Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 110

 

“У...” ХК-ийн гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хорооны

улсын байцаагч

Н.Н-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч  

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Нгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0552 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, Ц.Э, Б.Н-О  нарыг оролцуулж,

            Хариуцагч Санхүүгийн эохицуулах хорооны улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-О-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0552 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “У...” ХК-ийн гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н-гийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2019/0552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”У...” ХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н-д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон, “У...” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Т.Ганбат нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

           3. Хариуцагч Санхүүгийн эохицуулах хорооны улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Санхүүгийн эохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах зөвлөх, улсын байцаагч Н.Н нь “У...” ХК-ийг хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу өөрийн компани дээр хадгалаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19-д “компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй” гэж заасан үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу хорин сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

            4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “… гэвч дээр дурдсанчлан хувьцаа эзэмшигчдийн мэдэх, түүнчлэн тэдний нэвтрэх боломж бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Номин юнайтед” цогцолборт “У...” ХК-ийн хуульд заасан баримт бичгийг хадгалж буй нь зөрчилд тооцогдохгүй. Хариуцагчаас “Улсын их дэлгүүр”-т үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа учраас энэ дэлгүүрт баримт бичгийг хадгалах ёстой гэсэн агуулгаар зөрчлийн үйл баримтыг тодорхойлсон, түүнээс “Номин юнайтед” цогцолборт баримт бичиг хадгалж буйг хувьцаа эзэмшигч нар мэдэх мөн уг цогцолборт нэвтрэх боломжгүй гэдгийг баримтаар тогтоогоогүй, энэ талаар хувьцаа эзэмшигчдээс ямар нэгэн гомдол гаргаагүй болохыг ч хүлээн зөвшөөрсөн болно” гэж дурджээ.

            5. “У...” ХК-ийг хадгалбап зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу өөрийн компани дээр хадгалаагүй нь зөрчил юм гэсэн агуулгаар хариуцагчаас зөрчлийн үйл баримтыг тодорхойлсон.

            6. Мөн “Номин юнайтед” цогцолборт баримт бичиг хадгалж буйг хувьцаа эзэмшигч нар мэдэх боломжгүй гэдгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Б өөрийн биеэр газар дээрх үзлэг хийж тогтоосон бөгөөд үзлэгийн тэмдэглэл, дүгнэлт болон фото зураг зэрэг баримтууд хавтас хэрэгт авагдсан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Номин юнайтед” цогцолборт баримт бичиг хадгалж буйг хувьцаа эзэмшигч нар мэдэх мөн уг цогцолборт нэвтрэх боломжгүй гэдгийг баримтаар тогтоогоогүй” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

            7. “Номин юнайтед” цогцолборт баримт бичиг хадгалж буйг хувьцаа эзэмшигч нар мэдэх мөн уг цогцолборт нэвтрэх боломжгүй” гэдэг үйл баримтыг нотлохын тулд “У...” ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс тодруулж, тэдгээрийн төлөөллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулж асуулгахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргасан боловч манай хүсэлтийг хүлээн аваагүй. Хэрэв хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч гэрчээр “У...” ХК-ийн зарим хувьцаа эзэмшигчдийн телөөллийг оролцуулж дээрх үйл баримтыг асууж хэлэлцсэн бол “Номин юнайтед” цогцолборт баримт бичиг хадгалж буйг хувьцаа эзэмшигч нар мэдэх мөн уг цогцолборт нэвтрэх боломжгүй” гэдгийг нотлох хангалттай баримтууд цуглах байсан.

 

           8. “У...” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлын 02 дугаар тогтоолоор “У...” ХК-ийн дүрмийг баталсан бөгөөд дээрх хүчин төгөлдөр компанийн дүрмийн 2.2 дахь хэсэгт “Компанийн хаягийг Монгол улс, Улаанбаатар хот-210644, Энхтайваны өргөн чөлөө-25, Улсын их дэлгүүр, Шуудангийн хайрцаг 688” гэж тодорхойлон заасан байх ба Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Номин юнайтед” цогцолборыг “У...” ХК-ийн өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, хувьцаа эээмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар гэж үзэх боломжгүй юм.

 

           9. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа газрыг “У...” гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй хэмээн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлалдаа дүгнэсэн.

 

          10. “У...” ХК нь 45000 орчим жижиг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тус компанийг ногдол ашиг тараахгүй байгаа талаар удаа дараа жижиг хувьцаа эзэмшигчдээс нь цуглаан, суултыг Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, “Улсын их дэлгүүр”-ийн байрны өмнө зохион байгуулж байсан бөгөөд үүнээс харахад Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн мэдэх газар нь нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 67/1 тоот хаягт байрлах “Номин юнайтед” цогцолбор биш Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, “Улсын их дэлгүүр”-ийн байр байна.

 

            11. Мөн “У...” ХК нь 2016 оноос 2019 онуудад хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахдаа Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол, 100 айлын уулзварын баруун хойно, хэвлэлийн хүрээлэнгийн зүүн талд байрлах Барилгын дэвшилтэт технологийн төвийн 6 давхрын хурлын танхимд хуралдуулсан нь “Номин юнайтед” цогцолборыг “хувьцаа эзэмшигчдийн мэдэх газар” гэж үзэх боломжгүй юм.

 

           12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн өөрийн биеэр очиж газар дээрх үзлэг хийж “Номин юнайтед” ХХК-ийн 5 давхарт “У...” ХК үйл ажиллагаагаа явуулж байгааг мэдэх боломжгүй, тодруулбал уг цогцолборын 5 давхарт Н х, Н д, Н ф, Н ф, Н к, Н ю, Н э, Н х, Н р зэрэг Н-ийн охин компаниуд үйл ажиллагаа явуулж байх бөгөөд уг цогцолборын гадна талд буюу 5 давхарт “У...” ХК-ийн хаягийг байршуулаагүй, уг газар нь “У...” ХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн.

 

            13. Дээрх үйл баримтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх харгалзан авч үзэхгүйгээр магадлалдаа “...Улсын их дэлгүүр ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоолд “Н ю” цогцолборын 5 давхарт байрлах гүйцэтгэх захирал болон ТУЗ-ын нарийн бичгийн даргаар дамжуулан тухайн хурлаар хэлэлцэх материал болон компанийн бичиг баримттай танилцах боломжтой болохыг мэдээлж байхаар тусгасан төдийгүй өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлж байсан нь хэрэгт авагдсан нэр бүхий сонины зар, телевизийн тодорхойлолтуудаар нотлогдож байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэст “шүүх хуралдаан даргалагч ... хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох ...” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна

           

            14. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          15. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          16. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсаар “У...” ХК-ийг “... хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19 дэх заалтыг үндэслэн 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, “У...” ХК-иас уг актыг эс зөвшөөрч  “... манай компани Улсын их дэлгүүрийн барилгыг түрээслүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, ... компанийн оффис Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 67/1 тоот хаягт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа, /энэ хаягт/ хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг хадгалж байгаа нь хууль зөрчөөгүй” гэж, хариуцагчаас “... “У...” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компанийн дүрэмд компанийн албан ёсны хаягийг “Чингэлтэй, 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, өөрийн байранд” гэж бүртгэгдсэн, уг хаяг өөрчлөгдсөн талаарх бүртгэл, дүрмийн өөрчлөлт  хийгдээгүй, ... нэхэмжлэлд дурдаад байгаа /Хан-Уул дүүрэг дэх/ хаяг дээр компанийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй байх тул ...  үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа, бүртгэлтэй хаяг болох Улсын их дэлгүүр-ийн байрыг “У...” ХК-ийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар гэж үзэх ёстой, ... энэ байрандаа баримт бичгийг хадгалаагүй нь Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19 дэх хэсгийг тус тус зөрчсөн, ... энэ үндэслэлээр зөрчилд шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

          17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “У...” ХК нь Улсын их дэлгүүрийн барилгыг бүхэлд нь “Номин реалтор” ХХК-нд түрээслүүлдэг,  “У...” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компанийн дүрэмд компанийн албан ёсны хаягийг “Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, өөрийн байранд” гэж заасан боловч компанийн ерөнхий захиргаа нь уг хаягт бодитоор байрладаггүй,  Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 67/1 тоот хаягт буюу “Номин Юнайтед” цогцолборт байрлаж байгаа, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан  хадгалбал зохих баримт бичгийг “Н Ю” цогцолборын байранд хадгалж байгаа, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

          18. Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “компани нь ... /уг хуулиар нэрлэн заасан/ баримт бичгийг хадгалах”-аар, 97.2-т “... /уг хуулиар нэрлэн заасан/ баримт бичгийг хадгалж, хууль болон компанийн дүрэм, журмаар тогтоосон эрх бүхий этгээдийн шаардлагаар танилцуулах үүрэгтэй /байх/”-аар, 97.6-д “компани нь энэ хуулийн 97.1-д заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгалах”-аар, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19-д “... компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй бол /хувьцаат компанийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/”-оор тус тус заажээ.

          19. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, компани өөрийн үйл ажиллагаанд холбогдох, хуулиар нэрлэн заасан баримт бичгүүдийг заавал хадгалах, уг баримт бичгүүдийг эрх бүхий этгээдийн шаардлагаар танилцуулах үүрэгтэй, тухайн компанийн хувьцаа эзэмшигчид нь компанийн баримт бичгүүдийг хаана хадгалж байгааг мэдэх, нэвтрэн орж танилцах боломжтой байх шаардлагуудыг хуульчилсан, үүнийг нийтийн эрх зүйн хүрээнд,  “компани өөрийн үйл ажиллагаанд холбогдох, хуулиар нэрлэн заасан баримт бичгүүдийг хадгалаагүй, үрэгдүүлсэн, үүний улмаас нийтийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн”, “баримт бичгүүдийг эрх бүхий этгээдийн шаардлагаар танилцуулаагүй”, “компанийн баримт бичгүүдийг хадгалж байгаа газарт хувьцаа эзэмшигч нарыг нэвтрэн орох боломжоор хангаагүй”, “компанийн баримт бичгүүдийг хаана хадгалж байгаа нь хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхгүй, хайгаад олдохгүй байгаа, үүний улмаас хувьцаа эзэмшигч нарын эрх зөрчигдсөн” тохиолдолд албадлагаар хамгаалагдах нийтийн эрх зүйн харилцаа гэж үзнэ, бусад тохиолдолд, хувийн эрх зүйн харилцаанд хамааруулна.

          20. Өөрөөр хэлбэл, ердийн тохиолдолд, хуулиар заасан баримт бичгүүдийг компани хаана хадгалсан нь нийтийн эрх зүйн маргаан биш, “улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компанийн дүрэмд бичигдсэн хаягт баримт бичгийг хадгалаагүй, өөр газарт хадгалсан” нь нийтийн эрх зүйн албадлагаар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчсөн “зөрчил” гэж үзэхгүй,  Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19-д заасан “... компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил нь обьектив шинжээрээ материаллаг бүрэлдэхүүнтэй, зөрчилд тооцох үндэслэл нь компани баримт бичгүүдийг “өөр газар”-т хадгалсны улмаас хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдсөн байхыг шаардана, анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн энэ заалтыг маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэхдээ уг шинжийг анхаараагүй байна. 

          21. Тухайн тохиолдолд, “У...” ХК нь хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг хадгалаагүй талаар болон, эрх бүхий этгээдийн шаардлагаар танилцуулаагүй, баримт бичиг нь хаана байгаа нь хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхгүй, олдохгүй байгаа, баримт бичгүүдийг Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 67/1 тоот хаягт буюу “Н Ю” цогцолборын байранд хадгалж байгаагаас “хувьцаа эзэмшигч нар нэвтрэн орох боломжгүй болсон” гэх зэрэг асуудлаар талууд маргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ийм үйл баримтууд тогтоогдоогүй, хувь эзэмшигчдийн эрх зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул энэ тохиолдолд, “У...” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19-д заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй, уг заалтыг үндэслэн, 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

          22. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу өөрийн компани дээр хадгалаагүй нь зөрчил юм”, “...“Номин юнайтед” цогцолборт баримт бичиг хадгалж буйг хувьцаа эзэмшигч нар мэдэх боломжгүй”, “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, “шүүх хуралдаан даргалагч ... хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох ...” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Санхүүгийн эохицуулах хорооны улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-О-ын гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА