| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2410022050965 |
| Дугаар | 2025/ДШМ/1370 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1370
2025 12 03 2025/ДШМ/1370
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
цагаатгагдсан этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2319 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2410022050965 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б.Б, ....................................., /РД: .................../;
Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О дэлгүүрийн гадна С.О-ын эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy А32” загварын гар утсыг “гар утсаар нь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж эс зөвшөөрч байна. Учир нь, хэрэгт авагдсан хохирогч С.О-ын удаа дараагийн тогтвортой мэдүүлгээр Б.Б нь хохирогчийн гар утсыг авч явсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар “...Би 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад зүс таних Төгөлдөр гэх залуутай таарсан. Тухайн залуутай юм ярьж байгаад надаас утсаар минь ярьчхаад буцаад өгье гэхээр нь зөвшөөрч өөрийн гар утсаа өгөхөд миний гар утсаар надаас холдож утсаар яриад байхаар нь тоогоогүй. Тэгээд нэг харахад алга болчихсон байсан тул гэрийнх нь хаягийг сураглаж байгаад очиход Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ХААИС-ийн баруун урд хэсэгт байрлах хашаанд байдаг гэрт амьдардаг байсан. Гэрт нь ороход ээж нь ганцаараа байсан ба хүү Төгөлдөрийг нь байгаа эсэхийг нь асууж үзэхэд “мэдэхгүй ээ, орж ирээгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь хэд хоног надад буцаагаад авч ирэх байх гэж хүлээгээд бүр болохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Төгөлдөр нь 170 орчим см өндөртэй, хар царайтай, архи нэлээд уудаг ба таарах болгонд архи уучихсан явж байдаг. Утасны дугаар болон төрсөн он, сар зэргийг нь мэдэхгүй 26-30 орчим настай байх. Анх 2022 онд банк бусаас 1.100.000 төгрөгийн лизингээр худалдаж авч байсан “Самсунг Галакси А32” маркийн гар утас байсан. Одоо надад санал хүсэлт, гомдол байхгүй. Надаас миний утсыг утсаар ярьчихъя гэж хэлээд авсан хүн болох Б.Б тухайн үед цагдаагийн алба хаагчид утсыг минь авч надад эргүүлэн өгсөн...” гэж тогтвортой өгдөг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан байхад үүнийг анхан шатны шүүх анхааралгүй орхигдуулсан байна. Тодруулбал, Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн гар утсыг хэлэхгүйгээр авч явсан талаараа мэдүүлдэг. Гэтэл шүүх дээрх нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” заалтуудыг эрх, эрх чөлөөнд халдсан, хэргийн бодит байдал нийцээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно.” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаар С.О-т 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон, хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгүүдэд заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байсан учраас үнэлээгүй хэмээн тайлбарлаж байна. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан ба шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Улсын яллагчаас анх хэргийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилж оруулсан ба өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт хангалттай цуглараагүй гэж үзээд хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамж гарч хэргийг буцаасан. Хэрэг буцсаны дараа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хүмүүсээ олсон хэмээн гэрчийн мэдүүлэг өгөх гэсэн боловч ажиллагаа огт хийгдээгүй. Хохирогч болон бусад гэрчүүд бүгд тухайн өдөр миний үйлчлүүлэгчтэй хамт архи уусан. Эхлээд өөрсдөдөө байсан мөнгөөрөө архи авч уугаад мөнгө нь дуусахад Б.Б эхлээд өөрийнхөө гар утсыг ломбардад тавьсан. Дараа нь хамт ууж байсан хүмүүстэйгээ ярилцаад хохирогчийн утсыг барьцаанд тавих болсон ба энэ талаар тухайн үед хамт байсан этгээдүүд бүгд мэдэж байсан гэдэг. Тухайн үед бичиг баримттай байсан ганц этгээд нь Б.Б, бусад хүмүүс нь бичиг баримтгүй байсан. Тиймээс Б.Б эхлээд өөрийнхөө гар утсыг, дараа нь хохирогчийн гар утсыг барьцаанд тавьсан. Эдгээр утаснуудыг Б.Б-ийн эхнэр тухайн ломбардны газраас авч өгөөд мөрдөгчид хүлээлгэж өгсөн. Иймд санаа зорилго нь хамтдаа архи уух байсан тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Прокуророос Б.Б-ийг С.О-ын эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг “гар утсаар нь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцээд, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг дараах үндэслэлээр хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, анхан шатны шүүх гэм буруутай үйлдэлд нь дүгнэлт хийхдээ хэрэг гарсан гэх цаг хугацаанд Б.Б-тэй хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч тухайн цаг хугацаанд гар утас байсан эсэх, гар утсыг авсан бол Б.Б, С.О нарын хооронд ямар харилцаа үүссэн, тэдгээрийн хэний мэдүүлэг үндэслэлтэй болохыг эх сурвалжаар давхар нотолсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоох нь зүйтэй гэж 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/2018 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэж байжээ.
Үүнээс үзэхэд хэргийн талаар нотолбол зохих ажиллагаа хангалттай хийгдсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг авч үзвэл хохирогч С.О-ын хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэсэн байна. Улмаар цагаатгагдсан этгээд Б.Б болон гэрч А.Т нарын мэдүүлэг нь хэрхэн хохирогч С.О-ын мэдүүлгийг няцаан үгүйсгэж байгаа үндэслэлийг зааж нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлж үзсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан ба хохирогч С.О-ын мэдүүлэг бусад эх сурвалжаар давхар нотлогдоогүй, харин хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж авсан гэрч А.Т-ийн “...Б.Б, Б, Г, Тө бид нар С.О-ын гар утсыг ломбардад тавихаар болсон. Тэгсэн С.О нь миний гар утсыг яачхав гээд асуугаад байсан. Гар утсыг нь Б.Б авч явж ломбардад тавьж мөнгөөр нь архи авсан юм. Тэр архинаас С.О өөрөө бид нартай хувааж уусан. С.О нь өөрийн гар утсаа ломбардад тавих талаар Б.Б-т зөвшөөрсөн эсэхийг мэдэхгүй, тэр талаар сонсоогүй. Гэхдээ хамт архи дарс ууж байсан хүмүүс архигүй болчихсон, мөнгө төгрөг байхгүй болчихсон байхад хэн ч зөвшөөрөх байх...” /хх 123-125/ гэсэн мэдүүлгийг хохирогч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шинжлэн судлахад Б.Б-ийн “гар утсаар нь яриад өгье” гээд С.О-ын 350.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан гэх үйлдэл нь “бусдыг хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан” залилах гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаагүй, мөн хохирогч С.О-ын гар утсыг ломбардад барьцаанд тавьж олсон мөнгөөрөө хамтран захиран зарцуулж буюу нийлж архи ууж байгаа үйл баримтыг “бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх” санаа зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээр дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээг үүсгэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Б-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Прокурор эсэргүүцэлдээ цагаатгагдсан этгээд Б.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 12-т заасан иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэжээ. Шүүхийн шийдвэр нь шийтгэх болон цагаатгах гэсэн хоёр хэлбэртэй байх бөгөөд цагаатгах тогтоол нь хуулийн дагуу иргэдийн өргөдөл гомдлын талаар гарч буй нэг төрлийн шийдвэр юм.
Цагаатгагдсан этгээд Б.Б-ийг анхан болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй гэж дүгнэсэн тул хохирогч С.О-т гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах талаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2319 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ