Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 301/ШШ2026/00153

 

 

 

 

 

 

                          

 

                                    301/ШШ2026/00153

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ...3 дугаар баг, .... дугаар байр, .... тоотод тоотод оршин суух А овогт Дийн Б /ИБД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Э сумын .... дугаар баг, ... дугаар байр, .... тоотод тоотод оршин суух Б овогт Б-ийн П /ИБД:...../-д холбогдох

 

500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Б.П ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б гийн хариуцагч Б.П д холбогдуулан гаргасан 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 475,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, 25,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

 

- П овогтой Б миний бие 3 дугаар багийн 26 дугаар байранд оршин суудаг. Тус байранд 8 айл амьдардаг бөгөөд төвийн цэвэр бохирын шугамд холбогдсон СӨХ-д харьяалалгүй байдаг болно. 2024 оноос эхлэн бохирын шугамд асуудал гарч нойл бөглөрөх болсон. Бөглөрөх тутамд Ундарга ХХК-д дуудлага өгч бөглөөсийг гаргуулдаг байсан. 2025 оноос ойр ойрхон бөглөрч сүүлдээ бөглөөс гаргахаа байж гэртээ хүндрэх, усанд орж чадахгүйд хүрч асуудалтай болсон. Ундарга ХХК-ийн ажилчид бөглөөс гаргахгүй байгаа нь танай шугамд асуудал гарсан, шугамыг ухуулж солиулах шаардлагатайг хэлсэн. Бохирын шугам нь энэ байрны бүх айлын бохирын шугам нийлээд манайхаар дамжаад худаг руу ордог болохыг хэлсэн. Иймд танайх төгсгөлийн айл учир бөглөөд байгааг хэлж шугамаа янзлуулах шаардлагатай гэж хэлсэн. Бохир үнэртэж нойлдоо ч бие засах аргагүй болсон тул Ундарга ХХК-д янзалж өгөхийг хүссэн боловч ажил ихтэй амжихгүй гэсэн хариу хэлсэн учир хувиараа шугам, сангийн ажил хийдэг хүн хайж олоод авчирч шугамаа үзүүлэхэд 5,000,000 төгрөгөөс яриад 4,000,000 төгрөгт янзлуулахаар тохирч байрныхаа чат группэд энэ тухайгаа мэдэгдэж санаа оноо юу байгааг асуусан. 2025.08.28-2025.08.30 хооронд засварын шугам солиулах ажлыг хийлгэж эхэлсэн. Тус засварт хэрэглэгдэх шугам хоолой, дулаалгын материал газар ухуулах трактор, бусад материалыг тухайн ажил гүйцэтгэх байгаа хүн өөрөөсөө гаргаж хийсэн болно. Ингээд засварын ажил 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дуусаж 4,000,000 төгрөгөө 8 айлд хувааж нэг айлаас 500,000 төгрөг хураах болж айлууд мөнгөө өгсөн бөгөөд 1 айл өгөөгүй одоог хүрсэн. Ажил гүйцэтгэсэн хүн мөнгөө нэхээд байсан учир би өөрөөсөө үлдэгдэл  500,000 төгрөг өгсөн. Мөнгөө өгөөгүй нэг айл болох Б.П , О.Д нар нь боломжгүй байна, боломжтой болоод өгнө гэж хэлээд өгөөгүй сүүлдээ чи дур мэдэж хийлгэчхээд гээд мөнгөө өгөхгүй байгаа учир уг асуудлыг шийдвэрлэж мөнгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

3. Хариуцагч Б.П  доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:

А аймгийн Э сумын 3 дугаар баг 26-р байрны 7 тоотод оршин суугч Б.П  миний бие Б.Батзаяагийн тулган шаардсан 500000 төгрөгийг өгөөгүй учир нь байрны бохир усны шугам хоолойг солиулахдаа оршин суугчдын зөвшөөрлийг авалгүй шууд өөрийн дураар хувь хүнтэй тохиролцон 5 саяар хийлгэхээр болсон гэхэд оршин суугчид хэн нь ч дуртай хүлээн зөвшөөрөөгүй үнэтэй юм биш үү гэхэд 4 сая болголоо гээд бичсэн байсан. Тухайн үед мөнгөний боломжтой боломжгүй хүмүүс байсан. Манай хувьд бол тухайн үед хүүхдийн үс авах гэж байсан учир мөнгөний боломж муу байсан. Бусад айлууд ч шууд мөнгөө өгөх айлууд ховор байсан Б.Б нь групп чат дээр хүмүүсийг элдэв янзаар бичиж доромжилосоop айлууд цувуулж өгсөн байсан. Уг хоолойг солиулахдаа шугамыг өөрчилж өөр худагруу дураараа холбуулж, анх барилга баригдахдаа шугам хоолойг буруу хийлгэсэн мэт ойлголтыг оршин суугчдад өгч байсан. Суваг өөрчлөхөөр болсон бол мэргэжлийн байгууллагад хандаж техникийн нөхцөл гаргуулж мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээ хийлгэх ёстой байдаг. Манай эхнэр чи хууль бус юм хийлгэсэн гэхэд юу нь хууль бус байгаа гэж хэл амаар доромжилсон үг хэлсэн байсан. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 1 дэхь заалт (хот суурин ус хангамж ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт засвар үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ), 11 дүгээр зүйлийн 4 дэхь заалт (техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно), 14.1.2 дахь заалт (хангагчийн эрх, үүрэг), 16.2.4 дэхь заалт (ус хангамжийн байгууламж, ариутгах, татуургын шугам сүлжээнд хянагчийн зөвшөөрөлгүйгээр холбосон), 16.2.5 дахь заалт (усны тоолуурын битүүмжлэл байрлал холболтыг дураараа өөрчилсөн) зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн нь байрны айлуудын шугам сүлжээг бүхэлд хаах эрсдэл үүссэн байгаа юм. Иймд миний зүгээс хууль бус тулган шаардсан үйлдэлд 500000 төгрөг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д овогтой Б депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фейсбүүк мессенжерийн хуулбар, Архангай аймгийн Ус суваг ОНӨААТҮГ-ийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 тоот албан бичиг,  нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд бичгээр өгсөн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч Б.Б нь А аймгийн Э сумын 3 дугаар баг, 26 дугаар байрны нийтийн эзэмшлийн шугам сүлжээг засуулж, төлбөрийг засварчинд шилжүүлсэн. Тус байрны оршин суугчид нь одоо уг шугам сүлжээг ашиглаж байгаа. Тухайн үед засвар хийхэд айлуудаас уг засварыг хийлгэхээс татгалзсан, эсэргүүцсэн, өөр байгууллагаар хийлгэхээр санал гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Бөглөрөлтэй шугам сүлжээг засуулах нь байрны айлуудын нийтийн эрх ашигт нийцэж байгаа бөгөөд уг шугам сүлжээг засуулахыг татгалзсан санал гараагүй. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй”, 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б өөрийн болон бусад оршин суугчдын өмнөөс нийт 3,800,000 төгрөгийг засварчинд шилжүүлж бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн байна. Иймд  нэхэмжлэгч Б.Б уг шугам сүлжээг засуулахад шилжүүлсэн төлбөрийг бусад айлуудаасаа нэхэмжлэх эрхтэй байна гэж үзлээ.

 

Хэдийгээр хариуцагч Б.П  нь шугам сүлжээг хувь хүнээр засвар хийлгэхгүйгээр Ар Ус Ундарга ХХК-аар 2,500,000 төгрөгөөр завсарлах боломжтой байсан, Ар Ус Ундарга ХХК-аар засуулах байсан юм гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагатай маргадаг боловч уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

           Хэрэгт 3,800,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн баримт авагдсан бөгөөд уг  3,800,000 төгрөгийг 8 айлд хуваан тооцоход нэг айлд 475,000 төгрөг ноогдож байна.

           Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д заасныг баримтлан хариуцагч Б.П гээс 475,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэл гаргахдаа 500,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 15,650 төгрөгийг төлсөн. Уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П гээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд буюу 475,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 14,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д заасныг баримтлан хариуцагч Б.П гээс 475,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.П гээс улсын тэмдэгтийн хураамж 14,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН