| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2306 05143 1076 |
| Дугаар | 2025/ДШМ/1289 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/1289
2025 11 13 2025/ДШМ/1289
Э.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор М.Нямжав,
яллагдагч Э.Т-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/4985 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Нямжав 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Э.Т-т холбогдох эрүүгийн 2306 05143 1076 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Э.Т- нь 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Санхүү-Эдийн засгийн их сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.М-ын гадуур хувцасны халааснаас “Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,255,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокуророос: Э.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...1. Хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.М- нэг удаа хохирогчоор мэдүүлэг өгчээ. Тухайн мэдүүлэгтээ “...Миний гар утас хийсэн байсан зүүн гар талын халааснаас миний гар утсыг авах шиг мэдрэгдээд би шууд эргэж харахад миний ард 40-45 орчим насны ах нар явж байсан. Би гар утсаа авъя гэж хэлэхэд миний гар утсыг аваагүй гэж надад хэлсэн. Тэгээд би гар утасруугаа залгах гээд найзаасаа гар утас руу залгаад өгөөч гэж хэлэхэд нэгжгүй гэж хэлсэн. Бас нэг хар саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамцтай 20 орчим насны эрэгтэй хүн утсаа авъя гэж хэлэхэд сандал дээр сууж байсан. Би өөрийн гар утас руугаа залгахад дуудаж байсан ч надад сонсогдоогүй, байж байхад сандал дээр сууж байсан саравчтай хар малгайтай ах босоод явсан. Тэгээд би хоёр найзыгаа араас нь гүйгээрэй гэж хэлэхэд манай хоёр найз араас нь гүйгээд гүйцсэнгүй гэж ирээд надад хэлсэн. Дахин залгаж үзэхэд гар утсыг маань авахаар нь би гар утсаа авъя гэж хэлэхэд “за, өгье Багшийн дээд дээр байдаг CU дэлгүүрээс ирээд аваа” гэж хэлсэн. Багшийн дээдийн CU дээр ирээд гар утасруугаа залгахад миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэж мэдүүлжээ.
Харин таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд хуульд зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.М-аас ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг мөрдөгчөөс урьдчилан асуухад “Миний гар утсыг халааснаас хулгайлсан этгээд хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн хүрэмтэй, хажуу талдаа үүрдэг цүнхтэй, харааны шилтэй 30-40 орчим насны, 170 см орчим өндөртэй эрэгтэй байсан" гэж таньж олуулах хүний онцлог байдлыг хохирогчоор мэдүүлэг өгснөөс өөр байдлаар тодорхойлжээ.
2. Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэлд “Баянзүрх дүүргийн нутаг дэвсэрт манай найз Б.М-ын гар утсыг хулгайлсан этгээдтэй Зүүн 4 зам дээр таараад зургийг нь дарчихлаа гэх чат ирснийг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив” гээд гар утасны Дорж гэх хаягнаас мессенжер чатны зургийг хуулж авсан /screen shot/ хийсэн зургийг тусгасан байх тул тухайн хаяг хэний хаяг болох, хэнтэй харилцсан харилцаа болох зэргийг тодруулах мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлож ирүүлээгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг тус тус анхаарах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн тогтолцоонд эрүүгийн процесс нь мөрдөн байцаалтын, шүүн таслах ажиллагааны гэсэн ялгаа зааг бүхий үе шаттай бөгөөд хэргийн бодит байдал нь бүрэн дүүрэн хийгдсэн мөрдөн байцаалт, прокурорын хяналтын үр дүнгээс шууд хамаардаг болно.
Иймд нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм. ...” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор М.Нямжав бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад огт хийгдээгүй эсхүл хууль зөрчиж хийсэн ажиллагаа хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагчийн биеийн байцаалт, таньж олох хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрны тухай болон бусад бүх ажиллагааг дэс дарааллаар нь үгчлэн бичнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдаж “тэмдэглэл” үйлдэн бэхжүүлсэн байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Түүнчлэн таньж олуулах ажиллагаа ганцхан удаа хийгдэх боломжтой нотолгооны хувьд онцлог бүхий ажиллагаа бөгөөд нэгэнтээ таниулсан, таньсан хүнийг дахин таниулах ажиллагаа явуулах боломжгүй тул тухайн ажиллагааны үр дүнг нотлох баримтаар үнэлэх эсэхийг шүүх шийдвэрлэх боломжтой юм. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадпах аргаар нотлох баримтыг шалгах учиртай.
Шүүгчийн захирамжид заасан насанд хүрээгүй хохирогч Б.М-ын мэдүүлэг болон хохирогчоор нь таньж олуулсан ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч С.Н-ы "...Би тэр өдөр Маралтай хамт сургалтаа тараад алхаж байсан бөгөөд Маралын хажуугаар нь нэг эрэгтэй хүн зөрөхдөө гар утсыг нь аваад явчих шиг болсон. Тэгээд Марал хойноос нь очиж дуудаад “хүүе ахаа утсаа авъя" гэж хэлээд тэр эрэгтэй хойшоо хараад “би чиний утсыг аваагүй” гэж хэлээд цааш яваад өгөхөөр нь тэр ахын царайг нь харсан юм... Марал утсаа алдсанаас нэлээн хэдэн хоногийн дараа гадуур ганцаараа явж байхад Марал гар утсаа алдахад хажуугаар нь зөрөөд гар утсыг нь хулгайлсан байж болзошгүй хүн мөн байхаар нь би зургийг нь дараад чатаар явуулсан юм. Би тухайн үед царайг нь харсан болохоор таньсан юм” гэх мэдүүлэг, мөн насанд хүрээгүй гэрч С.Н-гоор таньж олуулах ажиллагаа явуулахад тэрээр хохирогч Б.М-ын таньж олсон хүнийг заасан буюу хохирогч, гэрч нарын хэн аль нь яллагдагч Э.Т-ийг гар утсыг авсан этгээд мөн гэж таньсан байдлаар давхар нотлогдсон тогтоогдсон байхад шүүх дээрх нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгчийн захирамжийг шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Яллагдагч Э.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга н.Наранбаатар гэх хүн намайг ажилдаа явж байхад тааралдаад “...би чамайг 6 цаг саатуулах эрхтэй, би чамайг шархдуулсан байгаа, чамайг заавал явуулна..” гэсэн. Үүний өмнө намайг очиход “...би чамайг ирэх жилийн 6 сар гэхэд явуулчихсан байна...” гэсэн, байнга занадаг. Би энэ хэргийг хийгээгүй гэхээр “...тэр надад хамаагүй, чи яваад заргалдаарай..” гэсэн. Миний хувьд энэ хэргийг хийгээгүй нь үнэн. Би өмнө үйлдсэн хэргүүдээ үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрөөд явсан. Энэ хэргийн тухайд үйлдээгүй тул хэргийг үнэн, зөв шийдэж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Э.Т-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий зөв гарсан гэж үзэж байна. Учир нь, тухайн хэрэг 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гарсан. Гэтэл 2025 оны 5 дугаар сард яллагдагчаар татаж, хэрэг илэрсэн мэтээр нотлох баримт цуглуулж, хэрэгт хавсарсан нь эргэлзээтэй байна. 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Э.Т- хулгайн хэргээр шийтгүүлсэн. Уг хэрэг 2023 оны сүүлээр Хулгайтай тэмцэх тасагт бүртгэгдэж, хэрэг шалгагдаж байсан цаг үетэй давхцдаг. Тухайн үед хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байсан Э.Т-тэй холбогдуулан ямар нэгэн шалгалтын ажиллагаа явагдаагүй байсан. Хоёр жилийн дараа буюу 2025 онд, өмнөх үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял шийтгэлээ эдэлж дуусаад, эхнэр нь төрж, хэвийн амьдралтай болоод ирэх үед дахин гэмт хэрэг үйлдсэн гэж шалгаж эхэлсэн.
Хохирогч Б.М-ын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайн нотлох баримтыг ямар байдлаар бэхжүүлж, цуглуулж авсан арга нь эргэлзээтэй байна. Эдгээр нотлох баримтууд нь үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй, шүүхэд илэрхий байсан. Ийм байхад нотлох баримтыг шүүхээр хэлэлцүүлж, үнэлсний дараа гэм буруутайд тооцож, шийдвэрлэх боломжтой гэж прокурорын үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн хэргийг бүхий л талаас нь нотлох үүрэг мөрдөн байцаалтын алба, прокурорын байгууллагад байсан. Таньж олуулах ажиллагааны үед насны хувьд өөр, өөр хүмүүсийг заадаг. Тухайн үед Макс молл буюу модны 2-ын хавьцаа утсаа алдсан гэж мэдүүлсэн. Дараа нь Багшийн дээд, Арслантай гүүрний ойролцоо алдсан, насны хувьд 40-45 гэж зааж байснаа, 20 настай хүнээс очиж утсаа авъя гэж нэхэж байгаа байдал, дараа нь Э.Т-ийн зургийг таниад байгаа байдал зэрэг нь ямар нэгэн байдлаар хохирогчид нөлөөлсөн, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй гэх үндэслэлийг өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаан дээр гаргаж тавьсан. Иймд нэмэлт нотолгоонууд зайлшгүй шаардлагатай. Хөнгөрүүлэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулах боломж олгохгүйгээр хэрэгт хангалттай нотлох баримт бүрдсэн гэдэг байдлаар шүүх рүү шилжүүлсэн нь өөрийгөө хамгаалах, мэтгэлцэх хангалттай нотлох баримт бүрдэхгүй байх нөхцөл байдалд хүргэсэн. Иймд шүүх үүнийг дүгнэж үзээд, хэргийн үнэн зөв байдлыг олж тогтоо, хувь хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд нөлөөлж болзошгүй тул дахин ажиллагааг хий хэмээн буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан “...1. ...Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд хууль зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.М-аас ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг мөрдөгчөөс урьдчилан асуухад “Миний гар утсыг халааснаас хулгайлсан этгээд нь хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн хүрэмтэй, хажуу талдаа үүрдэг цүнхтэй, харааны шилтэй 30-40 орчим насны, 170 см орчим өндөртэй эрэгтэй байсан" гэж таньж олуулах хүний онцлог байдлыг хохирогчоор мэдүүлэг өгснөөс өөр байдлаар тодорхойлжээ.
2. Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэлд “Баянзүрх дүүргийн нутаг дэвсэрт манай найз Б.М-ын гар утсыг хулгайлсан этгээдтэй Зүүн 4 зам дээр таараад зургийг нь дарчихлаа гэх чат ирснийг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив” гээд гар утасны Дорж гэх хаягнаас мессенжер чатны зургийг хуулж авсан /screen shot/ хийсэн зургийг тусгасан байх тул тухайн хаяг хэний хаяг болох, хэнтэй харилцсан харилцаа болох зэргийг тодруулах мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай. ...” гэх үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй байна.
Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд яллагдагч Э.Т-ийн “насанд хүрээгүй хохирогч Б.М-ын гадуур хувцасны халааснаас “Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,255,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримтын талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд хийсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд прокурор М.Нямжавын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны тойргийн шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгч Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор М.Нямжавын бичсэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар прокурорын эсэргүүцлийг хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/4985 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ