Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01025

 

 

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01025

 

 

 

Ү.Очийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/00576 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ү.Очийн хариуцагч Т.Баярцэцэгт холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, 4 500 00 төгрөг гаргуулах үндсэн, 8 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цагаанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Т.Баярцэцэгтэй 2018 оны 7 дугаар сарын 18-нд гэр бүл болж 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Т.Баярцэцэг бид 2 хамт амьдрахад маш хэцүү хоорондоо таарч тохирохгүй байнгын хэрүүл маргаантай байдаг бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтдаа амьдарч чадахгүй бие биедээ хайр сэтгэлгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна. Мөн Т.Баярцэцэг надаас 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сувилахуйн сургуульд суралцана гэж 2,500,000 төгрөг, мөн хуримаа хийнэ мөнгө хуримтлуулна гэж 2018 оны 11 дүгээр сард 2,000,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг авсан. Мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч түүнийгээ буцаан төлөх талаар 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гараар бичиг хийж өгсөн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

Хариуцагчийн тайлбарт: Би Ү.Очтой 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж 2018 оны 8 дугаар сарын 16-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Ү.Оч бид хоёр зан харилцааны хувьд таарч тохирохгүй хэрүүл маргаантай байдаг нь үнэн. Иймд миний зүгээс гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.    

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Ү.Оч, Т.Баярцэцэг нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Япон улсаас Тоёота приус 41 маркийн автомашиныг 16 000 000 төгрөгөөр захиалж 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр авсан. Ү.Оч өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулсан. Ү.Оч нь автомашинийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн дүү Ү.Галын нэр дээр шилжүүлсэн байсан. Иймд нэг гэр бүлийн дундын хөрөнгө болох уг автомашины үнэ 16 000 000 төгрөгөөс ногдох хэсэг болох 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан   баримтаар нэхэмжлэгч нь гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 89-27 УБГ улсын дугаартай,  Тоёота приус 41 маркийн автомашиныг худалдан авсан болох нь тогтоогдсон. Дундын өмчлөлийн гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх дахь хэсэгт заасныг баримтлан Хүгдүүд овогт Үнэнгийн Оч, Боржигон овогт Түмэнбаярын Баярцэцэг нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Баярцэцэгээс 4 500 000 төгрөг гаргуулах тухай Ү.Очийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Ү.Очоос  8 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Баярцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 150 төгрөг, хариуцагчийн төлсөн 142 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ү.Очийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Шүүх маргаанд холбогдох материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой зөв хэрэглээгүй, маргааны гол зүйлийг олж тодорхойлоогүй, маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ү.Оч хариуцагчаас хамтран амьдарч байх үедээ шилжүүлэн өгсөн гэх 4 500 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах шаардлага гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, шүүгч нэхэмжлэгч хариуцагч нарын гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага, ихэсгэсэн шаардлагыг үл хэрэгсэж явцуу байдлаар дүгнэж, хурим хийх гэсэн нэрийн дор хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 4 500 000 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах шаардлага гэж үзэх үндэслэлт байна гэж шийдвэрийнхээ үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хэргийн үйл баримтыг илт мушгин гуйвуулж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Талуудын хооронд хурим хийх талаар яригдсан, түүнд зориулж мөнгө хурааж байсан, цугларсан 4 500 000 төгрөгийг хариуцагч зарцуулсан талаар талууд маргаагүй байхад шүүхээс уг мөнгийг Т.Баярцэцэгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан эсэх, эсвэл хувьдаа зарцуулсан эсэхийг шалгаагүй. Тухайн баримт нь Иргэний хуульд заасан хэлцэлд тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүйгээс гадна талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэх боломжгүй гэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг хуулийн дагуу бодитоор үнэлээгүй гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан хуриманд зориулж мөнгө хадгалах хэлэлцээр буюу ганцхан зориулалтаар 4 500 000 төгрөгийг хариуцагчийн дансанд хадгалж байсан бөгөөд гэр бүлийн харилцаа дуусгавар болсон учир хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх мөнгийг буцааж өгөх талаар үүрэг хүлээсэн амлалт бичиг байсаар атал шүүх маргааны зүйлд огт хамааралгүй нөхцөл байдалд анхаарал хандуулж, нэхэмжлэгчийг гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх ёстой мэтээр тайлбарлан нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг тал талаас нь бодитой дүгнэж чадаагүй. Ү.Очоос Т.Баярцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хавтаст хэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгт цугларсан материалыг үнэлж шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл хариуцагч Т.Баярцэцэгийн хариуцагч татгалзаж буй үндэслэлээ хуримаа хийхээр бэлтгэж байгаа боловч чадаагүй, мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан гэх тайлбарыг ямар баримтанд тулгуурлаж хүлээж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад байхгүй, хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээсэн эсэхийг Т.Баярцэцэгийн гарын үсэг бүхий баримтаар нотлогдохгүй гэж дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн үүргийг зөрчиж, татгалзлаа нотолсон баримт хэрэгт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж хариуцагчийг эмэгтэй гэдэг талаас нь авч үзэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг доройтуулж, хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 500 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хариуцагчаас 4 500 000 төгрөг гаргуулгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ү.Оч нь хариуцагч Т.Баярцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 4 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 8 000 000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талууд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон, хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь гэрлэлтийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх4/

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлт цуцлах шаардлагын талаар маргаагүй, шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар талуудын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. 4 500 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь хариуцагч сувилахуйн сургуульд суралцахаар 2 500 00 төгрөг, хуримын зардалд зориулж 2 000 000 төгрөг нийт 4 500 000 төгрөг авсан, 4 500 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн бичиг хийж өгсөн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрлэгчдийн хамт амьдарч байх хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сард 2 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сард 2 000 000 төгрөг өгсөн нь хэргийн 54 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх ба уг мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд буюу хоол хүнс, хувцас, цахилгааны төлбөр зэрэг ахуйн хэрэглээндээ зарцуулсан гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, гэр бүлийн аль нэг гишүүн тухайн орлогыг олоогүй ч гэсэн хамтран өмчлөх эрхтэй гэж тус тус заасан тул дээрх 4 500 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан гэж үзнэ.

 

Хэргийн 40 дүгээр талд авагдсан Миний бие Түмэнбаяр овогтой Баярцэцэг нь Үнэн овогтой Очоос 4 500 000 төгрөг авсан нь үнэн болно. Үүнийг би эргүүлж өгнө гэх бичвэрийг хариуцагч нь нэхэмжлэгчийн дарамтад орж бичсэн гэж тайлбарласан. Шүүх 4 500 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Уг бичвэрийг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэхэд хариуцагч нь 4 500 000 төгрөгийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн хэлцэл гэж үзэхээргүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хариуцагч бид хамтран амьдрах хугацаандаа Япон улсаас тоёота приус 41 маркийн автомашиныг 16 000 000 төгрөгөөр захиалж авсан. Уг автомашин нь гэр бүлийн дундын хөрөнгө тул өөрт ногдох хэсэг болох 8 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарладаг.

 

Хэргийн 64-74 дүгээр талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлэг, нэхэмжлэгчийн депозит дансны хуулга, хадгаламжийн дансны хуулга, Гаалийн татвар төлсөн баримтуудаар нэхэмжлэгч нь гэрлэхийн өмнө маргаан бүхий автомашиныг худалдан авсан нь тогтоогдсон, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.1-д заасан нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг үйл баримтыг бодитойгоор үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Шүүхийн шийдвэрийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэж огноолон техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хэрэг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэгдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, хурлын зар хүргэсэн мэдэгдэл зэргүүдээс тодорхой байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/00576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ