Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1361

 

 

 

 

     2025          12            02                                        2025/ДШМ/1361

                                                                 

Б.Х-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

хохирогч “ДК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, С.Жавхлан,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2084 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “ДК” ХХК-ийн өмгөөлөгч С.Жавхлан, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо нарын гаргасан гомдлуудад тус тус үндэслэн Б.Х-д холбогдох 2410000000454 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

В овгийн Б.Х, .........................,  /РД:..................................../;

Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “ДК” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу өөрт нь олгогдсон буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг завшиж, “ДК” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот данснаас 5.764.000.000 төгрөгийг, Хаан банкны ................. тоот данснаас 1.260.000.000 төгрөгийг, Хаан банкны ................. тоот данснаас 605.000.000 төгрөгийг, бэлнээр /касснаас/ 520.000.000 төгрөгийг, кассанд байсан бэлэн мөнгөнөөс /дутагдал/ 79.906.938.22 төгрөгийг, нийт 8.228.906.938,22 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар болон бэлнээр авч завшсан,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 0657230 дугаартай, 04 дүгээр сарын 13-ны өдөр 0657231 дугаартай төлбөрийн хэрэгсэл болох бэлэн мөнгөний чекүүдээр мөнгө гаргуулан авахдаа 5.000.000 төгрөгийн чекийг 50.000.000 төгрөг болгож “0” орон нэмэх байдлаар өөртөө ашигтайгаар засварлан хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Хаан банкнаас бэлэн мөнгө гаргуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Х-г үргэлжилсэн үйлдлээр “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, “мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-гаас 4.323.906.938,22 төгрөгийг гаргуулан хохирогч “ДК” ХХК-д олгож, Б.Х-ийн нэр дээр бүртгэлтэй ....... улсын дугаартай .....арлын дугаартай Лексус тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон Авто тээврийн үндэсний төвөөс хязгаарласныг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, .... .. улсын дугаартай “Lexus GS450h” маркийн маркийн GWL106001561 арлын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч “ДК” ХХК-д олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Б.Х-ийн бага насны хүүхэд болох Ш.Билигт-Очирын эрх, ашиг сонирхлыг хамгаалах асран хамгаалагч харгалзан дэмжигчээр шүүгдэгчийн эцэг Д.Б, эх А.Б нарт даалгаж, асран хамгаалахтай холбоотой маргаан гарвал оршин суух газрын харьяа Засаг даргад хандаж шийдвэрлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч “ДК” ХХК-ийн өмгөөлөгч С.Жавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Товчхондоо мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу явагдсан ба энэ тухай өмгөөлөгчийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг шүүх хэлэлцэлгүй орхин яллагдагчийг шүүхэд шилжүүлснээр асуудал эхэлсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хамтран оролцогчийн байдал, иргэний хариуцагчийн асуудал, хохирлыг барагдуулах зэрэг нотолбол зохих асуудлууд бүхэлдээ задгай байдалтай байхад шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөлийг шүүх анхнаасаа өөрөө бүрдүүлсэн. Улмаар үндсэн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа хойшлуулсан. Гэвч энэхүү богино хугацаанд прокуророос дутуу ажиллагаануудыг нэг дор гүйцэтгэх боломжгүй нь илэрхий байсан ба хугацаагаа хэтрүүлэн барин тодорхой нэмэлт ажиллагаанууд хийсэн. Гэсэн ч хохирогчийн зүгээс тавьж байсан үндсэн асуудал болох хууль зөрчсөн банкийг иргэний хариуцагчаар татагдах асуудал шийдэгдээгүй нөхцөл байдалтай байсан. Хууль зөрчсөн Хаан банкны үйлдэл дээр анхнаасаа шинжээч томилоогүй учраас банкийг шүүхийн шатанд ч иргэний хариуцагчаар татах боломжгүй болсон. Дүгнэж хэлбэл, энэ бүх дутуу ажиллагааны үр дүнд гарсан шүүхийн тогтоол нь “хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “эрүүгийн хуулийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үр дагаварт хүргэж байна. Энэхүү хууль бус тогтоолын улмаас “ДК” ХХК өнөөдөр 4,5 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулах боломжгүйд хүрч байна. Энэхүү хохирол ганц манай компанийн асуудал биш тус компанид хөрөнгө оруулсан Монгол улсын болон гадаадын олон мянган хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ноцтой зөрчихөд хүргэж байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь “зохиомол байдлыг зориудаар бий болгох” шинжээрээ тус хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргээс ялгагддаг. Шүүгдэгч Б.Х нь нягтлан бодогчийн албан тушаалын хүрээнд тодорхой гүйлгээ хийх бүрэн эрхтэй байсан нь үнэн. Гэхдээ энэ хэргийг үйлдэхдээ хийсэн найман тэрбум төгрөгийн гүйлгээг хяналтгүй хийх боломж түүнд олгогдоогүй. Б.Х гүйлгээг хийсэн ч компанийн жилийн эцсийн тайлан гарах үед ерөнхий нягтлан бодогч, аудит зэрэг нь түүний үйлдлийг олж мэдэх боломжтой байсан. Гэвч Б Б.Х зохиомол байдлыг зориудаар бий болгож ахлах албан тушаалтнаа залилж өөрийн хууль бус үйлдлээ гүйцэлдүүлсэн. Тодруулбал, Б.Х нь 2023 оны хавар гэмт үйлдлээ эхлүүлж санхүүгийн жил дуусах үед буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “ДК” ХХК-д нэг тэрбум төгрөгийн хохирол учруулаад байсан. Өөрөөр хэлбэл, ерөнхий нягтлан бодогч жилийн эцсийн тайлан гаргахдаа энэхүү нэг тэрбум төгрөгийн зөрүүг олж мэдэн Б.Х-ийн үйлдэл илчлэгдэх байсан. Гэвч Б.Х нь компанийн санхүүгийн системд Худалдаа хөгжлийн банкнаас авах авлага 1.040.000.000 гэж хуурамч бичилт хийсэн. Ийнхүү хуурамч бичилт хийснээр компанийн орлого, зарлагын бүртгэл тэнцэж Б.Х-ийн үйлдэл жилийн эцсийн тайлан гарах үед анзаарагдалгүй өнгөрсөн. Дээрх зохиомол байдлыг үүсгэсний үндсэн дээр Б.Х нь 2024 оны 1 дүгээр сараас өөрийн хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн өөрийн дансанд гурван тэрбум гаруй төгрөгийг нэмж шилжүүлэн авч компанид хохирол учруулсан. Б.Х-ийн энэхүү үйлдэл нь залилах гэмт хэргийн “баримт бичиг ашиглан хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” зэрэг шинжийг хангаж байгаа юм. Гэтэл мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс уг асуудлыг шалгаагүй, шалгах хүсэлтийг хүлээн аваагүй. Тиймээс үүнийг шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөнгө угаах гэмт хэргийн үйлдлийн шинжийг тодорхойлжээ. Б.Х-ийн хувьд компанийн мөнгөн хөрөнгийг хууль бус аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар тэрхүү хөрөнгийг гадаад улсад цахим платформд байршуулсан. Улмаар тус хөрөнгөөрөө арилжаа хийн олсон гэх дөрвөн тэрбум гаруй төгрөгийг буцаан өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаараа хүлээн авсан.

Өөрөөр хэлбэл Б.Х-ийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө нь гадаад улсаар дамжин хууль ёсны орлого мэтээр Монгол Улсад угаагдаж буцаж орж ирсэн. Энэхүү мөнгөнөөс Б.Х компани руу шилжүүлэхийн сацуу автомашин худалдан авах, хүүхдийнхээ хадгаламжийн дансанд хийж хадгалуулах гэх мэтээр захиран зарцуулсан байдаг. Энэхүү үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн дээр дурдсан үндсэн шинжүүдийг бүрэн хангаж байна. Ийнхүү мөнгө угаах гэмт хэргээр Б.Х-ийн үйлдлийг зүйлчлэх нь цаашлаад түүний үр дагавар хохирлыг арилгахад чухал ач холбогдолтой юм. Гэвч шүүх энэ талаар огт дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргаж Б.Х-г ял завших бололцоог олголоо. Тиймээс үүнийг шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг” иргэний хариуцагч гэж тодорхойлжээ. Энэхүү зохицуулалтыг “гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээсэн этгээд хамаарна” гэж Улсын дээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх замаар тайлбарлажээ. Манай тохиолдолд Худалдаа хөгжлийн банк иргэний хариуцагч мөн эсэхийг тодорхойлохын тулд хохирлыг хариуцах үүрэг “хуулиар” банкинд оногдсон уу гэдэг асуулт үүсэж байна. Гэм хор учруулсны хохирол шаардах үндсэн зохицуулалт нь Иргэний хуулийн 497.1 дэх хэсгээр тодорхойлогддог. Тус зохицуулалтын дагуу “хууль бус үйлдэл” гарсан байх, түүний улмаас “хохирол учирсан байх”, хууль бус үйлдэл болон хохирлын хооронд “шалтгаант холбоо” байх гэсэн урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байхыг шаарддаг. Худалдаа хөгжлийн банкны хувьд мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль тогтоомжид заасан харилцагчийг таньж мэдэх, огцом өөрчлөгдсөн сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүргээ зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2023 оны 03 дугаар сараас эхлэн Б.Х-ийн ................. тоот ам.долларын Худалдаа хөгжлийн банкны дансандаа компаниас авсан мөнгийг түүний цалингийн хэмжээтэй харьцуулахад огцом өөрчлөгдсөн их дүнтэй орлогын гүйлгээ болох нь илэрхий юм. Гүйлгээний хэмжээнээс гадна өдөр бүр, нэг цагт хэд хэдэн удаагийн давтамжтайгаар, “mе” гэсэн утгаар хийгдэж байсан үйлдлээс нь ч тэдгээрийг сэжигтэй гүйлгээ гэж тодорхойлох боломжтой юм. Мөн 2023 оны 8 дугаар сард дээрх ................. тоот ам.долларын дансанд нэг өдөрт “merchandize return Pepperstone” гэсэн утга бүхий 99 удаагийн гүйлгээгээр нийт 1.0 сая ам доллар гадаад улсаас шилжин орж ирсэн бөгөөд тухайн өдөр Б.Х нь энэхүү орлогыг өөрийн ................. тоот төгрөгийн данс руу шилжүүлэн авч өөрийн эзэмшдэг Хаан банкны ................. тоот дансанд байршуулсан. Улмаар Хаан банкны данснаасаа компанийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот төгрөгийн данс руу 5 секундийн хугацаанд 76 удаагийн гүйлгээгээр нийт 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. Маргааш нь дахин “WTH64E5598C072F6” гэсэн сэжиг бүхий утгатай 2 удаагийн гүйлгээгээр нийт 460.6 мянган ам.доллар гадаад улсаас шилжин орсон бөгөөд тухайн өдөртөө Б.Х нь 34.0 ам.долларыг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот ам.долларын данснаас бэлнээр авсан. Худалдаа хөгжлийн банк нь тухайн цаг хугацаанд Б.Х-ийн эдгээр гүйлгээнүүд болон компанийн данс /нийт 5.8 тэрбум төгрөг шилжүүлж авсан/-аас нэг хувь хүний данс руу ойрхон, олон удаагийн давтамжтайгаар их хэмжээний гүйлгээ гарч буйг хянах, тусгайлан шалгах, цаашлаад санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй байсан. Харамсалтай нь Худалдаа хөгжлийн банк эдгээр үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй. Энэ хэргийн хүрээнд Монгол банкны хяналт шалгалтын газрын мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З- 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/11 тоот шинжээчийн дүгнэлт үйлдэн “Банк нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар харилцагчийг таньж мэдэх болон тусгайлан хяналт тавих, сэжигтэй гүйлгээг санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргийг хүлээсэн. Гэвч Худалдаа хөгжлийн банк нь “ДК” ХХК болон Б.Х нарын гүйлгээнүүдэд тусгайлан хяналт тавих, харилцагчийн эрсдэлийг үнэлэх зэрэг үүргээ биелүүлээгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Худалдаа хөгжлийн банкны дээрх хууль зөрчсөн үйлдэл нь өнөөдөр компанид учирсан хохирол шууд шалтгаант холбоотой байгаа тул уг асуудлыг бид тавьсаар ирсэн юм. Тодруулбал, Б.Х-ийн гэмт үйлдэл нь 2023 оны хавар эхэлсэн боловч 2023 оны 08 дугаар сар гэхэд өмнө авсан 3,9 тэрбум төгрөгийг буцаан компанид төлж “0” төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ үед Худалдаа хөгжлийн банк өмнөх 3,9 тэрбум төгрөгийн сэжигтэй гүйлгээг илрүүлэн мэдэгдсэн байсан бол өнөөдрийн хохирол огт үүсэхгүй байсан. Тиймээс дээрх агуулгаар Худалдаа хөгжлийн банк иргэний хариуцагчаар татагдах учиртай байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад “хэд хэдэн этгээд оролцсон” бол хамтран хариуцах зохицуулалтыг хуульчилсан ба Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Б.Х зэргийг гэм буруугийн байдлыг харгалзан хохирлыг хуваан төлүүлэх боломж байсан. Гэвч Б.Х-д бүх хариуцлагыг үүрүүлж хохирол учрахад шууд нөлөөлсөн банкийг иргэний хариуцагчаар татаагүй нь буруу болсон.

4. Хаан банкны хувьд мөн л дээр дурдсан Худалдаа хөгжлийн банктай ижил үндэслэлээр /сэжигтэй гүйлгээг мэдээлээгүй, харилцагчийг таньж мэдээгүй/ иргэний хариуцагчаар татагдах учиртай байсан. Үүний тулд л мөн Хаан банк үүргээ зөрчсөн эсэх асуудал дээр шинжээч томилох байсан. Гэвч Худалдаа хөгжлийн банкны үйлдэл дээр шинжээч томилсон атлаа Хаан банкны үйлдэлтэй холбоотой шинжээч томилоогүй. Б.Х нь компанийн Хаан банканд эзэмшдэг ................. тоот картын данснаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 62 удаагийн гүйлгээ нийт 1,2 тэрбум төгрөг, ................. тоот харилцах данснаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 605.000.000 төгрөг бэлнээр авсан. Ийнхүү компанийн данснаас Б.Х нь нийт 1,8 тэрбум төгрөгийг өөрийн хувийн дансандаа шилжүүлэн авч байхад Хаан банк уг сэжигтэй гүйлгээг илрүүлж эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Мөн Б.Х нь арилжаа хийж олсон гэх орлого 4 тэрбум төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөн л Хаан банкны ................. тоот дансаараа хүлээж авсан. Уг мөнгөнөөсөө дараах гүйлгээг хийсэн байдаг. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр компанийн Хаан банкны ................ тоот данс руу 1 цагийн дотор 96 удаагийн гүйлгээгээр нийт 1,9 тэрбум төгрөгийг, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр компанийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот данс руу 5 секундийн дотор 1,5 тэрбум төгрөгийг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр компанийн Хаан банкны ................. тоот данс руу 10 минутын дотор 465.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Худалдаа хөгжлийн банкнаас ялгаатай нь Хаан банкны хувьд Б.Х-д хуурамч чекээр бэлэн мөнгө олгосон. Илэрхий засвартай, энгийн хүний нүдээр ч таних боломжтой чекээр мөнгө олгосон. Тиймээс уг асуудалдаа Хаан банк хариуцлага хүлээх учиртай. Мөн Б.Х нь компанийн картыг ашиглан Хаан банкны АТМ-ээс олон удаагийн давтамжтай мөнгө оройн цагаар авсан ба үүнийг ч тусгайлан шалгах шаардлагатай гэж үзэж байна.

5. Дээр дурдсанаас гадна нотолбол зохих асуудлын хүрээнд шалгагдах ёстой маш олон асуудлуудыг мөрдөгч, прокурор шалгаагүй. Өмнө дурдсанчлан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “нотлох баримтыг шинжлэн судлах боломжгүй” гэх үндэслэлээр дээрх асуудлуудыг нэмж хийлгэх асуудлыг шүүх шийдээгүй. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосны дараа дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлага байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье. Б.Х-ийн арилжаанд оролцдог байсан данс болон түүнтэй холбоотой мэдээллийг шалгах ажиллагаа хийгдээгүй. Б.Х нь компаниас авсан мөнгөөрөө Pepperstone гэх брокерт ............... дугаартай данс нээж түүгээрээ арилжаанд орсон гэж мэдүүлдэг. Арилжаа гэдэг нь хууль болон эдийн засгийн утгаараа нэг зүйлийг нөгөөгөөр солилцох үйл ажиллагаа юм. Хэрвээ Б.Х нь ямар нэг төрлийн арилжаанд мөнгө төлж оролцсон бол түүний хариуд үнэт цаас зэрэг эд зүйл авсан байх учиртай. Тиймээс Б.Х нь арилжаанд оролцсоны хариуд ямар эд зүйл авсан эсэх, түүний брокерын дансанд нь мөнгө болон бусад хөрөнгө байгаа эсэхийг эцэслэн шалгах шаардлагатай байна. Энэ нь хохирлыг барагдуулахад зайлшгүй чухал байна. Б.Х-ийн Монгол Улсад оруулж ирсэн мөнгөнөөс дутсан 360.000.000 төгрөгийг олж илрүүлэх ажиллагаа огт хийгдээгүй. Өмнө дурдсанчлан Б.Х нь 2023 оны 08 дугаар сард 1,6 сая ам.долларын арилжааны орлого олсон байдаг. Энэхүү орлогоосоо компанийн дансанд 3,9 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж үлдсэн 300 гаруй мянган ам.доллароор дахин арилжаанд орсон гэж мэдүүлдэг. Гэвч уг баримтуудыг шалгаж үзэхэд 360.000.000 төгрөг дутдаг. Тодруулбал, Б.Х-ийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот ам.долларын дансанд арилжааны орлого хэмээгдэх нийт 1,6 сая ам.долларын орлого шилжин орж ирсэн. Үүнээс 1,2 сая ам.долларыг өөрийн ................. тоот төгрөгийн дансанд төгрөг болгон шилжүүлж, 34.0 мянган ам.долларыг бэлнээр авсан байдаг. Ингээд тухайн дансанд нь 320.0 мянган ам.доллар үлдсэн бөгөөд үүгээрээ дахин арилжаанд орсон гэдэг. Б.Х-ийн шилжүүлэн авсан 1,2 сая ам.доллар нь нийт 5,4 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд үүнээс компанийн данс руу 3,9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Мөн 100 орчим сая төгрөгийг машин худалдан авах гэх мэтэд зарцуулсан. Дээрх Б.Х-ийн өгсөн авсан тооцооноос 360 сая төгрөгийн зарцуулалт нь мэдэгдэхгүй, дутдаг. Дахин арилжаанд орсон гэх мөнгө нь энэхүү тооцооноос гадна, дансанд нь үлдсэн мөнгө болно. Тиймээс энэ тооцооллыг нягталж дутсан 360.000.000 төгрөгийг илрүүлэн хохиролд тооцуулах шаардлагатай байна. Б.Х-ийн харилцаа холбооны хэрэгслийг шалгаагүй. Тухайн гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн үү гэдэг асуудлыг огт шалгаж тогтоогоогүй. Ингэхийн тулд Б.Х-ийн бусадтай бичсэн чат, мессеж, мэйл зэргийг шалгах учиртай байсан. Б Б.Х нь бэлэн бус гүйлгээ хийгээд зогсохгүй компанийн Хаан банкны 5038094 615 тоот данснаас бэлэн мөнгөний чек ашиглан бэлнээр нэг удаадаа 20-200 сая төгрөг хүртэл бэлэн мөнгө авч байсан. Мөн дээр дурдсанчлан Худалдаа хөгжлийн банкнаас 34 мянган ам.доллар буюу 120.000.0000 орчим төгрөгийг бэлнээр авсан. 200.000.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2-3 цүнх бэлэн мөнгө болно. Үүнийг Б.Х ганцаараа гудамжаар авч явсан гэхэд эргэлзээтэй. Энэ мэтээр Б.Х-г гэмт хэрэг үйлдэхэд тусалсан хамтран оролцогчид байгаа эсэхийг тодруулахын тул холбогдох харилцаа холбооны хэрэгсэлд нь үзлэг шалгалт хийх шаардлагатай байна. Б.Х-ийн ойр дотнын хүмүүс рүү шилжүүлсэн мөнгөний эх үүсвэрийг шалгаагүй. Б.Х нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн найз залуу н.Бат-Оргил руу 9.000.000 төгрөг, 09 дүгээр  сарын 11-ний өдөр 1.100.000 төгрөгийг н.Б-ын тийзийн мөнгөнд, 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн аав н.Б руу 50.000.000 төгрөгийг, 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн дүү Б.Б руу 3.000.000 төгрөгийг, 09 дүгээр сарын 14-ний өдөр 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эдгээр шилжүүлсэн мөнгө нь Б.Х-ийн гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байх боломжтой. Учир нь энэ хугацаа нь Б.Х компаниас мөнгө авсан хугацаатай давхцаж байгаа юм. Тиймээс эдгээр хүмүүс рүү шилжүүлсэн мөнгөний эх үүсвэрийг шалгах, тэдгээрийг иргэний хариуцагчаар татах шаардлага үүснэ. Дүгнэж хэлбэл, дээрх бүх нөхцөл байдал, дутуу хийгдсэн ажиллагааг харгалзахгүйгээр анхан шатны шүүх шийтгэх тогтоол гарган хохирогчийн эрхийг ноцтой зөрчлөө. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч “ДК” ХХК-ийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч С.Жавхлангийн гаргаж буй гомдлыг дэмжиж байна. Эдгээр ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг Б.Х-ийн үйлдэл хангадаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Учир нь, зохиомол байдлыг зориудаар бий болгох шинж Б.Х-ийн үйлдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжээс өөр зохиомол байдлыг зориудаар бий болгох шинж байдаг. Энэ нь санхүүгийн бичиг баримтад хуурамч бичилт хийгээд дээд шатны ахлах нягтлан бодогч зэрэг хүмүүсийг хуурсан үйлдэл байгаа. Жишээлбэл, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр жилийн эцсийн тайлан гарахад өр, авлага тэнцсэн байдалтай гэж харуулаад, өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкнаас 1 тэрбум гаруй төгрөгийн авлагатай гэх хуурамч бичилтийг хийсэн. Үүнийг компани мэдээгүй өнгөрсөн. Мэдсэн тохиолдолд тухайн үйлдэл үүгээр зогсох байсан. Хуурамч бичилт хийж, нягтлан бодогчийнхоо ажлын байрыг ашиглан нууж, авч үлдсэн. Үүнийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нягтлан бодогч илрүүлээд дээрх цагдаад гаргаж байгаа өргөдөлтэй хамт шалгуулж, 1.040.000.000 төгрөгийн залруулга хийсэн /2хх 97/. Албан тушаалын байдлаа ашиглан тухайн бичилтүүдийг хийж залилж, зохиомол байдлыг зориуд бий болгох үйлдлийг идэвхтэй хийсэн гэж үзсэн. Залилах гэмт хэргээр зайлшгүй шалгах шаардлагатай байсан. Баримт бичгийг ашигласан, бодит байдлыг нуун дарагдуулсан, өөрийн ажлын байрыг ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл дээр зүйлчилж шалгах шаардлагатай байсан боловч шалгаагүй.

2 дахь асуудлын хувьд, шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүнийг мөн зүйлчлээгүй. Учир нь, гэмт хэргийн улмаас олсон орлогоо өөрөө мэдүүлсэн. Pepperstone гадны арилжаа хийдэг байгууллага руу данс нээж арилжаа хийсэн. Түүнээс олсон мөнгөө буцаагаад өөрийн нээсэн данс руу аваад тухайн данснаас компанидаа зарим мөнгөө төлөөд, зарим мөнгийг өөртөө зарцуулсан. Үлдсэн мөнгө хаашаа зарцуулагдсан талаар мэдэгддэггүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Мөнгөний эх үүсвэрийг хууль ёсны орлого болгосон, өөрөөр хэлбэл, арилжаанаас олсон орлого болгож авч хэрэглэж, өр зээлээ төлж, ойрын  хүмүүс рүүгээ шилжүүлсэн үйлдлийг мөнгө угаасан гэмт хэрэг гэж үзэж байх тул шүүх бүрэлдэхүүн энэ талаар дүгнэлт хийж өгнө үү. Бусад дутуу ажиллагаануудыг нэгтгээд гомдлын 5 дугаар заалтаар оруулж өгсөн. Б.Х-ийн арилжаанд оролцоод байгаа нөхцөл байдлыг яагаад огт шалгахгүй байгааг ойлгохгүй байна. Тухайн хүн хийсэн үйлдлээ хэлээд байхад шалгадаггүй. Би үүнийг арилжаа руу оруулаад, мөнгө хожоод алдаад явсан гэдэг. Гэтэл арилжаа гэдэг нь тодорхой төрлийн нэгжээр илэрхийлэгдэж байгаа. ................. гэх дансаар мөнгөө төвлөрүүлж худалдаж авсан байдаг. Үүнд үлдэгдэл байна уу, юу худалдаж авсан, ямар арилжаа хийсэн, тухайн арилжааныхаа данснаас ямар гүйлгээнүүд хийсэн гэдгийг шалгахгүй байна гэдэг нь байж болохгүй зүйл. Худалдаж авсан, мөнгө зарцуулсан зүйлийг огт шалгахгүй байна гэдэг нь гэмт хэргийг бүрэн дүүрэн шалгаагүй буюу Эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Түүнчлэн Монгол Улсад буцаагаад арилжаанаас оруулж ирсэн мөнгөнөөс компанидаа төлөөд, дахин өөрөө захиран зарцуулснаас гадна 360.000.000 төгрөг дутаад байгаа. Мөн энэ мөнгөний талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй, өөрөөс нь ч энэ талаар тодруулаагүй орхисон.

3 дахь асуудал нь Б.Х ганцаараа 8 тэрбум төгрөгийн гэмт хэргийг хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Чекийг хуурамчаар хийж байгаа байдал, энэ олон гүйлгээ, өчнөөн олон цүнхэнд багтахаар хэмжээний бэлэн их мөнгийг аваад явж буй нөхцөл байдлууд нь нэг хүн хийхэд хүндрэлтэй. Гэтэл үүнд гэмт хэргийн хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаагүй. Б.Х-ийн харилцаа холбооны хэрэгслүүдийг огт шалгаагүй /гар утас, мессенжер, вайбер, телеграм, инстаграм/. Гэмт хэргийн хамтран оролцоог тогтоох гол асуудал нь харилцаа холбоонд төвлөрнө. Энэ нь хэргийг бүрэн дүүрэн шалгах санаачилга байхгүй байсан гэдгийг нь харуулж байгаа юм. Шүүгдэгч Б.Х-ийн компаниас мөнгө авсан, буцаагаад оруулж байх үедээ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр найз залуу Б руу 9.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1.100.000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдөр Б гэх хүн рүү 50.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б руу 3.000.000 төгрөгийг захиран зарцуулсан. Эдгээр этгээдүүдийг манай мөрдөгч, прокурорууд мэдээд байдаг. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгийг бусад руу шилжүүлээд байгааг мэдсээр байж яагаад эдгээр хүмүүсийг иргэний хариуцагчаар тогтоохгүй байгаа юм бэ, эсхүл тухайн мөнгийг хууль ёсны орлого гэж үзсэн тохиолдолд энэ талаар яагаад дүгнэлт хийж оруулж ирэхгүй байгаа юм бэ гэх мэт мөрдөн шалгах ажиллагаанууд маш дутуу хийгдсэн. Бид шүүхийн шатнаас ажилласан өмгөөлөгчид учир урьдчилсан хэлэлцүүлэгт энэ бүх асуудлыг тавиад хэргийг бүрэн дүүрэн шалгаж өгнө үү гэхээр “урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахгүй” гээд шууд гэм буруугийн шүүх хурал руу шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанд урьдчилсан хэлэлцүүлгийн асуудлыг ярих нь утгагүй. Улмаар шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулна гэсэн. Энэ хугацаанд прокурор ажиллагаа хийж амжаагүй. Хийх ёстой ажлынхаа хэдэн хувьд ч хүрээгүй. Иймд шүүх нотлох баримтын хувьд бүрэн шийдэгдэх боломжитой нотлох баримтууд цуглаагүй байхад хэргийг шийдсэнээс болж хохирогчийн эрх зөрчигдөж, хохирол, төлбөр барагдуулах эсэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч “ДК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байна. Манай байгууллагын хувьд 4,5 тэрбум гэдэг бага бус, өндөр үнийн дүн байгаа. Хэдий нэг талаас нэг хүн хохирол учруулсан юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талаасаа байгууллагын үйл ажиллагаа доголдож байгаа ноцтой асуудал. Банкуудын хувьд үүргээ биелүүлээгүйн улмаас гэм хор үүссэн гэж үзэж байна. Иймд банкуудыг хэрэгт татаж, хэргийг бүрэн хэмжээнд нь шийдэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан боловч шүүх тус хэмжээ хязгаарыг хэтрүүлэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хэтрүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3472 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэм удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, мөн зүйлийн 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж тус тус заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд улсын яллагчийн зүгээс ямар нэг байдлаар яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаагүй билээ. Харин 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар прокурорын зүгээс “60 хүртэл хоног гэсний дагуу дутуу үлдсэн 6 хоногоор хойшлуулж өгнө үү, зүйлчлэлийг хүндрүүлэх зорилгоор гэх” хүсэлтийг гаргасан. Гэвч шүүгч тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд харин хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шийдвэрлэн шүүх хуралдааныг хойшлуулсан билээ. Гэвч ийнхүү үндэслэлээр хойшилсон хугацаанд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр улсын яллагч нь Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллах дүгнэлт шинээр үйлдэн гардуулсан байдаг бөгөөд анхан шатны шүүх тус дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд Б.Х нь тус чек дээр 0-н тоо зурсан бичгийн хэв нь өөрийнх нь мөн, биш эсэх үйлдэл дээр маргадаггүй бөгөөд гагцхүү хуурамчаар үйлдсэн гэх хэсгийг хүлээн зөвшөөрдөггүй билээ. Гэтэл дээрх гэмт хэрэг нь “үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол 5.400-27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд ийнхүү үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтээр “0 нэмж, нэмж засварласан” гэх тоо бичвэрүүдийн дүгнэлт гаргасан бөгөөд тоон бичвэр нь үсгэн тайлалтай таарсан эсэхийг тогтоогоогүй, өөрчлөлт орсон гэх боловч хэзээ орсон нь тодорхойгүй байхад ийнхүү хуурамчаар үйлдсэн гэж дүгнэж байгаа нь нотлох  баримтад үндэслээгүй байна. Мөн 0 нэмсэн гэх боловч 0-н тоог хэзээ нэмсэн буюу захирлуудаар баталгаажуулсны дараа нэмсэн эсэх, өмнө нь нэмсэн эсэх нь тодорхойгүй.  Мөн 0-н тоо буюу тоон бичвэр нь үсгэн бичвэртэй таарч байсан эсэхийг тогтоогоогүй. Гэтэл захирлууд болон банкны ажилчид нь зөвхөн тоон бичвэр үсгэн бичвэр хоёр хоорондоо таарч байгаа тохиолдолд баталж, хүлээн авдаг гэх мэдүүлгүүд өгдөг бөгөөд ийнхүү зөрсөн, засвар орсон тохиолдолд батлахгүй, гүйлгээ хийдэггүй болохыг нотолдог. Ийнхүү Б.Х нь захирлаар батлуулсны дараа 0-н тоо нэмэх боломжгүй бөгөөд 0-н дутуу бичсэнийг анзаарсны дагуу захирлаар батлуулахаас өмнө 0-н тоог нэмсэн байх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй билээ. Гэтэл ийнхүү хэзээ 0-н тоо нэмсэн эсэх, захирлаар батлуулсны дараа эсхүл өмнө нэмсэн эсэхийг хангалттай шалгаж тогтоогоогүй, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад мэдүүлсэн мэдүүлгийг хооронд нь шалгаж үнэлэлгүйгээр ийнхүү хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байсан.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг “Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдолтой санал нэг байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эхлээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбоотой тайлбарыг хэлье. Прокурорын хувьд эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааг зөрчсөн гэж гомдолд дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайн шүүх хуралдааныг хойшлуулах ерөнхий 4 үндэслэлийг зааж өгсөн. Мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 60 хүртэлх хоногоор хойшлуулах буюу тухайн гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцээд хүндрүүлэхээр эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 14-д заасан үндэслэл байгаа тохиолдолд 60 хүртэлх хоногоор хойшлуулахаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хойшлуулж буй асуудал нь шүүх хуралдааныг илүү урт хугацаагаар хойшлуулж, мөрдөгч, прокурорт мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломж олгож буй тусгай зохицуулалт гэж үзэж байгаа. Тухайн хэргийн хувьд эхлээд 60 хүртэл хоногоор хойшилсон. Хойшилсон хугацаанд тухайн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадаагүй, амжаагүй гэх тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан. Тухайн хугацаанд амжаагүй гэх ойлголт нь  мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн 4 үндэслэл буюу хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны явцаас харахад шүүгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 1 удаа 60 хүртэлх хоногоор хойшлуулна. Дахин 60 хүртэлх хоногоор шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэх тайлбарыг хэлсэн. Түүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талаас гаргаж буй хэргийн материал танилцах, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах саналыг няцаагаагүй. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал биш тул өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн процессыг нэмээд тайлбарлавал тухайн шүүгчийн захирамжид заагдсан чек засвартай эсэх дүгнэлт 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газраас гарсан. 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мөрдөх байгууллагад ирүүлж, 6 дугаар сарын 23-ны өдрийн 8 цаг 30 минутад шүүх хурал зарлагдсан. Прокурорын зүгээс ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах болоод ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдал байсан. Иймд шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаан гэдгээр хойшилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Х-ийн хувьд өөрчлөлт оруулсан буюу 2 ширхэг чекийг засвартай гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм  буруутайд тооцсон. Үүнтэй холбоотой өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолд тайлбар хэлэхэд “ДК” ХХК-д байгаа хувь болон Хаан банканд хүргүүлсэн хувиудад шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Улмаар тухайн чекийн бичвэр нь Б.Х-ийн бичвэртэй тохирсон. Тухайн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр болон 4 дүгээр сарын 13-ны өдөр тус тус авагдсан чекүүд дээр 5.000.000 төгрөгийг 50.000.000 төгрөг гэж бичсэн асуудал байдаг. Хэдийгээр өмгөөлөгчийн зүгээс удирдлагууддаа зуруулахаас өмнө уг өөрчлөлтийг оруулсан гэх зүйлийг шүүх хуралдаанд ярьдаг боловч тухайн 0 орон нэмээд байгаа асуудал нь 5-ын тооны ард болоод 0-ийн тооны дунд, зайтай хэсгүүдэд 0 орон нэмэгдээд байгаа. Энэ нь тухайн хүний хувьд анхнаасаа шунахайн сэдэлтэй гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний мөнгө авах зорилго байсан гэж үзэж байгаа. 230 болоод 231 гэсэн дугаартай чекээр мөнгө аваад, тухайн мөнгийг өөртөө захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байгаа учраас дээрх асуудалтай холбоотой гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой холбоотой тайлбарыг хэлье. Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкийг иргэний хариуцагчаар татах ёстой гэх асуудлыг ярьж байна. Иргэний хариуцагчаар эрүүгийн процессын хувьд ямар тохиолдолд татах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль бусаар хариуцвал зохих хүн, хуулийн этгээд гэж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль бусаар хариуцвал зохих этгээд гэдэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, болон 499,500,501,502 болон 519 дүгээр зүйлд зааснаар хариуцахаар байгаа. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс яриад байгаа 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 шаардах эрх хангагдсанаар иргэний хариуцагчаар татах ёстой гэх асуудлыг ярьж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны хувьд үүргээ биелүүлээгүй учраас хохирлыг хариуцах ёстой гэж байна. Тухайн 2 компани үүргээ биелүүлээгүйгээс Б.Х гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилгыг олж авч багаа асуудал биш. Эсрэгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Х-ийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь шунахайн сэдэлттэй, тухайн арилжаанд оролцох гэсэн сэдэлт санаа зорилго байгаа.  Худалдаа хөгжлийн банк, хаан банк хоёр ажлаа хийсэн эсэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлд хамаарахгүй. Худалдаа хөгжлийн банк, хаан банкны зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлэг авсан. Тухайн гэмт хэргийн талаар Худалдаа хөгжлийн банкны н.Энхдэлгэр гэх ажилтан тухайн “ДК” ХХК-д мэдэгдсэн байдаг. Худалдаа хөгжлийн банк мэдэгдсэнээр тухайн гэмт хэрэг таслан зогсоогдож байгаа асуудал байгаа. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5-д хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэж заасан. “ДК” ХХК-ийн хувьд 2021 онд нягтлангаар Б.Х-г ажилд авснаас хойш Хаан банк болон Худалдаа хөгжлийн банканд 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг өгсөн. Тухайн дансанд гүйлгээ хийх эрх болоод лимитийг 200.000.000 төгрөг болгоод тус тусад нь зааж өгсөн. Гүйлгээ хийх эрхтэй этгээд гүйлгээ хийж байгаа тохиолдолд 2 банкны зүгээс түүнийг хянах болоод хариуцах үүрэг байхгүй. Харин эсрэгээрээ тухайн гүйлгээ хийх эрхийг зөв этгээдэд өгсөн үү, тухайн хүний үйл ажиллагааг тухайн байгууллага өөрөө хариуцаж байсан уу гэх асуудал хөндөгдөж байгаа. Зөвхөн гэм буруутай гэх асуудлаар иргэний хариуцагчаас татагддаг бол “ДК” ХХК компани өөрөө ч өмгөөлөгч нарын тайлбараар татагдахаар харагдаж байгаа. Түүнчлэн 20.000.000 төгрөгөөс дээш дүн үнийн дүнтэй гүйлгээг Монгол банк болон Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдээгүй гэдэг боловч Худалдаа хөгжлийн банкнаас бидний зүгээс 20.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээ болгоныг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж ирсэн гэдэг. Тухайн байгууллагын хувьд тухайн интернэт банкны эрхийг хэнд өгөх вэ гэдэг нь тухайн байгууллагын өөрийнх нь дотоод асуудал. Түүнээс биш Хаан банк болоод Худалдаа хөгжлийн банкнаас хянах боломжгүй. Хянах үүрэг байхгүй. Хуулиараа ч хориотой асуудал.

Хаан банкны теллерүүдтэй холбоотой асуудал яригддаг. Тухайн теллерүүдийг Б.Хтай хамт гэмт хэрэг үйлдсэн, хуурамч чекийг мэдсээр байж авсан гэх боловч тухайн 60 хоног хойшилсон хугацаанд Хаан банкны чекээр гүйлгээ хийсэн теллерүүдээс мэдүүлэг авсан байдаг. Тухайн хүмүүсийн хувьд “...үүнийг мэдэх боломжгүй байсан. Өдөрт маш олон гүйлгээ хийгддэг ...” талаарх тайлбарыг өгсөн. Прокурорын хувьд шүүхэд шилжүүлээд байгаа асуудал нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт, гэмт хэрэгт хамтран оролцогч байхын тулд өмчлөх эрхээс хэн нэгэн этгээд авсан, завшсан, хуваалцсан байх ёстой. “ДК” ХХК-иас гараад буй 8,2 тэрбум төгрөгийн гүйлгээг дансны үзлэг болоод pepperstone үзлэгээр аваад үзэхэд бүгд pepperstone буюу гадаадын бирж рүү орсон асуудал байдаг. Pepperstone-ний дансыг шалгаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс яриад байна. Б.Х-ийн pepperstone-н дансанд үзлэг хийсэн. Үүнд мөнгө байхгүй буюу 1,2 долларын үлдэгдэлтэй байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд тухайн гэмт хэргийг Б.Х үйлдсэн. Гэмт хэргийн улмаас олсон орлогыг авсан хүн нь мөн Б.Х. Энэ тохиолдолд Хаан банк болоод Худалдаа хөгжлийн банкны иргэний хариуцагчаар татах шаардлагагүй.

Залилах гэмт хэргийн асуудлыг ярьж байна. Прокурорын зүгээс залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Учир нь, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд буюу залилах болоод хөрөнгө завших гэмт хэргийн гол ялгаа нь залилах гэмт хэргийн хувьд тухайн хохирогч хууртагдсаны улмаас эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлж өгч байгаа асуудал. Гэтэл хөрөнгө завших гэмт хэргийн хувьд эд хөрөнгө тухайн хүнд хууль ёсны дагуу буюу тухайн ажил үүргийнхээ дагуу, гэрээний дагуу очсоны дараа тухайн хүн завших сэдэл авч завшиж байгаа асуудал. “ДК” ХХК 8,2 тэрбум төгрөгийг Б.Х-д хууртагдаад өгөөд байгаа асуудал биш. Б.Х бэлэн мөнгөний нягтлан байсан учраас тэдгээр мөнгөтэй харьцах эрхтэй байсан этгээд. Иймд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж байгаа асуудал нь завших гэмт хэрэг гэж үзэж байгаа тул залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна.

2023 оны жилийн эцсийн тайлан гарахад нуусан. Энэ нь хуурсан үйлдэл гээд байна. Нэгэнт тухайн хүн гэмт хэрэг үйлдээд, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулж л тухайн бичилтийг хийж байгаа асуудал болохоос тухайн бичилт хийснээрээ мөнгө аваад байгаа асуудал биш. Гэмт хэрэг төгссөний дараа гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн хэргээ илрүүлэхгүй нь тулд нууж буй асуудал. Иймд залилах гэмт хэргийн шинж байхгүй гэж үзсэн.

Шүүгдэгч Б.Х-ийн хувьд мөнгө угаах гэмт хэргийг шалгаагүй гэх асуудлыг ярьж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах, эд хөрөнгийг ашиглах гэсэн санаа зорилго байдаг. Тухайн хүний хувьд зорилго нь pepperstone буюу арилжаанд оролцох гэсэн зорилгоор аваад, арилжаа руу хийчихсэн. Улмаар алдсан л асуудал байгаа. Түүнээс хуулийн хариуцлагаас зайлсхийсэн, аль нэг газар аваачиж нуусан, нуун дарагдуулсан хэлбэрийг нь өөрчилсөн, буцаан цэвэршүүлсэн мөнгө угаах гэмт хэргийн шинж хангагдахгүй байгаа тул прокурорын зүгээс мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчлээгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэдгийн тухайд, мөнгөний зарцуулалттай холбоотой Б.Х-ийн данс болоод pepperstone арилжаа хийсэн аппликейшн гэх зэргийг хамгийн эхэнд шалгасан.

Шүүгдэгчийн эцэг, эх, найз залуу, н.Б гэх зэрэг хүмүүс мөнгө авсан байхад гэмт  хэргийн хамтран оролцоог шалгаагүй гэж байна. Эдгээр хүмүүс дээрх мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдэхгүй. Иймд тухайн хүмүүсийг татах үндэслэл байхгүй. Жишээлбэл, Б.Х эцэг эх рүүгээ 50.000.0000 төгрөгийг шилжүүлсэн боловч буцаагаад 55.000.000 төгрөгийг авсан нөхцөл байдал байгаа. Иймд Б.Х-ийн ойр дотны хүмүүсээс иргэний хариуцагчаар татах үндэслэл байхгүй.

Түүнчлэн брокерын арилжаанаас олсон мөнгөнөөс 360.000.000 төгрөг дутсан гэх асуудал яриад байна. Pepperstone үзлэгээс харахад 360.000.000 төгрөгийг буцааж тоглоод алдсан асуудал байгаа. Түүнээс өөр газар нуусан асуудал байхгүй. Энэ тохиолдолд тухайн асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь түүний дансны хуулга болоод бусад шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудад хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Х-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “ДК” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу өөрт нь олгогдсон буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг завшиж, “ДК” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот данснаас 5.764.000.000 төгрөгийг, Хаан банкны ................. тоот данснаас 1.260.000.000 төгрөгийг, Хаан банкны ................. тоот данснаас 605.000.000 төгрөгийг, бэлнээр /касснаас/ 520.000.000 төгрөгийг, кассанд байсан бэлэн мөнгөнөөс /дутагдал/ 79.906.938.22 төгрөгийг, нийт 8.228.906.938,22 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар болон бэлнээр авч завшсан,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 0657230 дугаартай, 04 дүгээр сарын 13-ны өдөр 0657231 дугаартай төлбөрийн хэрэгсэл болох бэлэн мөнгөний чекүүдээр мөнгө гаргуулан авахдаа 5.000.000 төгрөгийн чекийг 50.000.000 төгрөг болгож “0” орон нэмэх байдлаар өөртөө ашигтайгаар засварлан хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Хаан банкнаас бэлэн мөнгө гаргуулан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч “ДК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын “...2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас манай компанид “сэжигтэй гүйлгээ гараад байна” гэж мэдэгдсэн. Тэрний дагуу гүйлгээг нь шалгахад мөнгө гүйлгээний нягтлан Б.Х байгууллагын Худалдаа хөгжлийн банкны данснаас өөрийн хувийн дансанд их хэмжээний мөнгийг тодорхой давтамжтайгаар шилжүүлсэн байсан. Шүүж үзэхэд ойролцоогоор 4 тэрбум 320 сая төгрөгийг шилжүүлсэн байсан. Өөрөөс нь тодруулахад буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулна гэж тайлбарласан...” /1хх 15/,

гэрч Ж.Б-ийн өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 27 минутад байгууллага хариуцсан банкны ажилтан Энхдэлгэр над руу холбогдож “танай компанийн Худалдаа хөгжлийн банкны данснаас хувь хүний данс руу гүйлгээ олон удаа гарсан байна. Шалгаад үзэхэд танай мөнгөн хөрөнгийн итгэмжлэлтэй нягтлан бодогч Б.Х байна” гэсэн. “Танай итгэмжлэлтэй Б.Х байна, дүн нь өндөр байна” гэсэн тул би түүнд “шалгаад яаралтай хариу хэлээд өгөөч” гэсэн. Би Б.Хг дуудаад “хувь хүний данс руу компанийн данснаас мөнгө шилжсэн байна, хамтдаа шалгая” гэж хэлээд тусдаа өрөөнд орж байгууллагын данс руу ороод шалгасан. Би тухайн үед өндөр дүнтэй гэж бодоогүй. Нэг удаагийн гүйлгээ байх гэж бодоод шалгасан. Эхний ээлжинд 2024 оны байгууллагын дансыг экселээр татаж аваад зарлага гаргасан данснаас нь Б.Х нэрээр хайхад 3.304.000.000 орчим дүнтэй гүйлгээ байгууллагын данснаас Б.Хгийн данс руу орсон байсан. 2023 оны гүйлгээг татаж авалгүй Б.Хгаас чи яг хэдэн төгрөг авсан юм бэ гэхэд “4 орчим тэрбум” гэсэн. Би Б.Хгаас яг яасан юм бэ гэж асуухад “форексын арилжаанд орсон” гэж хариулсан. Би “тэр форексын дансанд нь энэ 3 тэрбум төгрөг байгаа юм уу, дансыг чинь харъя” гэхэд “үлдэгдэл нь харагдахгүй би алдсан. Гэхдээ 10-14 хоногийн дотор олчихно” гэж хэлсэн. Иймд санхүүгийн захирал Намуунсайханд болсон үйл явдлыг яриад Б.Хг дуудаад гурвуулаа уулзсан. Намуунсайхан захирал намайг “2023 оны байгууллагын дансыг нэг бүрчлэн шалга” гэсэн тул 2022, 2023, 2024 оны данснуудыг татаж авч шалгахад 2022 онд хувь хүний данс руу шилжүүлсэн зүйл байгаагүй. 2023 оны байгууллагын дансыг шалгахад зөвхөн Б.Х гэсэн зарлагын гүйлгээ байсан. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Хгийн данснаас байгууллагын дансанд 1.520.000.000 төгрөг 76 удаагийн гүйлгээгээр 1 өдрийн дотор шилжиж орж ирсэн байсан бол байгууллагаас Б.Хгийн данс руу мөн онд 3 тэрбум гаруй төгрөг гарсан байсан. Ингээд тооцоод үзэхээр 2023, 2024 онтой нийлээд 4.344.000.000 төгрөгийг Б.Х өөрийн хувийн дансандаа авсан байсан...” /1хх 17-18/,

гэрч С.Э-ийн “...Б.Х нь тухайн байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл өөрийн эзэмшлийн арилжааны банкны данс болон бэлнээр нийт 8.149.000.000 төгрөг авсан байсан. Ажил хүлээлцэх, үед кассын бэлэн мөнгөнөөс 79.906.938 төгрөг дутаасан байсан. 2023 оны 08 дугаар сарын 14, 15, 28-ны өдрүүдэд нийт 3.905.000.000 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн. Одоо 4.323.906.938 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан аудитын дүгнэлтээр тогтоогдож байна...” /2хх 191-192/,

гэрч Н.Б-ын “...Би 2020 оны 02 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “ДК” ХХК-д санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан, ...манай байгууллагад гүйлгээ шивдэг мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч Б.Х-гаас өөр хүн байхгүй. Б.Х-ийн хийж байгаа гүйлгээ нь ахлах болон ерөнхий нягтлан бодогч нараар хянагдаад над дээр орж ирдэг. Би хянаж үзээд мөнгөн хөрөнгө хүрч байгаа эсэх талаар хянаад гүйлгээг баталдаг. Тэгээд тухайн гүйлгээ хийгддэг. Манай байгууллага жилдээ нэг удаа хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн аудитын хяналт шалгалт хийлгэж дүгнэлт гаргуулдаг. Тухайн дүгнэлтээр ямар нэгэн асуудал үүсэж байгаагүй...” /3хх 83-85/,

гэрч Э.Н-ы “...Мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч нь тус байгууллагатай харилцаж буй болон дотоодын алба нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн төлбөрийн хүсэлтийг боловсруулах, боловсруулсан хүсэлтийн дагуу жагсаалтыг гаргах, шаардлагатай бичиг баримтыг хавсаргах, төлбөрийн жагсаалтыг удирдах албан тушаалтнаар батлуулах гэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага нь Худалдаа хөгжлийн банкнаас Васко төхөөрөмжөөр шивэх, хянах, батлах эрхийг авсан. Үүний дагуу шивэх эрхийг мөнгөн хөрөнгийн нягтланд олгосон Б.Х нь энэ эрхийн дагуу байгууллагын бүх гүйлгээг интернэт банкинд шивж оруулсныг ерөнхий нягтлан бодогч хянаж санхүү эрхэлсэн захирал баталж гүйлгээг Васко төхөөрөмжөөр хийдэг байсан. Гэтэл Б Б.Х нь Васко төхөөрөмж ашигладаггүй, яаралтай үед гаалийн төлбөр гаргадаг дансыг ашиглан, ерөнхий нягтлан бодогч болон санхүү эрхэлсэн захиралд мэдэгдэлгүйгээр тухайн үйлдлийг хийсэн болохыг бид нар сүүлд олж мэдсэн. Б.Х-ийн гүйлгээ хийсэн гэх данс гүйлгээг шивэх үед гүйлгээ хийгдсэн байхаар тохируулсан данс байсан юм. Дээрх дансыг Васко төхөөрөмж ашигладаггүй гүйлгээ хийдэг байхыг манай байгууллагаас хүсэлт гаргаж шийдүүлсэн. Б.Х-ийн интернэт банкинд шивж оруулсан гүйлгээг хянаж байсан удаа байгаа. Манай байгууллага 7 хоног бүрийн 2, 4 дэх өдөр дотоод гүйлгээгээ хийдэг. 1, 3, 5 дахь өдөр гадаад гүйлгээг хийж байх хуваарьтай...” /5хх 38-39/,

 гэрч Б.Г-ийн “...Б.Х тооцооны нягтлан бодогч байсан учир түүнд гаалийн төлбөр тооцоо хийдэг дансыг ашиглуулах эрхийг өгсөн байсан. Тухайн дансаар л дээрх үйлдлийг хийсэн байсныг сүүлд мэдсэн. Б.Х-ийн албан тушаалын нэршил нь “ДК” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч гэж байсан. Мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч гэдэг нь тус байгууллагатай харилцаж буй болон дотоодын алба нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн төлбөрийн хүсэлтийг боловсруулах, боловсруулсан хүсэлтийн дагуу жагсаалтыг гаргах, шаардлагатай бичиг баримтыг хавсаргах, төлбөрийн жагсаалтыг удирдах албан тушаалтнаар батлуулах гэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг...” /5хх 54-55/,

гэрч Э.А-ийн “...Дээрх домайн хаяг миний хаяг мөн. Маш олон хүнтэй харьцаж ажилладаг тул тэр болгон гүйлгээ хийж байгаа хүнийг санаад байдаггүй. Чекээр гүйлгээ хийх процессын талаар би жишээ татаж яръя. Эхлээд харилцагчийн мэдээллийг, дараа нь харилцагчийн гүйлгээ хийх чекийн дугаарыг шалгаж үзээд гүйлгээ хийх боломжтой үгүйг нь шалгаж өгнө. Дараа нь чек дээр тоогоор, үсгээр бичсэн мөнгөн дүнг шалгана. Тэгээд гүйлгээ хийж тухайн чекийн жижиг тасархайг харилцагчид өгч том тасархайг нь банк авч гүйлгээний баримтад үддэг. Тэрнээс биш өөрөөр банкны борлуулалт үйлчилгээний ажилтан гүйлгээ хийж байгаа чек дээр мөнгөн дүнгийн орон бичих ёсгүй. Тийм тохиолдол гарч байгаагүй. Борлуулалт үйлчилгээний ажилтан чекээр гүйлгээ хийсэн тохиолдолд гарын үсэг зурж банкны тамгыг дардаг. Өөр зүйл хийдэггүй. Харилцагч нь чек дээр мөнгөн дүнгээ өөрөө бичиж ирдэг. Чекээр бол зөвхөн бэлэн зарлагын гүйлгээ хийдэг. Банкнаас чекээр бэлэн мөнгө авсны дараа гүйлгээг тодруулж шалгадаг зүйл байхгүй. Харин банкны борлуулалт, үйлчилгээний ажилтан нь чекээр гүйлгээ хийхдээ манай байгууллагад бүртгүүлсэн байгууллагын улсын бүртгэлд бүртгэлтэй тамга, тэмдэг, баталгаат гарын үсгийг тулгаж сайтар шалгаж байж гүйлгээ хийдэг. Дээрх гарын үсэг хэнийх байхыг харилцагч байгууллага өөрсдөө шийддэг. Банкны борлуулалт үйлчилгээний ажилтан нь чекээр гүйлгээ хийхдээ тоогоор бичсэн мөнгөн дүн, үсгээр бичсэн мөнгөн дүн, баталгаат тамга, баталгаат гарын үсэг шалгана. Харин тоогоор бичсэн болон үсгээр бичсэн мөнгөн дүнд засвар орсон, гарын үсэг дутуу, эсвэл баталгаат гарын үсэг биш, баталгаат тамга биш бол гүйлгээ хийхгүй дээд албан тушаалтанд мэдэгдэнэ...” /5хх 16-17/,

гэрч Б.Б-ийн “...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “ДК” ХХК-ийн 199 дугаартай “Б.Х, Ж.Б, Н.Б нарт интернэт банкны эрхийг олгож өгнө үү” гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн. Тэр албан бичгийн дагуу нэр дурдагдсан албан тушаалтнуудад манай байгууллагаас Ти Ди Би онлайн үйлчилгээ үзүүлэх гэрээг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээнд нэр дурдсан албан тушаалтнуудад интернэт банкны эрх олгосон. Тухайн интернэт банкны эрхийг олгосон хүмүүст Васко төхөөрөмж өгсөн. Тухайн байгууллага интернэт банкаар их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийдэг учир уг төхөөрөмж ашиглах шаардлагатай болсон. Харин Ти Ди Би онлайн үйлчилгээ ашигласнаас үүссэн эрсдэлийг тухайн байгууллага хариуцна гэж тус гэрээний 3.1 дэх хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тухайн байгууллагад интернэт банкны эрхийг олгосон тохиолдолд манай банкнаас хийж буй гүйлгээг нь хянах, хязгаарлах боломж байхгүй. Васко төхөөрөмж ашиглаж гүйлгээ хийсэн ч манай байгууллагаас хянахгүй...” /5хх 63-64/,

гэрч Л.Э-ийн “...Би 2022 оны 4 дүгээр сараас эхлэн “ДК” ХХК-ийг хариуцан ажиллаж байна. Манай банкны комплайсын хэлтсээс надад таны хариуцан ажилладаг байгууллагын данснаас их хэмжээний мөнгөөр олон удаагийн давтамжтай арилжаанд ороод байна, энэ талаар та тухайн байгууллагаасаа тодруулах хэрэгтэй байх гэж хэлсэн. Тэгээд “ДК” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ж.Бд мэдэгдсэн. Манай банкнаас тухайн байгууллагаас энэ хэмжээний гүйлгээ зөвшөөрөгдсөн гүйлгээ мөн эсэхийг тодруулахад зөвшөөрөгдөөгүй гүйлгээ байж таарсан. Ер нь тухайн байгууллага нь өөрөө манай банкинд үйлчилгээ авах хүсэлт гаргаж гүйлгээ хийх эрх авсан. Тухайн гүйлгээний эрхээ байгууллага нь ямар албан тушаалтанд өгөх нь тухайн байгууллагын асуудал юм. Тухайн эрхийг авсан албан тушаалтан нь гүйлгээ хийхдээ манай банкнаас зөвшөөрөл авахгүй өөрт олгогдсон эрхээрээ гүйлгээ хийж болно. Б.Х-ийн ашиглаж байсан гүйлгээний эрх бол манай байгууллагаас гаргаж байгаа интернэт банкны систем юм...” /3хх 88-89/,

шинжээч Б.Д-ийн “...Би Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Лхагвасүрэнгийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжилгээ хийх тухай тогтоолын дагуу шинжилгээ хийсэн. Яллагдагч Б.Х-ийн бичсэн гэх 12 чект шинжилгээ хийхэд 0657230, 0657231 дугаартай чекийн тоон бичвэрүүдэд өөрчлөлт орсон байсан. Дээрх өөрчлөлтийг “Projectina Spectra Pro” төхөөрөмж ашиглан гэрлийн төрөл бүрийн аргаар шүүж үзэхэд 0657230, 0657231 дугаартай чекүүд дээр бичсэн тоон бичвэрүүдэд өөр өөр будагч бодис илэрч харагдаж байсан. Тийм учраас дээрх чект бичсэн тоон бичвэрүүд нь өөр өөр будагч бодисоор бичсэн байх боломжтой юм. Би энэ тухай шинжээчийн дүгнэлтэд хангалттай байдлаар тайлбарлан бичсэн. Б.Х-ийн харьцуулах загвараар шинжилгээнд ирүүлсэн тоон бичвэрүүд нь шинжилгээнд хүргүүлсэн 0657230, 0657231 дугаартай чекүүд дээр бичсэн тоон бичвэрүүдтэй тохирч байсан...” /4хх 221/,

шүүгдэгч Б.Х-ийн яллагдагчаар дахин өгсөн “...2023 оны 3 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл “ДК” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус байгууллагын Худалдаа хөгжлийн банкны ................. тоот данснаас 5.764.000.000 төгрөгийг, Хаан банкны ................. тоот данснаас 1.260.000.000 төгрөгийг, Хаан банкны ................. тоот данснаас 605.000.000 төгрөгийг, бэлнээр /касснаас/ 520.000.000 төгрөгийг, кассанд байсан бэлэн мөнгөнөөс /дутагдал/ 79.906.938.22 төгрөгийг, нийт 8.228.906.938,22 төгрөгийг авсан. Би тухайн мөнгийг “Рерpеstоne” гэх нэртэй гадаад брокер луу шилжүүлж арилжаа хийсэн. Тэгэхдээ 3.905.000.000 төгрөгийг арилжаа хийж буцаан олсон. Энэ бүхэн миний дансанд хийсэн үзлэгээр гарсан. Харин төлөгдөөгүй байгаа 4.323.906.938,22 төгрөгийг арилжаа хийгээд алдсан. Ажиллаж байхад надад тухайн байгууллагын татвар төлөх зориулалт бүхий Худалдаа хөгжлийн банкны данс байсан. Уг дансны гүйлгээ хийх интернэт банкны эрх нь надад байсан. Гүйлгээ хийх зарлагын эрх 500.000.000 төгрөг байсан. Тэгээд би тухайн данснаас өөрийнхөө данс руу татвар төлж байгаа мэтээр гүйлгээ хийж хувьдаа авдаг байсан...” /3хх 214-215/ гэсэн мэдүүлгүүд,

“Ворлдвайд файнанс аудит” ХХК-ийн хараат бус аудиторын “...2023 оны 12 дугаар сарын 31 болон 2024 оны 03 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон аудитлагдаагүй санхүүгийн тайлан дахь мөнгөн хөрөнгийн зарим данснуудад эрсдэл учирч нийт 4.323.906.938,22 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус компанид мөнгөн хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б овогтой Х нь хувьдаа авч компанид хохирол учруулсан нь нотлогдож байна...” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0125/1700 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн 0657230, 0657231 дугаартай чек гэх баримтын “дүн” гэсний доор нөхөх хүснэгтэд “50,000,000” гэсэн тоон бичвэрүүдийн 0657230 дугаартай чек гэх баримтын “дүн” гэсний доор нөхөх хүснэгтэд “5 000 000” гэсэн тоон бичвэрийн дунд “0”-ын тоо нэмж бичиж “50,000,000” болгон нэмж засварласан, 0657231 дугаартай чек гэх баримтын “дүн” гэсний доор нөхөх хүснэгтэд “5 000 000” гэсэн тоон бичвэрийн “5”-ын тооны ард “0”-ын тоо нэмж бичиж “50,000,000” болгон нэмж засварласан байна, ...нөхөх хүснэгтэд “50,000,000” гэсэн тоон бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Х-ийн гэх тоон бичвэрийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна...” /5хх 196-201/ гэсэн болон Монголбанкны хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/001 дүгээр хэрэгт хийсэн дүгнэлтүүд /3хх 186-197/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1001908 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 204-205/,

“ДК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Т-48 дугаартай “Б овогтой Х (РД:...............)-г нягтлан бодогчийн албан тушаалд томилсон талаарх тушаал /1хх 6/, Б.Х-ийн “ДК” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил, албан тушаалын тодорхойлолт /1хх 7-11/,

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “ДК” ХХК-ийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд уг нэрээр, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Б.Гантиг гэх хүний өмчлөлд бүртгэлтэй гэсэн лавлагаа /1хх 5/,

мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б.Х-ийн Худалдаа Хөгжлийн банкны данснуудын хуулгад, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 205-225, 3хх 218-236/,

“ДК” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны /1хх 227-250, 2хх 1-20/, Б.Х-ийн Худалдаа хөгжлийн банкны ................., ................. ам долларын, ................. тоот /2хх 129-167/ данснуудын хуулгууд,

“ДК” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний тооллогын баталгаа /2хх 21/, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх мөнгөн хөрөнгийн журнал /2хх 22-48/, тус компаниас Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкинд хандаж гаргасан хүсэлтүүд /3хх 127-136/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж Б.Х-ийн “ДК” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны тоот данснуудаас 7.629.000.000 төгрөгийг, касснаас бэлнээр 520.000.000 төгрөгийг, кассанд байсан бэлэн мөнгөнөөс /дутагдал/ 79.906.938.22 төгрөгийг, нийт 8.228.906.938,22 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн, мөн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 0657230 дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 0657231 дугаартай төлбөрийн хэрэгсэл болох бэлэн мөнгөний чекүүдээр мөнгө гаргуулан авахдаа 5.000.000 төгрөгийн чекийг 50.000.000 төгрөг болгож “0” орон нэмэх байдлаар өөртөө ашигтайгаар засварлан хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Хаан банкнаас бэлэн мөнгө гаргуулан авсан үйлдэл нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх бөгөөд анхан шатны шүүхээс Б.Х-г хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн мэдсээр байж ашигласан гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Х-ийн хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, мөн төлбөрийн хэрэгсэл болох бэлэн мөнгөний чекүүдээр мөнгө гаргуулан авахдаа 5.000.000 төгрөгийн чекийг 50.000.000 төгрөг болгож “0” орон нэмэх байдлаар өөртөө ашигтайгаар засварлан хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Хаан банкнаас бэлэн мөнгө гаргуулан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х 5 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жилээр тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Хохирогч “ДК” ХХК-ийн өмгөөлөгч нарын “...шүүгдэгчийн үйлдэл залилах болон мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй, ...арилжааны банкнуудыг иргэний хариуцагчаар татаж, гэм хорыг хариуцан төлүүлэх ёстой, ...арилжаанд орсон гэх дансыг шалгаж дансанд үлдсэн мөнгийг хохиролд тооцуулах шаардлагатай, ойр дотны хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байдаг тул уг мөнгөний эх үүсвэрийг шалгаж, тэдгээр нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоох...” гэсэн,

шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо “...шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаараас хэтрүүлж дүгнэлт хийсэн, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий гомдлууд гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

1. Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхийг хууль бусаар авч байгаа обьектив болон субьектив шинжээсээ хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.

Завших гэмт хэрэг нь залилах гэмт хэргээс ялгагдах шинж нь хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө нь гэмт этгээдэд хууль ёсоор очоод хууль бус хэлбэрээр буюу шунхайн зорилгоо хэрэгжүүлж хохирогчийн өмч хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн байдаг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа зорилго бий болж хэрэгждэг.

Шүүгдэгч Б.Х нь хохирогч “ДК” ХХК-ийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олж авах зорилгоор хохирогчийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй.

Харин хохирогч “ДК” ХХК нь шүүгдэгч Б.Х-д өөрийн өмчийг хариуцуулж нягтлан бодогчийн албан тушаалд томилжээ. Улмаар шүүгдэгч Б.Х-д хохирогч “ДК” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх эрх “ДК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Т-48 дугаартай “Б овогтой Х (РД:.....................)-г нягтлан бодогчийн албан тушаалд томилсон талаарх тушаал /1хх 6/, Б.Х-ийн “ДК” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил, албан тушаалын тодорхойлолт /1хх 7-11/ зэргийг үндэслэн олгогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан завших гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ “ДК” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Т-48 дугаартай ажилд томилсон тушаал /1хх 6/, хөдөлмөрийн гэрээ /1хх 7-9/, ажил, албан тушаалын тодорхойлолт /1хх 10-11/ зэргээр тогтоогдож байх бөгөөд “ДК” ХХК-иас харилцагч банк болох Худалдаа хөгжлийн банк, Хаан банкинд хандан гаргасан:

- 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 629, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 543, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 883 тоот  албан тоотуудаар Б.Х-д холбогдох данснуудыг нээлгэж, карт захиалан, данснаас гүйлгээ хийх, хуулга авах, бусад бүх эрхийг олгуулах тухай хүсэлтүүд /3хх 127-129/,

-2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 258, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1147 тоот албан бичгүүдээр байгууллага дээр бүртгэлтэй болон шинээр нээгдэж байгаа бүх данснаас бэлэн болон бэлэн бусаар гүйлгээ хийх, дансны хуулга, тодорхойлолт авах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон итгэмжлэл /3хх 132-135/,

- Худалдаа хөгжлийн банкинд хандан гаргасан 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 199 тоот “...байгууллагын данснаас гүйлгээ хийх интернэт банкны эрхийг Б.Х, Ж.Б, Н.Б нарт олгуулах...” /4хх 66/, Хаан банкинд хандан гаргасан мөн өдрийн 198 тоот “...байгууллагын данснаас гүйлгээ хийх интернэт банкны эрхийг Б.Х, Ж.Б, Н.Б нарт олгуулах, нэг өдрийн гүйлгээний лимитийг 500.000.000 төгрөгөөр тохируулах, шаардлагатай ажилтан бүрд васко төхөөрөмж авах...” /4хх 70/ хүсэлтүүд, Ти Ди Би онлайн үйлчилгээний гэрээ болон нууцлалын төхөөрөмж хүлээлцэх акт /4хх 67-69/, Хаан банктай байгуулсан Байгууллагын цахим банкны үйлчилгээний гэрээ /4хх 71-72/, мөн гэрч Б.Батхүүгийн “...“Дижитал концент” ХХК-ийн 199 дугаартай албан бичгийн дагуу нэр дурдагдсан албан тушаалтнуудад манай байгууллагаас Ти Ди Би онлайн үйлчилгээ үзүүлэх гэрээг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээнд нэр дурдсан албан тушаалтнуудад интернэт банкны эрх олгосон. Тухайн интернэт банкны эрхийг олгосон хүмүүст васко төхөөрөмж өгсөн. Тухайн байгууллага интернэт банкаар их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийдэг учир уг төхөөрөмж ашиглах шаардлагатай болсон...” /5хх 63-64/ гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Х нь тэдгээр мөнгөтэй харьцах эрхтэй байсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн 2023 оны жилийн эцсийн тайлан гарах үед 1.040.000.000 төгрөгийн зөрүү үүссэн байсныг Б.Х нь “Худалдаа хөгжлийн банкнаас авах авлага” гэсэн утгатайгаар хуурамч бичилт хийж, компанийн орлого, зарлагын бүртгэл тэнцсэн /2хх 97/ нь албан тушаалын байдлаа ашиглан завших гэмт хэрэг үйлдсэнээ нуун дарагдуулахын тулд хийсэн үйлдэл болохоос тухайн бичилтийг хийснээрээ мөнгө авсан асуудал биш учир залилах гэмт хэргийн шинжгүй байна.

2. Мөнгө угаах гэмт хэрэг нь суурь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тухайн хэргийг нуун далдлах, эх сурвалжийг өөрчлөх зорилготойгоор суурь гэмт хэргийг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилготойгоор гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, нуун далдлах зэрэг тодорхой үйлдэл хийж буй хоёрдогч этгээдийн үйлдлийг ойлгох бөгөөд суурь гэмт хэрэг үйлдсэн этгэээд ганцаараа мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх боломжгүй юм.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Х нь ганцаараа хохирогчийн өмч хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн шинжтэй үйлдлийг хийсэн бөгөөд өөр бусад этгээдийн тусламжтай мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

3. Арилжааны банкуудыг иргэний хариуцагчаар татаж, гэм хорыг хариуцуулан төлүүлэх асуудлын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502. 1, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт тус тус заасан иргэн, хуулийн этгээд хамаарна.

Харин “ДК” ХХК-ийн нягтлан бодогч Б.Х нь ажиллаж байсан компанидаа хохирол учруулсан үйл баримтаас дүгнэхэд хохирогч нь өмч хөрөнгөө итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэсэнээр шүүгдэгчийн гэмт санаа үүсч завших гэмт хэрэг үйлдэгддэг. Худалдаа хөгжлийн банк, Хаан банкнуудад “ДК” ХХК-ийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 629, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 543, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 883 тоот  албан тоотуудаар Б.Х-д холбогдох данснуудыг нээлгэж, карт захиалан, данснаас гүйлгээ хийх, хуулга авах, бусад бүх эрхийг олгуулах тухай /3хх 127-129/ хүсэлтийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 258, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1147 тоот албан бичгүүдээр байгууллага дээр бүртгэлтэй болон шинээр нээгдэж байгаа бүх данснаас бэлэн болон бэлэн бусаар гүйлгээ хийх, дансны хуулга, тодорхойлолт авах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон итгэмжлэлийг  /3хх 132-135/ үндэслэн Худалдаа хөгжлийн банкинд хандан гаргасан 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 199 тоот “...байгууллагын данснаас гүйлгээ хийх интернэт банкны эрхийг Б.Х, Ж.Б, Н.Б нарт олгуулах...” /4хх 66/, Хаан банкинд хандан гаргасан мөн өдрийн 198 тоот “...байгууллагын данснаас гүйлгээ хийх интернэт банкны эрхийг Б.Х, Ж.Б, Н.Б нарт олгуулах, нэг өдрийн гүйлгээний лимитийг 500.000.000 төгрөгөөр тохируулах, шаардлагатай ажилтан бүрд васко төхөөрөмж авах...” /4хх 70/ хүсэлтүүд, Ти Ди Би онлайн үйлчилгээний гэрээ болон нууцлалын төхөөрөмж хүлээлцэх акт /4хх 67-69/, Хаан банктай байгуулсан Байгууллагын цахим банкны үйлчилгээний гэрээ /4хх 71-72/ байгуулан интернэт банкны гүйлгээ хийх эрх олгогдсон байна.

Харилцагч байгууллагын хүсэлтийн дагуу эрх олгогдсон этгээдийн хийж буй мөнгөн гүйлгээг дээрх банкуудыг хууль бус гэдгийг мэдэх боломжтой гэж үзэх боломжгүй тул гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд гэж үзэж иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “банк нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” талаар тусгаж, 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний, гадаад төлбөр тооцоо болон виртуал хөрөнгийн гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй хэмээн зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Монголбанкны хяналт шалгалтын газрын мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З-гийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/001 тоот дүгнэлтээр “Банк нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар харилцагчийг таньж мэдэх болон тусгайлан хяналт тавих, сэжигтэй гүйлгээг санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэг хүлээсэн. Гэвч Худалдаа хөгжлийн банк нь “ДК” ХХК болон Б.Х нарын гүйлгээнүүдэд тусгайлан хяналт тавих, 20.000.000 төгрөгөөс дээш буюу эрсдэлтэй гүйлгээгээ Монголбанкны санхүүгийн албанд мэдээлж байсан баримтаа ирүүлээгүй” гэсэн дүгнэлт гаргасан байх хэдий ч банк энэ талаар мэдээлээгүй нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлөөгүй.

Учир нь, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба хэрэгжүүлэх бөгөөд уг хуульд нийцүүлэн гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам, Банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам зэрэгт зааснаар арилжааны банкуудад мэдэгдэж, арга хэмжээг авах ёстой. Худалдаа хөгжлийн банк болон Хаан банк хуульд зааснаар ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхэд Монголбанк хяналтыг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан бусад асуудлын тухайд, шүүгдэгч Б.Х-ийн бусдад учруулсан 8.228.906.938,22 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар их хэмжээний хохиролд хамаарах бөгөөд тэрээр “ДК” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрхэлж буй ажил, үүргийн дагуу өөрт нь олгогдсон компанийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот данснаас 5.764.000.000 төгрөгийг, Хаан банкны ................. тоот данснаас 1.260.000.000 төгрөгийг, Хаан банкны ................. тоот данснаас 605.000.000 төгрөгийг, бэлнээр /касснаас/ 520.000.000 төгрөгийг, кассанд байсан бэлэн мөнгөнөөс /дутагдал/ 79.906.938.22 төгрөгийг, нийт 8.228.906.938,22 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар болон бэлнээр авч завшсан хэмээн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг үндэслэлтэй зөв тогтоожээ.

Мөрдөн байцаалтын шатанд мөнгөний зарцуулалттай холбоотой Б.Х-ийн данс болон “pepperstone” арилжаа хийсэн аппликейшн зэрэгт үзлэг хийж, ойр дотны хүмүүстээ мөнгө шилжүүлсэн байсан тул гэмт хэргийн хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж холбогдох ажиллагааг явуулсан буюу гэрч Г.Б-ын “...Б.Х урьд нь ямар нэг хууль бус зүйл хийж байгаа талаар юу ч ярьж байгаагүй, ямар дүнгээр, ямар эх сурвалжаас олсон мөнгийг зарцуулаад байгааг мэдээгүй...” /1хх 20/, гэрч Д.Б-ийн “...Надад зээлсэн гэх мөнгийг нь ямар мөнгө гэдгийг нь асуухад би хуримтлал үүсгэсэн байсан гэж тайлбарладаг байсан...” /3хх 100-101/, гэрч А.Б-ийн “...Тухайн үед нөхөр бид хоёр малчны болон миний цалингийн зээлтэй байсан. Тэр зээлүүдээ хаах гэж Б.Хгаас мөнгө зээлсэн, эргүүлэн төлсөн. Манай охин байр авах гэж мөнгө хурааж байгаа гэж би хоёрт хэлдэг байсан. Сэтгэлд таарсан байр олдохгүй байна, судалж байгаа гэдэг байсан. Байр авах гээд хуримтлуулсан мөнгөнөөсөө зээлж байна гэж ойлгосон...” /3хх 104-105/ гэсэн мэдүүлгүүдээр дээрх хүмүүс нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй тул таамаглалд үндэслэн иргэний хариуцагчаар тогтоож хохирлыг хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Хаан банкны теллерүүдтэй холбоотой хуурамч чекийг мэдсээр байж авсан гэх боловч шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/3472 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, уг хугацаанд Хаан банкны чекээр гүйлгээ хийсэн теллерүүд болох Э.А, Б.Ч, А.Н, Т.С, Д.Ц нараас гэрчээр мэдүүлэг авч, хэргийн талаар нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоох зорилгоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж яллах дүгнэлт үйлдсэн, тус яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааныг хойшлуулах ерөнхий үндэслэлүүд болон мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” хэмээн тусгайлан зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийн хувьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2527 дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр товлон /5хх 102/, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2757 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад явуулахаар тогтоосон /5хх 119-120/ байх ба 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон гэсэн үндэслэлээр /5хх 126/, дараа нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан гомдол шийдвэрлэх зорилгоор холбогдох ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл тус тус хойшлуулжээ.

Тус хугацаанд Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 591 дүгээр “Мэдээлэл /баримт бичиг/ гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрлөөр Хаан банк болон “ДК” ХХК-иудаас гүйлгээ хийсэн чекийг тус тус гаргуулан авахыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Л-д олгож /4хх 7-8/, үүний хариуд “ДК” ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 591 дугаартай /4хх 11-12/, Хаан банкнаас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29/6904 дугаартай /4хх 13/ тус тус албан бичгээр чекийг эх хувиар ирүүлж, Хаан банкны холбогдох ажилтнууд болох Э.А, Б.Ч, А.Н, Т.С, Д.Ц, “ДК” ХХК-ийн холбогдох ажилтнууд болох Э.Н, Ж.Б, Б.Г нараас тус тус гэрчээр мэдүүлэг авч, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 659 дүгээр “Мэдээлэл /баримт бичиг/ гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрлөөр Хаан банк, Худалдаа хөгжлийн банкуудаас “ДК” ХХК-тай байгуулсан интернэт банк, васко төхөөрөмж ашиглах гэрээнүүд болон холбогдох баримтуудыг гаргуулан авахаар болж /4хх 58-59/ холбогдох баримтуудыг ирүүлсэн нь хэрэгт /4хх 60-160/ авагджээ. Мөн мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1700 дугаар дүгнэлт гарсан байх /4хх 161-195, 196-215/ ба шинжээчийн дүгнэлттэй 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч, хохирогч нар танилцсан болох нь тогтоогдож байна.

Улмаар 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд улсын яллагч “...чектэй холбоотой 2 чекийг зассан байна гэх шинжээчийн дүгнэлт өнгөрсөн 5 дахь өдөр гарсан, яллах дүгнэлт үйлдэх зэрэг ажиллагаа хийх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяр “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна, нэмэлт ажиллагаа хийсэнтэй холбоотойгоор хохирол төлбөрөө хэрхэн нэхэмжлэх гэх зүйлс байгаа учир шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болж байна...” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргаж, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан /5хх 150-151/ нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаанд хамаарах төдийгүй анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

6. Дээр дурдсанаар 4 дүгээр хавтаст хэргийн 161-215 дахь талд мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, хавсарган хүргүүлсэн баримтын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1700 дугаар дүгнэлт гарч, уг дүгнэлтээр шинжилгээнд хүргүүлсэн 12 ширхэг чекээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 0657230 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 0657231 дугаартай төлбөрийн хэрэгсэл болох бэлэн мөнгөний 2 ширхэг чекийг шүүгдэгч Б.Х засварласан болох нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, тус зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

 Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Жавхлан, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Х-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2084 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “ДК” ХХК-ийн өмгөөлөгч С.Жавхлан, шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРМАА

 

                                                ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ

 

                                    ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ