Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 167

 

2018 оны 08 сарын 31 өдөр           2018/ШЦТ/167                                       Баруун-Урт

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Хохирогч Б.Дэлгэрцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1830000000140 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат, 1986 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 7-703 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ86122399/ Хатгин овгийн Э.Б.

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 7-703 тоотод иргэн Б.Дэлгэрцэцэгийг зодож, эрүүл мэндэд “ чээжний зүүн талд 6,7 дугаар хавирганы хугарал, баруун далны дор, эрүүн дор, эрүүний зүүн буланд цус хуралт, эрүү, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн далны дор зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Дэлгэрцэцэг бид хоёр гэрлэлтийн баталгаатай. 2007 оноос хойш хамт амьдарч байгаа. Урьд нь Дэлгэрцэцэгийг нууцаар тамхи татлаа гэж ганц хоёр удаа гар хүрч байсан. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 08 дугаар сарын 26-ны шөнө юу болсон талаар сайн санахгүй байна. Бид дөрвүүлээ 3 шил архи хувааж уусан. Цаашид ийм үйлдэл гаргахгүй гэв.

- Яллагдагч Э.Бгийн: Сонгож байгаа ялыг ойлголоо, би хүлээн зөвшөөрч байна. Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн. Эхнэр бид хоёр найз Ц.Батбаяр гэдэг найзынхаа гэрт очиж архи ууцгаасан юм. Тэгээд архиндаа согтож хэзээ нь унтаж амарснаа мэдээгүй. Өглөө 06 цагийн үед сэртэл манай эхнэр Б.Дэлгэрцэцэг нь “ Бие эвгүй байна. Чи намайг шөнө зодсон байна “ гэж хэлж байсан. Би өөрөө эхнэр Б.Дэлгэрцэцэгийг зодож цохисон талаараа огт санахгүй байгаа. Ц.Батбаяр нь надад шөнө эхнэртэйгээ хамт хүүхдээ хөхүүлчихээд ирье гээд гарч байсныг нь санаж байна. Тэгээд хэзээ ирснийг нь мэдэхгүй. Би Улаанбаатар хотод эхнэрээ зодож байсан талаар санахгүй байна, би эхнэрээ бахиар цохиж байгаагүй. Манай эхнэр надаас нууцаар тамхи татаад байдаг юм. Тэгээд би тамхи татлаа гээд шилбэ рүү нь нэг удаа өшиглөж байсан. Тухайн үед би эрүүл байсан. Бид хоёр хамт амьдраад 14 жил болж байна. Энэ хугацаанд манай эхнэр гараа хугалж байсан. Харин хавиргаа хугалж байгаагүй. Би эхнэр Б.Дэлгэрцэцэгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх- 18-19/

-  Хохирогч Б.Дэлгэрцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тамхи татаж, муухай ааш гаргасан. Тухайн үед миний буруу байсан. Баясгалан намайг 2 удаа хавирга руу өшиглөсөн. Одоо нөхөртэйгөө эвлэрсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэв.

- Хохирогч Б.Дэлгэрцэцэгийн: Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн. Би юунаас болж намайг зодож байгаа талаар ойлгоогүй. Унтаж байхад гэнэт хажуугаас хөл орж ирээд миний хавирга орчимд өшиглөсөн. Үүнээс болж миний зүүн талын 6, 7 дугаар хавирга хугарсан. Мөн нүүр, цээж хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Хугарсан хавирга гайгүй эдгэрч байгаа. Би нөхөр Э.Баясгалантай сайн дураараа эвлэрсэн. ...Урьд нь намайг архины мөнгө төгрөг нэхээд хардаж сэрдэж удаа дараа зодож байсан. Тэр орой архи уугаад тасраад унтаж байтал гэнэт л нүүр нүдгүй зодсон. Яг юунаас болж уурлаад зодсоныг хэлж мэдэхгүй байна. 2013 оны 05 сард Улаанбатар хотод амьдарч байхдаа гэртээ согтуу ирээд мөнгө нэхээд миний зүүн талын 2 хавиргыг хугалж гэмтэл учруулсан. Түүнээс хойш 2017 оны 01 сард архины мөнгө нэхээд байхаар нь байхгүй гэтэл архи олж ир гээд дух руу бахиар цохиж цөмлөж гэмтэл учруулж байсан...    Нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-03-04 /,

- Гэрч Ч.Ариунзулын: 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой нөхөр бид хоёр ажлаасаа 20 цаг өнгөрөөж буугаад гэртээ ирээд удаагүй байж байтал Э.Б эхнэр Дэлгэрцэцэгтэй хамт орж ирсэн. Тэгээд манайд 2 шил архи бүгдээрээ хувааж уучихаад бүгдээрээ манай гэрт амарсан. Өглөө сэртэл Дэлгэрцэцэг нь нөхөр Баясгалангаа “чи намайг шөнө өшиглөөд байсан” гэж байсан. Би Баясгалан, Дэлгэрцэцэг хоёрыг хоорондоо маргалдаж муудаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Намайг сэрүүн байхад тэр хоёр хоорондоо муудаж байсан зүйл байхгүй. Дэлгэрцэцэг нь “хавирга болохгүй байна” гээд зүүн гараа сойгоод байсан. Өөр гэмтэл байсан талаар би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх- 06/, 

- Насанд хүрээгүй гэрч Ч.Ариундарийн: 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой Э.Баясгалан ах, Б.Дэлгэрцэцэг эгч нар нь 23 цаг өнгөрөөгөөд найзынхаа гэр рүү явъя гэхээр нь би дагаад явсан юм. Гэтэл тэр айлдаа архи уугаад байхаар нь би ах, эгч хоёроор буцаад гэр рүүгээ шөнийн 00 цагийн орчимд хүргүүлсэн. Маргааш нь манай эгч Б.Дэлгэрцэцэг нь Баясгаланд зодуулсан гээд гараа сойгоод орж ирсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаж муудаагүй зүгээр байсан. Манай ах түргэн ууртай, нэг архи уухаараа 2-3 хоног дараалан уугаад байдаг. Улаанбаатар хотод байхдаа хэд хэдэн удаа зодож байсан талаар сонсож байсан. Тэгэхдээ би яг хэзээ зодсон талаар нь мэдэхгүй байна. Харин зодуулсан гээд бие дээр нь хөхөрч няцарсан зүйл харагдаж байдаг... гэх мэдүүлэг /хх-07 /, 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 418 дугаартай дүгнэлтэд: Б.Дэлгэрцэцэгийн биед чээжний зүүн талд 6,7-р хавирганы хугарал, баруун далны дор, эрүүн дор, эрүүний зүүн буланд цус хуралт, эрүү, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн далны дор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй”... гэжээ /хх-ийн 10/,

 

-  Яаралтай тусламжийн хуудас.№ 5328. 2018.07.27 /хх- 09/

-  Э.Бгийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/,

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.08.03-ны өдрийн 9/411 дугаартай тодорхойлолт /хх-21/,

- Э.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-22/,

-  №0079807 дугаартай Э.Б, Б.Дэлгэрцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-24/

-    Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-26-29/

-  Хохирогч Б.Дэлгэрцэцэгийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх- 30/ 

- Яллагдагч Э.Бгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх- 38/ 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх- 39/ 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал № 87/ хх-40/ зэрэг баримтууд болно.

 Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 03.00 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 29-02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатаай этгээд болох эхнэр Б.Дэлгэрцэцэгийг шалтгаангүйгээр өшиглөж зодож, эрүүл мэндэд “ чээжний зүүн талд 6,7 дугаар хавирганы хугарал, баруун далны дор, эрүүн дор, эрүүний зүүн буланд цус хуралт, эрүү, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн далны дор зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Э.Бгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 418 дугаартай дүгнэлт, 2018.07.27-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

            Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, Э.Б нь гэр бүлийн дотор тухайн орой болсон маргааны улмаас архи ууж согтуурсан үедээ эхнэр Б.Дэлгэрцэцэгийг зодож гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч Э.Бийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Дэлгэрцэцэг хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлжээ.

           Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.  

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ. 

  Тухайлбал, дээрх хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Дэлгэрцэцэгт хохирогчид учирсан гэмтэл эдгэрсэн, тэрээр шүүгдэгч Э.Бтай эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн зэрэг тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнсэгдсэн хугацаанд “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах ” үүрэг хүлээлгэх, “ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох ” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Учир нь хэрэгт авагдсан баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн эрүүл үедээ ч гэр бүлийн маргаан, үл ялих зүйлээр шалтаглан эхнэрээ зоддог нөхцөл байдал тогтоогдох бөгөөд түүний энэ буруу зан үйлийг засах, согтууруулах ундаа хэрэглэхийг тодорхой хугацаанд хязгаарлах нь гэмт хэргээс урьчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагыг зорилгод нийцэх юм.      

  Шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овгийн Э.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд дээрх тэнсэгдсэн нэг жилийн хугацаанд “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнүүдийг тус тус авсугай. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь дээрх тэнсэгдсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч Б.Дэлгэрцэцэг хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН