| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0505/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Б.Г/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Гантулгад холбогдох эрүүгийн 1811 01772 0616 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Батнасангийн Гантулга, 1987 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 19 дүгээр гудамжны 1216 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЦГ87112110/
Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
2018 оны 6 сарын 14-ний шөнийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1216 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Надмидыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 6 сарын 14-ний шөнийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1216 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Надмидыг зодож түүний биед баруун зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн бугуй, сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Д.Надмидын /хх-8-9/: “..Би Батнасан овогтой Гантулгатай 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Бид хоёрын дундаасаа 4 хүүхэдтэй. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нөхрийн хамт цагаан өнгөтэй приус 10 маркийн тээврийн хэрэгслээр таксинд хамт явсан. Манай нөхөр таксинд явж хувиараа мөнгө олдог ажил хийдэг юм. Бид хоёр танил болох Жагаа ах дээр очиж машинаа үзүүлсэн. Жагаа ах хроп нь эвдэрсэн байна солиулах хропоо аваад ир гэсэн. Би тухайн үед нөхөртөө уурласан. Өнөөдөр миний бие өвдөж байхад чи надад нэг ч удаа санаа зовсонгүй дандаа л машин тэргээ янзлуулж явах юм гэж уурлаад хэлсэн чинь Б.Гцугтаа үхчихье гээд хурдтай давхиж байгаад “Хүчитшонхор” худалдааны төвийн баруун талд машинтай шүргэлцэж аваар хийсэн..Бид хоёр хоорондоо амьдралынхаа талаар ярьж байгаад юу болсон юм намайг загнаад нүүр, толгой руу цохиж эхэлсэн. Би нөхөртэйгөө хэрэлдэхгүйн тулд гараад явъя гэхэд явуулахгүй миний баруун талын хацар луу 3-4 алгадсан. Би шууд цагдаад дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №7559 дугаар дүгнэлтэнд: /хх-18/ “..1. Д.Надмидын биед баруун зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн бугуй, сарвуунд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанл үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн бугуй, сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Б.Гантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-25-26/ “..Манай эхнэр уурлаад над руу дайраад байхаар нь би түлхэх гээд нүүр лүү нь цохьчихсон. Эхнэр уурлаад “би энэ гэрээс чинь гарлаа чамаас өөр залуучуудтай явна” гэж ярихаар нь би гаргаагүй юм. Би мөн согтуу байсан болохоор эхнэрийнхээ гар хөлнөөс нь чанга базсан. Тэгээд баруун талын хацар луу нь 2-3 удаа алгадсан..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-43/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7559 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Надмидын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Гантулгын дээрх байдлаар эхнэр Д.Надмидыг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Гантулыгыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гантулгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Гантулгыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Надмид шүүгдэгч Б.Гантулгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Батнасангийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Гнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР