| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0302/Э |
| Дугаар | 560 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Ж.Энхжаргал;
иргэний хариуцагч: С.Содцэцэг;
шүүгдэгч: Г.Мянхай, тэдний өмгөөлөгч Д.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганхуягийн Мянхайд холбогдох эрүүгийн 1803003420214 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 8 дугаар байрны 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УШ99123115 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуун Бунь овогт Ганхуягийн Мянхай.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.Мянхай нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Соёлын төв ордны баруун замд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны 11 цагийн үед “Тоёота Камри” маркийн 4179 УБҮ дугаартай автомашиныг жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Зоригтбал, О.Жаргалсайхан нарыг мөргөж, Д.Зоригтбалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Жаргалсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мянхай мэдүүлэхдээ: Тухайн үед сургууль дээрээс найзуудаа аваад “Буянт ухаа” цогцолбор руу явж байсан. Тэгээд талбайн зүүн талд хойноос урагшаа чиглэлтэй явж байсан. Ногоон гэрэл ассан байсан. Тэгээд хөдөлтөл уулзварын цаана нэг машин бүтэн эргэх гээд хөндлөн зогсож байсан. Би сандарсандаа баруун гар тийшээ дартал хүн мөргөөд зогссон. Машинаасаа буугаад хартал 2 хүн мөргөсөн байсан. Нэг нь шонгийн мод түшээд, нөгөөх нь газар сууж байсан. Тэгээд цагдаа, эмнэлгийн машин ирээд хохирогч нарыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед би дагаад хамт явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч С.Содцэцэг мэдүүлэхдээ: Осол гарсан өдрөөс эхлэн хохирогч нарт хохирлыг барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний задлыг төлөхөө илэрхийлсэн. Хохирогч нарт нийт 5.000.000 гаран төгрөг өгсөн. Хохирогч нартай байнгын холбоотой байгаа гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Зоригтбал /хх-ийн 22-23/, иргэний нэхэмжлэгч О.Жаргалсайхан /хх-ийн 26-27/,гэрч Б.Батзориг /хх-ийн 29/, Н.Амарбаясгалан /хх-ийн 31/, Б.Өнөрболд /хх-ийн 33/, А.Алтангэрэл /хх-ийн 35/, иргэний хариуцагч С.Содцэцэг /хх-ийн 40/ нарын мэдүүлэг, Г.Мянхайгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5309 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 55-56/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-9/, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/, Г.Мянхайгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 65-73/, А.Алтангэрэлд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас /хх-ийн 36/, шинээр хохирол төлсөн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Мянхай нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Соёлын төв өргөөний баруун замд “Тоёота Камри” маркийн 4179 УБҮ дугаартай автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс явган хүний гарц дээр буцаж эргэх үйлдэл хийж буй тээврийн хэрэгслийг харсаар атлаа зогсоох арга хэмжээ авалгүйгээр буюу тоормос гишгэх гэж байгаад андуурч хаазан дээрээ гишгэн явган зорчигч Д.Зоригтбал, О.Жаргалсайхан нарыг мөргөж, Д.Зоригтбалыг хүндэвтэр, О.Жаргалсайханыг хөнгөн гэмтээн, зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Д.Зоригтбалын /хх-ийн 22-23/: “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны 11 цагийн орчим Сүхбаатарын талбайн зүүн талд Соёлын төв өргөөний явган хүний гэрлэн дохиотой гарц руу дөхөж явахад ертөнцийн зүгээр хойноос урагш явсан автомашин замаасаа гараад миний зүүн гар талаас ирж мөргөөд унагасан. Мөргүүлээд босоод замаасаа зайтай зогсоод суусан. Удалгүй түргэн ирж аваад явсан. Хэмжилт хийхэд би байгаагүй. Гэхдээ ослын акт, гэрэл зураг дээр авсан А, В цэгүүд мөн байна...” гэх мэдүүлгээр,
иргэний нэхэмжлэгч О.Жаргалсайханы /хх-ийн 26-27/: “…2018 оны 04 дүгээр сарын 18-ны 11 цагийн орчим хичээлдээ явж байсан. Би Сүхбаатарын талбайн зүүн талын явган хүний гэрэл дохитой гарцаар зам хөндлөн гарах гээд явган хүний гарцны баруун талд 5-6 м зайтай явж байхад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явсан цэнхэр өнгийн автомашин зүүн гар тийш бүтэн эргэж байхыг хараад зогсож байхад гэнэт хойноос нэг машин орж ирээд миний зүүн хажуу талаас мөргөж унагасан. Ухаан ороход намайг нэг хүн өргөж байсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Батзоригийн /хх-ийн 29/: “…2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн орчим сургууль дээр манай ангийнхан цугларсан. Бид нар Буянт-Ухаагийн спорт цогцолбор орохоор найз Мянхайгийн машинд суугаад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа Засгийн газрын ордны зүүн талаар явж байсан. Машиныг Мянхай жолоодоод Өнөрболд, Амарбаясгалан, Энхтүвшин бид нар сууж явсан. Мянхай 2 дугаар эгнээгээр явж байхад манай машиныг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байсан. Мянхай дунд зэргийн хурдтай явсан. Гэрэл дохиогоор явж орох үед эсрэг урсгалын 2 дугаар эгнээгээр явсан цэнхэр өнгийн суудлын автомашин зүүн гар тийш бүтэн эргээд зам хөндлөн зогсох үед Мянхай сандраад баруун гар тийш жолоогоо дараад тоормос гишгээд замаас гараад замын хажуу талд явсан 2 эрэгтэй хүнийг машины урд хэсгээр мөргөөд зогссон…” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Амарбаясгалангийн /хх-ийн 31/: “…Цэнхэр өнгийн автомашин хэд дүгээр эгнээгээр явж байгаад бүтэн эргэснийг хараагүй. Мянхай тухайн үед сандраад баруун тийш жолоогоо дараад замаас гарсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Өнөрболдын /хх-ийн 33/: “…Эсрэг урсгалд явсан цэнхэр өнгийн суудлын автомашин урдуур зүүн бүтэн эргэж хөндлөн зогсох үед найз Мянхай машиныхаа жолоог баруун гар тийш дараад тоормос гишгээд явган хүний замаар явж байсан 2 эрэгтэй хүнийг мөргөөд зогссон…” гэх мэдүүлгээр,
гэрч А.Алтангэрэлийн /хх-ийн 35/: “…2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн орчим би 2860 УНЯ дугаартай Субару маркийн автомашиныг жолоодоод Соёлын төв ордны баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явж байгаад үндсэн ногоон гэрэл асаж байхаар нь бүтэн эргэх хөдөлгөөн хийхээр зүүн гар тийш жолоогоо дараад эргэж байхад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа 1 дүгээр эгнээгээр Тоёота Камри маркийн автомашин ороод ирэхээр нь би тэр дороо зогсох үед нөгөө машин гэнэт баруун гар тийш жолоогоо дараад замаас гараад юм мөргөөд зогссон…Камри машины урд нэг эрэгтэй хүүхэд хэвтэж байсан …” гэх мэдүүлгээр,
иргэний хариуцагч С.Содцэцэгийн /хх-ийн 40/: “…Г.Мянхай нь миний эзэмшлийн автомашиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан…Гэмтсэн хүмүүсийн эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулсан…” гэх мэдүүлгээр,
Г.Мянхайгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 64/: “…Эсрэг урсгалд ирж байсан автомашин гэнэт миний урдуур эргээд хөндлөн зогсохоор нь би уг машинаас зайлах гээд баруун гар тийш жолоогоо дараад тоормос гишгэх гэж байгаад андуураад хаазан дээрээ гишгэхэд гэнэт машин хурдаа авахаар нь буцаад тоормос дээрээ гишгэх үед автомашин замаас гараад 2 хүн мөргөсөн…” гэх мэдүүлгээр,
О.Жаргалсайханы биед “тархи доргилт, хуйх, зүүн гуяны няцрал, бүсэлхийн зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 54/,
Д.Зоригтбалын биед “зүүн өвдөгний үений урд болон арын чагтан холбоос, гадна хажуу холбоосны суналт, дотор, гадна менискийн урагдал, тархины доргилт, хуйх, зүүн эгэм, зүүн гуя, өвдөгний зөөлөн эдийн няцралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5309 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 43/,
“…Т.Камри маркийн 4179 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Ганхуягийн Мянхай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 55-56/ болон 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-9/, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Мянхайн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.Мянхай нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Соёлын төв өргөөний баруун замд “Тоёота Камри” маркийн 4179 УБҮ дугаартай автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчиж явган зорчигчийг мөргөж хүндэвтэр гэмтээсэн гэж шүүх дүгнэв.
Г.Мянхай нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед буюу явган хүний гарц дээр буцаж эргэх үйлдэл хийж буй тээврийн хэрэгслийг харсаар атлаа зогсоох арга хэмжээ авалгүйгээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүгдэгч Г.Мянхайн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хохирогч Д.Зоригтбал, иргэний нэхэмжлэгч О.Жаргалсайхан нар гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байна. Гэвч шүүгдэгч Г.Мянхай, иргэний хариуцагч С.Содцэцэг нар хохирогч Д.Зоригтбалд нийт 4.280.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Жаргалсайханд нийт 1.200.600 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна. Ийм учраас шүүгдэгч Г.Мянхай, иргэний хариуцагч С.Содцэцэг нараас нэмж гаргуулах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Мөн иргэний нэхэмжлэгч О.Жаргалсайхан “…гомдолгүй, хохирол санал гомдол байхгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн болохыг дурьдаж байна.
Харин хохирогч Д.Зоригтбал нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Мянхайг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Алаг адуун Бунь овогт Ганхуягийн Мянхайг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мянхайг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Мянхай урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Мянхай, иргэний хариуцагч С.Содцэцэг нар нь хохирогч Д.Зоригтбал, иргэний нэхэмжлэгч О.Жаргалсайхан нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Хохирогч Д.Зоригтбал нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мянхайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ