Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01024

 

 

 

 

Б.Тнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2020/00193 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тхариуцагч Л.Нид холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би цэвэр усны үйлдвэр явуулах түрээсийн байр хайж яваад Л.Нтой 2019 оны 7 дугаар сард танилцаж тэрээр засвар хийгдээгүй байраа засвар хийгээд түрээсэлж болно гэж хэлсэн. Би уг байранд 5 литр ус үйлдвэрлэх зорилготой байсан учраас Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтаас зөвлөгөө авахаар байцаагч нарыг байранд аваачиж харуулахад шал, тааз нь арчихад тохиромжтой, гаднаас цэвэр ус орж ирсэн, цэвэр ус нь гүний усанд холбогдсон, бохир зайлуулах хоолойтой, дулаантай байх шаардлагатай гэсэн. Тухайн үед Л.Н хамт байсан бөгөөд би түүнээс уг засварыг хийх боломжтой юу гэж асуухад болно, цаашид усны зориулалтаар ашиглах объект гэж хариулсан. Шал, тааз нь арчихад тохиромжтой, гаднаас цэвэр ус орж ирсэн, цэвэр ус нь гүний усанд холбогдсон, бохир зайлуулах хоолойтой, дулааны шугамтай байхад болох юм байна гэхэд Л.Н ах засварыг 2019 оны 7 дугаар сард багтаагаад хийж өгнө, харин чи түрээсийн мөнгөө урьдчилаад өгчих, надад мөнгө байхгүй гэсэн. Бид ярилцаж сарын түрээсийг тохиролцсон бөгөөд тог, 6 сарын түрээсийн төлбөрт 2 400 000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын дундуур байранд очиж үзэхэд агааржуулалт, дүүжин тааз, плитан шал хийсэн байсан. Бороо ихтэй байгаа болохоор бохироо хийж чадахгүй байна гэж хэлсэн. 2019 оны 8 сар гарсан байхад бохир, цэвэр усны шугам, дулааны засвараа хийгээгүй байсан. Тэрээр өгсөн мөнгө хүрэхээ больсон чи мөнгө нэмээд үлдэгдэл засвараа хийчих гэсэн. Тэгэхээр нь би үгүй ээ, та ярьсандаа байх ёстой. Хэрвээ ийм бол би энэ байрыг түрээслэхээс татгалзаж байна гэсэн. Хариуцагч миний хөрөнгөөр өөрийнхөө байранд засвар хийсэн атлаа би хохироод байна гэж тайлбарлаад байна. Иймд Л.Нид өгсөн 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Б.Т 2019 оны 06 дугаар сард манайд ирж барилгыг үзэж, цэвэр усны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой хэсгийг харуулахаар Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын 2 байцаагч дагуулж ирсэн. Хяналтын байцаагч нар нь үйл ажиллагаа явуулах байр нь плитан шалтай, дүүжин таазтай, бохир зайлуулах шугамтай, агааржуулалтай байх ёстой гэсэн. Нэхэмжлэгч байрыг түрээслээд цэвэр усны үйлдвэрлэл явуулъя та тааз, шал, агааржуулалт, бохирын асуудлыг хяналтын байцаагч нарын хэлсний дагуу хийчих, гарсан зардлыг нь би түрээсийн төлбөрөөр өгье гэсэн санал тавихаар нь би зөвшөөрсөн. Түүний шилжүүлсэн мөнгөөр нь шал тааз, агааржуулалтын хоолой, бохирын шугам тавьсан боловч мөнгө нь хүрээгүй учраас би банкнаас 1.5 хувийн хүүтэй зээл авч ажлыг гүйцээсэн. Барилгад Б.Тшаардлагын дагуу ойролцоогоор 7 910 000 төгрөгийн засвар хийгдсэн. 2019 оны 8 дугаар сард засварын ажил дууссан. Б.Т нь хэлэлцэн тохирсондоо хүрэлгүй, банкны зээлийн хүү зээл төлөх, хөрөнгөө ашиглаж үр шимийг нь хүртэх боломжгүй болох байдлаар намайг хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:   Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Лантуугийн Нямдоржоос 2 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Агула овогт Бадарчийн Тэмүлэнгэнгэст олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Ноос 53 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Нийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Т нь тохиролцсондоо хүрч түрээслэх байрандаа үйл ажиллагаа явуулаагүй нь миний буруугаас шалтгаалаагүй. Би өөрийн байраа засварлаж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болгож өгсөн. Харин Б.Т 2 удаа савлагаатай уснуудаа авчирч тавьж байснаас өөрөөр ашиглаагүй, санхүүжилт байхгүй учир ажпаа эхэлж чадахгүй байна гэж байсан. Хэрэв Б Тэмүлэнгэнгэс миний байрыг түрээслэнэ хэмээн засвар хийлгэж, плитан шал зэргийг тавиулаагүй бол би гараажийн зориулалтаар түрээслэж орлого олох байсан. Энэ байдлаа шүүхэд тайлбарлах гэхэд шүүх хуралдаанд миний үгийг сонсохгүй, шүүгч хурал зөвхөн миний зөвшөөрлөөр явагдана, хамаагүй юм ярихгүй гээд яриулахгүй байсан. Иймд түрээсийн төлбөрт шилжүүлсэн 2 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн зарим дүгнэлт ойлгомжгүй байна. Б.Тт хөрөнгө шилжүүлээгүй байж түрээсийн төлбөрт 2 400 000 төгрөг авч, өөрийн эд хөрөнгөд засвар хийсэн гэх үйл баримт нь ямар байдлаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх заалттай холбогдож байгаа нь тодорхойгүй. Мөн талуудын хооронд үүрэг үүссэн эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон уу, Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт хамаарах эсэх нь тодорхойгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Л.Нид холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 2 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т 2019 оны 07 дугаар сард цэвэр усны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар хариуцагч Л.Нийн өмчлөлийн ...байрлах 72 м.кв талбай бүхий барилгыг нь түрээслэхээр харилцан тохиролцон, 2 400 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч уг объектод засвар хийсэн үйл баримт хэргийн 12 дугаар талд авагдсан Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх боловч шүүх маргааны талаарх зарим үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсанаар дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн гэх боловч зохигчид засварын ажлыг хэрхэн, хичнээн төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь тодорхойгүй байна. Хэргийн 26-27 дугаар тал дахь засварын ажлын гүйцэтгэлийн талаарх 4 ширхэг гэрэл зургаар маргааны үйл баримт хангалттай нотлогдоогүй болно. Нэхэмжлэгчийн Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн тавьсан шаардлагын дагуу байранд засвар хийлгэхээр тохиролцсон гэх тайлбараас үзэхэд цэвэр усны үйлдвэр ажиллуулах байранд ямар шаардлага тавигдах, уг шаардлагын хэмжээнд засвар хийгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Энэ нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоход ач холбогдолтой. Талуудын хооронд байранд засвар хийлгүүлэх тухай тохиролцоо түрээсийн гэрээний санал гаргах, саналыг хүлээн авах үе шатанд хамаарч байгаа эсэхийг тогтоох нь холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2020/00193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

 

А.МӨНХЗУЛ