| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0337/Э |
| Дугаар | 364 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Э.Бадрал,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхболд,
Өсвөр насны шүүгдэгч Э.М
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мөнх-Оргилд холбогдох эрүүгийн 1811009520374 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Боржигон овогт Энхболдын Мөнх-Оргил, Монгол Улсын иргэн, 2000 оны 8 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачид 6 дугаар гудамж 186 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УИ00281951/
Өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргил нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 3 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Золбаярыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд 2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал буйлны цус хуралт, уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргилоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ Тухайн өдөр Золбаяртай ПС тоглоомын газар таарсан. Золбаяр нь миний өмнө үерхдэг байсан охинтой шоу цэнгээн гэж уруу татдаг байсан. Тухайн өдөр Золбаяртай таараад дахиж битгий тэгээрэй гэж хэлсэн. Тэгсэн Золбаяр тэгээгүй гэж гүрийсэн. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Тухайн үед уур хүрээд Золбаярыг цохисон гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргилоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..нөгөө ангийн Золбаяртай тааралдсан, тэгээд би Золбаярыг битгий хүүхэд уруу татаад байгаарай гэж хэлснээс болж маргалдаад би Золбаярын нүүр лүү уруул хэсэг рүү нь нэг удаа цохисон.. гэсэн мэдүүлэг /хх-24/,
Хохирогч П.Золбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгэхэд РС тоглоомын газар байхад дахиад орж ирээд намайг “зодолдох уу, гарах уу” одоо гэх мэтээр үг хаяад байсан, тэгэхээр нь эргэж хараад би чамтай зодолдохгүй ээ би тайван сургуулиа төгсмөөр байна, би монтажны зураг авахуулж байгаа учраас зодоон хиймээргүй байна гэж хэлсэн. Тэгтэл намайг шууд цохиод авсан ба миний уруул руу цохиод авсан..” гэсэн мэдүүлэг /хх-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ¹4081 дүгээр дүгнэлтэнд: /хх-15/ “.. 1. П.Золбаярын биед тархи доргилт, баруун дээд 2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал, буйлны цус хуралт, уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид 5% нөлөөлнө..” гэсэн дүгнэлт,
Өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргилын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 27/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25/, гэрч Г.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-10-11/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргил нь 2018 оны 3 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Золбаярыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд 2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал буйлны цус хуралт, уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон бөгөөд өсвөр насны шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргилыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Тэрээр гэмт хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17 настай буюу өсвөр насны хүн болох нь төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай журмыг баримталж шүүх хуралдааныг явууллаа.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогчид төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргил нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.7, 18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Энхболдын Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргилд 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргил нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргил нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Э.Мөнх-Оргилд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР