Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0470

 

Я.Б-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Я.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э-Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Д.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, Я.Б-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Я.Б-ыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн цалинг ТЗ-12-3 шатлалын дагуу 921.067 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлийг 25 хувиар тооцож нийт 6.635.241 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.414.545 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Д.М нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажиллаж байсан Я.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг хариуцагч зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Я.Б-ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хариуцлага алдсан цаашид Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан тушаалд ажиллах боломжгүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн захиргааны санаачлагаар Төрийн үйлчилгээний албан тушаалд томилон ажиллуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Хүрээ амаржих газрын даргаар томилсон байдаг.

Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа зөрчил гаргаж, хариуцаж байсан газрын үйл ажиллагаа нь хангалтгүй гэж үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд

2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд Я.Б-ын даргаар ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн газрын эрхлэх асуудлын хүрээнд 10 арга хэмжээ байгаагаас дийлэнх олонх буюу 7 арга хэмжээ Эрчимжүүлэх шаардлагатай буюу 40% үнэлэгдсэн. Түүнчлэн эрүүл мэндийн салбартай холбоотой хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд нийт 4 арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй 30% гарснаас дийлэнх олон буюу 3 арга хэмжээ нь Я.Б-ын даргаар ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн газрын эрхлэх асуудлын хүрээнд хамрах асуудал байсан.

Үүнийг Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөлийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа газар, хэлтсийн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг 2018 онд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт даалгаж, холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахдаа хангалтгүй, бүрэн бус, худал зөрүүтэй мэдээллээр хангасан, өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байдаг.

Ийм учраас Я.Б-ыг Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ гэх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй ба хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн баримт гаргаагүй гэдгийг анхаарч мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг шийдвэрлээгүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Эрүүл мэндийн сайд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх бодолтой байгаа талаар хэлэхэд би эрүүл мэндийн салбарт болон төрийн албанд 30 гаруй жил ажилласан тангараг өргөсөн эмч, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрд алдаатай буруу нэг ч үйлдэл хийгээгүй тул таны гаргах шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн гэсэн байдаг. Үүнийгээ шүүх хуралдаанд ч ярьдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх болсныг, мөн шалтгаан нөхцөлийг мэдсэн, шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгээ шууд хэлсэн тайлбар гэж үзэхээр байхад шүүх зөвхөн сонсох ажиллагааны тэмдэглэлд дүгнэлт хийсэн.

Мөн шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Түүнийг эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд нь түүний хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгож байгаа нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг ноцтой зөрчжээ гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч Я.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайдтай уулзаад ажлаа хийгээд явж байсан хүн, гэтэл тэр өдрөө буюу 01 дүгээр сарын 23-нд эмнэлэгт хэвтсэн гэх эмнэлгийн магадлагаа гаргаж өгсөнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй зэргээс харахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн тайлбартай холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн үндэслэлийг дурджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд нотлох баримт гаргах, цуглуулах талаар заасан бөгөөд захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгэж, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Б-ыг “албан үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа зөрчил гаргаж, хариуцаж байсан газрын үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлэгдсэн тул төрийн үйлчилгээний албан тушаалд томилон ажиллуулах болсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч Я.Б нь шүүхэд “тус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх зэрэг захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтад нийцсэн, гаргасан зөрчил бүр нь нотлох баримтаар, хангалттай, бүрэн дүүрэн тогтоогдсон байхыг шаарддаг.

Гэтэл хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа зөрчил гаргаж, хариуцлага алдсан, хариуцаж байсан газрын үйл ажиллагаа нь хангалтгүй гэж үнэлэгдсэн учраас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн захиргааны санаачлагаар Төрийн үйлчилгээний албан тушаалд томилон ажиллуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хүрээ амаржих газрын даргаар томилсон” гэсэн үндэслэлийг дурддаг.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, мөн тухайн байгууллага нь татан буугдсан, бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан бол ажлаас чөлөөлж болох үндэслэлүүдийг заасан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн, мөн маргаан бүхий захиргааны акт болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлийг дурдаагүй, уг тушаал гарсан өдөр Я.Б нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь эмчлүүлэгчийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмчлүүлэгчийн Эрүүл мэндийн карт зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3-т заасныг тус тус зөрчжээ.

 Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайдтай уулзаад ажлаа хийгээд явж байсан ...гэтэл тэр өдрөө эмнэлэгт хэвтсэн гэх эмнэлгийн магадлагаа гаргаж өгсөнд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэгэнт шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Я.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгох нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Д.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР