| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2503000000834 |
| Дугаар | 2025/ДШМ/1355 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1355
Н.Ё-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч Н.Ё- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ч.Энхжин /цахимаар/,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2281 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ё-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2503000000834 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Ё- 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 20 минутын үед Чингэптэй дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Салхитын “Миний дэлгүүр”-ийн замд 0000 УУУ улсын дугаартай “Хьюндай Портер” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа 0000 УУУулсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газрын прокуророос Н.Ё-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Н.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугааар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ё-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ё-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ё-д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ё-гийн цагдан хоригдсон нийт 9 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Ё- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн, өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон тэнсэх боломжтой гэж үзэж байна. Би зүрхний дутагдал гэсэн оноштой эмчийн хяналтад байдаг, эхнэр маань хөлийн судас бүдүүрэх гэсэн оноштой байнга эмчилгээтэй, хэвтэрийн дэглэм сахиж ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Би машинаар хувиараа хөдөлмөр эрхлэж гэр бүлээ тэжээдэг байсан боловч өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас ар гэрийнхээ амьдралыг хүнд байдалд оруулсан. Иймд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуульд зааснаар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалттай. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор П.Итгэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэрэг санаатай хэлбэрээр үйлдэгддэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учир согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог. Шүүгдэгч энэ үйлдлийг хийхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг ухамсарлаж байсан. Хууль тогтоогчид тус хэргийг болгоомжгүй гэмт хэрэгт хольж хуульчилсан. Тус гэмт хэрэгт ял оногдуулахдаа 2 үндсэн зүйлийг харгалзан үзэх ёстой гэж бодож байна. Нэгдүгээрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа давтамжийн асуудал. Шүүгдэгч урьд 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан. Тухайн үед согтолтын зэрэг нь 3.19 промилл буюу их хэмжээний согтолттой байсан. 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ гэмшихгүй байна. Хоёрдугаарт, согтолтын зэргийг харгалзан үзэх ёстой. Хэрэв хүнд зэргийг согтолттой тээврийн хэрэгсэл жолоодвол бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулах эрсдэлтэй. Согтуурсан үедээ орчин тойрондоо болж байгаа үйл явдалд хариу үзүүлэх чадвар буурдаг. Гадаадын улс орнуудад ийм үйлдэл гаргавал удаан хугацаагаар хорих ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан. Шүүгдэгчийн хэргийг шүүхээр шийдвэрлэх гэж байхад шүүгдэгч шүүх хуралдаанд согтуу ирсэн учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэндээ гэмшихгүй байна. Шүүгдэгч өөрийн биеийн эрүүл мэндийн байдлыг муу гэж мөн эхнэрийнхээ талаар ярьж байгаа боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна. Шүүгдэгч уулзвар дээр зогсож байсан машины араас мөргөсөн. Хэрвээ явган хүн зам гарч байсан бол мөргөж, тухайн хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Н.Ё-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Ё- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Салхитын “Миний дэлгүүр”-ийн замд 0000 УУУ улсын дугаартай “Хьюндай Портер” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 1 дэх тал/,
-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 3-10 дахь тал/,
-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2.93 промилл согтолттой гэх гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 12-15 дахь тал/,
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтас хэргийн 16 дахь тал/,
-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12040 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 23-25 дахь тал/,
-“А” ХХК-ийн “Тоёота Приус-30” загварын 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 5.740.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хавтас хэргийн 36-38 дахь тал/,
-иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн: “...Би тэр өдөр Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ач хүүгээ үзүүлээд 22 цагийн үед гэр рүүгээ харих гээд Салхитын “Миний дэлгүүр”-ийн уулзвараар зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсож байхад араас машин ирж мөргөсөн. ...Тэр машиныг жолоодож явсан жолоочоос архи үнэртэж байсан. ...”Ашид Билгүүн” үнэлгээний компаниар хийлгэсэн үнэлгээгээр 5.740.000 төгрөг гарсаныг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 32 дахь тал/,
-Цагдаагийн ерөнхий газрын Н.Ё-гийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх лавлагаа /хавтаст хэргийн 58-63 дахь тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ё-гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Н.Ё- “...хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэр бүл болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Н.Ё- нь 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа буюу 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд урьд гаргасан зөрчлөө үл ухамсарлан дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх бөгөөд хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон шийтгэл оногдуулсан байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ё-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ё-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ё-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ