Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1354

 

                                            Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

хохирогч Н.Ү-, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Ү-гийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д-д холбогдох 2503002240708 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Д- нь 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** дүгээр худгийн урд замд, “Toyota Harrier” /Тоёота Харриер/ загварын 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.11 дэх хэсэгт заасан “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ү-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газрын прокуророос Б.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.Д-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ял болон нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Б.Д-гаас 8.573.400 төгрөгийг хохирогч Н.Ү-гийн сэтгэцэд учирсан хор уршигт, 172.200 төгрөгийг эрүүл мэндэд учирсан хохиролд буюу нийт 8.745.600 төгрөгийг гаргуулан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний нэхэмжлэгчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Ү-гийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан ял эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй буюу түүний гаргасан үйлдэлд тохироогүй. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн зүйл ангийн нэмэгдэл болон үндсэн ялын хамгийн доод хэмжээг сонгож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тодруулбал: Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй. Шүүх хуралд гэмшиж байна гэж  хэлбэрийн төдий хэлдэг ба хохирогчтой уулзаж, уучлалт гуйж хүний эрүүл мэнд хохироосон асуудалдаа санаачилгатай ханддаггүй. Мөн хохирол төлбөрийг барагдуулах боломжгүй этгээдэд торгох ял оногдуулсан үйлдэл нь ял биелэгдэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх шийтгэх тогтоол нь тухайн этгээдийн гаргасан үйлдэлд тохироогүй төдийгүй цээрлүүлэх үндсэн шинжийг хангаагүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв талаас үнэлээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Ү- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би урьд нь хэвийн ажлаа хийдэг байсан бол одоо эмнэлгээс салахаа больсон. Одоо юу өвдөж байгаа нь мэдэгдэхгүй байгаа мөн хүмүүс “хэдэн жилийн дараа хөгшрөхөөр чинь мэдэгдэнэ, одоо бол мэдэгдэхгүй” гэж хэлсэн. Одоо явж чадахгүй, явахаар аарцаг дуугараад байдаг. Би маш их гомдолтой байна. Сэтгэцэд учирсан хор уршиг, эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 8.745.600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 3.000.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо үлдэх 5.745.600 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна мөн шүүгдэгчийн гаргасан үйлдэлд торгох ял тохирохгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хохирогчтой удаа дараа холбогдож “хохирол төлбөрийг барагдуулъя, тохиролцъё” гэж санаачилга гаргаж байсныг шүүх хуралдаанд прокурор тайлбарласан. Хохирогчийн гаргаж өгсөн баримтын зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Харин нотлох баримтын шаардлага хангасан 172.000 төгрөгийг эрүүл мэндэд учирсан хохиролд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт Б.Д- нь ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, ар гэрээ тэжээн тэтгэдэг ганц хүн гэдэг баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, 3.000.000 төгрөгийг төлсөн. Цаашид хохирол төлбөрийг яаралтай төлж барагдуулна. Эрүүгийн хариуцлага нь зөвхөн цээрлүүлэх зорилготой байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрхэн арилгах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээ 2.700 нэгж байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийг 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгосон. Тиймээс торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгосон гэдэг нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлын хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Одоогийн байдлаар хохирол төлбөрт 3.000.000 төгрөгийг төлсөн. Цаашид хохирол төлбөрийг төлнө. ...” гэв.

Прокурор П.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хуульд зааснаар шүүгдэгчид ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэдгийг осол гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг мөн хэний, ямар буруутай үйлдлийн улмаас осол гарсан гэдгийг тодорхойлох ёстой. Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч явган хүн явах зориулалттай замаар авто машинтай явснаас осол гарах шалтгаан болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж тус тус заасан. Тухайн үед явган хүний замаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь санаатай үйлдэл. Энэ санаатай үйлдлийг улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэдгийг цаашид харгалзан үзэж, ялгамжтай ял шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Д- нь 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** дүгээр худгийн урд замд “Toyota Harrier /Тоёота Харриер/” загварын 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.11 дэх хэсэгт заасан “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ү-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

-Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 8 дахь тал),

-2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг *** дугаар хороо, *** дугаар сургуулийн урд замд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 9-16 дахь тал),

-2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 21 дэх тал),

-хохирогчийн өвчний түүх (1-р хавтаст хэргийн 53-116 дахь тал),

-хохирогч Н.Ү-гийн: “...2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед “Содон” хороололд байх гэрээсээ гарч алхаад 65 дугаар сургуулийн авто угаалгын урд явган хүний замаар алхаж байхад өөдөөс хар өнгийн машин явган хүний зам дээгүүр явж ирээд мөргөчихсөн. Тухайн үед жолооч нь бууж ирээд чи өөрөө ирж мөргөчихлөө, босооч, согтуу юм уу гээд байсан. Бид хоёр хэрэлдээд би найзыгаа дуудаж тэндээс найзынхаа машинаар “Гэмтэл согог судлалын үндэсний төв” эмнэлэгт хүргүүлж үзүүлсэн. Явган хүний замаар алхаж байгаа болохоор машин ирээд мөргөчихнө гэж огт бодоогүй, гэнэт л мөргүүлсэн. Зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардал, сэтгэл санаанд учирсан хохирол, цаашдаа нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай бүх зардлыг гаргуулж авмаар байна. Жолооч одоогийн байдлаар эмчилгээний зардал огт гаргаж өгөөгүй. Эмчилгээний баримтыг нэг мөр гаргаж өгнө. Мөн ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал),

-иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч С.С-н Тээврийн цагдаагийн албанд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Ү- Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.893.740 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогчоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэх нэхэмжлэл (1-р хавтаст хэргийн 32 дахь тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн материалаар хийсэн ЕГ0525/671 дугаартай: “...Н.Ү-гийн биед зүүн тахилзуур ясны зөрүүтэй далд, зүүн шагайн дотор хашлага ясны далд хугарал, ахар сүүл ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд авто осолд орох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 46-48 дахь тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ЕГ0825/1585 дугаартай: “...Н.Ү-гийн сэтгэцэд 2025 оны 2 дугаар сарын 22-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 121-123 дахь тал),

-“Авто тээврийн үндэсний төв”-ийн төрийн өмчит “Баянгол” техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн: “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Итали улсад үйлдвэрлэгдсэн 12999/L2/R загварын гэрлийн багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 38700 cd, ойр дээрээ 6200 cd (стандарт 10000-225000 cd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 40600 cd, ойр дээрээ 6200 cd (стандарт 10000-225000 cd) буюу зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй. Урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3.76кН, баруун талдаа 3.74кН, зөрүү нь 1% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.87кН, баруун талдаа 2.78кН, зөрүү нь 3% (стандарт <30%) тоормос зогссон байна. Зогсоолын тоормос хэвийн. Мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй байна. Жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ хэвийн байна. Toyota Harrier /Тоёота Харриер/” загварын 55-10 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт 2023, 2024 онд хамрагдсан байна. ...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 128-131 дэх тал),

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (1-р хавтаст хэргийн 132-134 дэх тал),

-2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 000642 дугаартай мөрдөгчийн: “...Toyota Harrier /Тоёота Харриер/” загварын 55-10 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.11. Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно: мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Н.Ү- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэх магадлагаа (1-р хавтаст хэргийн 137 дахь тал),

Б.Д-н 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн “Би гэрчийн мэдүүлэгт болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн учраас одоо нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид хохирол төлөөгүй байгаа. Хохирогчид 15.000.000 төгрөгийн хохирол төлье гэсэн боловч 30.000.000 сая төгрөг төл, эсхүл Toyota Harrier /Тоёота Харриер/” загварын 55-10 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээ өг, зөрүүнд нь буцаагаад 10.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Бид хоорондоо тохиролцож чадаагүй. Миний зүгээс хохирогчид баримтаар нотлогдож байгаа хохирлыг бүрэн төлж барагдуулна. 2009 онд В ангилалтай жолооч болсон. Одоо бүх ангилалтай мэргэшсэн жолооч. Тасралтгүй 12 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 150 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн.

Хохирогч Н.Ү-гийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс “...шүүгдэгч Б.Д- учруулсан эрүүл мэндийн хохирлыг хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал хүсэх, хохирлыг барагдуулах талаар бодитой үйлдэл хийгдээгүй. Шүүхээс шүүгдэгчид жолоодох эрх хасах, торгох ял оногдуулсан нь хуулийн цээрлүүлэх зорилтод нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн шүүгдэгч Б.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Д-н хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр 3.000.000 төгрөг төлсөн,  цаашид төлбөр төлөх тухайгаа илэрхийлж байгаа болон хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Ү-гийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ГАНДОЛГОР

                                  ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                      Л.ОДОНЧИМЭГ