Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01117

 

 

 

А.Агын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00768 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Агийн хариуцагч ИНЕГТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Холбоо, навигац, ажиглалтын албаны гэрэл суулт, цахилгааны хэсгийн инженер техникчдийн давтан сургалтад хичээл орсон. Манай албаны ажилчид ээлжээ 10:00 цагаас солилцдог бөгөөд н.Мтухайн өдөр ээлжинд гарч байсан тул хичээлийн цагаас хоцорч орж ирсэн. Би тухайн асуудлыг мэдэж байсан учраас хичээлийг хэвийн үргэлжлүүлсэн. Хичээл 12:00 цагаас завсарлаж, 13:00 цагаас үргэлжилсэн бөгөөд н.Мөнхцэцэгээс бусад инженер техникчид суудлаа эзлэн хичээлдээ бэлэн байсан. Гэтэл н.М14:00 цагийн орчимд хичээлийн танхимд шууд орж ирсэн. Би гайхаж, ямар их хоцорч байна гэхэд Мөнхцэцэг миний бие ирж байгаа нь их юм биш үү, миний хоцрох чамд ямар хамаатай юм. Чи л дандаа олон юм ярьж байдаг, бусад нь яадаг ч үгүй, чи олон юм яриад байлгүй авах шалгалтын асуултаа л хэлээд өгөөрэй гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Би ийм хүнд хичээл зааж чадахгүй, хичээлийн танхимыг орхиж гарахыг хүссэн. Гэтэл сургалтын танхимд болсон энэ үл ойлголцлын талаар ИНЕГЁс зүйн хорооны дүгнэлт гарч, тус газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/211 дугаар тушаалаар надад үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие сургалт орж буй багшийн хувьд хичээлийн хэвийн үйл явцыг хангах, суралцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн зүй ёсны шаардлага тавьсаныг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй тул  ИНЕГдаргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/211 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ИНЕГажилтан Н.Мнь ёс зүйн хороонд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сургалтад суух гээд очиход тасгийн дарга А.А хичээл зааж байсан ба тэрээр хэл амаар доромжилж, олон нийтийн дунд ичгэвтэр байдалд оруулсан. Үүнээс болж бие сэтгэл санааны хямралд орсон тул А.Ад хариуцлага тооцож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Ёс зүйн хороо уг асуудлаар 4 удаа хуралдаж, А.Аг Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.13, 5.7.5, 5.7.6, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.3, Ёс зүйн дүрмийн 8.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсээс А.Аг 100 000 төгрөгөөр торгож, ИНЕГдаргын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/211 дүгээр тушаалаар А.Агийн үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаал нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан А.Агийн нэхэмжлэлтэй, ИНЕГТӨААТҮГ-т холбогдох, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй. Сургалт эхлэх цагаасаа 1 цаг хоцорч ирсэн суралцагчид тавьсан шаардлагыг ажил олгогч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ингэхдээ сахилгын зөрчил гаргасан эсэхийг хангалттай нотлох баримтаар тогтоогоогүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд ёс суртахууны доголдол гаргасан гэж тэмдэглэсэн боловч гомдол гаргагч А.Агийн яг ямар үйлдэл нь ёс суртахууны доголдол болохыг тодорхойлоогүй. Тушаалын үндэслэлээс харвал Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.13 дах заалт нь ажилтны үүрэгт хамаарна. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1 дэх заалтыг тушаалын үндэслэл хэсэгт оруулсан байдаг. Байгууллагын тогтсон ёс зүйн хэм хэмжээ гэдэг нь ИНЕГдаргын 2017 оны 06 дугаар сарын 7-ний өдрийн А/363 дугаар тушаалаар баталсан ИНЕГажилтны ёс зүйн дүрэм гэж ойлгож байна. Ёс зүйн дүрэм нь ёс зүйн хэм хэмжээний асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ. Хэрвээ ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэвэл Ёс зүйн дүрмийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдгийг тодорхой бичих нь тухайн тушаал хуульд нийцсэн, хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангана. Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1 дэх заалт нь ерөнхий зохицуулалт бөгөөд үүнийг хэрэглэхийн тулд зайлшгүй нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг хамтад нь хэрэглэх шаардлагатай. Бусдын эрхэд халдах аливаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байж хүчин төгөлдөр болох учиртай. Ерөнхий зохицуулалтыг үндэслэж бусдад сахилгын шийтгэл ногдуулах эрх ажил олгогчид байхгүй. Ёс зүйн хорооны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийн 4 дүгээр талд П.Цогбаяр таны яриад байгаа юмыг бид нотлох гээд үзлээ л дээ. Ерөөсөө тогтоогдохгүй байна. Та л намайг зодсон загнасан гээд яриад байна, гэтэл ганц таны үгээр биш өөр юмаар нотлох ёстой шүү дээ. Б.Мөнхбат тэр өдөр танхимд сууж байсан хүмүүсээс асуухаар юм ярьдаггүй. Тийм сүртэй юм болоогүй л гээд байна Б.Хүсэлт тогтоогдсон зүйл нь та хоцорсон нь үнэн болчхоод бусад зүйлийг тогтоох гэхээр тогтоогдохгүй байна л даа гэсэн тэмдэглэл байдаг. Иймд ёс зүйн хорооны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд ямар нотлох баримтуудаар сахилгын зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа талаар дүгнэлт байдаггүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Сахилгын зөрчилд тооцсон гэх үйлдэл 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болсон. Н.М2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ИНЕГдарга Д.Бд А.Агийн үйлдлийн талаар гомдол гаргасан Н.Мнь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ИНЕГёс зүйн хороонд өмнөх гомдолтой ижилхэн агуулга бүхий гомдлыг гаргасан. ИНЕГ-ын Ёс зүйн хорооны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 05/19 дугаартай хурлаар Д.Мийн гаргасан гомдлыг хэлэлцэж талуудаас тайлбар авсан. ИНЕГ-ын Ёс зүйн хорооны 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 07/19 дугаартай хурлаар Д.Мийн гаргасан гомдлыг хэлэлцэж, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ИНЕГ-н Ёс зүйн хорооны 02 дугаартай дүгнэлт гарсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдөр ИНЕГ-н Ёс зүйн хорооноос ИНЕГ-ын даргад дүгнэлт хүргүүлж, сахилгын шийтгэл ногдуулахыг санал болгож 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/211 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Үйл явдал болсноос хойш 2 сар 10 хоног, Н.Мгомдол гаргаснаас хойш 2 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан. Н.Мнь ИНЕГ-ын даргад А.Агийн үйлдлийн талаар гомдол гаргаж мэдээлсэн нь ажил олгогчоос А.А ёс зүйн зөрчил гаргасныг илрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч ИНЕГТӨААТҮГ-т холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч ИНЕГдаргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/211 тоот тушаалаар Холбоо, навигаци, ажиглалтын албаны гэрэл суулт, цахилгааны хэсгийн гэрэл суултын тасгийн дарга А.Ад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрэл суулт цахилгааны хэсгийн инженер, техникийн ажилтнуудад давтан сургалтын хичээл заах үедээ сургалтын танхимд суралцагч ажилтантай харилцахдаа ёс зүйн доголдол гаргаж, байгууллагын ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр үндсэн цалинг нь 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба ажил олгогчоос гаргасан уг шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. /хх65/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тусгасан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн дагаж мөрдүүлэх бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

 

Холбоо навигац, ажиглалтын албаны гэрэл суулт, цахилгааны хэсгийн гэрэл суултын тасгийн ажилтан Д.М2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ИНЕГёс зүйн хороонд 2019.06.05-ны өдөр ИНЕГсургалтын төвийн сургалтад суух гэж очиход А.А хэл амаар доромжилж, бие махбодид халдан, бусдын өмнө ичгэвтэр байдалд оруулсан. Үүний улмаас сэтгэл санааны хямралд орсон. Иймд А.Ад хариуцлага тооцож өгнө үү ... гэсэн гомдол гаргасан байна. /хх24-25/ Уг гомдлыг ИНЕГёс зүйн хороо 2019 оны 07 дугаар сарын 17, 2019 оны 07 дугаар сарын 31, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэж хариуцагчийг сургалтын танхимд, суралцагчдын дунд гүйцэтгэх ажилтантайгаа харилцахдаа аашилж зандран, айлган сүрдүүлж, догшин хэрцгий харьцаж, дарамтлах зэргээр бусармаг зан авир гаргаж ИНЕГхөдөлмөрийн дотоод журмын 3.4.13, ёс зүйн дүрмийн 5.7.5, 5.7.6, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.3-т заасныг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргажээ. /хх33-47/

 

Нэхэмжлэгч тал ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж тайлбарладаг боловч тухайн өдөр Д.М, А.А нарын хооронд хичээлээс хоцорсон талаар маргаан үүссэн гэж гэрч ............. нар мэдүүлсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь Ёс зүйн хорооны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурал дээр хичээл ороод нэлээд удаж байхад Н.Морж ирэхээр нь хичээлээс хоцорч үймүүлээд байгаа талаар нь хэлэхэд миний хоцрох чамд ямар хамаатай юм, ирж байгаа нь болоо юм биш үү надад асуултаа өгчихөөрэй гэсэн. Тэгэхээр нь би хичээл зааж чадахгүй өрөөнөөс гар гэж хэлсэн. Би гараас нь татсан .., ширээг очиж түлхсэн байж болох юм .., өөрөө уйлаад гараад явсан гэж тайлбарласан байна. Мөн хэргийн 191-194 дүгээр талд нэхэмжлэгч А.Агийн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэст гаргасан Д.Мтэй хичээлээс хоцорсонтой холбогдуулж шаардлага тавьж, маргалдсан нь үнэн. Зөрчлийн хуулиар хялбаршуулж шийдэж өгнө үү гэх тайлбар, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 000 төгрөгийн шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл авагджээ. /хх35-44, 122-125/ Дээр дурьдсан гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

 

Сургагч багш нь суралцагч ажилтантай хичээлээ тасалдуулж маргалдах, суралцагчийн биед халдах зэрэг нь ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зохисгүй үйлдэл юм.

 

Хэдийгээр Н.Мхичээлээс хоцорч зохисгүй үйлдэл гаргасан байж болох ч уг үйлдэлд тохирсон хуульд нийцсэн арга хэмжээ аваагүй, харин суралцагчтай маргалдах, сургалтын танхимаас суралцагч ажилтныг гаргахаар гараас нь татах, ширээг нь түлхэх зэргээр бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.13, ёс зүйн дүрмийн 5.7.5, 5.7.6-д .., ажилтан бусад ажилтан, албан тушаалтнуудтай бусармаг авирлах, бүдүүлэг зан авир гаргахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх49-54, 138/

 

ИНЕГёс зүйн хороо нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтоохын тулд тухайн нөхцөл байдлыг тодруулахаар 2019 оны 07 дугаар сарын 17, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хойшлуулж 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар дүгнэлт гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчөөгүй гэж үзэв.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн ямар үйлдлийг ёс суртахууны доголдол болохыг тодорхойлоогүй, сахилгын зөрчилд арга хэмжээ авах хугацаа хэтэрсэн гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

А.МӨНХЗУЛ