| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0145/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 165
2018 оны 08 сарын 30 2018/ШЦТ/165 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ад холбогдох эрүүгийн 1830001860133 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн харьяат, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, Мөнххаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар ЛД95122511, Боржигон овгийн О.А.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.А нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах тус сумын Цагдаагийн хэсгийн байрны гарааш буюу тусгайлан хамгаалсан байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө нэвтрэн орж иргэн П.Гарамжавын мотоциклиос 2 литр, иргэн Г.Алтангэрэлийн мотоциклиос 1.5 литр, иргэн Э.Анхбаярын мотоциклиос 1.5 литр бүгд 5 литр бензин хулгайлан авч бусдад 9500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай хүргэн ах мотоцикльтой онхолдоод, эгч айлын мал маллаад ганцаараа хөдөө үлдсэн юм. Хөлөнбуяр суманд эгч айлын мал дээр ганцаараа байсан болохоор явах гээд яарч байсан юм. Тэгээд бензин олдохгүй байхаар нь авсан. Би Л.Арсланбаатар гэдэг хүнтэй өдөр нь утсаар ярьж, бензин асуусан юм. Цагдаагийн байр руу өдөр 13 цагийн алдад очсон. Хүнгүй байхаар нь буцаж яваад шөнө 02 цагийн үед дахиад очсон. Грашийн цоож зүүлттэй байсан. Гэхдээ доод талдаа хүн орохоор зайтай байсан юм. Би доод талаас татахад дээд талынх нь хаалга онгойсон. Цагдаагийн байрны грашийг мэднэ, цагдаагийн байрны ойролцоо явж байгаад мотоцикль түрэлцэж өгч байсан.Хохирлыг төлсөн. Миний буруу. Хэрэг үйлдсэн хүлээн зөвшөөрч байна... гэв.
- Яллагдагч О.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, сумын төвийн Заводын байранд аав, ээж, эгч, дүүүгийн хамт амьдардаг юм. Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сум явах гээд Соронзонболд гэх хүний мотоциклийг гуйж байхад Арслан гэх хүн “миний мотоцикль цагдаагийн журмын хашаанд байгаа, чи цагдаад нь хэлээд бензинийг нь авахгүй юу даа” гэхээр нь би өдөр 12 цагийн үед Мөнххаан сумын цагдаагийн хэсгийн байранд очиход хүн байхгүй болохоор нь рряваад өгсөн. Тэгээд 4 цагийн дараа ирэхэд цагдаа байхгүй байсан. Би гэртээ байж байгаад шөнийн 02 цагийн үед гэрээсээ гараад цагдаагийн хэсгийн хойд талын журмын хашааны хаалгаар ороод хашаан дотор байх 2 гараашийн урд талын мотоцикль байсан гараашын хаалганы доод талаас гараараа татахад гараашны хаалга онгойсон. Би гараашын хаалгаар орж Арслан гэх хүний мотоциклиос бензин авах гэтэл тухайн мотоцикльд бензин байхгүй болохоор нь хажуу талд нь байсан 3 мотоциклиос 5 литр бензинийг саарал өнгөтэй 5 литрийн саванд хийж авч дуусгаад гарч явсан... гэх мэдүүлэг /хх-23-24/,
- Хохирогч Э.Анхбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би улсын дугааргүй улаан өнгийн Дакар маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Би улсын дугаар авч амжаагүй байгаа юм. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу ажлаар явах гээд өөрийн мотоциклио тухайн гараашид хийсэн. Миний мотоцикльд 1 литр 500 грамм бензин байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэг гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-16-17/
- Хохирогч П.Гарамжавын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бичиг баримтгүй мотоцикль жолоодож яваад тус сумын хэсгийн төлөөлөгч Ц.Цогтсайхантай таарч мотоциклио журамлуулсан. Би улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикль эзэмшдэг. Миний мотоцикльд 2 литр бензин байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-12-13/
- охирогч Г.Алтангэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Мөнххаан сумын цагдаа хэсгийн цагдаа ахлагч Э.Анхбаярт тээврийн хэрэгслээ журамлуулсан. Би 77-92 ХЭЗ улсын дугаартай хөх өнгийн Даюунг маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Миний мотоцикльд 1 литр 500 грамм бензин байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-14-15/
- Гэрч Л.Арсланбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 06 дугаар сарын 03-ны өдөр О.А гэх хүнтэй уулзаагүй. Харин тухайн өдөр би Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Цээл цагаан нуур” гэх газар Золжаргал гэх хүний малыг харж байсан. Тэгээд орой 17 цагийн орчим манай гэрийн утас болох 98891181 утас руу О.А залгаад та надад мотоциклио өгөөч, би Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу явах гэсэн юм” гэхэд нь би мотоцикль байхгүй цагдаад хураалгасан байгаа гэж хэлэхэд О.А таны мотоцикль бензинтэй байгаа юу гэхээр нь би жаахан бензинтэй байгаа. Чи цагдаад нь хэлээд авахгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд О.А за би цагдаатай нь очиж уулзаад авлаа шүү гэж хэлээд утсаа тасалсан. Дахин надтай холбогдоогүй...гэх мэдүүлэг /хх-22-23/
- Гэрч Х.Батсүхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Мөнххаан сумын цагдаагийн хэсгийн жолооч цагдаа ажилтай юм. Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний хооронд аймагт ажилтай байсан юм. 2018 оны 06 сарын 04-ний өдөр Мөнххаан сум руу хэрэг шалгах ажилтай хэсгийн төлөөлөгч Цогтсайханы хамт 15 цагийн үед сумандаа ирсэн. Тэгээд би гараашид хийсэн мотоциклиудыг шалгах гэтэл тухайн гараашийн цоож эвдэрч, хөшсөн байдалтай байхаар нь гараашийн хаалгыг онгойлгож ороод харахад тухайн үед хийсэн мотоциклиуд бүрэн байсан. Тэгэхээр нь би мотоциклиудын түлшний савуудыг шалгахад бүгд түлшгүй байсан.. гэх мэдүүлэг /хх-18-19/
- Гэрч Б.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Мөнххаан сумын цагдаагийн хэсгийн гарааш байнгын цоожтой байдаг юм. 2018 оны 05 сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн төвд цугларалттай гээд Мөнххаан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Батсүх журмын хашаанд байсан мотоциклиудыг гараашид хийж цоожилсон байсан... гэх мэдүүлэг /хх-26-27/
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн засаг даргын 2018.07.02-ны өдрийн 188 дугаартай тодорхойлолт /хх-40/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- 03-05/
- Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээ. 2018.07.03 /хх-42/
- Шүүгдэгч О.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/
- О.Агийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-36- 37/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-42-43/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.А 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах тус сумын Цагдаагийн хэсгийн гарааш буюу тусгайлан хамгаалсан байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн П.Гарамжавын мотоциклиос 2 литр, иргэн Г.Алтангэрэлийн мотоциклиос 1.5 литр, иргэн Э.Анхбаярын мотоциклиос 1.5 литр бүгд 5 литр бензин хулгайлан авч бусдад 9500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Агийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Анхбаяр, П.Гарамжав, Г.Алтангэрэл, гэрч Л.Арсланбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Батсүх нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-42/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-05/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч О.А нь өөр орон нутагт мотоциклиор зорчихоор буюу өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шөнийн цагаар хэв журам зөрчин журамлагдсан мотоцикль хадгалах цагдаагийн хэсгийн авто гараашид нэвтрэн бензин хулгайлан гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тодруулбал, тэрээр нэвтэрч буй орон байр нь журамлагдсан мотоцикль хадгалах тусгайлан хамгаалсан цагдаагийн хэсгийн авто гарааш гэдгийг мэдэх, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа цагдаагийн хэсгийн авто гараашид нууцаар, хууль бусаар нэвтрэн, 5 литр А-80 бензин хулгайлан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч О.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Анхбаярт 2850 төгрөгийн, Г.Алтангэрэлд 2850 төгрөгийн, П.Гарамжавт 3800 төгрөгийн, нийт 9500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар хохиролтой холбоотой нэхэмжлэл, гомдол гаргаагүйг дурдъя.
О.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Агийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирлын хэмжээ зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин О.А нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна ” гэж заасныг үндэслэн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүний дээрх тэнссэн хугацаанаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн тэнссэн хугацааг энэ тогтоолоор оногдуулах хорих ялд нэмж, нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тогтооно.
Шүүгдэгч О.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч хохирогч Э.Анхбаяр, П.Гарамжав, Г.Алтангэрэл нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О.Аг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Аг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан ялтан О.Ад Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4, 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний дээрх тэнссэн хугацаанаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн тэнссэн хугацааг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 5 сар 15 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Ад оногдуулсан 1 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ялтан О.Ад шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Ялтан О.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч хохирогч Э.Анхбаяр, П.Гарамжав, Г.Алтангэрэл нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН