| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0451/Э |
| Дугаар | 467 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Ч.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Хадбаатарт холбогдох эрүүгийн 1811002610072 дугаартай хэргийг 2018 оны 6 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Гавьжийн шанд овогт Чойжилдоржийн Хадбаатар, 1976 оны 02 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 2, эхнэрийн хамт, Баянгол дүүргийн 16 дугаар хороо,10 дугаар хороолол 12-4г тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй , улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УВ76021610/
Шүүгдэгч Ч.Хадбаатар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” баарны үүдэнд хохирогч Л.Лхагвасүрэнтэй маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Хадбаатар мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-16-19,/ шүүгдэгч Ч.Хадбааатарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-20-21, 63-65 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ¹1480 дугаар тогтоол /хх-ийн 24-р хуудас , гэрч З.Мягмарын мэдүүлэг /хх-22-р хуудас/, гэрч Х.Мандалбаярын мэдүүлэг /хх-43/, гэрч Ч.Чулуунбатын мэдүүлэг /хх-45/, гэрч Б.Солонгын мэдүүлэг /хх-46/, Ч.Хадбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Хадбаатар нь 2018 оны 01 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” баарны үүдэнд хохирогч Л.Лхагвасүрэнтэй маргалдан улмаар түүний биед эрүү ясны ооч болон зүүн булангийн хугарал, хамар уруулд шалбаралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Л.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-16-17/: “..Эргээд харахад 2 нь миний урдаас харж зогсоод нэг нь миний зүүн талд зогссон. Зүүн гар талд зогссон залуу миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Цохих үед би газар доошоо хараад ойчсон. Газар доошоо хараад хэвтэж байхад хэн нэгэн залуу миний эрүүний зүүн доод хэсэг рүү өшиглөсөн. Гэртээ хариад өглөө босоход эрүү, зүүн шанаа, хүзүү битүү хавдсан байсан болохоор гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтэлд очоод зургаа авхуулахад эрүү 2 хугарсан, зүүн талын хамгийн арын шүд хугарсан байсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Мягмараас мөрдөн шалгах ажиллаганы үед мэдүүлсэн: /хх-22/ “..2018 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хадбаатар 2 найзынхаа хамт манай “Дуулга” бааранд орж ирсэн юм. Тэгээд Хадбаатар өөрөө архи дарс хэрэглэдэггүй болохоор баарнаас орж гараад тамхи татаад явж байсан юм. Шөнө 1 цагийн орчим Хадбаатар надад гадаа нэг Дорнодын гэлүү хаанахынх гэлээ нэг нөхөр томроод байхаар нь нэг цохичихлоо гэж байсан. Ямар ч байсан энэ асуудал тэр хүн амины хэргээс 1 цагийн орчмын өмнө болсон асуудал юм шиг байна лээ..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1480 дугаар дүгнэлтэд :/хх-24/ “..1. Л.Лхагвасүрэнгийн биед эрүү ясны ооч болон зүүн булангийн хугарал, хамар уруулд шалбаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт, Ч.Хадбаатарын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-8/ “...Би хохирогч Лхагвасүрэнгийн нүүр эрүү орчимд нь нэг удаа гараа атгаж байгаал цохисон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчид уг гэмтэлийг учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1480 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Лхагвасүрэнд учирсан гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Хадбаатар дээрх байдлаар хохирогч Л.Лхагвасүрэнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Хадбаатар хүний эрүүл хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Хадбаатарыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Л.Лхагвасүрэн нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Хадбаатар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гавьжийн шанд овогт Чойжилдоржийн Хадбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Хадбаатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хадбаатар нь уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Хадбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.Хадбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ч.Хадбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хадбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР