| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2503001150679 |
| Дугаар | 2025/ДШМ/1287 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/1287
О.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Ц.Цэрэнбалжир /цахимаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг,
иргэний хариуцагч Б.Д-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг /цахимаар/,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2052 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Б-т холбогдох 2503001150679 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Б- нь жолоодох эрхгүй үедээ, 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 06 цаг 51 минутын орчимд Хан-Уул дүүргийн дүгээр хороо, дугаар буудлын хойно Lexus RX-450 /Лексус ар икс/ загварын 00-00 УУУ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Х-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газрын прокуророос О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дах заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Б-ийг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-т сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 1, 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б-ээс 27.523.916 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Д-гаас 38.523.916 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч П.А-т,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс 6.925.487 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч П.А- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шүүгдэгч О.Б- өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргаан байхгүй бөгөөд энэхүү хэргийг үйлдсэндээ гэмшиж байгаа. Гэвч шийтгэх тогтоолд дурдсанчлан О.Б- Хан-Уул дүүрэгт оршин суудаггүй байсан бөгөөд энэ талаар мөрдөн байцаалтын шатанд хэлсэн боловч мөрдөгч нь Хан-Уул дүүрэг хэмээн бичжээ. Одоо О.Б- Баянгол дүүргийн дугаар хороо, 20 тоотод 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш түрээсийн гэрээ байгуулан түр оршин суух бүртгэлтэй бөгөөд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “У” цайны газарт зөөгчөөр ажилладаг. Түүний сарын цалин 1.680.000 төгрөг болно. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн хохирогчид хохирол төлбөр төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргээс шалтгаалан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин сууж байгаа Баянгол дүүрэг болон одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа Чингэлтэй дүүрэг хоёроос гарахгүй байхаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний хувьд яг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүн нь ял шийтгэл хүлээлгүй үлдчихсэн гэж үзэж байна. Учир нь энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн цагдаагийн албан хаагчид саатуулагдан улмаар өөрийн эзэмшлийн ТҮЦ-дээ цагдаагийн албан хаагчаар хүргүүлэн ирсэн байдаг боловч үүнийг шалгаж шийдвэрлэсэн зүйл байгаагүй. Түүнчлэн Б.Д- нь шүүгдэгч О.Б-ийг хүчээр автомашин бариулж явуулсан, мөн М.Х-ыг би автомашин барьж явж байгаад мөргөсөн” гэж О.Б- нь мэдүүлдэг боловч хяналтын камерын бичлэгээс нүүр царай нь тодорхой харагддаггүй, гадуур хувцсаа солиод өмссөн байх боломжтой. Эсвэл Б.Д- өөрөө машинаа жолоодож явсан байх боломжтой. Жолооны хүрднээс О.Б-ийн хурууны хээ илэрсэн эсэх, Б.Д-, О.Б- хоёр хувцсаа сольж өмссөн эсэх, осол болоод хэсэг хугацааны дараа бууж ирж байгаа нь ямар шалтгаантай болох, осол гаргасны дараа тухайн хоёр хүн сууж байсан байршлаа өөрчилсөн эсэх зэрэгт ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Б.Д-гийн бусдад “хахууль өгсөн”, О.Б- үнэндээ жолоо барьж явсан эсэхийг сайтар шалгаагүй нь Б.Д-гийн нөхөр нь эсвэл найз залуу болох хүн нь цагдаагийн албан тушаалтан гэж би сонссон бөгөөд үүнтэй холбоотой байж болзошгүй. Хавтаст хэрэг болон шүүх хуралдааны явцад О.Б- нь Б.Д- бол манай хамаатан, би тухайн автомашиныг жолоодож явсан гэж мэдүүлж байсан боловч О.Б-ийн ар гэрээс надтай уулзахдаа Б.Д-тай ямар ч хамаатан садны холбоогүй, харин О.Б-ийг зодож байсан, байнгын эрхэндээ байлгадаг талаар хэлж байсан. Мөрдөн байцаалтын шатанд О.Б- надтай утсаар холбогдож ярихдаа ээж, дүүгийн хамт амьдардаг саяхан ээж нас барсан талаар хэлсэн. Гэтэл түүнийг цагдан хоригдож байх үед аав нь гэх хүн гарч ирсэн бөгөөд дүүгийн маань эмчилгээний зардалд 11.000.000 төгрөг хурлын өмнө шилжүүлсэн. Ингэхдээ О.Б-ийн ээж нь саяхан нас барсан, дүүтэйгээ амьдардаг, бас 1 сартай жирэмсэн хорих ял авчихвал хэцүүдэх гээд байна, дүүгийн чинь эмчилгээ, асаргааны зардлыг яаралтай шийдэж өгье, шүүх хурал дээр гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөөч гэж хэлэхийг хүссэн. Иргэний хариуцагч Б.Д- ч өөрийн хариуцах хэсгийг яаралтай гаргаж өгнө гэдгээ илэрхийлж байсан тул нэгэнт дүү маань буцаад хэвийн байдалдаа орохгүй, түүний эмчилгээ, асаргаа, сувилгааны төлбөр тооцоо нэхэгдсэн байсан, ээжийгээ алдсан бас дөнгөж жирэмсэн болсон гэх охиныг яаж шоронд явуулах вэ гэж бодож, хурал дээр хорихоос өөр ялаар шийтгэж өгөөч гэж хүссэн. Харин Б.Д- болон О.Б- нар нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш таг болсон бөгөөд утсаар холбогдож асуухад “өгнө гэж хэлээ биз дээ” гэж үл тоомсорлох байдлаар хандах боллоо. Миний бодлоор энэ бүх хэргийн цаана Б.Д- болон түүний хамаарал бүхий албан тушаалтан оролцоотой гэж харддаг тул анхан шатны шүүхээс алдаа мадагтай шийдвэр гаргасан байж болзошгүй тул хэргийг бүхэлд нь Давж заалдах шатны шүүхээр хянуулах хүсэлтэй байна.
Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө О.Б- 11,000,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Түүний дараа 1,000,000 төгрөг өгсөн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ийн өмгөөлөгч Ж.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А- хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн эсэхэд эргэлзсэн учраас давж заалдах гомдол гаргаж байгаа. Учир нь иргэний хариуцагч Б.Д- энэ хэрэгт хамгийн их хамааралтай байсан. Учир нь Б.Д- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ цагдаагийн албан хаагчид баригдсан. Үүний дараа түүний ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэг дээр цагдаагийн албан хаагч хүргэж өгөөд явсан байдаг. Гэтэл үүний дараа Б.Д- жолооны үнэмлэхгүй хүүхдийг чи заавал жолоо барь гэж хэлээд машин бариулсны улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан. Үүний улмаас хохирогч өнөөдрийн байдлаар ургамал мэт байдалтай байна. Энэ мэт нөхцөл байдал бий болсон. Анхан шатны шүүхэд гэм буруугийн шүүх хуралдаан явагдаж байхад миний зүгээс “чи хэн нэгний өмнөөс хэрэг үүрээгүй биз дээ, уг тээврийн хэрэгслийг чи жолоодож явсан уу” хэмээн асуухад О.Б- “би жолоодож явсан, Б.Д- манай хамаатан” гэж ярьсан. Хохирол бүрэн барагдуулна гэж 5 хоногийн хугацаа шүүхээс авсан ба үүнийхээ дараа “Б.Д-тай ямар нэгэн хамаатан садангийн харилцаа байхгүй, намайг үргэлж зодож цохьдог, өмнө нь намайг зодоод шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байсан” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанаас өмнө энэ асуудлын талаар огт ярьж байгаагүй. Дараа нь бид мэдсэн. Үүний үндсэн дээр заналхийлэх гэмт хэрэг явагдсан юм биш биз дээ гэж бодоход хүргэсэн. 20 гаруй насны хүн жолооны эрхгүй, яагаад чи машин барь гэж хэлсний дагуу барих болов гэдэг нь гайхшрал төрүүлдэг. Мөн уг хоёр этгээд анхан шатны шүүх хуралдаан ороход эдгээр нөхцөл байдал байна хэмээн О.Б-ийн хувьд жирэмсэн, ээжийгээ алдсан, дүүтэйгээ хамт байдаг, хорих ял авмааргүй байна гэх талаараа хэлсэн. П.А-ийн хувьд өөрийн хүүхдээс ялгаа байхгүй хэмээн үзэж хохирогчийг хөл дээр нь босгох шаардлагатай тул хохирол, төлбөрийг хурдан барагдуулж өгөөрэй хэмээн хэлсэний дараа эдгээр хүмүүстэй холбогдоход үл тоосон байдлаар хандсан. Тиймээс хэргийг зөв шалгасан эсэх талаар дүгнэлт хийж өгнө үү. Мөн Цагдаагийн албан хаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд арга хэмжээ авсан байсан бол нэг хүн хэрэгтэн болж, нөгөө хүн тахир дутуу болохгүй байсан. Гэтэл уг цагдаагийн албан хаагчтай холбоотой ямар ч асуудал үүсээгүй. Мөн хавтаст хэргийн баримтаас харахад Б.Д-тай холбоотой арга хэмжээ авагдсан зүйл байдаггүй. Ард нь сугараад үлдэж байгаа асуудлыг шүүхийн зүгээс анхаарч үзнэ үү. Гэм буруугийн шүүх хуралдаан болсон хэдий ч үүний дараа эдгээр нөхцөл байдал гарч байгаа учраас цаана нь заналхийлэх гэмт хэргийн шинж байсан юм биш үү гэж бодсон учраас давж заалдах гомдол гаргасан болно. ...” гэв.
Иргэний хариуцагч Б.Д- шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.
Иргэний хариуцагч Б.Д-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499, 511 дүгээр зүйлд заасан гэм хор, хохирлыг машин эзэмшигчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнд сэтгэл санааны хохирлыг яах талаар заасан зохицуулалт байхгүй. Тиймээс Б.Д-гаас сэтгэл санааны хохирлын 50 хувийг гаргуулах асуудлын тухайд хууль хэрэглээний алдаа гаргасан байна хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харин бусад хохирол болох эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг иргэний хариуцагч Б.Д-гийн зүгээс төлөхөө илэрхийлж байгаа. 1,000,000 төгрөгийг 500,000 төгрөгөөр О.Б-ийн данс руу шилжүүлсэн юм байна лээ. Хуралдаанд ирэхэд нь хэвлүүлээд авсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учраас өгөөгүй. Миний үйлчлүүлэгч машинаа бариагүй, зүгээс сууж байсан. Тийм учраас цагдаагийн албан хаагч урьдчилан сэргийлэх зорилгоор машины түлхүүрийг түргэн үйлчилгээний цэгт аваачиж өгсөн. Үүнээс харахад Б.Д- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй, мөн цагдаагийн албан хаагч үүргээ биелүүлсэн нөхцөл байдал харагдаж байна. ...” гэв.
Шүүгдэгч О.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Д-гийн данснаас 1,000,000 төгрөг гарсан хэмээн тайлбарлаж байна. Энэ нь шүүх хуралдаан болохоос өмнөх асуудал. Өөрөөр хэлбэл тухайн үед хохирогчид аваачиж өгсөн мөнгө. 12,000,000 төгрөг. Б.Д-гийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлбөрийг хувааж хариуцаад төлнө гэж байсан боловч өнөөдрийн байдлаар хүлээн зөвшөөрөхгүй мэт тайлбар хэлж байна. Үүнийг нь ойлгохгүй байна. ...Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэр зэрэгт оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шүүгдэгч О.Б- Баянгол болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх гомдлыг гаргасан байна. Үүнтэй холбоотой оршин суугаа газар болон ажиллаж байгаа газрынхаа тодорхойлолтыг авчирч өгсөн байна. Ажил эрхэлснээр хохирогчид хохирол төлөх асуудал яригдаж байгаа учраас Баянгол болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих бололцоог нь хангах ёстой гэж үзэж байна. 2025 оны 01 дүгээр сард уг гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэний хариуцагч Б.Д- хохирол төлбөрийг төлөөгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд уг этгээд хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлөөгүй нөхцөл байдал байна. Мөн тээврийн хэрэгслийг битүүмжүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.Б-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
1. Шүүгдэгч О.Б- нь жолоодох эрхгүй үедээ, 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 06 цаг 51 минутын орчимд Хан-Уул дүүргийн дүгээр хороо, дугаар буудлын хойно Lexus RX-450 /Лексус ар икс/ загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Х-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч О.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...автобусны буудал дээр Д эгч 06 цаг 30 минутын үед машинтайгаа ирж зогссон. Машинаас цагдаа бууж ирээд машиных нь түлхүүрийг надад өгчхөөд эгчийгээ битгий явуулаарай гэж хэлээд явсны дараа Д эгч орж ирээд сууж байхаар нь цагдаа автобусны буудлаас машинаа холдуул гэсэн гэж хэлсэн гэж хэлэхэд Д эгч намайг цуг явъя гээд зогсоолд машин байрлуулахаар зогсоол руу явахад Д эгч машинаа барьж явсан. Тэгээд ТҮЦ-ний урдаас хөдлөөд буцаж эргэх хэсгээр эргээд замын хойд талд машинаа зогсооно гээд явж байсан. Тэгээд зогсоох гээд явж байхад зам хөндлөн 2 эрэгтэй хүн гүйгээд гараад ирэхэд Д эгч эргэж байхдаа машинаа зогсоолгүй чигээрээ яваад тэр хүнийг мөргөөд цаашлаад замын тэмдэг мөргөөд цаана очоод зогссон. Мөргүүлсэн ахтай цуг явж байсан эрэгтэй хүн ирээд жолооч талын цонхыг тогшоод хөөе чи хүн мөргөчихлөө шүү дээ зогсооч гэж хэлэхэд Д эгч би хүн мөргөөгүй гээд машинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн ах дээр очоод тэр мөргүүлсэн хүнийг чи яагаад худлаа хэвтээд байгаа юм бэ гэж хэлээд өшиглөөд байсан. Тэгээд хажуу талаас нь нөгөө мөргүүлсэн хүнтэй цуг явж байсан хүн чи хүн мөргөчхөөд яагаад зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд би мөргөөгүй гээд уурлаад байсан. Тэгээд маргалдаж байгаад Д эгч машинаа тэнд аваачаад зогсоочих гээд хэлэхэд нь би машин барьж чадахгүй гэж хэлэхэд Д эгч өөрөө жолоодоод зогсоолд байрлуулсан. ... Д эгч анх 06 цаг 10 минутын үед ирэхдээ согтуу байдалтай ирсэн. Осол болох үед Д эгч жолоо барьж явсан. Би хажуу талын урд суудал дээр сууж явсан. Мөргүүлсэн эрэгтэй хүн нэг хүнтэй цуг замын урд талаас зам хөндлөн гараад явган хүний зам руу орж байсан юм тэр үед нь мөргөчихсөн. Д эгч хурдан яваад байсан надад их хурдан санагдаж байсан би хянах самбар руу нь хараагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 29),
мөн шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон процессыг ярьсан. Гэхдээ тухайн үед би жолоо барьж явсан. Д эгч 06 цагийн үед согтуу Я-н ийн 2-р буудал дээр байдаг ТҮЦ-д намайг худалдагчаар ажиллаж байх үед цагдаагаар хүргүүлж ирсэн. Цагдаа орж ирээд машины түлхүүрийг нь өгчхөөд эгчдээ машин бариулж болохгүй шүү гэж хэлээд явсан. Тэгээд байж байтал Д эгч орж ирэхээр нь би цагдаа таны машины түлхүүрийг өгөөд явсан автобусны буудлаа чөлөөлөөрэй гэж хэлсэн гэхэд Д эгч намайг машин барьж чадах уу гэж асуухаар нь би чадахгүй гэхэд замын хөдөлгөөн гайгүй байгаа юм чинь гайгүй байх замын эсрэг талын зогсоолд байрлуулаад өгчих гэж хэлэхэд нь би үгүй ээ гэхэд өглөө эрт юм чинь яав л гэж гээд бараг л хүчээр надад түлхүүрээ өгөөд би машиныг нь жолоодоод буцаж эргээд Нисэх тал руу чиглээд явж байсан, тэгээд би удаан явж байтал Д эгч яасан удаан явдаг юм бэ хурдан явж унтмаар байна гээд байхаар нь би хаазлаад явж байгаад эргэлт хэсэг дээр эргэж амжилгүй явган хүний замаар явж байсан хүнийг мөргөчихсөн юм. ...Би тухайн үед хурд багатай явж байсан юм тэгээд Д эгч намайг хурдаа нэм нэм гэж хэлэхээр нь би хаазлаад явж байгаад эргэж амжаагүй. Тухайн үед яг хэдэн км цагийн хурдтай явж байснаа би мэдэхгүй байна... Би тухайн үед айгаад тэгээд ярьсан юм. ...Би жолоодох эрхийн үнэмлэхгүй. Жолооны курст сурч байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 128),
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Б-ээс тээврийн хэрэгсэл жолоодож чадах уу гэж асуухад чадна, гэхдээ надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэж хэлэхээр нь ойрхон газар юм чинь гайгүй байх гэж хэлсэн... хохиролтой холбоотой зардлыг төлнө, дүүдээ туслалцаа үзүүлнэ. ...Гэхдээ надад би сандрахдаа Б- тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэж хэлсэн гэсэн. ...Тээврийн хэрэгсэл миний нэр дээр байсан. ... миний согтолтын зэрэг 1 бүхэл байсан байх сайн санахгүй байна. ...Б- хүн дайрчихлаа гэж хэлэхээр нь тээврийн хэрэгслээс буухад эмнэлэг, цагдаа дуудъя гэж хэлсэн... Гэхдээ сууж байхад нь та босооч гэж хэлсэн зүйл бол байгаа. Өөрөөр санахгүй байна...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны үүрээр 04 цагийн үед өөрийн ажиллуулдаг караокегоо хаачхаад 0000 УУУ улсын дугаартай машинаа жолоодон гэртээ харихаар явсан. ...Тэгээд автобусны буудал дээр машинаа байрлуулчхаад жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад машин дотроо ганцаараа авсан пивоо уусан. Тэгтэл нэг цагдаа ирээд автобусны буудлаас машинаа чөлөөл гэж хэлсэн. Би тэр цагдаатай маргалдахад энд машинаа байрлуулж болохгүй гэж хэлэхээр нь би өглөө 08 цаг хүртэл зогсож болдог биз дээ, автобус явахаас өмнө би холдуулчихна, би ажиллуулдаг ТҮЦ-нийхээ гадна зогсож байна гэж хэлсэн. Тэгээд миний машины түлхүүрийг надаас аваад ТҮЦ-д худалдагч хийдэг охин Б-т намайг машин бариулж болохгүй шүү гэж хэлээд түлхүүр өгчхөөд явсан байсан. Би машиндаа үргэлжлүүлээд уугаад байж байтал би Б- над дээр ирээд таны машины түлхүүрийг цагдаа оруулж ирж өглөө гэж хэлэхээр нь би Б-ээс чи машин барьж чадах уу гэхэд чадна, би жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэж хэлэхээр нь би барьж чаддаг бол миний машиныг зогсоол дээр байрлуулаад өгчих гэж хэлсэн. Тэгээд Б- за гэж хэлээд машиныг бариад 200 орчим метр яваад буцаж эргэдэг хэсгээр буцаж эргээд “Нисэх” чиглэл рүү 200 орчим метр явж байгаад туслах зам руу эргээд орох гэж байхад явган хүний зам дуусаад туслах зам руу ордог хэсэг явган хүмүүс гараад ирсэн. Тэгтэл Б- тоормос, хаазаа андуурсан уу яасан уу мэдэхгүй байна, нэг мэдэхэд явган хүнийг мөргөчихлөө гэж байсан. ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 32),
мөн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар өгсөн: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр нь ярьсан байгаа. Тухайн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй... Тухайн үед би доогуураа цагаан унтлагын өмдтэй, ногоон куртиктэй байсан. Б- жинсэн өмд, бор цамцтай байсан санагдаж байна... Би Б-ийг бол сайн танихгүй холын хамаатан юм шиг байна лээ. Тухайн осол болох үед ТҮЦ-д худалдагч хийдэг байсан... Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин байгаа юм... Тухайн мөргүүлсэн гэх хүнд ойролцоогоор 1 сая төгрөгийг би өөрийн зүгээс өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 38),
гэрч П.Э-н: “...Ухаан санааны хувьд орон гаран, худлаа зүйл зохиож ярьдаг, харилцан ярилцах боломжтой мэт боловч буруу зүйл ярьдаг нэг зүйлээс нөгөө зүйл рүү шилжиж болоогүй зүйлийг болсон мэтээр хийсвэр байдлаар ярьдаг болчихсон ухаан санааны тогтворгүй байгаа. Биеийн гэмтлийн хувьд гүйцэт эдгээгүй байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 34),
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41146134 дугаартай “...Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд, Урд хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний хэмжээ, дугуйн хээний гүн, автомашины хурдны хайрцагын ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин урд буфер хагархай, баруун гар талын их гэрэл хагарч цуурсан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь хэзээ яаж үүссэн шинэ хуучин аль нь болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй байна. Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба авто ээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Уг авто тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 17100сd, хол дээрээ 14000сd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ З6000 сd, хол дээрээ 37600 сd (стандарт 10000-225000 сd ) байгаа нь баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардпага хангаж байна. Уг авто тээврийн хэрэгслийн зорчигчийн урд, хойд суудлын болон жолоочийн суудлын аюулгүй бүс нь хэвийн ажиллагаатай шаардлага хангаж байсан. Тээврийн хэрэгсэл 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна..." гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 50-54),
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн “№1141146134, №1140817092, №1139729625” зэрэг дугаартай хуудаснууд (1-р хх-ийн 55-57),
Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн ЕГ0725/2562 дугаартай Шинжээч эмч Б.Баяртогтохын “...1. Халиуны биед дух ясны зүүн урд хэсгээс зулай, нугасны том нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх, зүүн дух, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоёр талын духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун шагайн үений гадна, дотор хавчаар яс, зүүн шагайн үений дотор хавчаар ясны зөрөөтэй далд хугарал, зүүн 7-р хавирганы зөрөөгүй хугарал, зулайд оройд зулгаралт зүүн дух, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.7. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 5.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 38-40),
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 516 дугаартай “...1. М.Х- нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. 2. М.Х- нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадваргүй байна. 3. М.Х- ньТархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. ..." гэх дүгнэлт (1-р хх-ийн 63-67),
Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1877 дугаартай шинжээчийн “...1. М.Х-ы сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас DS: F06 Тархины гэмтэл ба үйл ажиллагааны хямрал бие махбодын шалтгаант сэтгэцийн бусад эмгэг оношлогдож байна. 2. Дээрх шинжүүд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна. ..." гэх дүгнэлт (1-р хх-ийн 76-78),
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрүүл мэндийн бүртгэлийн маягт (1-р хх-ийн 125-172),
Цагдаагийн ерөнхий газар Бүртгэл хяналтын төвийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23-2/1041 дугаартай О.Б- жолоочийн бүртгэл мэдээллийн санд жолоочийн бүртгэлгүй гэх лавлагаа (2-р хх-ийн 27),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн "...1. Жолооч О.Б- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч М.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа (2-р хх-ийн 92-105),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Я-н 2-р буудлын хойд замд 2025 оны 01 сарын 23-ны өдөр Lexus RX-450 загварын 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч М.Х-ыг мөргөж гэмтээсэн...” гэх тэмдэглэл (1-р хх-ийн 7),
ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны “...0000 УУУ машины жолооч согтуу хүн мөргөөд...” гэх хуудас (1-р хх-ийн 8),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 15),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 9-14, 16-17),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 49-60),
Иргэний нэхэмжлэгч С.С-н бичгээр гаргасан “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон М.Х- Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6,925,487 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч (яллагдагч)-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь МN090090100900020080, 100 9000 200 80 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл (1-р хх-ийн 26) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
2. Шүүгдэгч О.Б- нь жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Х-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн...” гэсэн хүндрүүлэх шинжийг,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй О.Б-ийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
4. Шүүхээс О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангажээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ийн гаргасан “...нэмэлт ажиллагаа хийлгэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
5. Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан “...оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний одоо оршин сууж байгаа Баянгол дүүрэг, ажил эрхэлж байгаа Чингэлтэй дүүргээс гарахгүй байхаар зохицуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн холбогдох заалтыг баримтлан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг цогцоор нь харгалзан үзэж, ялын төрөл, хэмжээг зүй зохистой тогтоох үүрэгтэй. Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны болон ял оногдуулах зарчимд нийцсэн байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндсэн шаардлага юм.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд тухайн хуулийн заалтыг хэрэглэх эсэхийг тодорхойлох эрхийг олгосон заалт бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдлыг харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Гэсэн хэдий ч шүүх шүүгдэгч О.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялын талаар хуульд тусгайлан заасан ойлголт, уг ялыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас уг ялын хүрээ, хязгаарыг оновчгүй тодорхойлж, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан шүүгдэгчийн хөдөлмөрлөх эрхэд шууд нөлөөлөхүйц дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.
Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.” гэж хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан Эрүүгийн хуульд зааснаар тогтоож болох тул шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж байна.
Тодруулбал: Уг ялыг оногдуулахдаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар ялын бүсчлэлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т 2 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух болон ажлын газар байрлах Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хооронд зорчих, гарч явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд буюу эрүүл мэндийн тусламж үйчилгээ авахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
6. Хавтаст хэрэгт авагдсан О.Б-ийн яллагдагчаар өгсөн “...ТҮЦ-д намайг худалдагчаар ажиллаж байх үед цагдаагаар хүргүүлж ирсэн. Тэгээд цагдаа нь орж ирээд машины түлхүүрийг нь өгчхөөд эгчдээ машин бариулж болохгүй шүү гэж хэлээд явсан. Тэгээд байж байтал Д эгч орж ирэхээр нь би цагдаа таны машины түлхүүрийг өгөөд явсан автобусны буудлаа чөлөөлөөрэй гэж хэлсэн гэхэд Д эгч намайг машин барьж чадах уу гэж асуухаар нь би чадахгүй ээ гэхэд замын хөдөлгөөн гайгүй байгаа юм чинь гайгүй байх замын эсрэг талын зогсоолд байрлуулаад өгчих гэж хэлсэн тэгээд би үгүй ээ гэхэд өглөө эрт юм чинь яав л гэж гээд бараг л хүчээр надад түлхүүрээ өгөөд би машиныг нь жолоодоод буцаж эргээд Нисэх тал руу чиглээд явж байсан тэгээд би удаан явж байтал Д эгч яасан удаан явдаг юм бэ хурдан явж унтмаар байна гээд байсан тэгээд би хаазлаад явж байгаад эргэлт хэсэг дээр эргэж амжилгүй явган хүний замаар явж байсан хүнийг мөргөчихсөн юм. ...” /1-р хх-ийн 128/,
иргэний хариуцагч Б.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Б-ээс тээврийн хэрэгсэл жолоодож чадах уу гэж асуухад чадна, гэхдээ надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэж хэлэхээр нь ойрхон газар юм чинь гайгүй байх гэж хэлсэн ... хохиролтой холбоотой зардлыг төлнө, дүүдээ туслалцаа үзүүлнэ. ...” (шүүх хуралдааны тэмдэглэл 2-р хх-ийн 112-113) ,
мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...цагдаа ТҮЦ-д худалдагч хийдэг Б-т намайг машин бариулж болохгүй шүү гэж хэлээд түлхүүр өгчхөөд явсан байсан. Тэгээд би машиндаа үргэлжлүүлээд уугаад байж байтал би Б- над дээр ирээд таны машины түлхүүрийг цагдаа оруулж ирж өглөө гэж хэлэхээр нь би Б-ээс чи машин барьж чадах уу гэж асуухад чадна би жолоодох эрхийн үнэмлэх байхгүй шүү дээ аниа гэж хэлэхээр нь би барьж чаддаг бол миний машиныг зогсоол дээр байрлуулаад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд Б- за гэж хэлээд миний машиныг бариад 200 орчим метр яваад буцаж эргэдэг хэсгээр буцаж эргээд Нисэх чиглэл рүү 200 орчим метр явж байгаад туслах зам руу эргээд орох гэж байсан. Тэгэхэд явган хүний зам дуусаад туслах зам руу ордогхэсэг явган хүмүүс гараад ирсэн. ...” /1-р хх-ийн 32/, иргэний хариуцагчаар өгсөн “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр нь ярьсан байгаа. Тухайн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. ...” /1-р хх-ийн 38/ гэх мэдүүлгүүдээр зам тээврийн осол гарсан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цаг 51 минутын үед шүүгдэгч О.Б- нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Д-гийн эзэмшил, өмчлөлийн Lexus RX-450 /Лексус ар икс/ загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Б.Д-гийн зөвшөөрлийн үндсэн дээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргасан байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг иргэний хариуцагч Б.Д-гаас хариуцуулан гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан зарчим, эрх зүйн зохицуулалтад бүрэн нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн, шүүгдэгч О.Б- нь иргэний хариуцагч Б.Д-гийн эзэмшил, өмчлөлийн Lexus RX-450 загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө дур мэдэн хөнгөмсөгөөр найдан жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болон жолоог шилжүүлэн авсан гэж үзэх үйл баримт, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар хохирол төлбөрийг иргэний хариуцагч Б.Д- нь бүрэн хариуцан арилгах нь зөв байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Б-ээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн 27,523,916 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шүүгдэгч О.Б-ээс гаргуулан олгохоор заасан 6,925,487 төгрөгийг тус тус иргэний хариуцагч Б.Д-гаас гаргуулж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид П.А-, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоол оруулж шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын 3, 7 дахь заалтад холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч О.Б- нь нийт 12,000,000 төгрөгийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид П.А- нарт төлсөн болохыг магадлалд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлын хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2052 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хооронд зорчих, гарч явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр эрүүл мэндийн тусламж үйчилгээ, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,
7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дүгээр 4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 1, 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б-ээс 27,523,916 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Д-гаас 38,523,916 төгрөгийгтустус гаргуулж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч П.А-т,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Б-ээс 6,925,487 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгосугай. ...” гэснийг
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дүгээр 4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 1, 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Б.Д-гаас 65,047,832 төгрөгийг гаргуулж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч П.А-т,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний хариуцагч Б.Д-гаас 6,925,487 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч О.Б- нь 12,000,000 төгрөгийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А- нарт төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ