Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01581

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01557 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаартай захирамжаар М ХХК-аас 4 112 764 839 төгрөгийг гаргуулж ТОСКТӨҮГ-т олгохоор шйидвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, М ХХК-ийн барьж буй ...хотхоны 93 тоот хаягт байрлах 40 ширхэг орон сууцуудыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор С ЭХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Дээрх орон сууцыг нийт 8 854 880 822 төгрөгөөр үнэлэхдээ дараах байдлаар үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайланг М ХХК-д 2020 оны 04 сарын 03 -ны өдөр албан бичгээр мэдэгдсэн.

 

2 дугаар орцны 1-ээс 6 давхарт байрлах 5 өрөө, 178.72 м.кв талбайтай гэх орон сууц нь 295 702 963 төгрөг 12 ширхэг орон сууц 3 548 435 566 төгрөг, 4 өрөө, 161 м.кв талбайтай гэх орон сууц нь 266 384 160 төгрөг 12 ширхэг орон сууц 3 196 609 920 төгрөг, 1, 2 дугаар орцны 7-оос 8 давхарт байрлах 2 өрөө, 61.561 м.кв талбайтай гэх орон сууц нь 101 856 368 төгрөг 4 ширхэг орон сууц 407 425 472 төгрөг, 3 өрөө 94.07 м.кв талбайтай гэх орон сууц нь 155 644 459 төгрөг 4 ширхэг орон сууц 622 577 836 төгрөг, 3 өрөө 98.16 м.кв талбайтай гэх орон сууц нь 162 411 610 төгрөг 4 ширхэг орон сууц 649 646 438 төгрөг, 2 өрөө 65 м.кв талбайтай гэх орон сууц нь 107 546 400 төгрөг 4 ширхэг орон сууц 430 185 600 төгрөг, нийт 8 854 880 822 төгрөгөөр үнэлэгдсэн.

 

Орон сууцны зориулалттай тус барилгыг М ХХК нь зах зээлийн үнэлгээгээр, шинээр баригдсан зайсанд байрлах орон сууцнуудын жишиг үнэлгээгээр тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ыг 1 654 560 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Жишиг үнийн хандлагын аргыг буу хэрэглэсэн талаар С ЭХХК-ийн М ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020036 тоот дугаартай 40 ширхэг орон сууцны үнэлгээний тайлангийн хүснэгт №5, 6 болон судалгаа 1,2,3-т үнэлж буй хөрөнгийг нийт 3 орон сууцтай харьцуулж жишиг үнийн хандлагаар эцсийн үнэлгээг 8 854 880 822 төгрөг гэж үнэлсэн. Тухайн харьцуулсан 3 орон сууц нь 2011 он, 2012 он, 2015 онд тус бүр ашиглалтанд бүрэн орсон орон сууцнууд юм. Харин үнэлж буй 40 ширхэг орон сууц нь 81,8 хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтанд ороогүй дутуу барилга байхад ашиглалтанд ороод 5-9 жил болсон орон сууцтай харьцуулж эцсийн үнэлгээг гаргасан нь тухайн үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй. Учир нь 5-9 жилийн өмнө ашиглалтанд орсон хуучин орон сууцны үнэлгээ нь шинээр баригдаж буй орон сууцны үнэлгээнээс бага байх бөгөөд элэгдэл ихтэй, орон сууцны үнэ унасан байдаг.

 

Орон сууцны талбайн м.кв-ыг дутуу тодорхойлсон. 5 өрөө орон сууц үнэлгээний тайланд 178.72 м.кв, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд 183.88 м.кв, ажлын зурагт 183.88 м.кв, 4 өрөө орон сууц үнэлгээний тайланд 161 м.кв, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд 160.24 м.кв, ажлын зурагт 164.43 м.кв, 3 өрөө орон сууц үнэлгээний тайланд 98.16 м.кв, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд 95.86 м.кв, ажлын зурагт 95.76 м.кв, 3 өрөө орон сууц үнэлгээний тайланд 94.07 м.кв, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд 94.07 м.кв, ажлын зурагт 94.07 м.кв, 2 өрөө орон сууц үнэлгээний тайланд 65 м.кв, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд 63.63 м.кв, ажлын зурагт 63.63 м.кв, 2 өрөө орон сууц үнэлгээний тайланд 61.561 м.кв, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд 58.33 м.кв, ажлын зурагт 58.33 м.кв байхад үнэлэгдэж буй хөрөнгийн талбайн хэмжээг багасган үнэлгээ гаргасан нь хууль бус юм.

 

Үнэлгээчин нь ямар баримтыг үндэслэн орон сууцны талбайн хэмжээг ийнхүү бага тодорхойлсоноо үнэлгээний тайланд тусгаагүй, орон сууцны талбайн м.кв-ын хэмжилтийг шинээр хийсэн нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу ийнхүү шүүхэд гомдол гаргаж байна.

 

Иймд М ХХК-аас дээрх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 сарын 03-ны өдрийн №4/11416 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ...хотхон, 93 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2206020036 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 93 тоот аялал жуулчлалын зориулалттай 1 437 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга гэх гэрчилгээтэй, 8 давхар 2 орцтой, дотор засал дутуу 90 хувийн гүйцэтгэлтэй гэх, ус дулаанд холбогдоогүй, ашиглалтанд ороогүй, улсын комисс хүлээн аваагүй, 40 айлын орон сууцыг 2020 оны 02 сарын 20, 21-ний өдрүүдэд 17280966/09-өөс 17280966/51 хүртэлх дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 17280966/52-оос 17280966/91 хүртэлх дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор нэг бүрчлэн барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахаар үнийн занал ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул 2020 оны 03 сарын 12-ны өдөр 145 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ-Эстимэйт ХХК-иар тогтоолгоход 8 854 880 822 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 04 сарын 03-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ...хотхон 93 тоотод байрлах 40 ширхэг орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 4 сарын 03-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан. Шүүх хуралдаанаар Сэлэнгэ-Эститэйт ХХК-ийн үнэлгээчин Г.О2020 оны 6 сарын 02-ны өдрийн 11 цагт гэрчээр оролцуулан тайлбар авсан байтал гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаанд авч хэлэлцээгүй, гэрч үнэлж буй хөрөнгийг бүрэлдэхүүнтэйгээр очин нэг бүрчлэн хэмжилт хийж м.кв тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барилгын ажлыг гүйцэтгэгч Орхоны шугуй ХХК-ийн зураг төсөлд дурьдсан м.кв битүүмжилж хураах ажиллагааг хийж, 4 гүйцэтгэн шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилсон шинжээч тухайн барилгад нэг бүрчлэн хэмжилт хийснээр м.кв нь өссөн тайлан ирүүлсэн. Шалтгаан нь гэрч Г.О мэдүүлэгтээ цонхны хаалтын хэсэгт хэмжилтэнд ороогүй байсан тул оруулан тооцсоноор м.кв өссөн талаар мэдүүлсэн. Хэмжилтыг газар дээр нь хийж м.кв үндэслэлтэй тогтоосон байтал м.кв зөрүүтэй гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад тооцно гэж заасан.

 

Шүүх Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг гаргахдаа жишиг үнэлгээний хандлагаар харьцуулан үнэлгээ тогтоосон үл хөдлөх хөрөнгө нь 2015, 2011 онд ашиглалтанд орсон орон сууцны зориулалттай барилгын үнэтэй харьцуулан судалсан нь үндэслэл муутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Үнэлгээний тайланд тухайн үнэлж буй хөрөнгө ижил төстэй чанар хийц, загвартай орон сууцтай харьцуулан үнэлсэн. Ашиглалтанд орсон байрнаас зах зээлд зарагдаж байгаа байрнаас үнэ нь шинээр баригдаж байгаа гэдгээр үнэ өссөн дүнгээр гаргасан байна. Тухайн үнэлж буй хөрөнгө нь бүрэн ашиглалтанд ороогүй, дутуу баригдсан барилга тул 1. м.кв 1 654 560 төгрөг нийт 8 854 880 822 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж, нотлох баримтыг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан ...хотхон 93 тоотод байрлах 40 ширхэг орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжаар М ХХК-аас 4 112 764 839 төгрөг гаргуулж ТОСКТӨҮГ-т олгож шийдвэрлэснийг хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ...хотхон 93 тоотод байрлах 40 ширхэг орон сууцыг битүүмжлэн, хураажээ. /хх 39-42, 52-62/

 

 

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд албадан дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн үнийн талаар санал ирүүлээгүй, үнийн санал дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор С ЭХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх 63-73/

 

 Анхан шатны шүүх С ЭХХК үнэлгээг гаргахдаа 2011 онд ашиглалтад орсон орон сууцны зориулалттай барилгыг, 2015 онд ашиглалтад орсон орон сууцны барилгын үнэтэй харьцуулсан нь үндэслэл муутай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Учир нь С ЭХХК ...хотхон 93 тоотод байрлах 40 ширхэг орон сууцыг өртөгийн хандлагын аргаар 7 459 969 296 төгрөгөөр, жишиг үнийн хандлагын аргаар 8 854 880 822 төгрөгөөр, зах зээлийн харьцуулалтын аргаар 8 854 880 822 төгрөг гэж тодорхойлон дээрх 3 аргыг харьцуулан дүгнэж зах зээлийн үнийг 8 854 880 822 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй. /хх 74-85/

 

 

Сангийн сайдын 2018 оны 03 сарын 45 дугаар тушаалаар С ЭХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.От хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон байх тул тус компани нь шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд байна.

 

 Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судлан тайланд тодорхой тусгасан байх тул үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, 9.3.8 хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах зохицуулалтад нийцсэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн 40 ширхэг орон сууц нь 81,8 хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтад ороогүй дутуу барилга байхад ашиглалтад ороод 5-9 жил болсон орон сууцтай харьцуулж, орон сууцны талбайн хэмжээг дутуу тодорхойлсон гэх тайлбар үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд Сэлэнгэ-Эститэйт ХХК-ийн үнэлгээчин Г.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайд хэмжилт хийж талбайн хэмжээг тогтоосон, бүрэн ашиглалтанд ороогүй барилга тул цонхны хаалтын хэсэг хэмжилтэнд ороогүй байсныг хэмжээг нь тогтоож тооцсон гэж мэдүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан гэрчийн мэдүүлэгийг нотлох баримтаар үнэлэх, нотолгооны хэрэгсэл болно. /хх 111-112/

 

 

 

Шинжээч С ЭХХК нь төлбөр төлөгчийн орон сууцыг үнэлэхдээ өртгийн хандлага, жишиг үнийн хандлага болон зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэн харьцуулан үнэлгээг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХК-ийн НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ