээврийн осол гарсан. Иргэний хариуцагч Г.Н-, түүний нөхрийн буруутай үйл баримт байгаа учраас хохирлыг 50 хувь буюу 23,519,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэхэд, шинжээчийн дүгнэлт гаргахгүйгээр, батлагдсан загварын дагуу тогтоосон. Улсын дээд шүүхийн тогтоол, шийдвэр гарснаар заавал шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан. Иймд давж заалдах шатны шүүх нэг мөр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирол хор уршгийн асуудлыг нэг мөр болгохоор сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг шинжээч томилж дүгнэлт гаргах” талаарх санал, хүсэлт гаргасан. Хохирогч санал гаргаагүй. Хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлгийн үеэр шүүгч Чанцалнямаас “шинжээчийн дүгнэлт гаргуулах уу,” гэхэд хохирогчийн өмгөөлөгч “шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, 4 дүгээр зэрэглэлийн дүгнэлтээр сэтгэцийн зэрэглэл тогтоох боломжтой” гэх тайлбарыг өгсөн. Прокуророос “хохирогчийн дүгнэлтийг гаргуулахаар заасан, хохирогчид шинжээчийн дүгнэлт гаргуулах уу” гэж асуухад хохирогчийн өмгөөлөгч “бид шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй” гэх асуудлыг дэвшүүлсэн. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтэй холбоотой асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Ө-ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

1. Шүүгдэгч Г.Ө- 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн урд замд Меrsedes Веnz С63 маркийн 0000 УУУулсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас мопедыг мөргөж, тус мопедын жолооч болох 22 настай, эрэгтэй М.Г , зорчигч болох насанд хүрээгүй, 10 настай, эрэгтэй, М.Б-нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан,

мөн осол гаргасан даруйдаа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ослын газрыг орхиж зугтаан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг зөрчсөн болох нь:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /1-р хх-ийн 2/,

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-8/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2.273% /1-р хх-ийн 8-10/,

Мотоцикль, мопедын эвдрэл гэмтлийг нийт 1.250.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 47-49/,

“Samsung А-04s” загварын гар утасны эвдрэл гэмтлийг 350.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 53-55/,

“iphone-15” маркийн гар утасны эвдрэл гэмтлийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 58-62/,

насанд хүрээгүй хохирогч М.М.Б ийн: “...2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ах М.Г ийн хамт мопедонд сундалаад явсан. Бид хоёр Баянзүрх дүүрэг ороод буцаад гэррүүгээ харих гээд явж байхад “Их дэлгүүр”-ийн хажууд нэг машин хурдтай ирээд мөргөсөн, тэр үед би ахынхаа хамт газарт унасан, босож чадахгүй газар хэвтэж байхад машины жолооч машинаас буугаад ах бид хоёрыг ирж харчихаад цаашаа алхаад явж байсан. Намайг ухаан алдсан сэрэхэд намайг тойроод хүмүүс овоорч байсан, би аав ээжрүүгээ залгаад өгөөч гээд тэнд байсан хүний гар утсаар ярьсан. Миний өөрийн гар утас тухайн үед эвдэрсэн холбоо барих боломжгүй байсан. Удалгүй эмнэлгийн машин ирж ах бид хоёрыг аваад явсан. Миний биед учирсан гэмтлүүд нь өсөлтийн яс хугарсан, зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, биеийн бусад хэсгүүдэд шалбархай зулгаралт ихээр үүссэн. Нарийн шинжилгээнд орж амжаагүй байгаа... Би болон манай ах М.Г  бид 2 хоёул хамгаалах малгайтай байсан мөн өвдөг тохойны хамгаалалт зүүсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17/,

хохирогч М.Г ийн: “...2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хорооллоос гэрээсээ гараад төрсөн дүү М.М.Б тэй ... Улсын их дэлгүүрийн явган хүний гарц таарах үед би хурдаа хасаад хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй цагаан өнгийн авто машин хурдтай ирээд миний унаж явсан мопедны хажуу талаас буюу зүүн талаас мөргөөд би дүүгийнхээ хамт газар шидэгдэж унасан. Тухайн үед босож чадахгүй байсан болохоор ар гэртээ мэдэгдсэн, мөн цагдаа эмнэлгийн байгууллагад хүмүүс мэдэгдсэн байсан. Одоогоор миний биеийн байдал дунд зэрэг босож чадахгүй байгаа, нуруу хугарсан мөн түнх мултарсан, сүүжний дунд яс хугарсан гэсэн оноштой байгаа. Биеийн бусад эд эрхтнийг нарийн шинжилгээнд оруулж амжаагүй байгаа, намайг нэг сар хэвтэрийн дэглэм сахих ёстой гэсэн болохоор эмнэлгийн байгууллагаар явж чадахгүй байгаа... Надад гомдол санал нэхэжлэх зүйл байна, эм эмчилгээний зардлаа болон ажилгүй байх үеийн бүх нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Миний гар утас эвдэрсэн, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Мопед бас эвдэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19/,  

гэрч Р.С-н : “...2024 оны 8 дугаар сарын 17-ны 16 цагийн үед өөрийн найз Г.Ө түүний ах Очирбат бид 3 уулзаад хамт хоол идээд пиво, архи ууцгаасан. Тухайн газраас гараад миний ажлын газарт очсон байсан, би ажлын байран дээрээ унтаж байгаад сэрээд Г.Ө ын гар утасруу залгасан, тэгтэл манай ажлын байртай ойрхон байна гэж хэлэхээр нь би дахин Г.Ө тай уулзсан, тэр үед жолооч дуудсан боловч жолооч ирээгүй, харин Г.Ө миний 0000 УУУулсын дугаартай цагаан өнгийн бенз маркийн авто машиныг жолоодон Г.Ө ын ах Очирбатын байгаа газарлуу явах гээд хөдөлсөн тэр үед бид хоёр хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолооны хүрдний ард Г.Ө сууж байгаад Улсын их дэлгүүрийн урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байгаад Их дэлгүүрийн зүүн талын нэг урсгалтай авто замруу эргэх үйлдэл хийсэн тэр үед зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан 4-5 мотоциклтой хүнийг өнгөрөөгөөд үйлдлээ үргэлжлүүлэх гэтэл зүүнээс дахин нэг мотоциклтой хүн гарч ирээд авто машины урд хэсгийг ирж мөргөсөн мотоцикл дээр сууж явсан 2 хүн газарт унасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн: “...2024 оны 8 дугаар сарын 17- ны орой болсон зам тээврийн ослын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Харин зам тээврийн осолд холбогдсон 27-91 УНУ улсын дугаартай авто машин миний нэр дээр байдаг, манай нөхөр Р.С-н  машин байгаа юм, тухайн машиныг унаж хэрэглэх эрхийг бүрэн эзэмшдэг. Миний зүгээс тухайн машинд учирсан хохирол нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хх 24),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 11133 дугаартай: “...М.Г ийн биед зүүн сүүж ясны тогооны бяцарсан далд хугарал, түнхний үений мултрал, зүүн өвдөг, шанаа, баруун өвдөгг зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 29-32/,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11132 дугаартай: “...М.М.Б ийн биед зүүн шаант ясны ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шуу, гуя, өвдөг, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1, 25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 37-40/),

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн /1-р хх-ийн 71-75/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 77 дугаартай “...мотоцикльд ... шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх албан бичиг /1-р хх-ийн 79/,

Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1554 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 135-136/,

Г.Ө-ын яллагдагчаар өгсөн: “...үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эм эмчилгээний зардалд өөрийн боломжоор, одоогийн байдлаар 3.000.000 гаран төгрөг өгсөн байгаа, цаашид дахин эмчилгээний зардалд зарцуулсан нөхөн төлбөрийг гаргаж өгнө. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149/,

насанд хүрээгүй хохирогч М.М.Б ийн хууль ёсны төлөөлөгч А.М аас гаргасан хохирлын баримтууд /1-р хх-ийн 163-177/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.  

2. Шүүгдэгч Г.Ө-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас мопедыг мөргөж, тус мопедын жолооч болох М.Г , зорчигч М.Б-нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөн...” гэсэн хүндрүүлэх шинжийг,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн шинжийг,  

- зам тээврийн осол гаргасан атлаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг зориуд орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Г.Ө-ын үйлдлүүдийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

4. Шүүхээс Г.Ө-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн ялаас хорих ялыг сонгон тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн ялаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгон 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан нь тус тус Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байна.

Түүнчлэн, Г.Ө-ад оногдуулсан хорих, зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангажээ.

Мөн шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн буюу хохирогч талд учирсан хохирол, гэм хорын төлбөрийг хэрэгт байгаа баримтаар үндэслэлтэй тооцсон байх тул шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нарын гаргасан “ял хөнгөрүүлэх”, хохирогч М.Г , түүний хууль ёсны төлөөлөгч А.М , тэдний өмгөөлөгч Ж.Дашдорж нарын гаргасан “хохирол буруу тооцож, хэрэгсэхгүй болгосон” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор:

“...”Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.”,

“...”Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно. ...” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг эрх зүйн боловсролтой этгээд биш хүний сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн мэргэжилтэн тогтоох шаардлагатай нь тодорхой асуудал бөгөөд “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр хохирогч М.Г , насанд хүрээгүй хохирогч М.Б-нарын сэтгэцэд дөрөвдүгээр зэрэглэлийн хохирол учирсан гэж мөрдөгчийн тогтоосноор сэтгэцийн хохиролд нөхөн төлбөр гаргуулах  хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцжээ.  

5. Иргэний хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан “...шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад Г.Н-ээс 23,512,751 гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн: “...2024 оны 8 дугаар сарын 17-ны орой болсон зам тээврийн ослын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Харин зам тээврийн осолд холбогдсон 27-91 УНУ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг манай нөхөр Р.С-н  машин байгаа юм. Тухайн машиныг унаж хэрэглэх эрхийг бүрэн эзэмшдэг...” /1-р хх-ийн 24/,

гэрч Р.С-н  “...Тухайн үед буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны 16 цагийн үед найз Г.Ө , түүний ах Очирбат бид 3 хамт уулзаад хамт хоол идээд пиво ууцгаасан, пиво дуусгаад 100 грамм архи ууцгаасан. Тухайн газраас гараад миний ажлын газарт очсон байсан би ажлын байран дээрээ унтаж байгаад сэрээд Г.Ө ын гар утасруу залгасан тэгтэл манай ажлын байртай ойрхон байна гэж хэлээд би дахин Г.Ө тай уулзсан, тэр үед жолооч дуудсан боловч жолооч ирээгүй, харин Г.Ө миний 0000 УУУулсын дугаартай цагаан өнгийн бенз маркийн авто машиныг жолоодон хөдөлсөн. Тэр үед бид хоёр хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” /1-р хх-ийн 21/,

шүүгдэгч Г.Ө-ын 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Тухайн газраас гараад Содномцэрэнгийн ажлын газар очоод хэсэг байж байгаад Содомцэрэнг аваад би машиныг нь бариад зам дээр бүтэн эргэх гээд зогсож байгаад хөдлөөд хааз гишгэхэд ямар нэгэн зүйл мөргөсөн...” /1-р хх-ийн 149/ гэх мэдүүлгээр зам тээврийн осол гарсан 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Меrsedes Веnz С63 маркийн 0000 УУУулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхийг олгосон буюу жолоог шүүгдэгч Г.Ө-ад иргэний хариуцагч Г.Н- шилжүүлсэн гэж үзэх үйл баримт, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх мэдүүлгүүдээр Меrsedes Веnz С63 маркийн 0000 УУУулсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Г.Н- эзэмшиж, өдөр дутмын үйл ажиллагаандаа ашигладаггүй болох нь илэрхий байна.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж зааснаар хохирол төлбөрийг шүүгдэгч Г.Ө- нь бүрэн хариуцан арилгах нь зөв байх тул анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн 23,512,751 төгргийг шүүгдэгч Г.Ө-аас гаргуулах өөрчлөлтийг шийтгэх тогтоол оруулж шийдвэрлэв.  

Мөн шүүгдэгч Г.Ө- нь шийтгэх тогтоол гарсаны дараа буюу 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохирол, төлбөрт нийт 10,000,000 төгрөг төлсөн болохыг магадлалд дурдаж байна.

6. Шүүгдэгч Г.Ө- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлын хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2037 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-аас 47,025,502 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Г , насанд хүрээгүй хохирогч Г.М.Б  нарт олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хохирогч М.Г , түүний хууль ёсны төлөөлөгч А.М , тэдний өмгөөлөгч Ж.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.Ө- нь хохиролд 10,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ын цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Н.БАЯРМАА

                       ШҮҮГЧ                                                             Л.ОДОНЧИМЭГ