| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0410/Э |
| Дугаар | 460 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч П.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уранчимэг,
хохирогч С.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П.Э-т холбогдох эрүүгийн 1811007540408 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн П.Э, 1978 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар баг, Өндөрхаан т-172 байрны 6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч П.Э нь 2018 оны 02 дугаар сарын 8-ны орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сант-Хорго зочид буудлын өрөөнд иргэн С.Болормаагийн нүүрэн тус газарт нь мохоо зүйл шидэж хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний буруу. С.Болормаа эгчээс уучлалт гуйж байна. Их харамсаж байна…” гэв.
Хохирогч С.Болормаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энхцэцэгтэй уулзаагүй 3-4 жил болсон байсан, надруу залгахад нь Шангрила дээр уулзахаар болж, тэндээ нэг шил вино уусан. Тэгээд Энхцэцэгийн нөхөр рүү залгатал та хоёр буудалд ороод байж бай гэсэн. Бид хоёр буудалд ороод нилээн удсан боловч нөхөр нь ирэхгүй их удаж байгаад ирсэн. Гэтэл Энхцэцэг нөхөр рүүгээ уурлаад юм аваад шидсэн нь намайг ончихсон.ууг нь над руу шидээгүй юм. П.Э энэ хэрэг болсноос хойш надтай ярихгүй, уучлалт гуйхгүй байсанд их гомдсон. Энхцэцэгээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Ө.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ: “...Энхцэцэг над руу цайны аягны шилэн таглаа шиг жижиг цагаан шавар таг шийдсэн чинь хальт шидээд Болормаагийн хамрыг оночихсон. ...Хамрын овгор ясны хавьцаа улайсан, хамраас бага хэмжээний цус гарсан. Тухайн үед хамар нь хавдаагүй харагдаж байсан. Өөр гэмтэл шарх бол үүсээгүй...” гэжээ /хх-16-17/.
Гэрч Б.Гомбожав мэдүүлэхдээ: “...Маргааш өглөө нь босоод би ээжээс юу болсон гэдгийг асуусан чинь манай найз нар болон эхнэр, нөхөр 2 хэрэлдэж байгаад эхнэр нь нөхөрлүүгээ үнсний сав аваад шидсэн чинь намайг оночихсон юм гэж хэлсэн...” гэжээ /хх-19/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №3299 дүгээр дүгнэлтэд:
“1. С.Болормаагийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-24/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №524 дүгээр дүгнэлтэд:
“1.2.3. С.Болормаагийн 2018.02.12-ны болон 2018.3.29-ний өдрийн толгойн КТГ-н зургийг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад хоёр нүдний ухархайн хананд хугарал гэмтэл тогтоогдохгүй байна.
4. С.Болормаагийн биед гарсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд цайны аяганы жижиг шавар таглаа болон шавар үнсний савны аль алинаар нь цохигдох үед үүсэх боломжтой.” гэжээ /хх-29-30/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-43-45/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Э нь 2018 оны 02 дугаар сарын 8-ны орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сант-Хорго зочид буудлын өрөөнд иргэн С.Болормаагийн нүүрэн тус газарт нь мохоо зүйл шидэж хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Э нь хохиролд 105.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч С.Болормаа баримтаар 314.750 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулан олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгч П.Эт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Эээс нийт 314.750 төгрөгийг гаргуулан хохирогч С.Болормаад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
5. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН