| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2311017481553 |
| Дугаар | 2025/ДШМ/1373 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1373
Д.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М,
шүүгдэгч Д.М /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Батдорж, Э.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1952 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Батдорж, Т.Саруул нарын хамтран гаргасан гомдлоор Д.М-д холбогдох эрүүгийн 2311017481553 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.М нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй караоке болох үйлчилгээний газарт хохирогч Б.Г-той маргалдаж, улмаар түүнийг толгой хэсгээр нь газарт унагааж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокуророос Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.М-ыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.М-ын цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас нийт 18.867.750 /арван найман сая найман зуун жаран долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-т олгож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 3 ширхэг, флаш 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Батдорж, Т.Саруул нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч А.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтдээ гэрчүүд болон шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад мөн хяналтын камерын бичлэгт авагдсан үйл баримт шинжээчдийн дүгнэлтэд заасан “олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл” үүсэх боломжгүй байгаа илт баримтыг үл хэрэгсэн хүн алсан гэм буруутай нь “нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна” гэж заасан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаал, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямарч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг энд зориуд иш татан дурьдаж байна. Учир нь үйл баримтын зөвхөн нэг талыг хөөн, хүний амь эрсэдсэн үйл баримтын цаг хугацаа, нөхцөл байдал, оролцогчдын хувийн байдал зэрэг олон хүчин зүйлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй дүгнэсэн байна.
Үүнд: Шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн мэдүүлгийг “2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед гэртээ үл таних согтуу хүнтэй түшүүлээд орж ирэхдээ хувцас, ам нь цус болчихсон ирээд хамт ирсэн хүн нь Б.Г-ыг бааранд хүнтэй маргалдаад байхаар нь аваад ирлээ гэж хэлсэн. Өглөө 6 цаг өнгөрөөд харахад гэрийнхээ гадаа доошоо хараад ухаангүй хэвтэж байсан тул түргэн дуудсан” гэж мэдүүлснээр хязгаарласан нь хавтаст хэрэгт авагдсан дараах ноцтой үйл баримтыг орхигдуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гарахад нөлөөлсөн.
Тухайлбал: Амь хохирогч Б.Г- 22 цагт гэртээ ирээд дахин архи уухаар гадагшаа гарсан ба маргааш өглөөний 06 цаг хүртэл хугацаанд Б.Г-ын амь нас, эрүүл мэндэд хохирч болохуйц үйл явдал болсон эсэх мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаар өмгөөлөгчдийн байр суурь, тайлбарт шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Амь хохирогч Б.Г- өмнө нь гавал тархины хүнд мэс засалд орж байсан болон архины эмчилгээнээс гараад 1 хоноод архи уусан зэрэг нь согтуурч, биеэ авч явах, эрүүл мэндийн байдалд нь нөлөөлснийг шүүх харгалзаж үзсэн бол нотлох баримтыг илүү бодитой дүгнэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Д.М-ын унагасан үйлдэл амь хохирогчийн эрүүл мэндэд нөлөөлсөн гэхээсээ илүү согтуугаар бусдыг өдөөж хоргоож хэл амаар доромжилж согтуурхаж байснаас хэсэг хугацаанд хэвтэж улмаар босохдоо биеэ тэнцвэртэй авч явж чадаагүй гэж харагддаг. Караокеноос гараад үргэлжлүүлэн архи уухаар гэрээсээ гарч явсан ноцтой үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй ба шүүхийн шийтгэх тогтоолд ч баримт дурдсангүй. Б.Г-ыг согтуу шөнийн цагаар дэлгүүр, гудамжинд явж байхад хэн нэгэн халдаж гэмтэл бэртэл учруулсан байх өндөр магадлалтай. Өглөө нь гэрийнхээ үүдэнд ухаангүй байдалтай олдсон ба амь хохирогчийн төрсөн эгчийн хувьд Б.М- нь дээрх бүх нөхцөл байдлыг мэдсээр атлаа дүүгийхээ эрүүл мэнд, амь насанд хайхрамжгүй хандаж түүний эрүүл мэндэд илүү аюултай нөхцөл байдалд хүрсэн шалтгаан болсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан дараах үйл баримт хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал байсныг шүүх үнэлсэнгүй. Тухайлбал, гэрч Б , Б.Г- нар архины эмчилгээнээс урьд өдөр нь гараад маргааш нь хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн ба гэрчийн мэдүүлгээр караокед орж ирэхдээ нилээн согтолттой, гартаа пиво барьсан орж ирсэн байдаг. Гадаа үүдэнд Д.М-тай тааралдаж гал асуухад Д.М- гал гаргаж өгөөд дотогшоо ороод текний дэргэд зогсож байхад нь Б.Г-, Б нар пиво авч өгөхийг шаардаж хэл амаар доромжилж маргалдахад бармен тэднийг текнээс холдохыг шаардсан байдаг. Д.М- тус караокед найзтайгаа уулзахаар тохиролцсон байсан ба хүлээх зуур амь хохирогч нь энэ мэтээр хэл амаар өдөж нийт 8 удаа их бага хэмжээгээр биед нь халдсаныг Д.М- зогсоосон байдаг. Эцэст нь тэд барьцалдан Д.М- амь хохирогч Б.Г-ыг хөл тавин унагаж шалан дээр 4 минут орчим хэвтэж байгааг видеон дээрээс харж болно. Караокед байсан хүмүүс очоод босгох гэхэд босоогүй, зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хариулан хэвтэж байсныг гэрчийн мэдүүлэг нотолдог (гэрч О-ийн мэдүүлэг 1-р хх-ийн 70-72-р хуудас). Хэвтэж байгаа Б.Г-ын хажуугаар нь явж байсан караокений үйлчлэгч С Б д хандан найзыгаа босгоод аваач гэхэд (гэрч С ийн мэдүүлэг 1-р хх-ийн 74-76-р хуудас) тэрээр очиж босгоод сандал дээр аваачиж байгаа нь видеонд харагддаг. Эндээс өндөр согтолттой байсан, амь хохирогч хэсэг хугацаанд хэвтэж байхад найз нь тусалж босгоод хамтдаа сандалд очиж суусан дүр зураг харагдана. Хэрэв үхэлд хүрэх гэмтэл авах ноцтой үйл явдал болсон бол видеонд гарч байгаа шиг найз Б нь тайван зогсож ажиглаад байхгүй түүнчлэн хүний шахалтаар очиж найзыгаа босгож авахгүй, тэр даруй тусламж дуудах зэргээр хариу үйлдэл хийх ёстой байсан болов уу. Түүнчлэн Д.М- Б.Г-ыг унагаасан үйлдэл нь гавал тархины битүү гэмтэл авахуйц ноцтой биш байсныг Б гийн мэдүүлгээс харагддаг. Эхний мэдүүлэгтээ Б Б.Г-той хамт таксигаар гэрт нь очоод эгчид нь бааранд хүнтэй маргалдсан л гэж хэлдэг ба өөр ноцтой зүйл ярьдаггүй. (Б гийн эхний мэдүүлэг 1-р хх-ийн 59 дугаар хуудас). Харин 2 дахь мэдүүлэг буюу 1 өдрийн дараа дахин мэдүүлэг өгөхдөө “...нөгөө залуу Б.Г-ыг барьж аваад, өргөөд үүрээд газарт шууд саваад унагаачихсан, ... шалан дээр толгой хэсгээр хүчтэй унасан, эвгүй болсон, ямарч байсан толгойгоороо унасан” зэргээр болсон үйл явдлын талаар эхний мэдүүлгээсээ эрс өөр зүйл мэдүүлж, нотлох баримт зөрүүтэй байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Гэрч Б амь хохирогчийг гэрт нь хүргэж очихдоо хувцас нь цус болсон байсан болон амь хохирогчийн хувцас, нүүр ам нь цустай байсныг мөрдөн шалгах ажиллагаагаанд хэрэгсэж үзээгүй ба шүүхийн шийтгэх тогтоолд эдгээр баримтыг дурдаагүй нь хэргийн бодит байдлыг дүгнэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Бусад гэрчүүдийн мэдүүлэг (гэрч Д , М , Д.М-ыг таньж мэдэх, найз нөхдийн өгсөн мэдүүлэг) караокэд болсон үйл явдлын бодит байдал, талуудын хувийн байдал зэргийг тодруулахад чухал байсан боловч шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт авагдаагүй нь хэргийн талаар бодит үнэнг харуулахад учир дутагдалтай болсон гэж үзэж байна.
Мөн шинжээчийн дүгнэлтүүд дэх зөрүүтэй асуудлаар шүүх нотлох баримтын хувьд үнэлэх ажиллагаа хийгээгүй. Тухайлбал: 10907, 2359, 3175, 403 дугаартай дүгнэлтэд амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь “олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үед үүснэ” гэж дүгнэсэн байдаг бол сүүлийн 35 дугаартай дүгнэлт “мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, унагаах үед үүснэ” хэмээн өмнөх шинжээчийн дүгнэлтээс өөрөөр дүгнэсэн. Шүүх дүгнэлтүүдийн зөрүүтэй байдал болон анхан шатны шүүх хуралдааны үеэр мэдүүлэг өгсөн шинжээч Э.Баасанжавын зөрүүтэй хариулт зэрэгт үнэлэлт өгөөгүй. Шинжээч Сэргэлэн эхний дүгнэлтдээ “олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр гавал тархины хүнд гэмтэл учирсан” гэж байдаг боловч түүнээс 7 хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө “1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэл” гэж мэдүүлсэн, мөн шинжээч Сэргэлэнгийн 2359 дугаартай дүгнэлтийн 1.16 хэсэгтэй санал нийлэхгүй байгаа тухай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 403 дугаартай дүгнэлтэд заасанд дүгнэлт өгөөгүй зэрэг нь хэргийн бодит байдлыг үнэн зөв, шударгаар үнэлж шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд огт дурдагдаагүй баримт бол Ө.Бямбаринчингийн мэс заслын өмнөх дүгнэлт. (1-р ХХ, 59-60 дахь хуудас). Энэ дүгнэлтэд амь хохирогчийн хэвлийн битүү гэмтэл, цээжний битүү гэмтлийн талаар дурдсан байдаг. Гэтэл энэ дүгнэлтийг яллах дүгнэлтэд огт дурдаагүй. Цээж, хэвлийн битүү гэмтлийг амь хохирогч хаана, хэрхэн авсан байж болох, түүгээр барахгүй хөл тавьж газарт унагахад толгойн бүх талд шахуу үүссэн гавал тархины цуурал, цусан хураа, хаван зэрэг маш хүнд ноцтой гэмтлүүд үүсэх боломжтой юу гэсэн асуулт, караокенээс гараад цемэнтэн гишгүүр, замын хашлага мөргөж унаж байгаа баримтууд, шөнийн 12 цагаас хойш гэртээ хариад архи уухаар ганцаар гарсан ба өглөө 06 цагт гэрийн гадаа ухаангүй осголтын байдалтай олдох хүртэл зэрэг болсон үйл явдлуудын шалтгаант холбоо, нотлох баримтын зөрүүтэй байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн бол хэргийн талаарх дүгнэлт, шийдвэр өөр байх байсан гэж үзэж байна.
Мөрдөн шалгах туршилт нь хэргийн бодит байдалд нийцээгүй нөхцөл байдалд, өөрөөр хэлбэл маникен дээр хийсэн туршилт байсан. Туршилтын тэмдэглэлд “үзүүлэнг унагах үед бөгсөн бие нь газарт түрүүлж хүрээд дараа нь мөр хэсэг нь дээш харж унаж байгааг зааж харуулж байсныг ... бичлэг хийж бэхжүүлж тэмдэглэлд тусгав” гэсэн байдаг. Туршилт нь бидний батлахыг хүссэн зууралдах үеийн барьц, уналтын хүч зэргийг харуулах боломж олгоогүй юм. Ийнхүү амьгүй маникений туршилт ч гэсэн биеийн аль хэсгээр унаж буй тодорхой харуулж байх баримт байсаар атал амь хохирогчийг толгойгоор нь унагаасан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоолын хэсэгт гэм буруутайг харуулах нотлох баримт болгосон нь ойлгомжгүй байна. Хяналтын камерын үзлэг “аргагүй хамгаалалт” хийн өөрийн амь, нас эрүүл мэнд учирч болох байсан аюулыг зайлуулсан тул гэм буруугүйг нотолж буй баримт. Тогтоолд “халдагч этгээдээс довтолгоон ирсэн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч халдагч этгээдийн зүгээс өдөөн турхирч, хэл амаар доромжилж байсан үйл баримтыг “аргагүй хамгаалалт” хийж буй этгээдээс гарсан үйлдэл мэтээр хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэгээр дүгнэн бичсэн нь үндэслэлгүй болжээ. Амь хохирогчийн согтуурхсан дээрэнгүй хандлага, хэл амаар доромжилж эцэст нь маргалдаан болж хоолойг нь бооход “аргагүй хамгаалалт” хийж хариу үйлдэл хийсэн.
Караокед болсон маргалдааны сүүл хэсгийн бичлэгийг удаашруулан, нарийвчлан харвал талийгаач Б.Г- унах үедээ эхлээд бие ба хөлийн хэсгээр газарт унаад Д.М- хоолойгоо боолгуулан барьцтай чигээрээ хамт доош тонгойж гараа салгах мөчид талийгаач Б.Г-ын толгой газарт сүүлд хүрч байгааг тогтоож болдог. Эндээс харахад толгой газарт хүчтэй савж унаагүй бөгөөд ийм байдлаас шинжээч нарын дүгнэлтэд бичсэн олон тооны гавал, тархины хүнд гэмтэл учрах боломжгүй бөгөөд өөр байдлаар үхэлд хүргэсэн тархи гавлын хүнд гэмтэл учирсан байх магадлал өндөр юм. Хавтаст хэрэгт авагдсан 2 видео бичлэгээс харахад Б.Г- нийт 8 удаагийн үйлдлээр ямар нэг байдлаар Д.М- руу довтлох үйлдэл хийсэн байх бөгөөд амь хохирогч руу түрүүлж дайрсан үйлдлүүд хийгээгүй харин зугтах, зайлах, түлхэх, дэгээдэх зэргээр довтолгооныг зогсоох, өөрөөсөө холдуулах үйлдлүүд хийж байгааг шүүх анхаарч дүгнэсэн бол хуульд заасан “аргагүй хамгаалалт”-ын нөхцөл байдал бий болсон гэж хангалттай нотлон дүгнэх боломж байсан гэж үзэж байна.
Хүснэгт 1. Видео бичлэг:Аргагүй хамгаалалт.
| № | Б.Г-ын довтолгоон | Д.М-ын хамгаалалт |
| 1 | Караокегийн голд бүжиглэж байсан хүмүүс дээр очоод бүжиглэх гэсэн боловч тэнцвэр алдаад буйдан налж тогтсон. Ингээд бүжиглэж байгаа хүмүүс рүү дахин очиход хүмүүс дургүйцэн тарж байгаа дүр зураг харагдана. Эндээс Д.М- руу чиглэн очиж хувцаснаас нь зуурч авсан. | Д.М- түлхсэн боловч амь хохирогч гараа тавиагүй. |
| 2 | Д.М- амь хохирогч нар маргалдаж буй байдалтай байхад Р.Б Б.Г-ыг холдуулах гэсэн боловч гараараа түлхэж зайлуулаад Д.М-ыг заамдаж авсан. | Д.М- барьцыг тавиулахын тулд дэгээ тавьж түлхэхэд хойш бөгсөөрөө унасан. |
Хүснэгт 2. Видео бичлэг: Аргагүй хамгаалалт.
| № | Б.Г-ын довтолгоон | Д.М-ын хамгаалалт |
| 1 | Д.М- руу чиглэх маягтай ирэхэд Р.Б дундуур нь орж зогсоосон. | Үйлдэл хийгээгүй. |
| 2 | Эрчээрээ цаад ширээ рүү дөхөж очоод буцаж эргээд Р.Б д ямар нэг юм хэлээд Д.М- руу очоод барьж авсан. | Д.М- түлхээд хөл рүү нь хөлөөрөө цохиж холдуулсан. |
| 3 | Талийгаач Б.Г- ахин Д.М- руу дайрч нүүр лүү нь цохих мэт хөдөлгөөн хийсэн. | Д.М- гараараа зайлуулсан. |
| 4 | Талийгаач Б.Г- Д.М-ын ар талд нь гарсан. | Д.М- нуруугаараа түлхэж холдуулсан. |
| 5 | Хоёр тийшээ салаад дахин бие биерүүгээ дөхөж очиход Талийгаач Б.Г- Д.М-ын нүүрийг алгаараа түлхэх “мангасдах” хөдөлгөөн хийсэн. | Д.М- хөлийг нь дэгээдэж биеэсээ зайлуулсан. |
| 6 | Талийгаач Б.Г- дахин дөхөж очоод Д.М-ыг баруун гараараа заамдан зүүн гараараа хүзүүний ар хэсгээс барьж хоолойг нь шахсан. | Д.М- баруун хөлөө талийгаач Б.Г-ын баруун хөлний урд тавьж баруун гарыг нь баруун гараараа барьж аваад урагш дугтарч өөрөөсөө салгаж унагаасан. |
Д.М- нь илт согтуу, үл таних хоёр хүний зүгээс ирж буй хэл амаар доромжлох, дарамтлах, бие рүү нь довтлох зэрэг үйлдлийг таслах зорилгоор холдож явах, довтолгоог зогсоох хэмжээнд тодорхой үйлдлүүд хийн өөрийн эрүүл мэнд амь насаа хамгаалсан болно.
Д.М-ын оронд хэн ч байсан гэсэн өөрийгөө хамгаалах зорилгоор ийм үйлдлүүдийг хийх байсан. Шүүхийн тогтоолд хэргийн үйл баримтыг сийрүүлсэнтэй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа юм. Үүнд:
-Амь хохирогч толгойн аль хэсгээр унаж буй нь камерын бичлэгт тодорхой дүрслэгдээгүй, халхлагдсан байгаа. Шинжээч Дарханбаяр энэ талаар мөн дүгнэлтдээ тусгасан. Гэтэл шүүх хэрхэн яаж зүүн талаар унасан гэж нотлож байгаа нь ойлгомжгүй юм. Харин биеийн аль хэсэг эхэлж унаж байгааг бичлэгийн удаашруулсан хэсгээс толгойн хэсэг унаж буй сүүдрээр баримжаалан тодорхойлж болж байгааг өмгөөлөгчид шүүхэд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл эхлээд биеийн хөл, дээд бие, тэгээд толгой гэсэн дарааллаар унаж байгааг нотолсныг шүүх үнэлж дүгнээгүй болно. Шалан дээр унаснаас хойш үйлдэл хийж, бусдын асуултад хариулж, зүгээр байгаагаа мэдэгдэж байсныг хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр батлагддаг. Мөн шүүх “1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр” үүссэн гэдэг дүгнэлтийг баримтлахдаа ямар нэгэн тодорхой тайлбар өгсөнгүй. Тархины бүх талд шахуу үүссэн хугарал, цусан хураа, хаван, зулгарал зэрэг олон тооны гэмтлүүд нь нэг удаагийн хөл тавьж унагаасан үйлдлээр үүсэх боломжтой юу эсвэл өөр байдлаар тухайлбал тархи толгойг нь өшиглөж, зодож цохисны улмаас үүссэн байж болох уу зэрэгт эцэслэн хариу өгөх ёстой байсан. Амь хохирогч маргалдаан болохоос өмнө архи хэтрүүлэн ууснаас хөл дээрээ тогтож чадахгүй сандал налан унаж байгаа болон маргааны дараа караокенээс гараад шатан дээр хана мөргөж байгаа, гараад гудамжны барилгын шатны хэсэг мөргөөд камерын цагын зааснаар 4 минут орчмын дараа найз нь очиж босгож байгаа, такси барихын өмнө замын борджур, машин мөргөж унаж байгаа байж болох дүрсүүд нотлох баримтаар нэгэнт авагдсан байх тул үгүйсгэх боломжгүй юм. Түүнчлэн гадаа барилгын шат мөргөснөөс цус гарч хувцас нь цусны толботой болсон байгааг хавтаст хэрэгт авагдсан фото зурагт үзүүлсэн болно. Эдгээр нотлох баримтуудаас харахад шүүхийн тогтоолд заасан шиг “эргэлзээ бүхий байдал тогтоогдохгүй байна” гэж үзхээргүй байна.
Дүгнэж хэлэхэд Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт зүйлчлэхэд гэм буруугийн шууд ба шууд бус бүх хэлбэрүүд тогтоогдохгүй, нотлох боломжгүй эргэлзээ төрүүлсэн үйл баримтуудыг 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр ч тодорхой гаргаж ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар буюу гэм буруутайг тогтоох боломжгүй гэж үзэх хангалттай үндэслэл байсан гэж өмгөөлөгчид бид үзэж байна. Д.М- нь эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал тогтвортой, эхнэр 2 хүүхэддээ халамжтай, дагавар охиноо 5 настайгаас нь одоог хүртэл хайр халамжаар дутаалгүй өсгөсөн, хамт олон найз нөхдийн итгэлтэй харилцаатай, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй, ял шийтгэлгүй, дуу хөгжимд сонирхолтой аливаа зүйлд эвийг олохыг хичээдэг зэргээр авагдсан нотлох баримтын хүрээнд хувь хүний онцлог, зан төрхийг үндэслэн хэн нэгний амийг хороох үйлдэл санаатай хийх хүн мөн эсэх талаар огт дүгнэлт хийгдээгүй байдаг. Яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллах байр суурийг хэт баримтлан хүний амь нас хэрхэн хохирсон байж болох бодит шалтгааныг нотлох бүх арга хэмжээг аваагүй, цагаатгах талын үйл баримт, логик уялдаа холбоог орхигдуулсан юм. Тус хэрэгт анхнаасаа “эзэн нь байвал хэрэг нь олдоно” гэх харгис хуучны арга барилаар мөрдөн шалгах ажиллагааг маш явцуу хүрээнд явуулснаас амь хохирогчийг үхэлд хүргэсэн бодит шалтгааныг олж тогтоож чадаагүй, эргэлзээтэй дүгнэлт нотлох баримтыг эцэслэн шийдвэрлэх асуудалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хууль бус, хайхрамжгүй дүгнэлтүүд гарсан гэж үзхээр байна. Иймд Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5.1, 39.6.1, 39.7.1 дүгээр зүйлийг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан гомдолтой холбоотой нэмэлт тайлбартаа: “...Шүүх нотлох баримтыг өөр хооронд нь харьцуулахгүйгээр дүгнэлт хийсэн. Хэрэгт шинжээчийн 4 удаагийн дүгнэлт авагдсан байна. Гэтэл анх гэмтэл авснаас болж нас барсан гэж шүүх дүгнэлт хийсэн. Дагзны хугаралын талаар урьд гаргасан дүгнэлтэд байхгүй байхад эскимаз хийсэн дүгнэлтэд дагзны хугаралтай гэж гарч ирж байхад урьд хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэж болохгүй. Үүнд шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын зөрүүтэй байдлыг тогтоож чадаагүй байна. Шүүх өнгөцхөн дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна. Мөн амь хохирогчийн үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл зүүн хэсгээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болохыг хэд хэдэн удаагийн шинжээчийн нарын дүгнэлтээр нотолчихлоо гээд дүгнэлт хийчихсэн. Энэ нэг удаагийн үйлдэл биш гэж хэлмээр байна ...” гэв.
Шүүгдэгч Д.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай санал нэг байна ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Мөрдөгч, прокурор хэргийн талаар маш сайн ажиллагаа хийсэн мөн үнэн, зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад “А” нэртэй караокен камерын бичлэгт үзлэг хийсэн. Шинжээчийн дүгнэлт болон камерын бичлэгт тухайн үед болсон бүх зүйл тодорхой дүрслэгдсэн, бичигдсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар камерын бичлэгт амь хохирогчийн унаж байгаа хэсэг харагдахгүй байна гэж маргадаг. Гэвч камерын бичлэгт үйл баримтыг маш нарийн харуулсан байдаг. Мөн тухайн үед караокед үйлчлүүлж байсан гэрч нарын мэдүүлэгт Д.М-ын амь хохирогч руу чиглэсэн үйлдлийн улмаас тэрээр дагз хэсгээрээ хүчтэй савж унасан талаар мэдүүлдэг. Амь хохирогч караокегоос гарч явахдаа шатан дээр унаж байгаа дүрс камер бичигдсэн байдаг. Шатан дээр унахдаа тэрээр толгой хэсгээрээ бус нүүр хэсгээрээ унаж эрүү болон хөмсөг хэсэгт шарх бүхий зөөлөн эдийн гэмтэл авсан. Уг гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Амь хохирогч караокегоос гарч явахдаа мөн замын хажуу гэх газруудад унахдаа толгой хэсгээрээ унаагүй байдаг. Энэ үйл баримт бүгд камерын бичлэгт дүрслэгдсэн байгаа. Уг хэрэгт нотолбол зохих байдал бүрэн дүүрэн шалгагдаж, хөдөлбөргүйгээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Д.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Батдорж, Т.Саруул нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Д.М- 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй караоке болох үйлчилгээний газарт хохирогч Б.Г-той маргалдаж, улмаар түүнийг толгой хэсгээр нь газарт унагааж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дүү Б.Г- Наркологийн эмнэлэгт хамт хэвтэж байсан залуутайгаа гадуур архи уусан байсан. Тухайн өдрийн орой 22 цагийн үед би гэртээ байхад дүү Б.Г- үл таних эрэгтэй хүнээр түшүүлсэн байдалтай, нилээд согтуу ирсэн. Б.Г-ын хувцас, ам хамар нь цус болчихсон байсан тул юу болсон талаар асуухад Б.Г- өөрөө юм хэлээгүй. Харин хамт ирсэн залуу “бааранд хүнтэй маргалдаад байхаар нь аваад ирлээ” гэж хэлсэн. Маргааш өглөө 06 цаг өнгөрөөд гэрийнхээ хаалгыг онгойлгож харахад Б.Г- коридорт доошоо харсан байдалтай, ухаангүй, өмдөндөө шээчихсэн хэвтэж байсан тул би тэр даруй түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн эмч ирж үзээд, Гэмтлийн эмнэлэгт очиход Б.Г-ын тархинд цус хурсан байна гэж оношилж, тухайн өдөр нь хагалгаанд оруулсан. Б.Г- хагалгааны дараа ухаан ороогүй хэвээр байсаар, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-57 дугаар тал),
гэрч Р.Б гийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Б.Г-той уулзаад Чингэлтэй дүүргийн *** дугаар хороонд байрлах “Дуулга” нэртэй газраар дамжин, хажууд нь байх “А” нэртэй караокед 21 цагийн орчимд орсон. ... танхимын талбай хэсгээр явж байхад Б.Г- хажуугаар нь зөрж өнгөрсөн үл таних нэгэн залууг шүргэчих шиг болсон. Тэр залуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, жижигхэн биетэй, биерхүү, бор царайтай, дээгүүрээ хар өнгийн, цагаан канттай бэлтгэлийн цамцтай байсан ба Б.Г-той маргалдаж, улмаар муудалцсан. Б.Г- өөдөөс нь маргалдаад байхаар нь би салгах зорилгоор хооронд нь орж байтал тухайн залуу Б.Г-ыг эхлээд түлхэж унагаахад газар бөгсөн хэсгээрээ унасан боловч босож ирээд нөгөө залуутай барьцалдаж, хоорондоо заамдан муудалцсан. Эхлээд тухайн залуу Б.Г-ыг хавсран унагаахыг оролдсон ч Б.Г- унаагүй. Улмаар тэр залуу Б.Г-ыг барьж аваад өргөн үүрч, газарт хүчтэй саваад унагаасан. Тухайн үед Б.Г- толгой хэсгээрээ хатуу шалан дээр хүчтэй унаж, шалан дээр хэвтэн босож чадахгүй байдалтай ойролцоогоор 5 минут орчим болсон. Би түүнийг өргөж босгохыг оролдсон боловч дийлээгүй....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
гэрч Т.С ийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө...”А” нэртэй шөнийн цэнгээний газарт...бүжгийн талбай дээр үл таних гурван эрэгтэйн хоёр нь хоорондоо муудалцаад бие биенийгээ заамдалцаад байсан ..Тухайн эрэгтэйг хэвтэж байхаар нь босгох гээд татаж чангаасан бөгөөд...дээшээ харсан байдалтай хэвтчихээд нүдээ нээж чадахгүй сүүмийгээд байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70-72 дугаар тал),
гэрч Л.О-ийн өгсөн: “...би хөгжим тавиад караокед байсан хүмүүс бүжиглээд байж байсан бөгөөд над дээр караокед сууж байсан эрэгтэй, эмэгтэй хүн 2 тусдаа ирээд энд хүнийг толгойгоор нь аймаар саваад унагачихлаа цагдаа дууд гэж хэлсэн би босоод яваад очтол унасан гэх цагаан цамцтай хүн дээшээ хараад хэвтсэн байхаар нь би зүгээр үү гэж асуутал толгойгоо дохиод босоорой гэж хэлэхэд босохгүй 5 минут орчим хэвтсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 74-76 дугаар тал),
гэрч Г.Д ын өгсөн: “...хүмүүстэй бүжиглэж байхад хар өнгийн бэлтгэлийн цамц өмдтэй залуу бүжиглэж байсан ба цагаан цамцтай нилээн согтуу залуутай маргалдаад түлхэлцээд байсан. Цагаан цамцтай залуу нь эхлээд бөгсөөрөө газар унасан дахиад босоод ирэхэд нь нөгөө бэлтгэлийн хар хувцастай залуу нь дахиад толгойгоор нь шалан дээр унагачихсан чинь нөгөө залуу ухаан алдчихсан бололтой шалан дээр нилээн удаан хэвтсэн.Тэнд байсан хүмүүс зүгээр байсан хүнийг яаж байгаа юм бэ гээд байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 113-115 дугаар тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10907 дугаартай шинжээчийн “...Б.Г-ын биед зүүн зулай яснаас титэм заадас дайрч дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2023.08.25/ аалзан хальсан доорх цус харвалт, эрүүнд шарх, зүүн нудний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хоёр өвдөгт зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 142-144 дүгээр тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2359 дугаартай шинжээчийн “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Шинжилгээгээр талийгаач Б.Г-ын цогцост зүүн зулай дух, ясны шугаман хугарал, их тархины зүүн талын дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа тархины эдийн цус харвалт, гүний няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, зүүн хөмсөг, эрүүнд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хоёр өвдөгт зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих түвшинд зөв хийгдсэн ч амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэлтэй байжээ...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 126-131 дүгээр тал),
шинжээч эмч Б.Сэргэлэнгийн өгсөн: “...Гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Тархинд учирсан гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсч эхлэх бөгөөд цусан хураа нь алдаж буй цусны хэмжээнээс хамаарч тархи дарагдах хүртэл тодорхой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх гавал тархины гэмтлийг авснаар толгой эргэх, дотор мухайрах, толгой хүчтэй өвдөх, тэнцвэр алдагдах, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд тод илэрнэ. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед дээрх шинж тэмдгүүд бүдэг илэрнэ...хариу үйлдэл үзүүлэхгүй хэсэг хугацаанд хэвтэж байгаа нь тархи хүчтэй доргиж гавал тархины гэмтлийг авснаар хэсэг хугацаанд ухаан алдсан байх боломжтой. ...Учирсан гавал тархины гэмтэл нь толгойн орой хэсэг болох зулайгаас эхэлсэн байгаа нь дээрээс доош савагдах үед үүсэх боломжтой...” гэх мдүүлэг /1 -р хавтаст хэргийн 117-118 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 3175 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 179-184 дүгээр тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 403 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2023 оны 9 сарын 05-ны өдрийн 10907 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. 2023 оны 9 сарын 21-ний өдрийн 2359 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1.6 дахь хариулттай санал нийлэхгүй байна. Амь хохирогч Б.Г- нь тархины битүү гэмтэл аваад хатуу бүрхүүлийн дээрх, доорх цусан хураа аажим нэмэгдэн хэлбэржиж тархи дарах хүртэл тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Энэ хугацаа нь гэмтсэн судас, алдаж буй цусны эрчим, хувь хүний бие физиологоос шалтгаант харилцан адилгүй үргэлжилдэг. Шинжилгээгээр амь хохирогчид тогтоогдсон зүүн зулай, дух ясны шугаман хугарал, дагз ясны зүүн лямбда заадал зулай ясруу үргэжилсэн шугаман хугарал, их тархины зүүн талын дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал зүүн зовхи хөмсөг, эрүүнд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр толгойн зүүн талд, зүүн дух, зулай хэсэгт хүч үйлчлэх үед үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт (2-р хавтаст хэргийн 109-117 дугаар тал),
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 123-125 дугаар тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн “...2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10907, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2359, 2024 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогчид гавал тархины битүү гэмтэл зүүн чамархай, зулай ясны хуучин хагалгааны цооногны металл бэхэлгээтэй хэсгээс урагш зүүн зулай, титэм заадас, дух ясны зүүн хажуу хана руу үргэлжилсэн, арагш дагз ясны зүүн ар хонхор. лямбда заадас дайрч баруун зулай яс руу цууралт үүсгэсэн хугарал, зүүн зулай, духны хуйхны дотор талы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 тал бөмбөлгийн дух хэсэгт хатуу хальсан дээрх тархмал цусан хураа, зүүн талын бембөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доор ялтаслаг цусан хураа, тархины эдийн цус харвалт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, эрүүнд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, хоёр өвдөгт зулгаралт, баруун 2,4-р хавирга, зүүн 2,3-р хавирганы шууд бус хугарал, баруун 6-р хавирга өвчүүний мөгөөрслөг хэсгийн шууд хугарал гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр толгойн зүүн хэсэгт цохих, цохигдох, унах үйлдлийн аль ч үед үүсгэгдэх боломжтой. Эрүүний шарх, зүүн зовхи, 2 өвдөгт зулгаралт гэмтэл нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун 2,4-р хавирга, зүүн 2,3-р хавирганы шууд бус хугарал, баруун 6-р хавирга өвчүүний мөгөөрслөг хэсгийн шууд хугарал, гэмтэл нь амилуулах ажиллаагааны үед үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (2-р хавтаст хэргийн 208-218 дугаар тал),
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 9 дүгээр тал),
хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зурган үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 11-19 дүгээр тал),
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 20-47 дугаар тал) гэсэн зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.М-ын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй караоке болох үйлчилгээний газарт хохирогч Б.Г-той маргалдаж, улмаар түүнийг толгой хэсгээр нь газарт унагааж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх, шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Саруул, А.Батдорж нараас “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн өгсөн “...хамт ирсэн залуу “бааранд хүнтэй маргалдаад байхаар нь аваад ирлээ” гэж хэлсэн. Маргааш өглөө 06 цаг өнгөрөөд гэрийнхээ хаалгыг онгойлгож харахад Б.Г- коридорт доошоо харсан байдалтай, ухаангүй, өмдөндөө шээчихсэн хэвтэж байсан тул би тэр даруй түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн эмч ирж үзээд, Гэмтлийн эмнэлэгт очиход Б.Г-ын тархинд цус хурсан байна гэж оношилж, тухайн өдөр нь хагалгаанд оруулсан. Б.Г- хагалгааны дараа ухаан ороогүй хэвээр байсаар, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан....” гэх мэдүүлэг, гэрч Р.Б гийн өгсөн: “...Б.Г- хажуугаар нь зөрж өнгөрсөн үл таних нэгэн залууг шүргэчих шиг болсон. Тэр залуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, жижигхэн биетэй, биерхүү, бор царайтай, дээгүүрээ хар өнгийн, цагаан канттай бэлтгэлийн цамцтай байсан ба Б.Г-той маргалдаж, улмаар муудалцсан. Б.Г- өөдөөс нь маргалдаад байхаар нь би салгах зорилгоор хооронд нь орж байтал тухайн залуу Б.Г-ыг эхлээд түлхэж унагаахад газар бөгсөн хэсгээрээ унасан боловч босож ирээд нөгөө залуутай барьцалдаж, хоорондоо заамдан муудалцсан. Эхлээд тухайн залуу Б.Г-ыг хавсран унагаахыг оролдсон ч Б.Г- унаагүй. Улмаар тэр залуу Б.Г-ыг барьж аваад өргөн үүрч, газарт хүчтэй саваад унагасан. Тухайн үед Б.Г- толгой хэсгээрээ хатуу шалан дээр хүчтэй унаж, шалан дээр хэвтэн босож чадахгүй байдалтай ойролцоогоор 5 минут орчим болсон...” гэх мэдүүлэг, гэрч Т.С ийн өгсөн: “...Тухайн эрэгтэйг хэвтэж байхаар нь босгох гээд татаж чангаасан бөгөөд дээшээ харсан байдалтай хэвтчихээд нүдээ нээж чадахгүй сүүмийгээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.О-ийн өгсөн: “...эрэгтэй, эмэгтэй хүн 2 тусдаа ирээд энд хүнийг толгойгоор нь аймаар саваад унагачихлаа цагдаа дууд гэж хэлсэн би босоод яваад очтол унасан гэх цагаан цамцтай хүн дээшээ хараад хэвтсэн байхаар нь би зүгээр үү гэж асуутал толгойгоо дохиод босоорой гэж хэлэхэд босохгүй 5 минут орчим хэвтсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Д ын өгсөн: “...хүмүүстэй бүжиглэж байхад хар өнгийн бэлтгэлийн цамц өмдтэй залуу бүжиглэж байсан ба цагаан цамцтай нилээн согтуу залуутай маргалдаад түлхэлцээд байсан. Цагаан цамцтай залуу нь эхлээд бөгсөөрөө газар унасан дахиад босоод ирэхэд нь нөгөө бэлтгэлийн хар хувцастай залуу нь дахиад толгойгоор нь шалан дээр унагачихсан чинь нөгөө залуу ухаан алдчихсан бололтой шалан дээр нилээн удаан хэвтсэн...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Д.М- нь караоке үйлчилгээний газарт хохирогч Б.Г-той маргалдаж улмаар түүний толгой хэсгээр нь газарт унаган гавал тархины битүү гэмтэл зүүн чамархай, зулай ясны хуучин хагалгааны цооногны металл бэхэлгээтэй хэсгээс урагш зүүн зулай, титэм заадас, дух ясны зүүн хажуу хана руу үргэлжилсэн, арагш дагз ясны зүүн ар хонхор, лямбда заадас дайрч баруун зулай яс руу цууралт үүсгэсэн хугарал, зүүн зулай, духны хуйхны дотор талы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 тал бөмбөлгийн дух хэсэгт хатуу хальсан дээрх тархмал цусан хураа, зүүн талын бембөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доор ялтаслаг цусан хураа, тархины эдийн цус харвалт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий гэмтэл учруулан амь насыг хохироосон нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, энэ хэрэгт 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай таван шинжээчдийн багаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр “...2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10907, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2359, 2024 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогчид гавал тархины битүү гэмтэл зүүн чамархай, зулай ясны хуучин хагалгааны цооногны металл бэхэлгээтэй хэсгээс урагш зүүн зулай, титэм заадас, дух ясны зүүн хажуу хана руу үргэлжилсэн, арагш дагз ясны зүүн ар хонхор, лямбда заадас дайрч баруун зулай яс руу цууралт үүсгэсэн хугарал, зүүн зулай, духны хуйхны дотор талы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 тал бөмбөлгийн дух хэсэгт хатуу хальсан дээрх тархмал цусан хураа, зүүн талын бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доор ялтаслаг цусан хураа, тархины эдийн цус харвалт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, эрүүнд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, хоёр өвдөгт зулгаралт, баруун 2, 4-р хавирга, зүүн 2, 3-р хавирганы шууд бус хугарал, баруун 6-р хавирга өвчүүний мөгөөрслөг хэсгийн шууд хугарал гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч нь гавал архины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр толгойн зүүн хэсэгт цохих, цохигдох, унах үйлдлийн аль ч үед үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн нь дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр үнэлж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан ба эдгээр дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, өмнө нь тархины мэс засалд орсон гэх нь шүүгдэгчийн үйлдлээр учирсан гэмтлийн шалтгаант холбоог таслах үндэслэл болохгүй. Шинжээчдийн дүгнэлтээр “үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүссэн, энэ үйлчлэл нь шүүгдэгчийн унагаасан үйлдлээс шалтгаалсан” болох нь тогтоогдсон.
Энэ байдлыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийтгэх тогтоолдоо шинжээчдийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд “...Д.М-ыг аргагүй хамгаалалт хийсэн...” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, хяналтын камерын бичлэг, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд талуудын хооронд маргаан үүссэн боловч хохирогчийн халдлага нь амь нас, эрүүл мэндэд зайлшгүй аюул учруулах түвшинд хүрээгүй, шүүгдэгч өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагаас хэтэрсэн хэмжээний хүч хэрэглэн хохирогчийг толгойгоор нь хатуу гадаргуу руу унагасан нь аргагүй хамгаалалт биш, харин санаатай хүч хэрэглэсэн үйлдэл болохыг нотлох баримтууд харуулж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Д.М- нь хохирогч Б.Г-той маргалдаж, улмаар түүнийг толгойн зүүн хэсгээр нь хатуу гадаргуутай газарт унагаахдаа эрүүл мэндэд нь гэмтэл учруулах боломжтой гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдэн хохирогчид гавал тархины битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироох нөхцөлд зориуд хүргэсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатын шийтгэх тогтоолыг уншиж, танилцуулснаас хойш цагдан хоригдсон 107 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1952 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1952 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Батдорж, Т.Саруул нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 107 /нэг зуун долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ