Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1385

 

 

 

 

 

 

 

2025           12            04                                         2025/ДШМ/1385

 

 

У.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Б.Бат-Эрдэнэ /цахимаар/,

хохирогч Х.А-,

шүүгдэгч У.Д- /цахимаар/,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2451 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.А-, шүүгдэгч У.Д- нарын гаргасан давж заалдах гомдлоор У.Д-д холбогдох 2508033461458 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

У.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.А-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.А-г "чи яахаараа ажпын байран дээрээ архи уудаг юм" гэж шалтаглан маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, дээд уруул, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр бугалга, баруун сарвуу, зүүн шуу, дал нуруу, баруун гуянд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 15 дугаар гудамж 7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.А-тай санхүүгийн асуудлаас болж маргалдан биед нь халдан зодсон, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, 7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.А-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, 7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.А-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь цохисон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокуророос У.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч У.Д-д холбогдох 2025 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө “хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч У.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч У.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар У.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч Х.А- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Д- бид хоёр нэг гэр бүл болж амьдраад 16 жилийг өнгөрөөсөн.  Энэ хугацаанд бусдын адил сайхан амьдарч ирсэн. Манай нийгмийн хүнд хэцүү үед мөнгө санхүүгийн асуудал гэр бүл болгонд байдгийн адил мөнгө санхүүгийн асуудлаар маргалдах муудалцах үе байсан. Нөхөр У.Д- хүн чанар сайн, бусдад тусархуу, гэр бүлдээ халамжтай. Хоёр зэрэг ажил хийж байгаа боловч авч байгаа цалин мөнгө бидний амьдрал хүрэлцдэггүй. У.Д- айлын өрхийн тэргүүн, 3 хүүхдийн эцэг хүний хувьд амьдрал нь санаснаар болохгүй байгаад уур бухимдалтай болсон байх, сүүлд энэхүү гэр бүлийн асуудал үүсэхэд миний бас буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг байхгүй болгож байсан гэдгийг би ухаарч ойлгосон. Өөрөөр хэлбэл ханийгаа гомдоож уурлуулах, буруу ойлголт төрүүлэх үйлдэл хийж өөр бусадтай ууж идэн явж хардах сэтгэгдэл төрүүлсэндээ харамсаж байна. Иймд бидний хоёр биеэ ойлголцсон болон  өр зээлтэй байдал, бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан зургаан сар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж зургаан сарын зорчих эрх хасах, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эсхүл бага хэмжээгээр торгуулийн ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Д- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би ажил хийж 3 хүүхдээ тэтгэж, амьдралаа авч явдаг. Намайг хоригдож байх хугацаанд ар гэрийн амьжиргаа эрс муудаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж бусад төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг тул шүүгдэгч У.Д-гийн үйлдэлд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. Иймд хохирогч болон шүүгдэгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч У.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч У.Д- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

            -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас / хавтас хэргийн 5 дугаар тал/,

-Хохирогч Х.А-гийн “Би 2025 оны 6 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед ажлаасаа тараад Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо **** дугаар гудамжны 7 тоотод байх гэртээ иртэл нөхөр У.Д- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь архиа болих талаар хэлтэл хэрүүл маргаан үүссэн. Удалгүй том хүү Бямбадорж /15 настай, эрэгтэй/-ийг утсаар дуудаж оруулж ирээд миний талаар "дэмий тэнээд явдаг, гэртээ ирдэггүй" гэх мэтээр хэлж байгаад миний үснээс зулгааж, толгой хэсэг рүү хоёр удаа цохиод хаалгаа түгжээд гаргахгүй байсан тул цагдаа дуудлаа гэж хэлээд утсаа гаргатал миний “Самсунг А16” маркын гар утсыг авч газар шидсэн. Цагдаад хандаж чадахгүй байсан тул өглөө буюу 2025 оны 6 дугаар сарын 27-ны 07 цагийн үед нөхөр гарч явахаар нь би мөн адил гарч байж цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өмнө нь хоёр удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж цагдаагийн байгууллагад хандаж байсан” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 8 дугаар тал/,

-Аюулын зэргийн үнэлгээний хуудас / хавтас хэргийн 38 дугаар тал/,

-Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтас хэргийн 39-40 дүгээр тал/,

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтас хэргийн 41-48 дугаар тал/,

-2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/8333 дугаартай, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ЗШ/15091 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 49-61 дүгээр тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8663 дугаартай: “1. Х.А-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 15-16 дугаар тал/,

-У.Д-гийн яллагдагчаар өгсөн “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 35-36 дугаар тал/,

-У.Д-гийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Х.А- согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ их агсан бөгөөд над руу агсраад байхаар нь би алгадсан, жолооч залуу тэр хоёр надаас уучлалт гуйсан. Үр хүүхдүүддээ би анхаарал тавьдаг... өмнө 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, 1 удаа хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хавтас хэргийн 114-116 дугаар тал/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос У.Д-гийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ”үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас У.Д-гийн хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдэж байсан, цаашид учрах эрсдэл, хэргийн үйл баримт болон бодит байдалтай нийцүүлэн 6 сарын хугацаагаар хорих ял, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангажээ.

Шүүгдэгч У.Д- болон хохирогч Х.А- нар “...манай гэр бүл өр зээлтэй, У.Д- ажил хийж зээлээ төлдөг, тиймээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.  ...” гэсэн агуулга бүхий гомдол тус тус гаргасныг хүлээн авах хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь, У.Д- нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн байх ба энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэж, гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Х.А-гийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа үйлдэл өмнө гаргасан үйлдлээ үл ухамсарлан дахин давтан үйлдэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдрал, гэр бүлийн нөхцөл боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч У.Д- болон хохирогч Х.А- нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч У.Д-, хохирогч Х.А- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2451 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Д-, хохирогч Х.А- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                               

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                     Л.ОДОНЧИМЭГ

.