| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0524/Э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгч Б.А, Э.Г
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэвш овгийн Батбаярын Алтангэрэл, Боржигон овогт Эрдэнэсүрэнгийн Гансүх нарт холбогдох эрүүгийн 1811 01211 0436 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Гэвш овгийн Батбаярын Алтангэрэл, 1992 оны 6 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1-15Б тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ШУ92060418
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Хангайн 24-95 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЗЮ90020211.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нар нь бүлэглэн 2017 оны 11 сарын 29-ний өдрөөс 12 сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 8-129В тоотод оршин суух иргэн Г.Бүжинлхамын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 771.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр машин механизм ашиглаж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-1126 тоотод оршин суух иргэн Э.Уранчимэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхны салхивчийг гараараа түлхэн, хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 559.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нар нь бүлэглэн 2017 оны 11 сарын 29-ний өдрөөс 12 сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 8-129В тоотод оршин суух иргэн Г.Бүжинлхамын гэрийн цоожийг эвдэн орж Хитачи маркын 42 инчийн зурагт, хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан харуулыг хулгайлан авч 771.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр машин механизм ашиглаж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-1126 тоотод оршин суух иргэн Э.Уранчимэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхны салхивчийг гараараа түлхэн, орж Монел маркын 42 инчийн зурагт, 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 559.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Бүжинлхамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-118,141/“..Нөхөр маань хөдөө ажлаар явсан тул би хүргэн ахындаа амьдарч байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 8-129в тоотод байх гэрээ Лхагва гариг болгон эргэж очдог юм. Сүүлд 2017 оны 11 сарын 29-ний өдөр эргэхэд хэвийн байсан. Харин 2017 оны 12 сарын 13-ны өдөр эргэж очиход хашааны хаалга түгжигдээгүй, гэрийн цоож байхгүй доторх эд зүйлсийг бүгдийг нь эмх замбараагүй болгосон байдалтай байсан. Би гэрийнхээ эд зүйлсийг бүртгэхэд Хитачи маркийн 42 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан., Тухайн үедээ сандарсан байсан болохоор ганцхан зурагт алдагдсан байна гэж бодсон боловч дараа нь манай нөхөр 12 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Тэгтэл гэрийн зүүн хойд хэсэгт байрлах эрээн өнгөтэй авдаранд байсан цахилгаан харуул алдагдсан байхыг нөхөр мэдсэн..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-30/ “..ажил дээрээ байж байхад хойд аав Пүрэвдорж над руу залгаад танай байшинд хулгайч орсон байна гэж хэлсэн бөгөөд би цагдаагийн газар луу шууд дуудлага өгсөн. Хойд аав Пүрэвдорж манай байшинд ороод гарсан хүний машины дугаарыг харсан гэж байсан. Уг дугаар нь 18-04 УБН улсын дугаартай хар өнгийн машин байсан гэж байсан..42 инчийн хар өнгийн Монел брэндийн зурагтыг 800.000 гаруй төгрөгөөр худалдаж авч байсан зурагтны доод хэсэгт нь байхаа манай хүүхэд хажуу ирмэг тал дээр нь + тэмдэг тавьсан байдаг, мөнгөн аягыг хүнээс худалдан авч байсан бөгөөд аяганыхаа бөөр хэсэгт Д.Түмэнбаяр таньд хамт олноос нь дурсгав гэсэн бичиглэлтэй байсан..” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Самбуунямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32/ “..Би 2018 оны 04 сарын дундуур хөдөө орон нутаг руу ажлаар явсан юм. Тухайн үед миний 18-04 УБН улсын дугаартай Kia Carens загварын тээврийн хэрэгслийг хашаандаа үлдээсэн юм, хааяа нэг Н.Базаргүр, Б.Алтангэрэл нар нь унадаг юм. Гэтэл намайг орон нутгаас иртэл Б.Алтангэрэл нь миний тээврийн хэрэгслийг унаж явж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг тээврийн хэрэслийг маань ашигласан байна. ...өөрийн 18-04 УБН улсын дугаартай Kia Carens маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж авмаар байна..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Пүрэвдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-33-34/ “..Нямбаяр Эрдэнэбат ахын гэрт хүн байна гэж хэлэхээр нь дүүгийн гэр лүү харахад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хашаанаас гарч гүйгээд хар өнгийн машинд суугаад явсан..Хар өнгөтэй, зөв талдаа рультэй 18-04 УБН гэсэн улсын дугаартай байсан. Нямбаяр бид хоёрыг ирэхэд дүүгийн байшингийн том өрөөний салхивчийг түлхсэн байдалтай онгорхой байсан. Цонхоор нь харахад том өрөөний ханын шүүгээний зурагтын тавиур дээр байсан 42 инчийн Монел маркийн ЛЕД зурагт нь алдагдсан байсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Мөнхзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-35-36/ “..Б.Алтангэрэл орж ирээд "манай гэрт орж ирээд зурагт сонирхохгүй биз" гэхээр нь би "ямар зурагт юм бэ? хэнийх юм бэ?" гэж асуухад Б.Алтангэрэл гараад удалгүй 42 инчийн Монел брэндийн хар өнгийн ЛЕД зурагт бариад орж ирсэн. Тухайн үед манай гэрийн зурагтны дуу нь гарахаа байгаад эвдэрчихсэн байсан болохоор зурагтыг нь сонирхож үзсэн. Б.Алтангэрэл уг зурагтаа 250.000 төгрөгөнд зарна гэхээр нь би зурагтыг нь худалдан авсан. Б.Алтангэрэл зурагтны мөнгийг цагдаа нартай ирэхдээ буцааж өгсөн..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Алтангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-57,154/ “..бид хоёр хулгай хийх санааг гаргаад Чингэлтэйн эцсээс эзэнгүй айл олоод зурагт хулгайлъя гэж ярилцаж тохиролцсон. Бид хоёр эхлээд 2-3 айлыг хүнтэй байгаа эсэх талаар харсан, тэгэхэд хүнтэй байхаар нь дахиад явж үзсэн боловч айл олдохгүй байсан. Э.Гансүх машинаас буугаад явган авсан. Удалгүй буцаж машин дээр хүрч ирээд тэнд хашаагүй айл байна тийшээ очьё гээд бид хоёр очсон. Уг айл нь гадуураа хашаагүй байх бөгөөд наад талдаа цэнхэр өнгийн контейнерийн дэргэд машинаа байрлуулж зогсоосон. Э.Гансүх намайг хүн харж бай, би орчихоод ирье гээд машинаас буугаад явсан. 5-10 минутын дараа Э.Гансүх ойролцоогоор 42 инчийн хар өнгийн Монел брэндийн зурагтыг авчираад машины хойд талын суудалд тавиад буцаад нөгөө ногоон өнгийн байшингийнхаа цонхыг нь хаачихаад ирье гээд явсан. Дахиад 5-10 минутын дараа ирэхдээ мөнгөн аяга барьчихсан байсан., 2017 оны 12 сарын 10-наас 13-ны үед шиг санаж байна. 7-н буудал дээр Э.Гансүхтэй уулзаад хулгай хийхээр бид хоёр Доод салхит руу явсан. Тэнд очоод далангийн баруун талд байрлах модон хашаатай айл байсан бөгөөд хашаан дотроо монгол гэртэй, хүн ороогүй бололтой хашаа нь цастай байхаар нь би гадаа хүн харж үлдээд, Э.Гансүх гэр лүү орсон. Гэрийн цоожийг хэрхэн онгойлгосон талаар мэдэхгүй байна. Тэндээс гарч ирэхдээ 42 инчийн ЛСД зурагт болон саарал өнгийн биетэй, ногоон өнгийн бариултай цахилгаан харуул бариад гараад ирсэн. ...32-ын буудлын ойролцоох гудамжинд приус-20 маркийн саарал өнгийн машинтай хүн явж байхаар нь "зурагт худалдаж авах уу" гэж асуухад "хэдээр зарах юм бэ" гэхэд би "150.000 төгрөгөнд өгнө" гэж хэлтэл тэр ах "шалгаад байх зүйл байхгүй биздээ" гээд надад шууд 150.000 төгрөг өгөөд аваад явчихсан. Би цахилгаан харуулаа бариад гэртээ аваачиж тавьсан, уг цахилгаан харуул одоог хүртэл надад байгаа.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-60-61,151/“..Б.Алтангэрэл бид хоёр нөгөө 18-04 улсын дугаартай хар өнгийн суудлын тээврийн хэрэгсэлтэй Чингэлтэй рүү өгсөөд явсан. Замдаа явж байхдаа бид хоёр хоорондоо ярилцаад хэн хэнд нь мөнгө хэрэгтэй гэдгээ мэдэж авсан. Тэгээд бид хоёр явж байгаад нэг эзэнгүй айлын гадаа зогсоод хулгай хийе гэж тохиролцоод Чингэлтэй рүү орохоос наагуур Ачтан дэлгүүрээр ертөнцийн зүгээр баруун зүг рүү салсан гарцаар бууж, бетон гүүрээр гарч уул өөдөө өгсөөд явсан..Б.Алтангэрэл машиндаа суугаад ойр орчмын хүмүүсийг харахаар болсон..би өөрийн өмсөж байсан ногоон өнгийн куртикныхээ ханцуйгаар нь гараа хийж байгаад вакум цонхны салхивчийг хүчтэй түлхсэн чинь онгойсон. Зурагтын тавиур дээр 42 инчийн хар өнгийн Монел брэндийн зурагт байхаар нь аваад вакум цонхны салхивчаар буцаад гарсан. Би зурагтаа Б.Алтангэрэлийн машины хойд талын суудал дээр нь тавиад буцаад байшингийн цонхны салхивчийг нь хаахаар очтол миний зурагт авсан газрын хойд талын өндөр сервантанд 1 ширхэг мөнгөн аяга харагдахаар нь эргэж байшин луу ороод мөнгөн аягыг нь аваад халаасандаа хийсэн., 2017 оны 12 сарын дундуур шиг санаж байна. Б.Алтангэрэлийн 80128281 дугаарын утас луу залгаад уулзахаар болоод 7-н буудал дээр 10 цаг өнгөрч байхад уулзаад хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар яриад Тахилт руу явах автобусанд суугаад явсан..хашаан доторхи цасан дээр хүн явсан ул мөр огт харагдахгүй байхаар нь хашааны мод /банз/-ыг нь хуга татаад, хажуудах банзыг нь хажуу тийш нь болгоод би орсон. Харин Б.Алтангэрэл хашааны гадаа хүн хараад зогссон. Хашаан дотор нэг монгол гэр, нэг байшин харагдаж байхаар нь монгол гэр лүү очоод үзтэл цагаан өнгийн цоожтой, дарууллагагүй байхаар нь хажуу талаас нь арматор шиг нарийн төмөр аваад цоожийг нь хөшиж эвдэлсэн..Hitachi брэндийн 42 инчийн ЛСД зурагтыг авсан, мөн гэрийн зүүн хойд талд хоёр авдар байсан ба хүний зурагтай авдарны урд талын авдарыг онгойлгож үзтэл дотор нь цахилгаан багаж байна гэж бодоод авсан. ...Би тэр айлаас зурагт, цахилгаан хөрөөг аваад анх орсон хэсгээр зурагтаа Б.Алтангэрэлд дамжуулж өгөөд араас нь өөрөө гарсан..” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Уранчимэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-27/, “Дамно” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-47-48/, хохирогч Г.Бүжинлхамд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-139/, “Дамно” ХХК-ний 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-128-129/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, үнэлгээний тайлан /хх-16-23/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн байна. Иймд шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нар нь буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нар нь хулгайлсан эд зүйлсийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Самбуунямын иргэний нэхэмжлэгчээр тоогтоож, тэрээр авто машинаа нэхэмжилсэн байгаа боловч шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 18-04 УБН улсын дугаартай хар өнгийн Kia Carens маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Самбуунямын эзэмшил “Ачит цэрэн” ХХК-ны барьцаанд байдаг, уг авто машин нь 1.650.000 төгрөгөөр үнэлэгдэж, одоо Б.Самбуунямын эзэмшилж битүүмжлэгдсэн байх тул Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2018 оны 05 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Самбуунямаас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар дээрхи автомашиныг “..гэмт хэрэг үйлдэж олсон орлого..” гэж үзэх бөгөөд хохиролыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, хохиролоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан байна. Нэгэнт хохирол төлөгдсөн байгаа тул уг автомашины үнэ 1.650.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Алтангэрэл түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нараас шүүхэд “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өөр хулгайн хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгэн шалгуулах нөхцөлөөр хангаж энэ хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэж мэдүүлэх боловч энэ талаар ямар нэг баримт байхгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болгохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэвш овогт Батбаярын Алтангэрэл, Боржигон овогт Эрдэнэсүрэнгийн Гансүх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Б.Алтангэрэл, Э.Гансүх нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нараас 825.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Самбуунямын “өөрийн автомашин болох 18-04УБН улсын дугаартай хар өнгийн Киа Каринс /Kia Carens/ маркийн тээврийн хэрэгсэлийг нэхэмжилсэн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтангэрэл, Э.Гансүх нарт урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай..
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР