| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/11766/И |
| Дугаар | 192/ШШ2026/02466 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2026/02466
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, *********
Хариуцагч: ************* тоотод хаягт оршин суух, *************
Нэхэмжлэлийн шаардлага: 27,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан 27,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2025.04.25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн Л.Б-тэй байгуулж нийт 27,900,000 төгрөг зарцуулсан. Үүнд: 2025.04.23-нд урьдчилгаа 200,000 төгрөг, 2025.04.25-нд гэрээний 24,800,000 төгрөг, 2025.04.28-нд татвар 2,700,000 төгрөг, 2025.04.25-нд нотариат 200,000 төгрөг. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын газраас нэгж талбарын **********дугаар бүхий газар нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6-д заасны дагуу гэрчилгээг бусдад шилжүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Иргэн Л.Б-т 2025 оны 7 дугаар сараас хойш хохирлыг барагдуулах хүсэлтээ олон удаа утсаар мэдэгдсэн боловч нөхөн төлбөр огт хийгээгүй тул нийт 27,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2018 онд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах зуслангийн зориулалттай газрыг өөрийн өмчлөлийн Lexus 570 /Лексус/ маркийн авто машиныг иргэн Б-т зарж борлуулахдаа 20,000,000 төгрөгт тооцон авсан бөгөөд хуулийн дагуу улсад татварт 2,700,000 төгрөг төлж бүртгэлийг өөрийн нэр дээр болгон авч байсан. Зарна гэж зар тавьсаны дараа Н- гэх хүн холбогдон би шууд авья гээд урьдчилгаа төлбөрт 200,000 төгрөгийг миний 5001255011 тоот дансанд шилжүүлсэн. Маргааш нь өөрөө ирж уулзаж 24,800,000 төгрөг, мөн дансанд төлж, нотариатаар батлуулсан. Миний бие иргэн Н-гаас өөрийн 5001255011 тоот дансанд нийт 25,000,000 төгрөг авсан ба газрын татвар 2,700,000 төгрөг, нотариатын төлбөрийг аваагүй, зохих газраас нэхэмжлэх нь зөв гэж бодож байна. Миний бие иргэн Н-гаас авсан 25,000,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие ч гэсэн улсын гаргасан хууль тогтоомжоос болж хохирч байна. Өөрийн эзэмшлийн хуулийн дагуу авсан газрыг зарахыг хүссэн. Цаашид миний бие төлж барагдуулахад татгалзах зүйлгүй, гэхдээ нэг дор төлж барагдуулахад санхүүгийн боломжгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Грийн үргэлж өрнөх бьюлдинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 5-8/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх 9/, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 10-20/2174 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх 10/, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд өргөдөл гаргах нь /хх 11/, Л.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд өргөдөл гаргах нь /хх 12/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг /хх 13-14/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /хх 21/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Газар худалдан авахаар урьчилгаа төлбөрт төлсөн 200,000 төгрөг, гэрээний дагуу төлсөн 24,800,000 төгрөг, татварт төлсөн 2,700,000 төгрөг, нотариатын төлбөрт төлсөн 200,000 төгрөг, нийт 27,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Үүнд:
3.1. Хариуцагчаас 25,000,000 төгрөгийг авсан тул буцаан төлнө.
3.2. Харин татварт төлсөн 2,700,000 төгрөг, нотариатын төлбөрт төлсөн 200,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч нь Улаанбаата хот ***** дүүргийн ****** дүгээр хороо, ***********хаягт байршилтай, нэгж талбарын **********дугаартай, 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь уг газрыг хүлээн авч, урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөг шилжүүлсэн, нийт 27,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, хавтаст хэргийн 7, 8 дугаар талд авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдож байна.
4.2. Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч Л.Б- нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.3. Зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Түүнчлэн хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.
4.4. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газрыг нэхэмжлэгч талын эзэмшилд шилжүүлэх боломжгүй байсан учир худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан болох нь түүний “...Л.Б-т 2025 оны 7 дугаар сараас хойш хохирлыг барагдуулах хүсэлтээ олон удаа утсаар мэдэгдсэн боловч нөхөн төлбөр огт хийгээгүй” гэх тайлбараар нотлогдож байна.
4.5. Гэрээнээс татгалзснаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зохицуулсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар нэхэмжлэгч Б.Н-гаас 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 24,800,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй буюу хариуцагч нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
4.6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирол нь баримтаар бодитоор тогтоогдсон байхаас гадна уг хохирол нь хариуцагч үүргээ биелүүлээгүйтэй холбоотой, мөн тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг өөрийн нэр шилжүүлэхээр татварын төлбөрт 2,700,000 төгрөг, нотариатын төлбөрт 200,000 төгрөг тус тус төлсөн нь хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид 2,900,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Л.Б-ээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол 2,900,000 төгрөгийг шаардах эрхтэй.
5. Дээрх үндэслэлээр хариуцагч Л.Б-ээс нийт 27,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 297,450 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Б-ээс 27,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 297,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН