Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 676

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отонцэцэг, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Б.Анарыг оролцуулан тус шүүхийн “А“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балдан овогт Баатарын Алтантогост холбогдох эрүүгийн “1803005290308” дугаартай, 186/2018/0638/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүн хэлэлцэв.                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Хонхорын 3 дугаар гудамж 95-Б тоотод оршин суух бүртгэлтэй, Балдан овогт Баатарын Алтантогос /РД:ЧО73031466/,

            Холбогдсон хэргийн талаар:

Б.Ань 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнтийн давааны зүүн уруудах замд Тоёото Спринтер маркийн 24-85 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдлөгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс замын хажуу руу онхолдож зорчигч Б.Даринбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                    

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Даринбаатарын:...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Партизан сангийн аж ахуйн тэнд нэг гэр амралтанд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Ардчилсан намын дэмжигч нар хамт санаа нийлээд салхинд гарч амархаар болсон. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хотруу 10 цагийн орчим гарсан. Би Алтантүлхүүрийн машины хойд голын суудал дээр суугаад хоёр талд Алтантүлхүүр, Эрдэнэбаатар 2 суугаад, Одгэрэл жолоочийн хажуугийн суудал дээр Алтантогос машин жолоодоод явсан. Замдаа Алтантогос машины тоормосыг шалгаж үзээд байсан тэр үед зүгээр байсан. Гүнтийн даваа уруудаад эрчээрээ яваад онхолдчихсон. Тухайн үед Алтантүлхүүр согтуу Эрдэнэбаатар Одгэрэл нар халамцуу байсан. Алтантогос бид хоёр эрүүл согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-20/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Н.Алтантүлхүүрийн:..гүнтийн даваа уруудаад Батсүмбэрийн ойролцоо амралтын газар 2018 оны  06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороонд найзалж амьдардаг  16 хүн амарч зугаалхаар явсан. Тэр газар луу эхлээд би өөрийнхөө машиныг барьж явсан. Тэнд амарч хоноод маргааш өглөө нь 11 цагийн орчимд гэрлүүгээ буцахаар явцгаасан. Би тухайн үед согтуу байсан учраас миний машиныг Алтантогос бариад хажууд нь Одгэрэл суугаад хойд суудал дээр би, Даринбаатар, Эрдэнэбаатар бид 3 сууж явсан. Тэгээд гүнтийн даваа уруудаад явж байгаад Алтантогос зогсохгүй байна аа, Түлхүүр ахаа гэж хэлж байсан тэгээд л гэнэт хөмөрчихсөн. Өөр мэдэх зүйл алга гэх мэдүүлэг. /хх-24/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Агэрчээр мэдүүлэхдээ:..2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Партизан руу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугчдаараа салхинд гарах гэж явсан. Тэнд нэг амралтын газар гэрт хоносон. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад хот руу хөдөлцгөөсөн. Тухайн үед  Аптантүлхүүрийн 24-85 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод хажуу суудал дээр Одгэрэл, хойд суудал дээр Эрдэнэбаатар, Даринбаатар, Алтантүлүүр нар сууж явсан. Алтантүлхүүр нь согтуу байсан учраас намайг машинаа барьчих гээд Гүнтийн даваа уруудаад явж байтал тухайн машины тоормос нь барихгүй байгаа юм шиг гачаалдаад байхаар нь явган хүний гарц дээр 2 хүн зогсож байхаар нь дайрчихвий гээд замаас гарах гээд онхолдсон. Би тухайн үед 20-25км/цагийн хурдтай явж байсан. Зам орчны нөхцөл хэвийн үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Урд замаас хэд хэдэн машинууд гараад зогсчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-25/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Даваасүрэнгийн:..Манай найз хүнтэй их нийцтэй, тусархуу, ажилсаг, юманд их туушай ханддаг. Ер нь архи дарс хэрэглээд байдаггүй, нөхөр нь 2012 онд нас бараад үүнээс хойш хүү  охин хоёртойгоо амьдарч байна, өрх толгойлсон эмэгтэй гэх мэдүүлэг. /хх-29/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Отгонцэцэгийн:..Алтантогос  нь 2 хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг, Нөхөр нь нас бараад 6 жил болж байна.Бага хүүхэд нь одоо 6 дугаар анги гэх мэдүүлэг. /хх-31/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Эрдэнэбаатарын:..Тухайн үед нэг газарт удаан жил хамт оршин суудаг найз нөхдөөрөө нийлээд Сонигонхайрхан дүүрэг Бартизан сангийн аж ахуйн ойролцоо салхинд өглөө 10 цагийн үед гарсан. Бид нар 5 уулаа, найз Алтантүлхүүрийн машинаар явсан. Маргааш нь өдөр нь 12 цагийн үед буцаж явсан. Тухайн үед найз Алтантогос машиныг эрүүл байгаагаараа бариад, хажууд нь манай эхнэр Одгэрэл, ард талд Аптантүлхүүр Даринбаатар бид 3 сууж явсан. Тэгээд замдаа явж байгаад Ар гүнтийн давааг уруудаад машин жоохон эрчтэй явж байсан. Гэхдээ машины км заалт хэдтэй явсанг мэдэхгүй байна. Гэнэт л машин онхолдоод, удаагүй 103 машин ирээд эмч бид нарыг үзсэн. Даринбаатар, манай эхнэр бид 3 эмнэлэг явсан гэх мэдүүлэг. /хх-33/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Батмөнхийн:..Түхайн үед нэг хороонд удаан жил хамт оршин суудаг найз нөхдөөрөө нийлж Сонгинохайрхан дүүрэг Бартизан сангийн аж ахуйн чиглэлд салхинд 2018 оны 06-р сарын 13-ны өглөө 10 цагийн үед гарсан, бид нар 5 уулаа, найз Алтантүлхүүрийн машинаар явсан, маргааш нь өдөр 12 цагийн үед буцаад Улаанбаатар хотруу явсан тухайн үед найз Алтантогос машиныг бариад, хажууд нь би суугаад, ард талд Алтантүлхүүр, Даринбаатар, манай нөхөр Эрдэнэбаатар сууж явсан, тэгээд замдаа явж байгаад Ар гүнтийн давааг уруудаад явж байтал гэнэт л машин онхолдсон юу болсонг мэдэхгүй байна, нэг мэдсэн машин маань онхолдсон, юунаас яаж байгаад машин унасанг мэдэхгүй байна гэх мэдүүлэг./хх-34/,

2.7. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7821 тоот актын: 

1. С.Даринбаатарын биед зүүн шуу ясны хугарал, зүүн 4-р хавирганы хугарал, зүүн шилбэний цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт. /хх-37/,

2.8.Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчийн №123 тоот актын:

1.Жолооч Б.Ань Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Б.Даринбаатар, Б.Одгэрэл, М.Эрдэнэбаатар, Н.Алтантүлхүүр нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

2.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлөхгүй байна.

3.Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.. Цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх 47-48/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1 Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-04/, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-14/, шинжээчийн дүгнэлт /хх-37/, шүүгдэгч Б.Ань урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61/, хохирогч С.Даринбаатар, иргэний хариуцагч Н.Алтантүлхүүр нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Б.Ань 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнтийн давааны зүүн уруудах замд “Тоёото Спринтер” маркийн 24-85 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс замын хажуу руу онхолдож зорчигч Б.Даринбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь хохирогч С.Даринбаатарын:...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хотруу 10 цагийн орчим гарсан. Би Алтантүлхүүрийн машины хойд голын суудал дээр суугаад хоёр талд Алтантүлхүүр, Эрдэнэбаатар  хоёр суугаад, Одгэрэл жолоочийн хажуугийн суудал дээр Алтантогос машин жолоодоод явсан. Замдаа Алтантогос машины тоормосыг шалгаж үзээд байсан тэр үед зүгээр байсан. Гүнтийн даваа уруудаад эрчээрээ яваад онхолдчихсон....гэх мэдүүлэг. /хх-20/, иргэний хариуцагч Н.Алтантүлхүүрийн:..тэнд амарч хоноод маргааш өглөө нь 11 цагийн орчимд гэрлүүгээ буцахаар явцгаасан. Би тухайн үед согтуу байсан учраас миний машиныг Алтантогос бариад хажууд нь Одгэрэл суугаад хойд суудал дээр би, Даринбаатар, Эрдэнэбаатар бид 3 сууж явсан. Тэгээд гүнтийн даваа уруудаад явж байгаад Алтантогос зогсохгүй байна аа, Түлхүүр ахаа гэж хэлж байсан тэгээд л гэнэт хөмөрчихсөн….гэх мэдүүлэг. /хх-24/,  Б.Агэрчээр мэдүүлэхдээ:...маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад хотруу хөдөлцгөөсөн. Тухайн үед  Аптантүлхүүрийн 24-85 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод хажуу суудал дээр Одгэрэл, хойд суудал дээр Эрдэнэбаатар, Даринбаатар, Алтантүлүүр нар сууж явсан. Алтантүлхүүр нь согтуу байсан учраас намайг машинаа барьчих гээд гүнтийн даваа уруудаад явж байтал тухайн машины тоормос нь барихгүй байгаа юм шиг гачаалдаад байхаар нь явган хүний гарц дээр хоёр хүн зогсож байхаар нь дайрчихвий гээд замаас гарах гээд онхолдсон. Би тухайн үед 20-25км/цагийн хурдтай явж байсан. Зам орчны нөхцөл хэвийн үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Урд замаас хэд хэдэн машинууд гараад зогсчихсон байсан гэжээ. /хх-25/, гэрч М.Эрдэнэбаатарын:..тухайн үед нэг газарт удаан жил хамт оршин суудаг найз нөхдөөрөө нийлээд Сонигонхайрхан дүүрэг Бартизан сангийн аж ахуйн ойролцоо салхинд өглөө 10 цагийн үед гарсан. Бид нар тавуулаа, найз Алтантүлхүүрийн машинаар явсан. Маргааш нь өдөр нь 12 цагийн үед буцаж явсан. Тухайн үед найз Алтантогос машиныг эрүүл байгаагаараа бариад, хажууд нь манай эхнэр Одгэрэл, ард талд Алтантүлхүүр, Даринбаатар бид  гурав сууж явсан. Тэгээд замдаа явж байгаад Ар гүнтийн давааг уруудаад машин жоохон эрчтэй явж байсан, гэхдээ машины км заалт хэдтэй явсанг мэдэхгүй байна. Гэнэт л машин онхолдоод, удаагүй 103 машин ирээд эмч бид нарыг үзсэн. Даринбаатар, манай эхнэр бид 3 эмнэлэг явсан гэх мэдүүлэг. /хх-33/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7821 тоот акт, Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчийн №123 тоот акт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Алтантогосыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

Хохирогч С.Даринбаатар нь шүүгчдэгч Б.Алтантогосоос цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад  учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Алтантогосыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                         

          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Балдан овогт Баатарын Алтантогосыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Алтантогосыг 450  /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Алтантогост оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ань торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Ань бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүгдэгч Б.Алтантогосын В ангилалын №549445 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, иргэний хариуцагч Н.Алтантүлхүүрийн эзэмшлийн “Тоёото Спринтер” маркийн 24-85 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0378574 дугаартай гэрчилгээг тус тус эзэмшигч нарт нь буцаан олгосугай.                   

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтантогост урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ