| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2506001570489 |
| Дугаар | 2025/ДШМ/1274 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1274
О.Л-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор М.Бамбадорж,
шүүгдэгч О.Л- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Батмөнх,
хохирогч Р-, түүний өмгөөлөгч Б.Бадамханд,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Л-, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Л-т холбогдох 2506001570489 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Л- нь 2024 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 айлын 2-18 тоотод оршин суух Америкийн нэгдсэн улсын иргэн Р--ийн зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокуророос О.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Л-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Л-аас 4,978,100 төгрөгийг гаргуулж хохирогч Р--д олгож, хохирогч Р- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, О.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Л- гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст цагдаагийн 3 албан хаагч энгийн хувцастай ирж, намайг нийлж зодож, мэдүүлэг авахдаа “мэдүүлгээ үнэн зөв өгөөрэй” гэж сүрдүүлж мэдүүлэг авсан. Мөн намайг зодсон хэргийн нотлох баримт миний гар утсанд хадгалаастай байхад анхан шатны шүүх хурлын дараа шүүгчийн туслахад байсан гар утсыг Р--ийн хамтран амьдрагч Т гэх залууд өгч явуулсан буюу миний эхнэр М.М-д гар утсыг хүлээлгэж өгөөгүй байна. Би Р--ийн усны насосыг гуйхад ав ав гэж хэлсэн, яг авах гээд очихоор өгөхгүй гэж хэлэхээр нь өөрийн биеэр очиж насос, паар 2-г авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би Р--гээс уучлалт гуйж амжаагүй тул зөвшөөрөлгүй насос авч хэрэглэсэндээ албан ёсоор уучлал гуйж байна. Би анхны мэдүүлэг өгөхөөс өмнө зодуулсан ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хуулийн мэдлэг дутмагаас болоод өөрийн гэрээс авч байгаа юм чинь яадаг юм гэж нэг гэр бүлд болдог жижиг маргаан төдий буруу ойлгож байснаа ухамсарлаж байна. Мөн эхнэр болон 5 хүүхдийн минь эрх ашиг, цаашдын амьдралыг минь харгалзан үзэж надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч О.Л-ын өмгөөлөгч М.Батмөнх гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Л- бүтэн өнчин бөгөөд асрах байгууллагаар өсөж хүмүүжсэн. Анхны мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө өмгөөлөх талаар хүсэлт бичээд шүүх хуралд орсон боловч эрх зүйн мэдлэг дутмаг, өөрийн өсөж хүмүүжсэн гэрээс авсан гэсэн буруу ойлголттой, хувийн байдалтай холбоотой нотлох баримт өгөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүйн улмаас 3 жилийн хорих ял авсан байна. Одоо О.Л- эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, хүнд машин механизмын засварчинаар ажилладаг, ажил төрлөө маш сайн хийдэг, хорт зуршил, буруу муу зүйлд автаагүй, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж яваа сайн эцэг юм гэдэг нь хорооны Засаг даргын болон ажлын газрын тодорхойлолтоор нотлогддог. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөртөө дүгнэлт хийж, дахин гэмт үйлдэл хийхгүйгээ амлаж байгаа. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 4,978,100 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй болгосон, 5 хүүхдийн ирээдүй зэргийг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж зааснаар 1 жилийн хорих ял болгож хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Р- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Таван жилийн өмнө О.Л- эхнэртэйгээ гэрлэж тухайн үед манайд ирсэн. Гэтэл О.Л- Гацууртын байшингаас нүүж, одоо Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа. Тухайн байшинд байгаа “эд зүйл бүгд минийх шүү” гэж хэлсэн мөн авч болохгүй эд зүйлийг зааж өгсөн. Гэхдээ О.Л- муу хүн биш, тухайн үед буруу сонголт хийсэн. Яагаад хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхгүй байна. Тухайн алга болсон эд зүйлд миний бүх дурсамжууд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд би О.Л-т “миний эд зүйлийг өгчих, тэгвэл би хохиролгүй, гомдолгүй болно гэж гуйсан. Би бодохдоо Цагдаагийн байгууллагад хандсан нөхцөлд эд зүйлийг өгөх байх гэж бодсон, харин О.Л-ыг хорих газарт явуулна гэж бодоогүй. О.Л- хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. О.Л-ын үйлдсэн гэмт хэргийн зүйл ангийг хөнгөрүүлэхийг хүсэж байна. Хэрвээ миний эд зүйлсийг буцааж өгсөн нөхцөлд ялыг хөнгөрүүлэх боломжтой байх гэж бодож байна ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын тайлбар, дүгнэлттэй санал нэг байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “шүүгдэгчийг мөрдөгч нар зодсон” гэх үйл баримт огт яригдаагүй. Шүүгдэгч “Өөрийнхөө гэрээс авч байгаа юм шиг эд зүйлийг авсан талаар” тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд эхнэр нь ирээгүй, О.Л- тээврийн хэрэгслээ зам хааж тавьсан учраас Т-д утас, тээврийн хэрэгслийн түлхүүр өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, баримт устгах зорилгоор тээврийн хэрэгслийн түлхүүр, утас зэргийг аваагүй. Анхан шатны шүүх хуралдаан хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Л-т эрүү шүүлт тулгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтад тулгуурлаж хэргийн хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” талаар тайлбартаа дурдаж байна. Энэ талаар тайлбар өгөхөд гэмт үйлдэлдээ хандсан хандлага, өөрийн сайн мэдэх хүнээс хулгай хийж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж прокуророос үзэж 3 жилийн хорих ялын санал гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.Л-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад:
1. Шүүгдэгч О.Л- нь 2024 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 айлын 2-18 тоотод оршин суух Америкийн нэгдсэн улсын иргэн Р--ийн зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-19/,
хохирогч Р--ийн өгсөн: “...би Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 10 айл 2-18 тоот зуны байшиндаа 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед очоод байшингийнхаа хаалгыг онгойлгох гээд түлхүүрээ эргүүлсэн чинь онгойхгүй байсан. Байшингаа тойроод харахад халаалтын өрөөний цонх хагарсан байхаар нь тухайн цонхоор ороод хаалгаа онгойлготол дотроос түгжээд, халаалтын өрөөнд байсан худагны насос, худагны мотор, 2 ширхэг паар, сангийн хоолойнууд алга болсон байсан. Үргэлжлүүлээд 2 давхарт гараад өрөөгөө шалгатал миний 4100 долларын үнэтэй эртний “Noritaki” үнэт эдлэл, 1000 долларын үнэтэй 14 ширхэг хийцтэй 4-5 хийл, 200 долларын үнэтэй ваар, 1000 долларын үнэтэй 14 ширхэг сувинер, 700 долларын үнэтэй бөс торго, түгжигддэг 150 долларын 3 ширхэг чемодан, 1500 долларын үнэтэй бэлгэнд өгөхөөр бэлдсэн шинэ жилийн тоглоом, бэлгүүд, хонины үстэй 500.000 төгрөгийн үнэтэй дээл, бичиг баримтууд, 600 долларын үнэтэй микроскоп комоор, хувцасны жижиг шүүгээ, чемодан, шуба, үлээвэр хөгжим, халаадаг гудас, нурууны массаж хийдэг төхөөрөмж зэрэг алга болсон байна. Одоогоор санаж байгаа эдгээр зүйлүүд байна. Манай гэрээс хулгай хийхдээ гэр доторх эд зүйлийг эмх замбараагүй болгоогүй, бүх зүйл цэвэрхэн хэвийн байсан. Тухайн эд зүйлүүд энд байгааг мэдэж байгаа юм шиг хулгай хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
гэрч М.М-гийн өгсөн: “...Би хамтран амьдрагч О.Л-ыг нь АНУ-н иргэн Р--ийн байшин руу хууль бусаар нэвтрэн орж худгийн мотор болон байшингийн халаалтын паар зэрэг эд зүйлс аваад гэрт орж ирэхийг нь мэдсэн. Би хаанаас авсан талаар асуухад Р--ийн эмээгийн байшингаас авсан гэж хэлэхээр нь яаж байгаа юм бэ, гай болно гэж хэлэхэд “гайгүй байх аа, би өөрөө аргална” гэж хэлэхээр нь би орхисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Шинжилгээний объектын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 4,978,100 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх-ийн 36-41/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед О.Л-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч О.Л- 2024 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 айлын 2-18 тоотод оршин суух Америкийн нэгдсэн улсын иргэн Р--ийн зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүх О.Л-ын үйлдлийг зөв зүйлчилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
О.Л-ын бусдад учруулсан хохирол, хор уршгийн талаарх баримт, хохирлын хэмжээг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд бүрэн явуулсан бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болcон.
Мөн шийтгэх тогтоолоор хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирлын 4,978,100 төгрөгийг шүүгдэгч О.Л-аас гаргуулж хохирогч Р--д олгож, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт, бодит байдалд нийцсэн байна.
Шүүх шүүгдэгч О.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор гэм бурууд нь тохируулан хорих ял оногдуулсан байх ба энэ нь О.Л-ын үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн арга, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Тодруулбал, шүүх үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхуйц ялыг тухайн шүүгдэгчид оногдуулдаг бөгөөд О.Л-, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх, ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Л-, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгч О.Л- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Л-, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-ын цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар хэргийн оролцогч гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ