Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/1288

 

                                                           

 

 

 

 

 

      2025          11            13                                         2025/ДШМ/1288

 

Э.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Б.Манлайбаатар,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/411 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Манлайбаатар 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Э.А-т холбогдох эрүүгийн 2507002750185 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Э.А- нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн * дугаар хороо * дугаар гудамжны * тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойноос нь үсдэж байгаад зүүн чих рүү нь төмөр саваар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын прокуророос Э.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

“...1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тайлбарт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэдгийг гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлсон. Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдах нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг хэлбэр болно.

Гэтэл шүүгдэгч Э.А-ийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 43 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тухай тогтоолд “Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад заасныг баримтлан яллагдагч Э.А-ийн хохирогч Г.Г-ийн биед халдсан үйлдэл нь ямар нэг байдлаар дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан бус тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж ...хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүгийн хариуцлагын зорилго, хүлээлгэх үндэслэл журам, шударга ёсны зарчмыг хангаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад оршино. Гэтэл шүүгдэгч Э.А- нь хялбаршуулсан журмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 738 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан байтал дахин хэргийг нь хялбаршуулж 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял тохиролцож байгаа нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэж байгаа эсэх.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байх бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна” гэж зааснаас үзэхэд 14 хоногт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “түргэн шуурхай” гэдэгт нийцээгүй байна.” гэж шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Манлайбаатар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тодруулсан. Прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.А- нь Г.Г-тэй хамтран амьдрах 6 сар гаруй хугацаанд ямар нэг байдлаар сэтгэл зүйн дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодийн хүчирхийлэл үйлдээгүй төдийгүй, гэмт хэрэг зөрчлийн бүртгэлд энэ талаар бүртгэгдэж шалгагдаагүй байсан болно.

Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд тухайн үйлдлийг гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харилцааны тогтсон хэв шинж зэргээс хамааран хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аль тохирох гэмт хэргээр зүйлчилдэг хууль хэрэглээний тогтсон ойлголт юм. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний бие махбодод халдсан үйлдлийг, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг”, 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” гэж ойлгохоор хуульчилсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засгийн, бэлгийн эрх чөлөө, бие, махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон төдийгүй дээрх сэдэлт санаа зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан байдгаараа онцлог. Прокуророос шүүгдэгч Э.А-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Г-ийн эрүүл мэндэд халдсан үйлдэл нь тухайн нөхцөл байдалд үүссэн “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байхад босгож, гэртээ харья гэсэн” тухайн нөхцөл байдалд үүссэн тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас хохирогчийн зүүн чих рүү төмөр саваар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн.

2. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зорилтыг хангаагүй гэсэн үндэслэлээр талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилж, 17.4 дүгээр зүйлд “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах...”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэж тус тус заасан. Гэтэл шүүхээс шүүгдэгч Э.А- нь урьд 2019, 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус шүүхээс торгох ял оногдуулсан, тухайн шийдвэрлэсэн хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байхад дахин хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь шударга ёсны зарчмыг хангаагүй, хэрэгт мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна гэж заасан хуулийн түргэн шуурхай гэдэгт нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Э.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодод нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн, торгох ялын бүрэн биелэгдсэн, ялтай байх хугацаа дууссан бөгөөд хуульд заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчид заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр санал гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тусгай журамд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан гэж үзвэл хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах эрхтэйг заасан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журамд урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хамааралгүй гэж үзэн прокуророос шүүгдэгч Э.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокуророос хэргийг хялбаршуулан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна” гэж заасан бөгөөд прокурор 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт мөрдөгч 14 хоногийн хугацаанд мөрдөн байцаалт явуулан 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хэргийг прокурорт саналтай ирүүлснийг прокурор хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үндэслэлд хамаарахгүй болно. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/411 дүгээр шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.А-т холбогдох 2507002750185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хяналаа.

1. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “...шүүгдэгч Э.А-т холбогдох хэрэгт 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 43 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тухай тогтоолд “Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад заасныг баримтлан яллагдагч Э.А- нь хохирогч Г.Г-ийн биед халдсан үйлдэл нь ямар нэг байдлаар дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан бус тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж ...хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.А- хялбаршуулсан журмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 738 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан байтал дахин хэргийг нь хялбаршуулж 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял тохиролцож байгаа нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэж байгаа эсэх.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байх бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна” гэж зааснаас үзэхэд 14 хоногт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “түргэн шуурхай” гэдэгт нийцээгүй байна. ...” гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Энэхүү шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасантай зөрчилдөхгүй бөгөөд 2507002750185 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхийн хийсэн дүгнэлт байна.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх өөрийн санаачлагаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж болохоор заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

3. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог тул шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Манлайбаатарын бичсэн хэргийг прокурорт буцаахгүйгээр, эцэслэн шийдвэрлүүлэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/411 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Манлайбаатарын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                          ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                           Л.ОДОНЧИМЭГ