| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2505000000782 |
| Дугаар | 2025/ДШМ/1242 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1242
2025 10 30 2025/ДШМ/1242
М.О холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Баярчимэг /томилолтоор/,
шүүгдэгч М.О өмгөөлөгч А.Ганзориг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/2018 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлээр М.О.т холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
.О., ........... оны .......... дугаар сарын 29-ны өдөр ........... аймагт төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр ......... хүүхдийн хамтаар ............дүүргийн ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.........../;
Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Шүүгдэгч М.О........ нь .......... оны ............дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.Б...... тээврийн хэрэгслийн торгуулийг багасгаж, тэглэж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Н.Б.........нь ..........дүүргийн .......... дүгээр хорооны нутаг дэвсгэр, ........... худалдааны төв дотор байхдаа 3.211.000 төгрөгийг шилжүүлснийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: М.О......... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.О. “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О.т оногдуулсан 500.000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О. нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтыг дурдахдаа “СХДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны "... Намайг заазуураар зүсчихлээ" гэх хуудас /хх 04/, хэргийн газарт үзлэг хийсэн "буйдангийн баруун талд хананд суурилуулсан эд зүйлстэй модон тавиур, модон тавиураас хойш 45 см зайд газарт, ажлын хэсэг нь 18 см бариул хэсэг нь 18 см, ажлын хэсгийн их биеийн дээд хэсэгт бариул хэсэг ухаж орсон хийцтэй, модон бариултай, нийт 28 см урттай заазуур байсныг 9 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хурааж авав" гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/ зэрэг гэж хэрэгт огт хамааралгүй нотлох баримтыг дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 2.3-д заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар хуульчилсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн бол Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар тус тус хуульчилсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Прокурор С.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэжээ.
Шүүгдэгч М.О. өмгөөлөгч А.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..........оны ........дүгээр сарын .........-ны өдрийн ..........дугаартай эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хуулийн шаардлага хангаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн байна. Эсэргүүцлийн гол үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 36.2, 36.6, 36.7, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжтой гарсан. Дээрх хуулийн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Шүүгдэгч М.О........ холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтыг дурдахдаа шүүгдэгч М.О........ нэрийг зөрүүтэй бичиж, “...шүүгдэгч З.н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн ...” гэж мөн “СХДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны "Намайг заазуураар зүсчихлээ" гэх хуудас /хх 04/, хэргийн газарт үзлэг хийсэн "буйдангийн баруун талд хананд суурилуулсан эд зүйлстэй модон тавиур, модон тавиураас хойш 45 см зайд газарт, ажлын хэсэг нь 18 см бариул хэсэг нь 18 см, ажлын хэсгийн их биеийн дээд хэсэгт бариул хэсэг ухаж орсон хийцтэй, модон бариултай, нийт 28 см урттай заазуур байсныг 9 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хурааж авав" гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/...” зэрэг Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж тухайн хэрэгт авагдаагүй үйл баримт болон нотлох баримтыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн байх ба хэрэгт авагдаагүй, уг хэрэгт хамааралгүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, гэж мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “..шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл...”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан.
Хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохоор, дээрх хуульд заасан зөрчлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилсан бөгөөд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж шийтгэх тогтоолд шүүх өөрчлөлт оруулах боломжгүй юм.
Иймд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/2018 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/2018 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч М.О. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР