Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01411

 

Д.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Ичинхорлоо шүүгч даргалж, С.Энхтөр шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01261 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б хариуцагч НШШГГхолбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2111 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Д.Бас 98 361 514 төгрөгийг гаргуулж КБолгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Д.Б өмч болох ... 337 м.кв газар, ...338 м.кв талбайтай хувийн сууцыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 153/10/06 дугаар бүхий битүүмжилсэн акт дээр үндэслэж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 225/16 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч шинжээч томилон 245 067 800 төгрөгөөр үнэлсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчиж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тал болох Д.Б надаас үнийн санал аваагүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төлбөр төлөгч Д.Бд холбогдох гүйцэтгэх хуудасыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэрт төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч Д.Б нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох ...337 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 153/10/06 дугаар бүхий битүүмжилсэн актаар битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 225/16 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/3223, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/4315 тоот албан мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр Д.Бдуудахад утсаа дуудаад аваагүй. Мөн оршин суугаа хаяг болох ...хаягаар очиход эзэнгүй байсан тул уг хаягаар баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч КБнаас барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул тус газраас хөндлөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 245 067 800 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш олон жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б НШШГГхолбогдуулан гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ..., 338 м.кв талбай бүхий хувийн сууц, 337 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнийг 245 067 800 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Д.Бд мэдэгдэл хүргүүлж, үнийн санал өгөхийг шаардсан боловч мэдэгдэлд хариу өгөөгүй учир шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн гэж мэтгэлцсэнийг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Үнийн санал ирүүлэх тухай шаардлага мэдэгдлийг Д.Бд бодьтойгоор хүргүүлсэн нотлох баримт хэргийн материалд ирээгүй байхад гардуулж өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл эргэлзээгүй нотлох баримт биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч НШШГГхолбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 525 дугаар шийдвэрээр Д.Бас 54 382 061 төгрөг, 2016 оны 2111 дугаар шийдвэрээр 43 175 764 төгрөгийг тус тус гаргуулан К банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү...337 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, 338 м.кв талбайтай, хувийн сууц зэрэг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2016 оны 16280800 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, төлбөр төлөгч Д.Б өмчлөлийн дээрх шүүхийн шийдвэрт дурдсан газар болон хувийн сууцыг битүүмжлэн, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. /хх 53-55, 156-158/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд албадан дуудлага худалдаанаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар саналаа өгөх тухай мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/3223 тоот албан бичгээр, мөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/4315 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлж тус тус мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Д.Б үнийн санал ирүүлээгүй байх тул уг ажиллагааг анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан журмын дагуу явагдсан гэж үзсэн нь зөв байна. /хх 161,163,165,166/

 

Нэхэмжлэгч Д.Б төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, мөн албадан дуудлага худалдаанаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар саналаа ирүүлээгүй тул төлбөр авагч Капитал банк ХХК-ийн хүсэлтээр хариуцагч байгууллага 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 117 тоот, Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-164,167/

Шинжээч нь төлбөрт хураагдсан газар болон хувийн сууцыг 245 067 800 төгрөгөөр үнэлж, дүгнэлтийг НШШГГхүргүүлж, хариуцагч байгууллагаас төлбөр төлөгчийн хаягаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг дүү н.Мөнхзул хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх189/

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ хөрөнгийн тухай шинж байдал, онцлогийн талаар тайландаа тусгаж, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судлан тооцож гаргасан тооцооллоо тайландаа тодорхой тусгасан байх тул үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, 9.3.8 хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээг тогтоосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ